ФОТО: Ц.Энгүүн алдарт “Let it be” дууг япон дуучинтай хамтарч дууллаа


Б.Нямдарь | YOLO.MN
2019-02-12

“The Voice of Mongolia” шоуны ялагч, дуучин Ц.Энгүүн Япон улсын Хоккайдо мужийн Саппорогийн олон улсын цасны баярт гурван өдрийн турш ая дуугаа өргөлөө.

Түүний энэхүү үйл ажиллагааг “Монгол Контент” ХХК, “Хүрээ энтертайнмэнт” ХХК, Японы “Призм” ХК хамтран зохион байгуулж амжилттай ажиллалаа.

Дуучин Ц.Энгүүн хоёрдугаар сарын 9, 10 11-ний өдрүүдэд буюу нийт гурван өдөр 5-6 дуугаа дуулахдаа хийл тоглон үзэгч олонд сонирхуулсан бөгөөд тоглолтын сүүлийн өдөр Саппоро хотноо амьдардаг монголчууд хүрэлцэн ирж алдарт “Let it be” дууг түүнтэй хамт тайзан дээр дуулсан юм.

Мөн тоглолтын дараа япон, монгол сонсогчид дуучинтай хамт дурсгалын зургаа авахуулж нэгэн цагийг хамт өнгөрүүллээ.

“ТҮҮНИЙ ДУУ ХООЛОЙ ҮНЭХЭЭР ЗҮРХЭНД ХҮРЧ ЧАДЛАА”

Тэрээр “Чи над шиг дурлаж чадах уу”, “Never enough”, “Creep” “Bohemiаn Rhapsody”, “I love you” Японы алдарт дуучин Ямамото Сакитай “Let it be” дуунуудыг дуулсан бөгөөд үзэгчид маш халуун дотноор хүлээн авч байлаа.

Түүний дуулахыг сонссон Такэда Кэйко хэлэхдээ “18 настай гэхэд ийм хүчтэй, чадалтай хоолойтой хүнийг анх удаа л сонслоо. Англи, Япон, Монгол гээд ямар ч дууг төвөггүйхэн маш сайхан дууллаа. Энгүүнийг дуулахад түүний дуу хоолой үнэхээр зүрхэнд хүрч чадсан. Дундуур нь хийл хөгжим тоглосон нь дуунуудыг нь улам сонсголонтой болголоо” гэсэн юм.

Түүний дуулахыг сонссон монголчуудын нэг болох Б.Эгшиглэнт хэлэхдээ “The Voice of Mongolia шоунд оролцох үеэс нь л дэмждэг байсан. Монгол дуучин Япон улсын энэхүү наадмын том тайзнаа дуулж байгааг харах маш сайхан байна. Энгүүн эгчээр маш их бахархаж байна” гэсэн юм.

Түүний ая дуугаа өргөж буй Саппорогийн цасны баяр нь дэлхийн өвлийн аялал жуулчлалын нэгэн гол үйл явдалд тооцогддог бөгөөд олон сая жуулчин ирж үздэг аж.

Дуучин Ц.Энгүүн Япон улсын Хоккайдо мужийн Саппоро хотын тайзан дээр гурван өдрийн турш ая дуугаа өргөсөн энэхүү үйл ажиллагааны ард Япон Монголын хамтарсан ямар баг хамт олон хэрхэн ажилласан талаарх нэвтрүүлгийг бид бэлтгэн хүргэх болно. 

#Entertainment