САЙН ДУРЫН АЖИЛ болон ТҮҮНИЙ АЧ ТУС


Д.Түшигт-Эрдэнэ | YOLO.MN
2017-08-29

- Сайн дурын ажил хийснээр өөрийгөө олох боломжтой -

"Амьдралын утга учир нь өөрт заяагдсан авьяасаа олох юм. Харин амьдралын зорилго бол mүүнийгээ бусдын төлөө зориулах юм"
Уильям Шекспир

Маш олон хүмүүс сайн дурын ажлын талаар асуусан тул хэдий нийтлэг сэдэв ч гэсэн өөрийн туршлага дээрээ үндэслэн бичсэн энэхүү нийтлэлээрээ сайн дурын ажил гэж яг юу вэ? Монголд хэрхэн сайн дурын ажил олох вэ? Сайн дурын ажил хийснээр яг ямар давуу талтай вэ? гэх зэрэг бүхнийг нэгтгэн цогц мэдээллийг хүргэж байна.

Нэг: Сайн дурын ажил гэж юу вэ?
Хүн бүр л сайн дурын ажил гэдгийг ямар нэг байдлаар мэддэг. Зарим маань өөрсдөө хийж үзсэн ч байдаг. Volunteer буюу сайн дурын ажил гэдэг үг нь хамгийн анх цэргийн холбогдолтой үг хэллэг байсан бөгөөд 16-р сүүлчээс бидний мэдэх утгаа олж байжээ. Ерөнхийдөө маш олон төрлийн сайн дурын ажил байна. Сайн дурын ажлыг сайн дурын ажил болгодог хамгийн чухал онцлог нь хариу нэхэлгүй, сайн санааны үүднээс аливаа зүйлийг хийх юм. Магадгүй чамд сайн дурын ажил гэж сонсохоор хандивын аян эсвэл ямар нэгэн арга хэмжээний зохион байгуулалтад туслах гэсэн ойлголт төрдөг бол уг хандлагаа өөрчлөхийг хичээгээрэй. Яагаад гэвэл чиний хийж болох сайн дурын ажил маш олон төрөл юм шүү. Жишээлбэл настай хүнд зам гарахад нь туслах, хэн ч хэлээгүй байхад ангийнхаа хогийг түүх,  гээд өдөр тутамдаа хариу нэхэлгүйгээр хийж байгаа бүхэн чинь ч гэсэн сайн дурын ажилд тооцогдоно.

Хоёр: Яагаад сайн дурын ажил хийх хэрэгтэй вэ?
Юунд дуртайгаа олж мэдэх. Өөрийн дуртай зүйлээ туршиж байж л олж мэддэг. Жинхэнэ ажлын талбарт гарчихаад туршин цаг бас боломжуудаа алдсанаас сайн дурын ажил хийх үедээ олоод мэдэх хэрэгтэй. Бүтэн цагийн ажилтай харьцуулахад сайн дурын ажил харьцангуй богино хугацааны мөн "хариуцлага" багатай байдаг. Тийм болохоор аль болох олон сайн дурын ажил хийж өргөн мэдлэг, ирээдүйд хийхэд залхууг чинь хүргэхгүй сэтгэл ханамж өгөх тэр ажлаа олж мэдээрэй. Хэрвээ чи хийх дуртай зүйлээ аль хэдийн олчихсон бол мэдлэг чадвараа бататгаж, өргөжүүлэхийн тулд тухайн чиглэлээрээ сайн дурын ажил хийх хэрэгтэй. Мөн дуртай зүйлээ хийж байгаа учраас сэтгэл ханамж, аз жаргалтай байх нь тодорхой. Тиймээс нэг ёсны амралт ч байж болох юм. Мөн сайн дурын ажил гэдэг шинэ ертөнцийг таньж мэдэх, өөрийн "comfort zone" буюу дассан хүрээллээсээ гарах, шинэ зүйл хийж өөрийгөө сорихыг хүссэн хүн бүр ядаж нэг удаа хийж үзэх хэрэгтэй зүйл юм шүү.

