“Бүсгүйн код” номоос онцлох сургамжууд


У.Мөнхтунгалаг | YOLO.MN
2019-08-19

Сайн зөвлөгөө авахын тулд заавал бүх номыг унших хэрэггүй. Харин сайн зөвлөгөөнүүдийг агуулж буй номуудыг олж унших нь чухал. Ийм номын нэг бол “Бүсгүйн код” юм. 

Хорь гаруйхан настай зөөгч бүсгүй өөрийн найз залуугаасаа 1000 доллар зээлж бизнес эхлүүлсэн нь өдгөө Нью-Йоркийн үл хөдлөх хөрөнгийн зах зээлд тэрбумаар хэмжигдэх бизнес болтлоо өргөжин томорчээ. Бүсгүйн нэрийг Барбара Коркоран гэдэг. Тэрээр өөрийн амьдралаас сурч авсан сургамжууд, бүсгүйчүүдэд өгөх гайхалтай зөвлөгөөнүүдийг нэгтгэн энэхүү номыг бичсэн юм. Ингээд уншигч хөөрхөн охиддоо энэ номын онцлох сургамж зөвлөгөөнүүдээс хүргэж байна.

  • Охидын зан төлөвийг номхтгон “нийгмийн хонь” мэт хүмүүжүүлэх онол хамгийн эрчимтэй явагддаг лаборатори бол дунд сургууль. Ямар сурагч багшийн нүдэнд хамгийн шилдэгт тооцогддог вэ? Хичээлээ үргэлж сайн хийдэг, ёс суртахуун өндөртэй, эрсдэл хийдэггүй, санаачлагагүй, хамгийн гол нь үгэнд сайн ордог сурагчид багшийн хамгийн хайртай шавь болдог. Эрч хүчтэй, омголон, өөртөө итгэлтэй, шаардлага өндөртэй зан чанарыг багш нар үзэн яддаг. Яагаад гэвэл бага цалинтай, ажил ихтэй, байнга стресстдэг багш нарын хувьд эдгээр зан чанар төвөгтэй байдаг. Багш нар ялангуяа эмэгтэй сурагчдыг ийм зан чанартай байхыг тэвчдэггүй. “Охин хүүхэд байж чи ингэлээ...” гэдэг үгийг бид мөн ч их сонсож байсан даа. Дунд сургуулийн үнэлэмжээр бол охид хамгийн гарамгай нь. Тэд багш нарын үгийг ёсчлон биелүүлдэг, гэрийн даалгавраа үргэлж хийдэг, завсарлагаар дэггүйтдэггүй, хэрэг төвөгт орооцолддоггүй. Тиймээс ихэнх дунд сургуулиудад охид хөвгүүдээс илүү онц сурдаг. Гэвч амьдрал бол сургууль, тэр дундаа дунд сургууль биш.
  • “Эдди чи хоёр дүүгээ сайн харж хандах хэрэгтэй. Чи бол төрөлхийн удирдагч байхаар заяагдсан хүү”, “Миний охин том болоод өрөөлд тустай, сайн бүсгүй, ээжээсээ ч мундаг эх хүн болно оо, ээж нь мэдэж байна” гэх мэтээр ээж арван хүүхдээ арвууланг нь өөр өөр дүрд хуваарилан ирээдүйд ямар хүн болох боломжтой төсөөллийг өгсөн. Ээжийн минь тэр үед олж харан хүүхдүүдээ төсөөлөн дууддаг байсан зөгнөлүүд эдүгээ бүгд биелсэн мэт.
  • Ширээ бүчин суусан бидний шүлсээ залгих дуунаар ээж бялуугаа 12 хэсэгт хуваав. Хүүхдүүд ээлж ээлжээрээ өөрсдийн зүсмийг сонгосны дараа хоёрхон зүсэм бялуу үлдсэн ба Эдди арай том руу нь сарвайлаа. Ээж түүнийг болиулаад “Эхлээд эгч Эллен чинь сонгох ёстой” гэж хэлмэгц Эллен өнөөх томыг хормын төдийд шүүрч авав. ...“Битгий санаа зов хүү минь. Бялууны жижиг хэрчим хамгийн амттай нь байдаг. Учир нь бялууны хамгийн жижиг хэсэг оногдсон хүн хамгийн их хийж бүтээх хүсэлтэй үлддэг юм шүү, хүү минь”

