З.Чингүүн: Өөр байхаас хэзээ ч битгий санаа зов. Бид энэ амьдралд учир шалтгаантай ирсэн


О.Хандмаа | YOLO.MN
2019-01-08

Цахим ертөнцөд түүнийг таних, танихгүйгээрээ талцаж багагүй шуугиад амжсаныг та бүхэн мэдэж байгаа байх. Олон хүүхэд залуус түүнийг Монгол HD телевизийн “Намайг сонгооч” нэвтрүүлэгт оролцсоноор нь мэдэх болсон билээ. Тэгвэл тэр нэвтрүүлгээр танилцсан охинтойгоо одоо ямар харилцаатай байгаа, ирээдүйн зорилго мөрөөдөл, гаднын улсад суралцах тухай, хүүхэд насных нь дурсамж, мөн  түүний дотоод ертөнцөөр бага ч гэсэн аялуулах ярилцлагыг та бүхэнд хүргэе. smiley

YOLOСайн уу? Манай уншигчдад өөрийгөө танилцуулаач?

-Сайн байцгаана уу? Намайг Зоригтбаатрын Чингүүн гэдэг. 21 настай гудамжны бүжигчин. Дархан хотын 19-р сургуулийг төгссөн.

YOLOЯагаад өөрийгөө гудамжны бүжигчин гэж тодорхойлоход хүрсэн бэ?

-Манай өвөө дуу хөгжим, бүжигт дуртай хүн байсан болохоор багаасаа л өвөөгийн пянз тоглуулагчийн хөгжмийг сонсож өссөн. Нэг өдөр өвөө гэрээсээ гарахдаа намайг саатуулж орхих гээд Майкл Жексоны тоглолтын бичлэгийг тавьж өгөөд гарсан. Харин би тэр бичлэгийг нь ихэд шимтэн үзэж, тэр мөчөөс хүн гэдэг амьтан ийм гайхамшигтай хөдөлж, дуулж болдгийг гайхан биширч, бүжигт дурлаж, бүжгийг өөрийн амьдралын луужингаараа сонгосон.

YOLOСаяхан Монгол HD телевизийн “Намайг сонгооч” нэвтрүүлгийн шинэ жилийн тусгай дугаарт өөрөө оролцсон байсан. Тэр нэвтрүүлгээр танилцсан охинтойгоо одоо үерхэж байгаа юу? Ямар харилцаатай байгаа вэ?

-Мэдээж нэг нэвтрүүлгээс болоод шууд үерхчихдэг амархан юм бэ гэж хүмүүс бодохыг үгүйсгэхгүй. Гэхдээ тухайн хором мөчид амьдраад, амьсгалаад гаргасан бид хоёрын шийдвэр учир хүмүүс энэ тал дээр тайван байж болно. Бид хоёр үерхэж байгаа.

YOLOТэр нэвтрүүлгээр чамайг гарсны дараа цахим сүлжээнд “энэ хүнийг танихгүй бол мал дээр гар” гэсэн тайлбартайгаар зургийг чинь маш олон хүн хувийн акаунт болон пэйж дээр нийтэлсэн байсныг олж харсан уу? Энэ тухай юу гэж бодсон, ямар санагдсан бэ? Тэдгээр хүмүүст хандаж юу гэж хэлмээр байна?

-Тэр постуудыг хараад нэг талаараа инээдтэй, нөгөө талаараа гунигтай санагдсан. Яг үнэндээ жаахан хүүхдүүдийн л хийж байгаа зүйл гэдгийг нь хүн болгон мэдэж байгаа байх. Тэр тайлбар гарчгийг нь л уншиж үзэхэд ямар ч утга учиргүй хүүхдийн сэтгэл хөдлөлөөр бичсэн зүйл гэдэг нь илт байсан. Харин тэр сөрөг сэтгэгдлүүд үлдээж намайг элдвээр доромжилсныг хараад жаахан гунигтай санагдсанаа нуугаад яах вэ.

YOLOБНСУ-ын аль сургуульд, ямар мэргэжлээр суралцдаг вэ?

-Сөүл хотын “Kookmin” их сургуульд англи хэл уран зохиолын ангийн нэгдүгээр курст суралцаж байгаа. Өмнө нь 2015-2016 онд МУИС-ийн ОУХНУС-д нэг жилийн хугацаанд суралцаж байсан болохоор цаашдаа одоо сурч байгаа сургуульдаа хоёрдугаар курсээсээ олон улсын харилцааны мэргэжлийг давхар судлах төлөвлөгөөтэй байна.

YOLOСолонгост гэр бүлийнхэнтэйгээ хамт амьдардаг уу, эсвэл ганцаараа юу?

-Би дунд ангиасаа бие дааж ганцаараа амьдарч эхэлсэн. Одоо ч өөрчлөгдсөн зүйл байхгүй. Ганцаараа амьдарч байгаа.

