НОМЫН ТЭМДЭГЛЭЛ: МИЛЛЕННИУМ цуврал 3


М.Тэнгис | YOLO.MN
2019-02-04

Цуврал 1

Цуврал 2

Саландер хүнд мэс заслын ачаар амьд үлдлээ. Гэвч амийг нь бүрэлгэхийг хамгийн их хүсч байсан түүний эцэг Александр Залаченко буюу Зала ч мөн амьд тэсч гарсан төдийгүй, хэдхэн метрийн цаадах өрөөнд байрлаж байв. Ямар ч үнээр хамаагүй бүсгүй эхлүүлсэн ажлаа дуусгахыг л хүснэ.

Александр Залаченко бол Зөвлөлтөөс Шведэд орогнол хүсч ирсэн тагнуул ажээ. Түүнд хуурамч паспорт олгон Шведийн иргэн болгохын тулд төрийн аюулгүй алба тусгай тасаг гарган хөдөлмөрлөв. Гэвч Зала сайн тагнуул, Шведийн засгийн газарт аюултай, хэрэгтэй нэгэн боловч түүний хажуугаар жолоогоо татаж мэддэггүй араатан байлаа. Үргэлж архидан согтуурч хэл ам татлахаас гадна нэгэн бүсгүйтэй гэрлэж хоёр ихэр охины эцэг болж орхив. Эхнэрээ үргэлж зодож, хүчирхийлэн тамладаг байжээ.

Зөвлөлт холбоот улс задран унасны дараа Залаг ердөө машид чандлан нуух л ажил тусгай тасгийнханд үлдлээ. Ихэр охидын нэг Лизбет харин эцгийнхээ эцэс төгсгөлгүй хүчирхийллийн эсрэг бяцхан биеэрээ сөрөн зогсдог байв. Тэр охин л өөрийн эцэг Залаг гэр бүлийн хүчирхийлэгч хэмээн ольж орхих аваас, засгийн газарт аюултай нууц задрах эрсдэлтэй байв.

Нэг удаа Лизбет Саландерийг 12 настай байхад эцэг нь ээлжит хүчирхийллээ үйлдээд гэрээсээ оджээ. Харин охин түүний араас савтай бензин барин гарч, Залаг машиндаа суугаад байхад нь түүн рүү цацаж орхижээ. Тэгээд чүдэнз зурав. Гэвч эхлүүлсэн ажил нь дууссангүй, эцэг нь түлэгдсэн ч амьд гарсан аж.

Хэвлэл мэдээллийн хэрэгслээр шуугьсан дуулиан боллоо. Залаг нуух үүрэгтэй аюулгүй албаны тусгай тасгийнхан охиныг сэтгэцийн өвчтэй хэмээн нийтэд зарлахгүй бол балрах нь тодорхой болов. Ингээд сэтгэцийн эмч Петер Телебориантай хуйвалдан хуурамч тодорхойлолт үйлдүүлж, охиныг насанд хүртэл нь Сент Стефаны сэтгэцийн эмнэлэгт хорьжээ...

Луун шивээст охины эл түүхийг сэтгүүлч Микаел Бломквист өөрийн мэргэжлийн авьяасаа ашиглан, түүний хуучин асран хамгаалагч Холгер Палмгренээс сонсч авчээ. Бломквистийн гарт тухайн үед хуурамчаар өвчтөний тодорхойлолт үйлдэхийг даалгасан захидал бичгийн хуулбар байлаа. Зөв цагтаа хөдөлж чадвал өөрийн найз Лизбетийн улс төрийн бодлогын золиос болсон түүхийг олны өмнө илчилж, хүн амины хэрэгт буруугүй гэдгийг нь батлан цагаатгах боломж бүрэн байв. Түүний мэдэлд бүхэл бүтэн сэтгүүл байна.

Гэвч хэдий олон жил өнгөрч, хөгширсөн хэдий ч өнөөх залхаг Залагийн нэр телевизээр гараад эхлэх нь одоо ч оршин тогтносоор буй тусгай тасгийнханд таалагдсангүй. Тасгийн ажилтнууд ч өөрсдөө хөгшин өвгөн болцгоожээ. Тэглээ ч насны бөгсөнд гайтай зөвлөлтийн тагнуулыг илчлүүлэхгүйн тулд сүүлчийн амьсгалаа хүртэл зориулахад бэлэн байв. Тэдний хувьд Лизбет Саландерийг хүн амины хэрэгтэн төдийгүй, сэтгэцийн өвчтэй нь үнэн хэмээн баталж шоронд хорих нь эн тэргүүний зорилго болох нь тэр. Егзөр аюулгүй албаныхан ч бас хөдөлж эхэллээ.

УНШИГЧДЫГ ХҮНДЛЭХ НЬ

Даг Свенссон болон Миа Жоханссон нарын амийг хөнөөсөн хэрэгтэн хэн байв гэдгийг, цаашид Лизбет Саландер цагаатан суллагдсан эсэхийг, сэтгүүлч Микаел Бломквист үнэн мөнийг илчилсэн нийтлэлээ Милленниум сэтгүүлдээ хэвлэсэн эсэхийг өгүүлэлгүй ингээд зогсооё. Уншигч өөрийн мэдрэмжээр зохиолын бүрэн учгийг тайлж, сүүлчийн хуудсыг хаах нь зүйн хэрэг учраас ийнхүү уншигч олныг хүндэлж, бүх адал явдлыг тоочихоос илүү гол үйл явдлуудын хэлхээсийг тоймлон бичихийг хичээлээ.

Стиг Ларссоныг нас барсны дараа түүний хувийн компьютероос Милленниум цувралын дөрөв, тавдугаар ботийн дуусаагүй эх олдсон тухай дээр дурдсан билээ. Ларссоны мэргэжил нэгт сэтгүүлч, зохиолч Давид Лагеркранц мөнөөх дуусаагүй үлдсэн эх дээр үргэлжлүүлэн ажиллаж, “Аалзны торонд орооцолдсон охин”, “Амийг амиар сольсон охин” хэмээх нэртэй дараачийн ботиудыг бичиж дуусгасан нь Монсудар хэвлэлийн газрын орчуулгаар бидний гар дээр ирээд буй. Стиг Ларссоны хүүрнэх түүхийг магадгүй илүү сонирхолтой, амттай болгосон байхыг ч үгүйсгэхгүй учраас Давид Лагеркранцын 4, 5-р боть дээр мөн тэмдэглэл бичиж уншигч та бүхэнд хүргэхээ амлая.

Өөрийн бүтээлээрээ дамжуулан Шведэд цэцэглэсэн хүний наймаа, эмэгтэйчүүдийн эрх зөрчигдсөн гэмт хэргүүдийг илчилж чадсан гавьяатай Стиг Ларссоны гэгээн дурсгалыг энэхүү тэмдэглэлээрээ хүндэтгэж байна. Түүний уран сэтгэмжээр амилсан Лизбет Саландер дэлхий дээрх олон эрх нь зөрчигдсөн эмэгтэйчүүдийн, цаашлаад нийгмээс шударга бусаар гадуурхагдсан хүйс үл хамаарах олон хүний төлөөлөл болж чадсан хэмээн хэлэх нь зүйтэй. Тийм ч учраас “Утга зохиолын өнө мөнхөд тавтай морил, Лизбет Саландер!” хэмээн нэрт шүүмжлэгч Марио Варгас Лоза хэлсэн буй за.

#Book