Э.Бадамгарав: Би АЛТ ШИГ ҮНЭТЭЙ ЦАГАА олон нийтийн сүлжээнд үрдэггүй


Үжин | YOLO.MN
2017-12-14

Төв аймгийн Зуунмод суманд өнгөрсөн сард болж өнгөрсөн "Шилдэг жүдо-2017" тэмцээний 57 кг-ийн жинд хүрэл медал хүртсэн “Улаанбаатар Элит" олон улсын сургуулийн 12 дугаар ангийн сурагч Энхцолмонгийн Бадамгаравтай ярилцлаа. "Миний хувьд цаг бол алт шиг үнэ цэнэтэй" хэмээн ярих тэрбээр өөрийн үзэл бодол, зорилгоо хэдийний тодорхойлжээ. Өсөх ирээдүйтэй тамирчин охин үе тэнгийнхэндээ ч мөн үнэтэй зөвлөгөө өглөө. Ингээд Э.Бадамгаравын ярилцлагыг хүргэж байна.

 

YOLO: Юуны өмнө хүрэл медалийн эзэн болсонд нь баяр хүргэе. Хэзээнээс жүдо бөхөөр хичээллэж эхэлсэн бэ?
-Таньд баярлалаа. Би 21 аймгийн 600 гаруй тамирчин оролцсон "Шилдэг жүдо-2017" хэмээх томоохон тэмцээнд амжилттай оролцож, хүрэл медаль хүртсэндээ баяртай байгаа. Анх 2010 оноос жүдо бөхөөр хичээллэж, "Монголын жүдо академи"-ийн тамирчин болсон.   

YOLO: Эмэгтэй хүүхэд атлаа эр зориг шаардсан энэ спортоор ямар учраас хичээллэх болсон тухайгаа ярихгүй юу?
-Би хар багаасаа л спортод дуртай, хорхойтой хүүхэд байлаа. Гэхдээ зөв чиглэлээ нэг л олохгүй байсан. Тэгээд л зөндөө олон төрлийн спортоор хичээллэж, өөрийгөө сорьсон. Усан сэлэлт, балет, уран гимнастик гээд л. Надад аль нь ч тохироогүй. Харин хамгийн ойр, тогтож үлдсэн нь жүдо бөх. Би жүдод үнэхээр дуртай. Яагаад ч юм сэтгэл хөдлөөд цаанаасаа л нэг гоё байдаг. Тиймээс би үүнд бүх хичээл зүтгэл, сэтгэл зүрхээ зориулж чаддаг.Эмэгтэй хүүхэд жүдогоор хичээллээд бие нь эвдэрнэ, муухай гэж зарим хүн ярьдаг. Үгүй л дээ. Харин ч жүдогоор хичээллэвэл хүний бие зөв тэгш хөгжиж, мөн гоо зүйн мэдрэмж өгдөг спорт гэж би боддог.

YOLO: 2010 оноос хойш долоон жил энэ спортоор хичээллэж байгаа гэж ойлголоо. Хэр удаан хичээллээд эхний амжилт гаргасан бэ?
-Нэг их удаагүй ээ. Эхний жилээсээ л амжилт гаргаад эхэлсэн. Хамгийн амжилттай байсан үе гэвэл 2015 он. Тэр онд Жүдо бөхийн улсын аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл, Хонконг, Макаод болсон дэлхийн чансааны тэмцээнээс мөнгө, хүрэл медал хүртэж байлаа. Гэвч 2016 онд бэртэл авсны улмаас нэг хэсэг тэмцээнүүдээс завсарлага авсан.

YOLO: Бэртэл авчихаад шантарч байв уу?
-Бэртэл авсан тэр үед хамгийн хэцүү байсан. Гэхдээ аав, ээж, эмээ маань дэргэд байж, “Миний охин чадна аа” гэж зоригжуулсны хүчинд хүнд үеэ даван туулж, дахин дэвжээндээ гарч, амжилтаа ахиуллаа. Эргээд тэмцээндээ ороход үнэхээр сайхан байсан. Хөл газар хүрэхгүй баярлана гэж ярьдаг шүү дээ. Яг тийм л юм болсон.