YOLOГаднын оронд суралцахын давуу болон сул талыг юу гэж хардаг вэ?

- Эх орноосоо гараад гадаад улсыг зорьж, өөрийгөө хөгжүүлэх гэж яваа нь өөрөө нэг давуу тал. Сул тал гэхээсээ илүү анх хэцүү санагддаг зүйл нь бүх зүйлийг тэгээс эхэлнэ. Соёл, хүмүүсийн харилцаа, дүрэм журам гээд бүх зүйл нь шинэ учир тэр бүхэнд суралцах шаардлага гарна. Гэхдээ туршлагагүй байдлаасаа суралцсан бүх зүйлс чинь дараа нь чамд давуу тал болох болно.

YOLOТэтгэлгээр суралцдаг уу. Сургалтын төлбөр нь манай улсын их сургуулиудтай харьцуулахад өндөр шүү дээ?

-Би Монголд сурч байхдаа сургалтын төлбөрөө төлж чадаагүйгээсээ болоод жилийн чөлөө авч байсан. Тэр үед үнэхээр яахаа мэдэхгүй хүнд байдалд орж билээ. Над шиг тийм байдалд орж байсан оюутан залуус илт харагдахгүй ч Монголд маань хаа сайгүй бий. Мэдээж хэн ч хүнд муугаа үзүүлэхийг хүсэхгүй л дээ. Миний хувьд хүнд нөхцөл байдалтай аргаа барсан өдрүүд үргэлжилж байхад “K pop cover Dance Festival” тэмцээн зарлагдсан. Түрүүлсэн хүн нь 100 хувийн тэтгэлэгтэйгээр нэг семестр Солонгост суралцах эрхийн бичиг гэсэн байсан. Тиймдээ ч оюун ухаан, хүч хөдөлмөрөө зориулан найзуудтайгаа хамт тус тэмцээнд оролцож тэргүүн байр эзлээд БНСУ-д ирсэн.

YOLOСурахынхаа хажуугаар ажилладаг оюутнууд цөөнгүй. Өөрөө Солонгост суралцахынхаа хажуугаар ажиллаж байв уу?

-Асуух ч юм биш. Аав ээжийнхээ хөрөнгийг дэвсээд ирж байгаа Монгол оюутан залуус хаа очиж хамгийн ажилсаг шүү. Хүнд хүчир гэсэн ажлуудыг ерөөсөө голохгүйгээр хийдэг хүмүүс гэвэл монголчууд минь л байна даа. Миний хувьд бүхнийг зохицуулж ганцаараа амьдрах мэдээж амаргүй л дээ. Би та нарын төсөөлж ч байгаагүй, бүр тоогоо алдсан олон янзын хар ажил хийж үзсэн. Аан бас Солонгост хамгийн амар аргаар мөнгө олсон ажлаа дурдсан нь дээр байх. Тэр бол би нэгэн бүжгийн студид нэг жилийн хугацаанд гудамжны бүжгийн багш хийсэн. Яагаад амар аргаар гэж хэлсэн бэ гэхээр би бүжигт үнэхээр дуртай учир энэ ажил огтхон ч хүнд санагдаагүй юм.

YOLO2019 онд өөрийнхөө хувьд юу хийхийг төлөвлөсөн байгаа вэ?

-Би төлөвлөгөөгөө хүмүүст ярих нээх их дуртай биш. Бүх зүйл бодсон, санасан, төлөвлөснөөр явдаггүй шүү дээ. Амьдрал хаашаа ч эргэж болно. Жишээ нь би гурван жилийн өмнө ингээд Солонгост явж байна гэж зүүдлээ ч үгүй явсан. Гэтэл ингээд харахад бүх зүйл над дээр хүрээд ирсэн байна. Тиймээс цаашдаа хүмүүст юу зорьж байгаагаа үйлдлээрээ л харуулахыг хүсэж байна.

YOLOҮеийнхээ залуучуудыг ямар байгаасай гэж хүсдэг вэ?

-Миний хувьд үеийнхээ залуучуудыг хүсэл эрмэлзэлтэй, оюун бодолдоо мөрөөдлөө тээж яваасай гэж хүсэж байна. Нэг л шийдсэн бол түүнийхээ төлөө галзуу мэт зүтгэж хүнд хэцүү бүхнийг сөрөн тууштай байгаасай гэж боддог. Мөн нэг зүйл нь ертөнцийг өөртэйгөө адил нүдээр хардаг хүсэл эрмэлзэлтэй, амжилтаар өлсөж явдаг хүмүүсээр хүрээллээ бүрдүүлээрэй хэлмээр байна.

YOLOӨөрийн сонирхлоо хэрхэн хөгжүүлдэг вэ?

