Н.Энхтэнгэр: Хэцүү асуудал гэдэг чинь “хэцүү” гэсэн нэрэндээ л байдаг юм


О.Хандмаа | YOLO.MN
2019-01-17

Алтан үзэг сэтгүүлзүйн чиглэлээр суралцдаг оюутнуудын улсын наадмын тэргүүн байрын шагналт бүтээлийн эзэн, Бурханаас гуйсан нүгэлтэй хүсэл нийтлэлээрээ олон хүнийг уйлуулж, ухааруулж чадсан ХИС-ийн сэтгүүлзүйн хоёрдугаар ангийн оюутан Н.Энхтэнгэртэй халуун яриа өрнүүлснээ та бүхэнд хүргэе.  

YOLOСайн уу? Чамд энэ өдрийн мэнд хүргэе. Манай уншигчдад өөрийгөө танилцуулаачЭнхтэнгэр гэж хэн бэ?

-Сайн байцгаана уу? Намайг Наранбаатарын Энхтэнгэр гэдэг. 19 настай. ХИС-ийн сэтгүүлзүйн хоёрдугаар курсийн оюутан. Би ижил хугацаанд ижил нөхцөлд хэн илүү сэтгэж чадсан нь түрүүлдэг нэг тийм өрсөлдөөнд  дуртай. Жишээ нь арван жилийн урлагийн үзлэг. Яг нэг цагт зарлагдаж нэг өдөр шалгагддаг. Ер нь арван жилд байхдаа жижиг гэлтгүй ханын самбар хийх, технологийн хичээл дээр бүтээл урлах, зургийн үзэсгэлэн гаргах гээд бүхий л зүйлд илүү шинэлэг бас бүтээлч байхыг зорьдог байсан. Энэ зан маань бүх зүйл дээр надаас гардаг гэж боддог шүү.

YOLOЮунд сонирхолтой вэ. Нууц авьяас бий юу?

-Зураг зурна гэдэг хүнээс 100% бүтээлч чанар шаарддаг. Тийм болохоор зураг зурах их дуртай. Гэхдээ одоо зурахаасаа илүү зураг дардаг болсон. Нэгдүгээр курст сонины гэрэл зураг гэдэг хичээл үзсэний дараа өөртөө анхны камераа худалдаж авсан. Хааяа байгууллагуудын үйл ажиллагаанд камертайгаа хоёулаа очоод халтуур хийгээд амжчихна аа бас.

YOLOХүүхэд байх үеийн буюу бяцхан Энхтэнгэрийн хүсэл юу байв.

-Би дуучин болохыг мөрөөддөг байсан. Ганцхан хүнийг тайзан дээр гарч ирэхэд түүнийг үзэхээр ирсэн бүх хүн, бас зурагтаар үзэж байгаа хүмүүс хүртэл догдолж баярладаг. Дуу хоолойгоороо хэн нэгэнд хайрлагдаж хүндлэгдэнэ гэдэг надад үнэхээр сайхан санагддаг. Бага байхдаа жижигхэн тайз шиг юм засчхаад нэг гартаа харандаа бариад дуулж гардаг байлаа. Төгсгөлд нь баярлалаа гэж хэлээд гарын үсэг зурж байна гээд баахан буржгар юм зурна. Үсэг мэддэггүй болохоор ээжийн юм бичиж байхыг хараад тогтоосноо дурайж зурдаг байсан. Сургуульд ороод урлагийн үзлэг, сургууль хоорондын урлагийн тэмцээн, хичээлийн шинэ жилийн нээлт, хаалтын үйл ажиллагаа гээд өөрийнхөө хувьд олон тайзан дээр гарч дуулсан шүү. Тайзны сандрал гэдэг зүйлийг бага ч болов мэдрээд амжсандаа баяртай байдаг. Хамгийн сүүлд гэвэл өөрийнхөө төгсөлтийн баяраар дуулсан юм байна. Одоогоор надад сурах юм их байгаа учраас түр зуур өөр зүйлд анхаарлаа төвлөрүүлж байгаа. Гэхдээ би энэ мөрөөдлөө яасан ч орхихгүй. Ямар ч л байсан дотроо тээсээр явах болно. 