  • “Хангалттай, Барбара. Толгойгоо өндийлгө. Тэр тэмцээнд чиний түрүүлэх эсэх нь тийм ч чухал биш. Хамгийн гол нь оролцох нь чухал. Өрсөлдөөнийг мэдэр. Өөрийнхөө хүрээнээс гар. Өөрөөсөө илүү бүсгүйчүүд байдгийг мэдэж ав. Энэ л чухал. Харин утга учиргүй илүү зүйл ургуулан бодох нь хоолны дуршил бууруулж, эрүүл мэнд муутгахаас өөр ямар ч шидгүй.”
  • Эмэгтэйчүүд бидэнд тохиолддог өөр нэг алдаа нь “хамгийн чухал нь авьяас чадвар” гэдэгт хэтэрхий итгэдэг явдал юм. Тиймдээ ч шаргуу суралцсаныхаа хүчээр аливаа шинэ зүйлийг хийж чадна гэсэн итгэлгүй байж, өсөж дэвжих боломжоо хязгаарладаг. “Би байгалиасаа л бизнесийн хүн биш”, “Би угаасаа л улс төрд дургүй” гэх мэт тархины түгжээнүүдээ мултлах хэрэгтэй. Өөрчлөгд, эсвэл мөх. 
  • Аливаа эргэцүүлэл, бодлууд хэрээс хэтрэхээрээ эзнийхээ өөртөө итгэх итгэлээс хумсалж эхэлдэг нигууртай. Харин өөртөө итгэх итгэл нь аливааг хийж бүтээсэн туршлагаас, амжилтаас, алдаа, онооноос дусал дуслаар үлдэж, хуримтлагдах зарчмаар өсөн нэмэгддэг.
  • Дэлхий дээрх хамгийн сайхан бүсгүйгээс ч өө сэв олж харж, хамгаас мэдлэгтэй эрдэмтний бүтээлийг ч няцаах чадвартай олон нийтийн үзэл бодол давамгайлсан мэдээллийн технологийн нийгэмд амьдарч буйгаа санах хэрэгтэй.
  • Эмэгтэйчүүдийн өөртөө итгэх итгэлийг үгүй хийгч үйлдлүүдийн хамгийн ноцтой нь төгс хийх гэсэн хүсэл. Хэрвээ чиний стандарт төгс юм бол чи хэзээ ч өөрөө өөртөө бүрэн итгэлтэй байж чадахгүй. Чи боловсорч дуустлаа хэзээ ч захирлуудын өмнө үг хэлэхгүй, шаардлагыг бүрэн хангатлаа хэзээ ч мөрөөдлийн ажилдаа анкет бөглөхгүй, төгс харагдталаа хэзээ ч хүссэн залуутайгаа болзохгүй. Бүхнийг төгсрүүлэх гэсэн энэ “өвчин” биднийг ажил дээр, гэрт, гал тогоонд бүр фитнесс зааланд ч дагадаг.
  • Та ямар ч ажлыг хийсэн нэг зүйлийг хамгийн түрүүнд бодож байгтун. Миний давуу тал юу вэ? Өрсөлдөөн бол хүмүүсийн “давуу тал”–уудын хооронд явагддаг тулаан. Хэн сул талаа нууж, давуу талаа зөв ашиглаж чадна, тэр ялалт байгуулна.
  • Өөртөө итгэх итгэлийг өөртөө зориулж ямх ямхаар бүтээх хэрэгтэй.
  • Жинхэнэ өөртөө итгэх итгэлийг бид аюулгүй бүсээсээ гарч, тэмцэл дунд орон ялагдаж, алдаа гаргаж, алдаанаасаа суралцаж эргэн өндийн амжилт гаргаж байж олж авдаг.
  • Ойр дотно хүмүүс тань тэнгэрт одно. Гал халуун хайр дурлал ч төгсөж болно. Итгэж байсан найзууд ч орхиж магадгүй. Одоогийн ажлаасаа ч халагдах боломжтой. Энэ бол амьдрал. Амьдрал үй олон гайхамшигтай баяр жаргалыг бидэнд амсуулдаг ч гашуун нясуун зовлонгоо аманд цутгахаа хэзээ ч мартахгүй. Үүнийг хүн бүр хэзээ нэгэн цагт ойлгох л болно. Гэвч үсэн буурал болсон хойноо л ухаарвал дэндүү харамсалтай.
  • “Хүмүүс хоорондын харилцааг зөөллөж, хооронд нь бат бөх наалдуулж байдаг цавууны үүргийг гүйцэтгэдэг зүйл бол буулт хийх зарчим юм”
  • “Намайг уучил. Гэхдээ чиний буруу байсан.”, “Уучлаарай. Одоо больж үз” гэх мэтийн шазруун, хуурмаг уучлалт гуйснаас зүгээр л амаа хамхиад, нэг ч үг хэлэхгүй байх нь үлэмж дээр сонголт.

Охид та бүхэн минь ч гэсэн энэ номыг уншиж эрч хүч, урам зориг аваарай. Ингээд энэ нийтлэлээ түүний байнга өөртөө хэлдэг үгээр өндөрлөе.

“Давж гарна гэдэг бол сайхан. Гэвч ялж гарна гэдэг бол ГАЙХАМШИГТАЙ”

 

#Book