-Бага байхаасаа л бүжиглэдэг байсан болохоор ч тэр юм уу хүмүүс намайг хоббигоо олжээ гэж хэлэх нь элбэг. Цаг хугацаа улиран өнгөрөх тусам би бүжигт улам дурлаж хобби гэх бичил үгнээс илүү зүйл болж хувирсныг анзаарсан. Зарим хүмүүс “Чи бүжгээр хоолоо олж идэхгүй. Эртхэн боль” гэж хэлдэг байсан. Энэ үгсийг намайг гэсэндээ л хэлж байгааг нь мэдэж байсан ч би үгэнд нь ороогүй. Өөрийнхөө сонгосон замын төлөө тууштай байсандаа одоо баярладаг шүү. Өөрийгөө үнсээд авмаар л санагддаг. Учир нь би бүжгийг амьдралаараа сонгосон.  

YOLOАмьдралдаа үлгэр дууриалал авч, хүндэлж биширч явдаг хүн байгаа юу?

-Энэ их энгийн улиг болсон мэт сонсогдож болох юм. Гэхдээ үнэхээр үлгэр жишээ болгон бурхан мэт дээдэлж явдаг хүн бол миний аав Зоригтбаатар. Манай аав бүжигчин, урлагийн хүн биш. Би одоо хүртэл аавынхаа авьяасыг мэддэггүй. Аав хүн өөрийн үр удмаа аминаасаа илүүд үзэж, түүнийхээ төлөө өвдөх ч, амрах ч эрхгүй хорвоогийн хамаг ачааг өөр дээрээ үүрээд намайг ухаан ортол минь өсгөж чадсан учраас надад одоо зөвхөн урагшаа явахаас өөр зам үгүй. Би эцгийнхээ хайраар өлгийдүүлсэн хүү болохоор надад хайртай бүхнийхээ хайрыг даагаад улам сайн зүтгэнэ гэж бодож явдаг.  

YOLOӨөрийгөө нэг үгээр илэрхийлбэл?

-YOLO /You Only Live Ones/

YOLOЦарайны сайхнаар цай сүлэхгүй гэдэг. Өөрөө энэ үгтэй санал нийлдэг үү?

-Би бүр зуун хувь санал нийлдэг. Бид хүн болж төрөхдөө царай төрхөө өөрсдөө сонгож төрдөггүй шүү дээ. Зүгээр царайлаг амьдрахад л болох нь тэр. Харин энэ үгийг өөр өөрсдийнхөөрөө ойлгоод авна биз.

YOLOЕр нь охидыг ямар байгаасай гэж хүсдэг вэ?

-Эмэгтэй хүн хэн нэгэн хүний төлөө өөрчлөгдөх биш, зүгээр яг л өөрийнхөөрөө байгаа байдалдаа төгс оршиход ямар ч залуу харц унагана гэж боддог.

YOLOӨөрийн чинь уншиж байсан ном, эсвэл үзсэн киноноосоо өөрт таалагдсан ишлэлээ бидэнтэй хуваалцаач?

-Аниме л толгойд орж ирээд байх юм. Миний хувьд хамгийн их зүйл зааж сургаж чадахуйц аниме бол “Наруто” л гэж хэлнэ. Зорьсон зорилгынхоо төлөө бүхнийг хийхээс буцахгүй гол дүрийн баатар болон түүний эргэн тойрондоо хэрхэн эерэгээр нөлөөлж чадаж байгааг та нар харж болно. Хамгийн сэтгэлд хүрсэн ном гэвэл сүүлд уншсан “The old man and the sea ” (Өвгөн тэнгис хоёр) юм. Энэ номоос амьдралд хэрэгтэй маш олон зүйлийг сурч болно. “Эр хүний махан бие устаж, гэмтэж, шархдаж сул дорой болж болно. Гэхдээ ялагдахгүй, хэзээ ч бууж өгөхгүй сүнсэн бие бат бөх зогсох болно” гэсэн утгатай энэ ишлэл л надад үнэхээр хүчтэй туссан.

YOLOЯрилцлагаа өөрийн чинь хэлэх дуртай үгсээр төгсгөе гэж бодож байна?

-Амьдрал гэх тоглоомд чамд ONE SHOT л байгаа. Тиймээс оройтоогүй байгаа дээрээ хүссэнээ хий.

-Өрсөлдөж буй салбартаа №1 байхыг хичээхээ боль. Яагаад гэвэл чиний №2 болох болон доошоо уруудах чинь цаг хугацааны л асуудал. Тиймээс №1 биш ONLY ONE байхыг хичээ. Өөр байхаас хэзээ ч битгий санаа зов. Бид бүгдээрээ энэ амьдралд учир шалтгаантай ирсэн.

YOLOМанай уншигчдад сэтгэлээсээ үзэл бодлоо хуваалцсанд маш их баярлалаа. Чиний ярилцлагаас маш олон залуучууд нэгийг бодож хоёрыг тунгаана гэж найдаж байна.

- Маш их баярлалаа.

"Намайг сонгооч" нэвтрүүлгийн түүний оролцсон дугаар

#StreetDance