Yolo.mn сайтын редакци нь ямар нэгэн асуудал тулгарсан уншигч хүүхдүүдээс захиа хүлээн авч мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн хариу зөвлөгөөг уламжлан хүргэдэг. Ээлжит захиа болон зөвлөгөөг хүргэж байна.
Асуудал: Хайж байсан хөвгүүн минь түүний хайртай хүн гэж би найздаа үнэнээ хэлэх үү, яах вэ
Сайн байна уу,
Намайг Ц гэдэг, 16 настай эмэгтэй.
Надад ганц л дотны найз байдаг. Түүнийг С гэдэг. Бид 8 жил үй зайгүй нөхөрлөж байгаа. Түрүү жилийн зун найз охин минь гадаад руу гэр бүлээрээ аялалаар явсан болохоор бид хамт зуслан явж чадалгүй би ганцаараа явсан юм. Тэнд нэг хөвгүүн надад маш их таалагдсан. Тэр ч надад талтай байсныг би мэднэ. Гэхдээ бид хоёул юу ч ярилцаж чадалгүй бие биенээ харсаар л буцсан даа. Одоо бодоход би маш их харамсдаг юм. Харин саяхан найз охин маань найз хөвгүүнтэй болсон гээд надад фэйсбүүк хаягийг нь үзүүлж, зургийг нь харуулахад зусланд харж явдаг байсан хөвгүүн минь байсан. Миний дотор харанхуйлах шиг л болсон. Учир нь зориг гарган түүнтэй танилцахгүй яав даа гэж нэг хэсэгтээ их шаналж, хамт зуслан явсан хүүхдүүдээс сураглаж зөндөө хайсан ч олоогүй юм. Түүнийг хайхад С найз минь ч сэтгэл гаргаж хүнээс сураглаж, олдохгүй байгаад нь надтай хамт гуниглаж байсан юм.
Харин тэр одоо миний сайн найзын найз хөвгүүн болчихсон байна. Надтай танилцуулна гэхэд нь би үгүй гэж хэлж чадалгүй тэр бас нэг найзтайгаа ирж бид дөрөв тэр өдөр хамт кино үзэж, цэцэрлэгт хүрээлэнгээр зугаалсан. Тэр намайг анх хараад бага зэрэг цочсон харцаар харж байсан нь надад бүр хэцүү санагдсан. Учир нь тэр ч бас зуслан дээр надтай танилцаагүйдээ дараа нь харамссан нь түүний гайхсан, баярласан харцнаас илт байсан. Тэр өдөр бид маш олон удаа харц мөргөлдөж, хэн хэндээ харамсалтай санагдаж байгааг мэдэж байсан. Найз охин руугаа ярихад тэд хамтдаа цагийг өнгөрөөж байгааг мэдэх ямар муухай байдаг гээч. Найз минь өөрийгөө түүнд хайртай болсон гэж хэлэхэд нь түүн рүү худал инээмсэглэн баярласан царай гаргаж байсан ч дотор минь хоосорч, нулимс минь цийлэгнэж байсан. Би тэр шөнө дэрээ нэвтэртэл уйлсан. Уйгагүй хайсан хөвгүүн минь одоо миний найзын хайртай хүн. Надад хэцүү байгаа шиг түүнд ч мөн тийм хэцүү байвал яах вэ. Хэн хэн маань С-ыг бодоод хоёр талд чимээгүй л шаналаад яваад байх шиг санагдаад байна. Ингэж бодох тусам түүнд улам л татагдаад байна. Хайж байсан хөвгүүн минь түүний хайртай хүн гэж би найздаа үнэнээ хэлэх үү, эсвэл хувь тавилантайгаа эвлэрч хэлээ тас хазаад тэднийг харж сэтгэлээ тарчлаах уу. Надад туслаач.
Зөвлөгөө: Асуудлаа найздаа зөвөөр ойлгуулж чадвал сэтгэл чинь өөрийн эрхгүй хөнгөрөх болно
Сайн байна уу?
Аль ч сонголтыг хийсэн чамд хэцүү мэт санагдах боловч үнэн гэдэг чухал зүйл юм. Чи найзынхаа найз хөвгүүнийг булаах гээгүй шүү дээ. Тиймээс чиний хамгийн сайн найз чинь учраас чамайг ойлгож сонсоно гэдэгт итгэлтэй байна. Хамгийн гол нь эелдэг байдлаар зөвөөр ойлгуулах нь чухал. Яаж гэжүү?
Жишээ нь: “Чи бид хоёр найман жил хамтдаа хөгжилдөж, цаг үргэлж хамтдаа хэн нэгнийхээ гуних цагт нь түшиг тулгуур нь байж сайхан нөхөрлөж өдий хүртэл ирсэн амьдралдаа цэг тавих хүртлээ энэ нөхөрлөл минь хэвээр байх болно. Чи бол миний хувьд гэр бүлээс минь өөрцгүй хүн тиймээс найз нь чамд үнэнгээ хэлж сэтгэлээ онгойлгохыг хүсч байна. Хамгийн гол нь та хоёрыг үерхэж эхлэхээс өмнө бид тааралдаж байсан тэр надад их таалагдсан ч зориг гаргаж танилцаж чадаагүй ээ. Хэрвээ түүнийг чамтай үерхдэг гэдгийг мэдсэн бол түүнд хэзээ ч сэтгэл алдрахгүй байх байсан юм”. Энэ гаргалгааг зөвөөр найздаа ойлгуулж чадвал сэтгэл чинь өөрийн эрхгүй хөнгөрч, гав гинжнээсээ сулрах болно. Чамд амжилт хүсье!
“Сэтгэл Судлалын Үндэсний Төв”-ийн
сэтгэл судлаач Б.Ууганцэцэг
Хэрэв чамд хэн нэгэнтэй ярилцаж чадахгүй, ганцаараа шийдвэрлэхэд бэрхшээлтэй асуудал байгаа бол yolo@mongolcontent.mn хаяг руу дэлгэрэнгүй бичиж цахим шуудан ирүүлснээр бид мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн зөвлөгөөг хүргэж чамд тус болоход хэзээд бэлэн байх болно. Жич: Бид мэдээллийг чандлан хадгална.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх