Диснейн хүүхэлдэйн киноны СУРГАМЖИТ санаанууд


Б.Саранчимэг | YOLO.MN
2024-06-25

Бүх насныхны үзэхэд хамгийн тохиромжтой кино бол хүүхэлдэйн кино билээ. Содон өнгөлөг дүрслэл, 3D форматууд болон сонирхолтой үйл явдлууд нь үзэгчдийг уях хамгийн том шалтгаан юм.

Хүүхдийн юу үзэж байгаагаас шалтгаалан түүний төлөвшил, зан харилцаа, ирээдүй тодорхойлогдох боломжтой гэгддэг. Тэр ч утгаараа хүүхэлдэйн кино бүтээж буй компаниуд киногоороо дамжуулан хүүхдэд зөвийг үлгэрлэхийг хичээдэг. Диснейн кино компаны хувьд олон жилийн турш үзэгчдийн дуртай гайхалтай бүтээлүүдийг хийсээр ирсэн. Бүтээл болгондоо нэгийг бодогдуулах сургамжит санааг оруулж өгдөг нь онцлууштай. Өнөөдрийн нийтлэлээр бид Диснейн хүүхэлдэйн кинонуудын сургамжит санаануудаас хүргэж байна.

INSIDE OUT: Сэтгэл хөдлөлөө ойлгож, түүнийгээ хүлээн зөвшөөрөх нь чухал

 “Inside Out”-ыг өнгөцхөн харахад нэгэн охины тархинд орших сэтгэл хөдлөлүүд охины өдөр тутмын асуудлыг даван туулахад нь туслан хамтдаа амьдарч буй тухай өгүүлнэ. Гэхдээ киноны далд санаа нь сэтгэл хөдлөлөө ойлгож, түүнийгээ хүлээн зөвшөөрөх тухай юм.

Дүрүүд нь шууд утгаараа баяр баясгалан, уйтгар гуниг, уур хилэн, айдас гэсэн нэртэй. Гэвч тэд зарим сэтгэл хөдлөлийг байх ёсгүй гэж үзэж, хоорондоо муудалцана. Үүнээс болж Райли охин бүр хэцүү байдалд үлддэг. Киноны төгсгөлд бүх сэтгэл хөдлөлүүд бие биенээ хүлээн зөвшөөрч аз жаргалтай зэрэгцэн оршиж чадах үед л Райли хамгийн шилдэг нь болдог. Үүнээс дүгнэн үзэхэд хэрэггүй сэтгэл хөдлөл гэж байхгүй. Бүгд л өөр өөрийн гэсэн үүрэгтэй. Тухайн сэтгэл хөдлөлөө бид ойлгож, хүлээн зөвшөөрөх нь хамгийн чухал зүйл гэдгийг .

SHREK: Чи зөв газраа байхдаа хамгийн үзэсгэлэнтэй нь

Өдрийн цагаар хүн бүхний хайрыг булаасан гүнж байсан ч орой болоход аймшигт ногоон мангас болон хувирах Фиона гүнжийн түүхийг олон хүн мэднэ. Жинхэнэ хайрын үнсэлтээр хараалаа арилгаж энгийн хүн болно гэж бодсон ч ногоон мангас хэвээрээ үлддэг. Эцэст нь Фиона гүнж өөрийгөө үзэсгэлэнтэй байхаа больсон гэдгээ мэдэж байсан ч түүнд санаа зоволгүй, хайртай хүнтэйгээ аз жаргалтай амьдарч буйгаар кино төгсдөг билээ. Шрек ч түүнийг хамгийн үзэсгэлэнтэй нь гэж хэлдэг.

Үүнээс харахад “Shrek” кино нь зөв газраа, зөв хүнтэйгээ байгаа цагт чи хамгийн үзэсгэлэнтэй нь гэдгийг сайн харуулж чаджээ.

TANGLED: Шинэ зүйлийг мэдэрч, туршихаас бүү ай

Алс холын хөндийн өндөрт цамхагт амьдрах алтан шаргал урт үстэй охиныг Рапунзел гэнэ. Багаасаа л тэнд өссөн бөгөөд цамхагаасаа нэг ч гарч үзээгүй охинд тэндээс гарч гадаад ертөнцтэй танилцах боломж олддог. Рапунзелийн хувьд байнга амьдарсан тав тухтай бүсээсээ гарч гадаад орчинтой танилцах шийдвэрийг гаргах амар байгаагүй. Гэвч тэр шинэ зүйлийг мэдрэх шийдвэрийг гаргадаг.

Энэ шийдвэрээс нь болж түүнд олон эерэг зүйл тохиолдоно. Тэр шинэ содон зүйлсийг мэдэрч, олон найзуудтай болж, ээжийгээ гэж бодсон хүнээ хамгийн том дайсан нь байсныг мэдэж, эцэст жинхэнэ гэр бүлээ олж чаддаг. Тэр гадаад ертөнцэй танилцах шийдвэрийг гаргаагүй байсан бол насан туршдаа хууртагдаж амьдрах байжээ.

Заримдаа бидний гаргасан зарим шийдвэр чиний амьдралыг тэр чигт өөрчилж болно гэдгийг энэхүү киноноос харж болно. Тиймээс шинэ зүйлийг туршихаас хэзээ ч бүү ай. 

THE LION KING: Бүх зүйлд санаа зовох хэрэггүй

1990-ээд оны үеийн Диснейн шилдэг хүүхэлдэйн кинонуудын нэг болох “The Lion King” билээ. Араатны хаан арслан болон түүний эсрэг хорон санаатан арслан, цөөвөр чонуудын талаар өгүүлнэ. Үүнээс гадна нөхөрлөлийг ч харуулж чадсан гайхалтай кино юм.