YOLO: Ярианаас чинь жүдод үнэхээр дурлаж, сэтгэлээ өгсөн нь мэдрэгдэж байна. Уйгагүй хичээллэхдээ хэнээс үлгэр дууриалал авдаг вэ?
-"Рио-2016" олимпийн мөнгө, дэлхийн аваргын хүрэл медальт, Монгол Улсын гавьяат тамирчин Д.Сумъяа эгчээс үлгэр дуурайл авдаг, би. Бид нэг зааланд хичээллэдэг юм. Маш дайчин төдийгүй эмэгтэй хүний бүх сайхан чанарыг агуулсан хүн. Харах бүрт л хүндлэл төрж, баярлаж, догдолж, эрч хүч авч, бэлтгэлээ улам сайн хиймээр санагддаг.

YOLO: Спорт хүнийг хатуужилтай болгодог гэдэг. Спорт чамд амьдралын ямар зарчим зааж сургасан гэж бодож байна вэ?
-Амьдралыг харах үзэл бодол маань өөрчлөгдсөн. Хатуужсан гэхээс илүүтэй хүнийг хүндэлж, хүн гэж үзэхийг заасан гэж хэлнэ. Надаас илүү яваа эсвэл ядуу зүдүү хэн ч байсан бид бүгд нэг дэлхий дээр амьдарч буй нэг эрхтэй хүн гэдэг логикийг суулгаж өгсөн.

YOLO: Төгсөх анги болохоор ачаалал ихтэй байгаа байх. Шалгалтандаа бэлдэхийн хажуугаар бэлтгэлээ тасалдуулалгүй хийж чадаж байна уу?
-Дугуйландаа долоо хоногийн зургаан өдөр нь явдаг юм. Зөвхөн бямба гарагт л амардаг. Хэдийгээр ачаалал өндөр байгаа ч боловсролоо орхигдуулж болохгүй гэж би бодож байгаа. Яагаад гэвэл өнөөгийн нийгэмд боловсрол туйлын хэрэгтэй болсон зүйл. Спорт бол миний хобби. Боловсрол, спортыг хоёуланг нь зэрэг хөгжүүлээд явбал миний зорилго биелэх нь тэр. Тиймээс 15:15 цагт хичээлээ тараад гэртээ очиж хоолоо идээд 18.00 цагт бэлтгэлдээ явдаг. Буцаж ирээд даалгавраа хийнэ. Өдөр болгон ийм байдлаар завгүй өнгөрдөг дөө.  

YOLO: Мэргэжлээ сонгосон уу. Төгсөөд аль их сургуульд сурахыг хүсэж байгаа вэ. Эсвэл спортоо хөөх бодолтой байна уу?
-Бодож, төлөвлөсөн зүйл байгаа. Дипломатч мэргэжлийг сонгож, олон улсын харилцаагаар суралцана гэж бодож байгаа. Одоохондоо хаана сурахаа шийдээгүй байна. Миний өмнө олон сонголт бий. Эцэг, эхтэйгээ сайн ярилцах хэрэгтэй байх. Тэгээд эцсийн шийдвэрээ гаргана.


YOLO: Мэргэжил сонголт төгсөх ангийн сурагчдын хувьд хамгийн чухал асуудал. Энэ тал дээр багш нараасаа тусламж авч байна уу. Аав, ээж нь бас зөвлөж байгаа байх?
-Мэргэжил сонголтын талаарх мэдээлэл бидэнд хангалттай өгсөн. Манай химийн багш О.Уламбаяр бидэнд хичээлийнхээ цагийн эхний 10-15 минутад мэргэжил сонголтын талаарх лекц уншдаг юм. TOEFL, IELTS-ийн шалгалтыг хэрхэн өгөхөөс эхлээд амьдралыг үзэх талаар ойлголтууд суулгаж, мэдээлэл өгдөг. Тийм болохоор бид энэ тал дээр өөрсдөө анализ хийж, эцэг, эхтэйгээ ч зөвлөсөн. Тиймээс шийдвэр гаргахад хялбар байгаа.

YOLO: Сургуулийнх нь талаар яриагаа үргэлжлүүлье. Аравдугаар ангиасаа "Улаанбаатар Элит" олон улсын дунд сургуульд явж байгаа юм байна. Энэ сургуулийн бүх хичээл англи хэл дээр явагддаг. Бэлтгэл сургуулилалт ихтэй байдгийн хувьд шинэ сургуульд ороод сурахад хүндрэлтэй байсан уу?
-Анх сургуульдаа шилжиж ирэхэд надад хүндрэлтэй зүйл байгаагүй. Харин ч маш олон давуу тал нээгдсэн. Би Францад нэг жил гэрээт тамирчнаар сураад "Улаанбаатар Элит"-д орж ирсэн юм. Энд ирснээр франц хэлээ орхигдуулалгүй сурахын хажуугаар англи хэлээ сайжруулах боломжтой болсон нь том давуу тал байсан. Бас монгол хүн учир эх хэлээ сайн сурах ёстой шүү дээ. Хэдийгээр энд англи хэлээр бүх хичээлээ үзэж байгаа ч монгол хэлний хичээлийг давхар маш сайн заадаг.

