ХДХВ-ийн халдвартай дөрвөн хүн тутмын нэг нь 13-24 насных


Сэтгүүлч Б.Намуун | YOLO.MN
2018-11-30

Маргааш буюу 12-р сарын 1-нд ХДХВ, ДОХ-ын асуудалд дэлхий нийтээр анхаарал хандуулж, энэхүү халдварыг таслан зогсоох, урьдчилан сэргийлэх ажлууд хийдгийг та бүхэн мэднэ. Бид энэ удаа энэхүү аюулт халдварын талаар суурь мэдээллийг оюутан сэтгүүлч Б.Намууны бэлтгэснээр хүргэж байна.

ДОХ (AIDS) – Дархлалын олдмол хомсдол гэж юу вэ?

Дархлал – Хамгаалагдсан гэсэн утгатай бөгөөд хүний биеийн дархлалын тогтолцоо нь аливаа өвчний эсрэг хамгаалалт болж өгдөг. Дархан цаазат газрыг хамгаалдаг манаачид байдагтай адил хүний биеийн эрүүл байдлыг хангадаг эсүүд нь идэвхтэй ажиллаж, хэвийн үйл ажиллагааг бүрдүүлдэг.

Олдмол – Хүний биед гаднаас орж ирсэн гэсэн утгатай.

Хомсдол – Ямар нэгэн зүйл дутагдаж, хангалтгүй байна гэсэн утгатай. Хүний биеийн хамгаалах тогтолцоо аливаа өвчнийг эсэргүүцэн тэмцэж байдаг ба энэхүү тогтолцоо нь өвчин үүсгэгчийг эсэргүүцэж чадахгүй болсноор дархлалын хомсдол үүснэ.

Вирус нь бие даан өсч үржих чадваргүй, зөвхөн амьд биеийн эсийг гэмтээж оршин тогтнодог бичил, өвчин үүсгэгч юм. ДОХ нь вирусээр үүсгэгддэг бөгөөд тэр вирусийг  ХДХВ(HIV) буюу Хүний Дархлал Хомсдолын вирус гэдэг.Тус вирус Дархлалын тогтолцоог гэмтээх явц нь 6 сараас 10 жил үргэлжилдэг ба энэ хугацаанд тухайн хүнд зовиур илрэхгүй байж болно. ХДХВ нь хамгаалах тогтолцооны гол эс болох Т эсийг хувирган өөрчилж, цаашид тархан дархлалын тогтолцоог бүхэлд нь гэмтээснээр хүний биед орж ирсэн өвчин үүсгэгч нян, вирус, мөөгөнцрийн халдвараас хамгаалж чадахгүй болдог.

Бид яагаад ХДХВ, ДОХ-ын талаар мэдэх ёстой вэ?

Дэлхий дээр 7 тэрбум гаруй хүн амьдарч байгаа бөгөөд тэдний 0,5% буюу дунджаар 35 сая хүн ХДХВ-ийн халдвар тээн амьдарч байна.

Хэдэн настай байсан ч ХДХВ-ийн халдвар авах эрсдэлтэй ба ХДХВ-ийн халдвартай гэж оношлогдож буй дөрвөн хүн тутмын нэг нь 13-24 насныхан байна. Энэ нь өсвөр үеийнхэн ХДХВ, ДОХ-ын талаар үнэн зөв мэдээллээр дутмаг, өөрийгөө эрсдэлээс хамгаалах чадвар сул байдагтай холбоотой. Ихэнх ХДХВ-ийн халдвар авсан хүмүүс үүнийгээ эрт мэддэггүй учраас ХДХВ-ийг бусдад санамсаргүйгээр тараасаар байдаг.

ХДХВ-ийн халдвар авах эрсдэл бүхий зан үйлтэй хүмүүс:

  • Биеэ үнэлэгч
  • Ижил хүйстэн
  • Халдвартай эхээс төрсөн хүүхэд
  • Цагаач, гаднын иргэн
  • Хөдөлгөөнт хүн ам
  • Цус сэлбүүлдэг хүн
  • Хар тамхи, мансууруулах бодис судсаар тарьж хэрэглэдэг хүн
  • Бэлгийн замаар дамжих халдвартай хүн

Халдвар дамжих зам

  • Хамгаалалтгүй бэлгийн харьцаанд орох
  • Халдвартай цус, цусан бүтээгдэхүүн сэлбүүлэх
  • Халдвартай эхээс урагт, хөхний сүүгээр
  • Халдвартай зүү тариур хэрэглэх

ХДХВ-ийг дамжуулагч зүйлс

  • Хөхний сүү
  • Цус
  • Үрийн шингэн
  • Үтрээний шүүрэл
  • Зүү тариур
  • Ил шарх, шалбархай

Халдварлахгүй зам:

  • Шүлс
  • Нулимс
  • Хоол хүнс, аяга халбагаар
  • Агаар дуслын зам /ханиах, найтаах зэрэгт шүлсээр/
  • Шумуул болон бусад төрлийн хорхой шавжинд хатгуулах
  • Хамт амьдрах, ажиллах, суралцах
  • Тэврэх, үнсэх
  • Бассейн, халуун ус, бие засах газар зэрэгт хамт орох

ТҮБМ зарчим

Т эвчих. Тохиолдлын бэлгийн хавьтлаас татгалзах, тэвчих

Ү нэнч байх. Хосууд бие биедээ үнэнч байх

Б элгэвч хэрэглэх. Бэлгэвчийг зөв, тогтмол хэрэглэх

М ансууруулах бодис, хар тамхи хэрэглэхээс татгалзах

Сайн дурын зөвлөгөө шинжилгээ /СДЗШ/

Үе шатууд:

1.    Шинжилгээний өмнөх зөвлөгөө. Шинжилгээ өгөхийн өмнө эмч болон эмнэлгийн ажилтан үйлчлүүлэгчтэй ярилцаж зөвлөгөө мэдээлэл өгнө.

2.    Сайн дурын үндсэн дээр шинжилгээ авах. Үйлчлүүлэгч шинжилгээ өгөхийг зөвшөөрсөн тохиолдолд цусанд шинжилгээ хийнэ.

3.    Оношлох. Цусанд шинжилгээ хийж ХДХВ-ийн халдвар байгаа эсэхийг оношлоно.

4.    Шинжилгээний хариу өгөх. Үйлчлүүлэгчид шинжилгээний хариуг өгнө

5.    Шинжилгээний дараах зөвлөгөө. ХДХВ-ийн халдвар илрээгүй тохиолдолд цаашид хэрхэн урьдчилан сэргийлэх талаар зөвлөгөө мэдээлэл өгч ярилцана. ХДХВ илэрсэн тохиолдолд цаашид яах ёстой талаар зөвлөгөө өгч эмчилгээ хийлгэхийн ач холбогдлыг тайлбарлана.

Зөвхөн эрсдэлд орсон, БЗДХ, ХДХВ-ийн халдвар авсан хүн сайн дурын зөвлөгөө шинжилгээнд хамрагдах биш, эрүүл хүн ч гэсэн хамрагдаж ХДХВ, ДОХ-ын талаар мэдлэг мэдээлэл авах боломжтой.

ХДХВ, ДОХ-ын талаар тодорхой хэмжээний мэдээлэлтэй болсон гэдэгт найдаж байна. ДОХ-д боломж бүү олго.

#AIDS