Хэт их унтах нь үхэлд хүргэх эрсдлийг нэмэгдүүлгийг судалгаа баталжээ


М.Тэнгис | YOLO.MN
2018-12-07

Насанд хүрсэн хүний хувьд өдөрт 6-8 цаг унтах нь зохистой хэмжээ гэж эрдэмтэд үздэг. Харин үүнээс урт хугацаагаар унтах нь зүрх судасны өвчлөлд өртөх, цаашлаад үхэлд хүрэх эрсдэлийг нэмэгдүүлдэг тухай судалгаа “European Heart Journal” сэтгүүлийн өнгөрсөн лхагва гарагийн дугаарт нийтлэгджээ.

Нийт 21 орныг хамарсан уг бүсчилсэн судалгааны үр дүнд, өдөрт наймаас их цаг унтдаг хүмүүс зүрхний шигдээс тэргүүтэй бусад өвчний улмаас үхлийн аюулд орох 41%-ийн эрсдэлтэй байдгийг баталсан аж.

Судалгааны багийг БНХАУ-ын Бээжингийн эрүүл мэндийн их сургуулийн (Peking Union Medical College) докторант Чуанши Ванг (Chuangshi Wang) удирдан явуулсан ба тэд мөн өдрийн цагаар унтахын эерэг ба сөрөг талуудыг олж илрүүлсэн гэнэ.

“Шөнөдөө хангалттай буюу зургаагаас илүү цагаар унтдаг хүмүүст өдөр дахин дугхийх нь мөнөөх эрсдэлүүдийг улам нэмэгдүүлэх шалтгаан болж байна. Харин эсрэгээр, шөнө зургаагаас бага цаг унтдаг хүмүүсийн хувьд өдөр унтах нь нойрыг тэнцвэржүүлж, өвчлөх эрсдэлийг бууруулна” хэмээн эрдэмтэн Чуанши Ванг хэлжээ.

Уг сэдвээр хийгдэж байсан урьд өмнөх судалгаанууд ихэвчлэн Хойд Америк, Европын орнууд болон Япон улсыг хамарч байсан бол эл судалгаа нь олон улсын чанартай дэлхийн үзүүлэлт болж чадсанаараа онцлог гэв. Гэвч судалгаа зөвхөн ажиглалт, статистик үзүүлэлтүүд дээр суурилан хийгдсэн учраас уг асуудлын учир шалтгаанд шинжлэх ухааны үндэслэлтэй тайлбар өгөөгүй юм.

Их Британийн Зүрхний Сангийн (British Heart Foundation) ахлах сувилагч Жули Вард (Julie Ward), “Судалгааны үр дүн үнэхээр сонирхолтой ч гэлээ, тэд илүү хэмжээгээр унтах нь хүний биед чухам ямар нөлөө үзүүлж, яагаад үхэлд хүргэх эрсдэлийг нэмэгдүүлж буй тал дээр баттай хариу өгөхгүй байгаа” хэмээн хэлжээ.

Эрүүл мэндийн байгууллагуудын бусад судалгаанууд шөнийн нойроо дутуу авдаг буюу зургаагаас бага цаг унтдаг хүмүүст үхэлд хүрэх эрсдэл 9% байдаг гэдгийг мөн харуулдаг. 2014 онд хийгдсэн нэгэн судалгааны статистик АНУ-ын насанд хүрэгчдийн 32.5% нь шөнө хангалттай унтдаггүйг үзүүлсэн байна.

Эх сурвалж: CNN.com

#Science