"Бусдын төлөө аливаа нэг зүйлийг хийнэ гэдэг нь Эх Дэлхий дээр амьдарч байгаагийнхаа төлбөрийг төлж буй явдал юм"
Мухаммад Али

Гурав: Сайн дурын ажил хийснээр юу сурч болох вэ?
Сурч болох хамгийн энгийн зүйлсэд багаар ажиллах, цаг барих , бусдыг хүндлэх чадвар гэх зэргүүд багтана. Мөн чи ямар нэгэн сайн дурын ажил хийхээр боллоо гэхэд хүрээлэн буй орчноосоо их зүйл сурах боломжтой байдаг. Тэгвэл яг ямар хүмүүс сайн дурын ажил хийдэг вэ? Ирээдүйн сайн дурын хамтрагчид чинь яг ямар хүмүүс байх вэ? Миний дүгнэлтээр бол мөнгөний төлөө бус хааяа ч гэсэн бусдын сайн сайхны төлөө ажиллаж чаддаг, аль хэдийн өөрийгөө таньж мэдсэн эсвэл өөрийгөө таньж мэдэхээр хичээн ажиллаж буй идэвхтэй хүмүүс байдаг. Эдгээрийн аль нь ч байсан нийгмийнхээ төлөө өөрийн мэдлэг чадвараа зориулж буй хүнээс сурах зүйл их байх нь гарцаагүй юм. Магадгүй ийм ч ураас их сургуулийн элсэлтийн комисс өөрийн юунд сонирхолтойгоо олж мэдсэн эсвэл олон зүйлийг туршиж үздэг нийгмийн идэвх сайтай хүний хийдэг "сайн дурын" ажлыг гол шалгууруудынхаа нэгт тооцдог байх.

Дөрөв: Сайн дурын ажил хэрхэн олох вэ?
Сайн дурын ажил хийхийг хүсэж байгаа ч хаанаас олохоо төдийлөн мэдэхгүй хүмүүс их байдаг. Гэхдээ тун энгийн зүйл юм шүү. Жишээлбэл чи зурах дуртай бол яагаад гудамжинд очиж суугаад хэн нэгнийг зурж болохгүй гэж? Чиний зургийн чадвар хөгжинө, магадгүй ирээдүйн хамтрагчаа олох ч юм билүү. Номонд дуртай бол номын санчид яагаад тусалж болохгүй гэж? Шинэ ном бичих санаа төрж ч болно. Эсвэл хүүхдэд хайртай бол яагаад цэцэрлэгийн эсвэл асрамжийн газрын ажилд нэг өдөр тусалж болохгүй гэж? Өөрийн хүсэлтээрээ "би ажилд чинь тусалъя" гээд очих нь бидний нийгэмд шинэ зүйлд тооцогдоно. Гэхдээ өсвөр үеийнхэн бид л шинэ зүйлийг хийж шинэлэг ирээдүйг бүтээх хэрэгтэй. Харин Олон улсын тэмцээн, арга хэмжээнүүдэд сайн дурын ажил хэрхэн хийх вэ? Ихэнх байгуулагууд Facebook-т сайн дурын ажлын зар оруулдаг тийм учраас аль болох хэрэгцээтэй хуудсууд, хувь хүмүүсийг дагаж байхыг хичээгээрэй. Товчхондоо бол мэдээлэлд ойр бай. Харин дараагийн нэг арга нь ямарваа нэг үйл ажиллагаа болохын өмнө зохион байгуулагчидтай нь холбогдох юм. Ингэж холбогдоод өөрийнхөө сайн дураар ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийлэх хэрэгтэй. Зөвлөж хэлэхэд, хамгийн эхний 1-2 сайн дурын ажлыг олоход хэцүү байх ч нэгэнт "танилын хүрээ" болон "туршлага"-тай болчихвол тийм ч хүндрэлтэй зүйл биш юм шүү.  

Харин одоо үед чи л хүсэх юм бол бүх төрлийнхөө сайн дурын ажлуудаас сонгон хийх боломжтой болсон. Дургүй эсвэл мэдэхгүй чиглэлээрээ сайн дурын ажил хийх нь төсөөлж байгаа шиг чинь тийм ч сонирхолтой биш байх болно. Гэсэн хэдий ч аль болох шинэ зүйлсийг олон туршиж өөрийнхөө жинхэнэ дурлан хийж чадах зүйлээ олоорой. Мөн аливаа ажлыг бага гэж гололгүй бүх сэтгэлээ зориулж ажиллавал үр дүн нь ч сайхан байдаг. Хамгийн эцэст нь хэлэхэд сайн дурын ажлыг зөвхөн өргөдөл дээрээ бичих гэж бус өөрийгөө хөгжүүлэх ,шинэ ертөнцийг танин мэдэх, найз нөхөдтэй болохын төлөө хийж байгаарай. 

Нийтлэлтэй холбоотой санал сэтгэгдэл, шүүмж болон дараагийн нийтлэлээр уншихыг хүссэн сэдвээ tushigterdene@gmail.com хаяг руу бичиж илгээгээрэй! Амжилт хүсье wink

#Volunteer #Teenagers