YOLOОюутан болоод хоёр дахь жилтэйгээ золгож байгаа юм байна. Анх оюутан болоход ямар мэдрэмж төрж байв?

-Шинэ орчинд шинэ хүмүүстэй хамт өөрийгөө цоо шинээр бий болгож чадах орчин учраас оюутан болохын хүслэн болдог байлаа. Намайг хүмүүс Энхээ гэж дуудахад би дургүй. Тийм болохоор оюутан ангийнхандаа анхнаасаа Тэнгэр гэж танилцуулаад түүгээрээ дуудуулж байгаа гэх мэт намайг огт мэдэхгүй хүмүүсийн тархинд би хэн болж үлдэхээ өөрөө шийдэх тийм л том боломж гэж би харсан. Түүндээ ч хүрч чадсан гэж бодож байна.

YOLOЕрөнхий боловсролын сургууль, их сургуулийн ялгааг өөрийнхөөрөө тодорхойлооч?

-Арван жил бол хамт олон гэсэн тодотгол дор явдаг гэж ойлгодог. Хэн нэгэн асуудал үүсгэхэд, эсвэл амжилт гаргахад ангийн нэр давхар явж байдаг. Харин их сургууль багийн ажил болон хувь хүн гэсэн тодотголтой. Хэн ч чиний өмнөөс хариуцлага хүлээхгүй. Хэнд ч найдаж суух хэрэггүй. Бие дааж сурна гэсэн үг. Ангийн багшийн хяналт гэсэн зүйл төдийлөн байдаггүй болохоор хичээл таслах үзэгдэл маш их. Миний хувьд өмнө ч, одоо ч тэр хичээл тасалж байсан удаагүй. Таслаад, эсвэл бүтэн лекцийн турш унтчихаад “хичээлээ нөхөх гэсэн юм дэвтрээ өгөөч” гэж гуйдаг хүмүүст дургүй. “Багшаа би өмнөх хичээл дээр байгаагүй болохоор…”  гэх үгсийг хэлэхгүй байсаар төгсөх бодолтой байгаа. 

YOLOХүмүүс чамайг “Алтан үзэг улсын наадмын нийтлэлийн төрөлд тэргүүн байр эзэлснээр нь мэднэ. Тухайн үеийн шагнал гардуулахад чиний нэрийг дуудах агшинд ямар санагдаж байсан бэ?

-Нэгдүгээр курст байхдаа “Алтан үзэг” наадмын  шагнал гардуулах ёслолд оролцоод нэг л зүйлийг бодсоор гэртээ харьж билээ. Тэр нь “Би ч гэсэн энэ тайзан дээр гарах юмсан” гэсэн бодол байсан юм.

Эхлээд би энэ нийтлэлээрээ төгсөгчдийн нэрэмжит шагнал авсан. Тэгээд байж байтал шилдэг 20 нийтлэлийг шалгаруулсан. Миний нийтлэл тэнд багтсан болохоор хоёр дахиа тайзан дээр гарсан. Багшийнхаа гараас батламж аваад зургаа даруулахад сэтгэл цаанаа нэг ханаад явчихсан. Би өөр зүйл хүсээгүй ээ, сайхан байсан. Тэгээд нийтлэлийн эхний гурван байрыг дуудаж эхэлсэн. Хоёрдугаар байранд манай ангийн охин шалгарсан. Бид нар чинь бөөн баяр. Баярлаад сууж байтал миний нэрийг дууддаг байгаа. Алтан үзгийн тайзан дээр гурав дахиа гарна гэдэг надад нэр төрийн хэрэг байсан. Тэсэлгүй уйлчихсан. Тайзны хажуу руу хальт харсан чинь багш маань над руу байдгаараа мишээчихсэн зогсож байсан. Үүнээс өөр жаргал гэж юу байх вэ дээ л гэж бодогдож байсан шүү. 

YOLOЯмар нэгэн тэмцээнд “шатан бэлдэх, заавал түрүүлнэ дээ гэж зорих нь чамд байдаг зан чанаруудын нэг болов уу?

-Тийм ээ. Намайг тодорхойлж болох зүйл гэвэл энэ л байх. 

YOLO“Бурханаас гуйсан нүгэлтэй хүсэл нийтлэлээ бичиж байсан үйл явц, тухайн үед мэдэрч байсан мэдрэмжээсээ хуваалцаач?

-Эхлээд би арай өөр сэдвээр бичиж байсан. Түрүүн асуусан шиг нэг л “шатаж” өгөхгүй байсан. Бичих үг бүхэн нь дотроос ундраад л гар нь тархиа гүйцэхгүй нэг тийм байдаг даа. Огт тийм байгаагүй. Багш маань ч болж өгөхгүй байна гэж хэлсэн. Тэгээд одоогийн би юуг хамгийн сайн бичиж чадах бол гэж өөрийгөө “ухаж” эхэлсэн. Ингээд “Бурхнаас гуйсан нүгэлтэй хүсэл” нийтлэлээ бичсэн дээ. Ганцаараа байхдаа бичвэл уйлчхаж магадгүй гээд аль болох олон хүнтэй газар сууж бичиж дуусгасан. Бас өөртөө шийдвэрлээгүй үлдээсэн асуудлаа нийтлэлтэйгээ хамт төгсгөж чадсан.  Өөрийгөө аргадсан гэх юм уу даа. Цаг хугацаагаар аялаад ирсэн юм шиг л санагдаж байсан. 

YOLOЧиний нийтлэл маш олон хүнд хүрсэн. Нүүр номоор шэйрлээгүй хүн ховор болов уу даа. Хүмүүст нэгийг бодуулж хоёрыг тунгаах боломж олгосон хөрстэй сайн нийтлэл байсан шүү.

-Надад маш олон хүн баяр хүргэсэн. Таних танихгүй нь хамаагүй бүгд надад “Миний дүү одоо сайхан амьдрах болноо” гэж хэлж байсан. Тэдгээр бүх хүнд маш их талархсанаа хэлмээр байна. Харин нас, хүйс харгалзалгүй намайг тэдэнтэй холбосон ганц  зүйл нь миний бичсэн амьдрал тэдний туулсан амьдралтай ижил байсанд байгаа юм. Монголын бүхэл бүтэн нэг үе энэ амьдралыг туулаад гарчээ. Тэр үед жаахан байсан хүүхдүүд одоо өсөж том болж үгээ хэлж байна. Бидэнд анхаарал хандуулах хэрэгтэй. Биднийг хайрлах хэрэгтэй. Бидэнтэй ярилцах хэрэгтэй. Хэзээ ч ийм амьдралаасаа ичих хэрэггүй. Харин битгий адилхан болоорой гэж чин сэтгэлээсээ захимаар байна. 

YOLOСэтгүүлч мэргэжлийг яагаад сонгосон бэ? Гэр бүлийнхэн дунд нь сэтгүүлч хүн байдаг уу?

-Гэр бүлийнхэн дунд сэтгүүлч байхгүй. Гэхдээ манай өвөө сонинд сайн дураараа нийтлэл бичдэг байсан гэсэн. Багаасаа сэтгүүлч болохыг мөрөөдөж байгаагүй ч ахлах ангид орсноос хойш бодогдох болсон. Олимпын нэвтрүүлэг үзэж байхдаа үүнийг бидэнд үзүүлэхийн тулд, эдгээр мэдээллийг бидэнд хүргэхийн тулд ямар хүмүүс яаж ажилладаг болоо гэж сонирхож эхэлсэн. Мөн өмнө нь хэлсэнчлэн хэн илүү сэтгэж байна түүнд амжилт ойрхон байдаг болохоор чөлөөтэй сэтгэж болох тэр талбарт энэ мэргэжил оршиж байдаг юм байна гэж ойлгосон.

YOLOМэргэжлийнхээ хувьд хүндэлж явдаг хүн байгаа юу?

-UB.LIFE сайтын эрхлэгч, “Гэрэг” сэтгүүлийн үүсгэн байгуулагч Ж.Тэгшжаргал ахыг их хүндэлдэг, нийтлэлийг нь шимтэн унших  дуртай. 

YOLOАмьдрал хүн бүрт хатуурхах үе тохиодог юм шиг. Харин тэрхүү цаг үеийг хэрхэн даван туулах ёстой гэж чиний хувьд боддог вэ?