Мэдээж тэмцээн уралдаанд яваад, хичээлээсээ хоцрох тохиолдол гардаг. Гэхдээ манай багш нар намайг үргэлж дэмжиж, тэмцээнээс ирсний дараа давтлагын цаг гаргаж, үзээгүй өнгөрсөн хичээлүүдийг нөхөж зааж өгдөг. Энэ бол маш том дэмжлэг. Тийм болохоор сургуульдаа, багш нартаа маш их баярладаг шүү.

YOLO: Тэгэхээр багш нартаа тун сэтгэл хангалуун байдаг юм байна.
-Тийм ээ. Манай багш нар хүүхдүүдтэй маш зөв, боловсон харилцаж чаддаг. Хүүхдүүдэд зөв хүмүүжил олгож, хичээл номыг яг цагт нь хийлгэж, цаг баримтуулж сургадаг. Хэдий олон улсын сургууль ч гадна дотнын гэж хуваагдалгүйгээр Монгол Улсынхаа төрийн дууллыг өглөө бүр хамтдаа заавал дуулдаг. Энэ нь гадаад хүүхдүүдэд Монгол Улсыг хүндэтгэх сэтгэл зүй олгохоос гадна монгол хүүхдүүдэд ч эх оронч болж төлөвшихөд манай сургуулиас үзүүлж байгаа том хувь нэмэр гэж боддог. Багш нар маань үргэлж маш их дэмждэг болохоор би үнэхээр их баяртай байдаг.


YOLO: Үе тэнгийн найзуудаа хараад чамд ямар бодол төрдөг вэ. Сайн эсвэл муу?
-Миний үеийнхэн дунд маш залхуу, одоо хүртэл хөлөө олж, хэн болохоо тодорхойлж чадаагүй яваа олон хүүхэд байдаг. Тэдэнтэй ярилцах хүн байдаггүй болохоор тэд  өөрсдийгөө жолоодож чадахгүй явах шиг санагддаг. Миний бодлоор тэд сэтгэл зүйчтэй ярилцах хэрэгтэй болов уу. Эхлээд хэн бэ гэдгээ олчихоод, дараа нь хэн болох вэ гэдэг эрэлд гарч, хийхийг хүссэн мэргэжлээ сонгож, үүний хажуугаар өөрийн хоббигоо хөгжүүлэх хэрэгтэй. Эсвээс нэг мэдэхэд л цаг хугацаа урсан өнгөрнө. Ганц л амьдрах юм чинь өөрийн хүссэн, дуртай бүхнээ хийж, үүгээрээ амжилт үзүүлэх хэрэгтэй гэж бодож байна. Энэ нь тухайн хүнд өөрийн гэсэн үнэ цэнэ бий болгодог гэж боддог.  

YOLO: Тэгвэл чамд сэтгэл зүйчид хандах шаардлага тулгарч байв уу. Эсвэл аав, ээжтэйгээ ярилцаад л асуудлаа шийдчихдэг үү?
-Би одоо аав, ээжтэйгээ маш сайн ярилцдаг. Гэхдээ ингэж ярилцдаг болохынхоо өмнө, Франц улсад сурч байхдаа сургуулийнхаа сэтгэл зүйчтэй анх ярилцаж, тэр хүн надад аливаа асуудал тулгарвал эцэг эхтэйгээ зөвлөдөг, ярилцдаг байх ёстой гэсэн ухагдахууныг ойлгуулсан. Тэндэхийн сургууль бүр сэтгэл зүйчтэй. Сэтгэл санаа тогтворгүй үед хүүхдүүд өөрсдөө тэдэнд ханддаг юм. Эсвэл багш нар нь ажиглаад, тухайн хүүхдийг уулзуулдаг. Манай “Улаанбаатар Элит” сургуулийн хувьд хүүхдийн хүмүүжлийг хариуцдаг багш нар гэж байдаг. Тэдэнтэй уулзаж, бүх сэдвээр чөлөөтэй ярих боломжтой.