Симбагийн найзууд болох Тимон, Пумбаа хоёр бол киноны хамгийн өхөөрдөм дүрүүд. Юу ч болсон түүнийг бүхнээс хамгаалж, хамтдаа хөгжилдөж, олон зүйлийг зааж сурган аавынх нь оронд аав болсон гайхалтай найзууд юм. Үргэлж л “Хакуна Матата” гэх дуугаа дуулж явна. Гэтэл энэ дуу нь суахили хэлээр “санаа зовох зүйлгүй” гэсэн утгатай аж. Тиймдээ ч тэр хоёр үргэлж л баяр хөөртэй явдаг биз. Тус кино нь бүх зүйлд санаа зовох хэрэггүй гэдгийг “Хакуна Матата” дуугаар дүрслэн үзүүлжээ. Бид ч гэсэн асуудал бүрт санаа зовж, стрессдэх хэрэггүй шүү дээ.

UP: Мөрөөдөлдөө биелүүлэхэд хэзээ ч оройтдоггүй

Энэ кино нь талийгаач эхнэр Эллигийн үргэлж мөрөөдөж байсан зүйлийг биелүүлэхээр шийдэн өөрийн байшиндаа маш олон шаар хөлөглөн агаарт нисэх Карло өвгөн болон үл таних хүү Рассел нарын адал явдлын тухай өгүүлнэ. Тэд холын хол орших домогт Диваажингийн хүрхрээг зорих хэдий ч түүнд хүрэх зам амар байсангүй. Олон саад бэрхшээл тулгарч байсан ч эцэст нь зорилгодоо хүрч чаддаг.

Үүнээс харахад мөрөөдлөө биелүүлэхэд хэзээ ч оройтдоггүй. Зорилгодоо хүрэхэд хэр хугацаа шаардагдах нь чухал биш хамгийн чухал зүйл нь та тэнд хүрэх явдал юм.

MULAN: Зүрх сэтгэлдээ зөв гэж бодож байгаа зүйлээ хий

Мулан бол бие муу аавынхаа өмнөөс зүсээ хувирган цэрэгт явах хүндхэн шийдвэр гаргаж буй баатарлаг охин. Түүний хамгийн чухал зүйл бол өөртөө үнэнч байж, нийгмийн ёс зүйг зөрчиж байсан ч хамаагүй хайртай хүмүүсийнхээ төлөө тэмцэх явдал юм.

Тэрээр цэрэгт очсоны дараагаар түүний эмэгтэй гэдэг нь мэдэгдсэн ч гэсэн дайны талбарт гарч, баатарлаг эмэгтэй болон үлдсэн. Мөн хайртай залуутайгаа ч учирч чаддаг. Түүний зүрх сэтгэлээ даган сонгосон сонголт нь түүний нөхцөл байдал дах хамгийн зөв сонголт байжээ. Бид ч гэсэн үргэлж айж болгоомжлолгүй, зүрх сэтгэлээ даган сонголтоо хийх нь заримдаа эерэг үр дүнд хүргэдэг гэдгийг ойлгож болно.

FROZEN: Өөртөө итгэж, онцгой байдлаа давуу тал болго

Элса бол Ариндэлийн хаант улсын мөсөн гүнж. Тэрээр өөрийн онцгой хүчээ удирдаж чадахгүй хэмээн итгэнэ. Гэвч эцэст нь өөртөө итгэж, сул тал хэмээн бодож байсан зүйлээ давуу тал болгож чаддаг. Зуны дэлгэр цагт ард иргэдтэйгээ хамт мөсөн дээр гулгаж байгаа аз жаргалтай үзэгдлээр кино төгсдөг билээ.

Тус киноноос өөртөө итгэлтэй байх нь бүх зүйлийг боломжтой болгож болдог гэдгийг төгс харуулжээ. Мөн таныг юугаараа бусдаас ялгаруулж байгааг хүлээн зөвшөөрч, үүнийгээ давуу тал болгох хэрэгтэй гэдгийг сануулсан кино юм.

BIG HERO 6: Жинхэнэ найзууд хэзээ ч чамайг орхихгүй

Хиро, Тадаши хоёр бол робот бүтээх сонирхолтой, гоц ухаантан ах дүүс. Гэвч сургууль дээр гарсан галаас бол ах Тадаши нь нас барна. Хиро ахынхаа зүйлсийг үзэж байгаад түүний бүтээсэн шааран робот болох Baymax-ийг идэвхжүүлснээр ахынхаа хэргийн талаар мөрддөг. Тэрээр энэ хугацаанд ахынхаа найзуудтай танилцаж, тэдэнтэй нэгдэн, хүчирхэг баг болсноор кино үргэлжилнэ.

Киноны хамгийн чухал сургамж бол жинхэнэ найзуудын тухай юм. Тадашигийн найзууд Хирод туслан, түүний зорилгодоо хүрэхэд нь хамгийн сайн туслагч, дэмжигчид нь болж өгдөг. Өөрсдийн гэсэн чадваруудаа ахиулж, сайжирч, найзынхаа төлөө хичээж буй нь гайхалтай. Тус кино нь олон сургамжтай зүйлсийг агуулдаг ч жинхэнэ найзуудыг маш хөөрхөн дүрслэн үзүүлжээ.

Таньд Диснейн ямар кино илүү сургамжтай санагдсан бэ?

#хүүхэлдэйн кино #кино