-Дуртай зүйлээ л хийх хэрэгтэй. Хэрвээ хийх дуртай зүйл байхгүй бол заавал ол. Дуртай зүйлээ хийж байхдаа хүн тайвширдаг. Асуудлыг арай өөрөөр харж эхэлдэг байх гэж боддог. Хэцүү юм гэж бодоод шаналаад байвал бүр л хэцүү санагдана. Тийм болохоор давж туулах гэж яарахаасаа өмнө өөрийгөө тайвшруулах хэрэгтэй. Мөн гэр бүл, найз нөхөд гээд дотнын хүмүүстэйгээ ярилцах нь зөв санагддаг. Тэдэнтэйгээ чин сэтгэлээсээ ярилцалгүй ямар нэг асуудлыг нууснаас болж бүр дорддог тал бий. 

YOLOНайз нөхдийн харилцаанд нэгнийхээ итгэлийг даах нь хэр чухал зүйл гэж боддог вэ?

-Ингээд бодоход адилхан асуудалтай хүмүүс найзууд болдог юм шиг. Итгэлцлээс гадна үзэл бодол адил хүмүүс нөхөрлөдөг байх. Тийм биш байлаа ч хамт байгаад байвал аяндаа нэгэндээ уусчихдаг. Манай найзуудын хувьд бид ёстой л аав нарын асуудалтай хүмүүс. Хүнд хэцүү үед нэгэндээ чадахаараа л дэм болох гэж хичээдэг. Найзууд маань итгэл алдаж байгаагүй. Итгэл гэдэг зүйлийг тэгж айхавтар тулгаж хүсдэггүй. Хэрвээ тэр муухай аашилсан бол надад ч бас учир байх ёстой. Бардам зан гаргалгүй ярилцаад үзвэл асуудал шийдэгдэж л таараа.

YOLOХүн болгонд л өөр өөрийнх нь ирээдүй гэрэлтэй сайхан байдаг. Чиний хувьд ирээдүйгээ хэрхэн төсөөлдөг вэ?

-Амьдрал гэнэтийн явдлаар дүүрэн байдаг шүү дээ. Алсдаа яг юу хийгээд явж байх болоо гэж одоо хүртэл боддог. Би япон хэл сурч байгаа. Төгстлөө хэлээ сайн сурч байгаад Японд очин үргэлжлүүлэн сурна. Япон улсын соёл, зан заншил надад үнэхээр гайхалтай санагддаг. Мэдээж сурч буй мэргэжлийнхээ дагуу телевизийн салбарыг маш их сонирхож байгаа. Тэгээд тэндээ сурч байхдаа дараа нь юу хийх минь тодорхой болох байх гэж бодож байна. Нууцхан хүсэл минь гэвэл өөрийн гэсэн кафетай болох. Дотоод засал чимэглэлийг нь өвөрмөцөөр шийдэж долоо хоног болгоны нэг өдөр үйлчлүүлэгчиддээ өөрийн биеэр дуу дуулж өгөхийг мөрөөддөг. 

YOLOХэцүү асуудалтай тулгараад зорилго мөрөөдлөөсөө ухрахаар шийдээд байгаа үеийн нөхдөдөө юу гэж зөвлөмөөр байна?

-Өөрийгөө хэзээ ч битгий дутуу үнэл. Хүн бүрийн дотор гайхамшиг байдагт итгэдэг. Өнөөдөр чи хэн ч байж болно. Хамгийн чухал нь үргэлж тийм байх уу, үгүй юу гэдгээ шийдэх хэрэгтэй. Ганцхан л зориглоод үзвэл, зүгээр л хийж чадна гэдэгтээ арай илүү итгээд өгвөл тэгээд болох нь тэр. Хэцүү асуудал гэдэг чинь “хэцүү” гэсэн нэрэндээ л байдаг юм. Хийгээд эхэлчихвэл, хичээчихвэл тийм ч хэцүү биш байсныг нь аяндаа ойлгоно. Ямарваа нэг зүйлийг эхлүүлнэ гэдэг их чухал. Шантарлаа ч эргээд заавал эхлүүлэх зоригтой байгаарай.

#Энхтэнгэр, #БурханаасГуйсанНүгэлтэйХүсэл