YOLO: Чиний үеийн зарим хүүхдүүд олон нийтийн сүлжээнд хамаг цаг заваа үрж, гоё ганган хувцас өмсөж, утас хэрэглэх сонирхолтой болсон. Энэ тал дээр ямар бодолтой байдаг вэ?
-Манай сургууль хичээлийн цагаар ухаалаг утас, чихэвч хэрэглэхийг хориглодог. Миний анзаарснаар олон нийтийн сүлжээнд хэрэгтэй, хэрэггүй маш олон мэдээлэл байдаг. Тэдгээр мэдээлэл нь өсвөр насныхны тархийг маш их угаадаг. Тиймээс эцэг, эхчүүд хүүхдүүддээ анхаарал хандуулж, фэйсбүүкийн хэрэглээг нь хянаж, бага цагаар ашиглуулах хэрэгтэй гэж би боддог. Хичээлийн дараа нэг цаг ашиглуулаад, шалгалттай үед бүр хурааж авдаг ч юм уу. Би фэйсбүүкт хааяа л ордог. Яагаад гэвэл миний хувьд цаг бол алт байдаг учраас.

Би олимпоос алтан медаль авах зорилготой.

Э.Бадамгарав

Тамирчин хүн бэлтгэл их хийдэг тул амралт шаарддаг. Цаг хугацаа маш хурдан өнгөрчихдөг. Тиймээс би сошиал ертөнцөд өрнөж байгаа хэрэггүй мэдээллээс аль болох хол байхыг хичээдэг. Сүүлийн үед манай үеийнхэн америк, европчууд шиг хэтэрхий задгай болоод байгаа мэт санагддаг. Хүүхдүүд аав, ээжийнхээ үгэнд ордоггүй болж байна. Жаахан загнаж, гар хүрэх төдийд л эмзэглэдэг. Нөгөөтэйгүүр, зарим эцэг, эх хүүхдээ хайрлаж байна гээд хэтэрхий эрхлүүлээд байх шиг. Хайрлана гэдэг нь гоё хувцас, үнэтэй утас авч өгнө гэсэн үг биш шүү дээ. Хайрлана, хайрлуулна гэдэг хүүхдийг зөв хүн болгон хүмүүжүүлэхийг хэлдэг. Гадна талд нь анхаарахаас илүү дотоод хүнийг нь хүмүүжүүлж, өөртөө итгэлтэй болгох хэрэгтэй.

YOLO: Дунд сургуулийн сурагч гэхэд чиний үзэл бодол хэдийний тогтчихсон юм шиг санагдлаа.
-Би залуучуудад зориулсан арга хэмжээ зохион байгуулдаг YNF гээд төрийн бус байгууллагад өнгөрсөн зургадугаар сараас ажиллаж эхэлсэн. Тэнд ажилласнаар илтгэл тавих, хүнтэй харилцах, зохион байгуулалт, менежмент хийх гэх мэт чадваруудыг эзэмшсэн. Хэдийгээр цаг их зарцуулдаг ч маш үр өгөөжтэй, их юм сурч, өөрийгөө хөгжүүлэх боломж олгодог. Улирлын амралт эхлэхээр МҮОНРТ-д дадлага хийх бодолтой байгаа. Өөрийгөө өдөр бүр, улам их хөгжүүлэх нь миний гол зорилго. Хүн тал бүрийн авьяастай байх хэрэгтэй гэж боддог. Ирээдүйд юу ч хийж болно шүү дээ.  

YOLO: Ирээдүйгээ хэрхэн төсөөлдөг вэ. Хэр их мөрөөддөг вэ?
-Би мөрөөдөх дуртай. Миний хамгийн том зорилго бол олимпоос алтан медаль авах. Монгол Улсынхаа төрийн далбааг тив дэлхийд мандуулж, төрийн дууллаа дэлхийд цуурайтуулахыг чин сэтгэлээсээ хүсэж, мөрөөддөг. Мөрөөдлийнхөө төлөө өөрийгөө завгүй байлгаж, үүндээ хүрч, гартаа атгаж авахын тулд би өдөр, шөнөгүй зүтгэдэг. Цаг тутам хичээж, сайжрахыг хүсдэг. Үүний тулд би өөрийгөө илүү хөгжүүлж, мөрөөдөлдөө алхам алхмаар ойртож байна. Ухрах сонголт, буцах зам надад байхгүй. Эх орноо дэлхийд алдартай хөгжингүй улс болгомоор байна. Үүнд хувь нэмрээ оруулахыг хүсэж байна.

YOLO: Ярилцсанд баярлалаа. Амжилт хүсье.
-Баярлалаа.


#Best #Judo #Girl