2018-2019 онд зарлагдах дотоодын тэтгэлэгүүд


Б.Хүслэн | YOLO.MN
2018-09-05

Хүсэл мөрөөдлөөр жигүүрлэхэд далавч болж өгдөг боловсролын тэтгэлэгүүдийн талаар мэдээллийг бид цаг тухай бүрд нь хүргэсээр байгаа. Энэ удаа жил бүр уламжлал болон зарлагддаг дотоодын тэтгэлэгүүдийн талаар мэдээллийг нэгтгэн хүргэж байна.

Боломж бидний гарт байсаар байдаг. Атгах уу?, алдах уу? Таны л сонголт...

2018-2019 онд зарлагдах дотоодын тэтгэлэгүүд

  1. “МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ”-ИЙН НЭРЭМЖИТ ТЭТГЭЛЭГ

       Жил бүрийн дөрөвдүгээр сар болон 11 дүгээр сард зарлагддаг уг тэтгэлэгт, бусдад үлгэр жишээ үзүүлэхүйц онцгой амжилт гаргасан дотоодын дээд боловсролын сургалтын байгууллагын бакалаврын хөтөлбөрийн өдрийн ангийн оюутан, коллеж, мэргэжлийн сургалт-үйлдвэрлэлийн төвийн суралцагч хамрагдах боломжтой.

Тэтгэлэгт тавигдах ерөнхий шаардлага:

-Хичээлийн жилийн дөрвөн улирал дараалан голч дүн нь 3.6-аас доошгүй                                                                                                                                          үнэлэгдсэн байх.

-Нийгмийн сайн сайхны төлөөх сайн дурын үйл ажиллагаанд тогтмол үр дүнтэй оролцож, зохион байгуулж, олон нийтэд мэдээлэгдсэн байх.

-Суралцаж  байгаа мэргэжлийн чиглэлээрээ олон улсын болон үндэсний хэмжээнд судалгаа хийж үнэлүүлсэн, шинэ санаа, үр дүнг хэвлэн нийтлүүлсэн, техник технологийн ололт амжилтыг хэрэглээнд нэвтрүүлсэн байх.

-Монголын уламжлалт ёс заншил, угийн бичиг хөтлөх болон бусад үйл хэргийг өөрийн амьдралдаа хэвшүүлэн дадлагажуулж бусдад үлгэрлэсэн байх.                   

Дээрх  үзүүлэлтүүдийг 50-иас дээш хувьтай хангасан суралцагчид Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит тэтгэлэг олгоно.

Тэтгэлгийн болзол хангасан 30 хүртэлх суралцагчид жил бүр Монгол Улсын Ерөнхийлөгчийн гарын үсэг бүхий өргөмжлөл, мөнгөн шагнал болох 1.200.000 төгрөг олгоно.

Материал хүлээн авах шалгаруулалт:

      Дээрх үзүүлэлтүүдийг хангасан оюутныг  сургуулийн захиргаа болон оюутны байгууллага нь хамтарч тухайн оюутны нэрийг тэтгэлэгт дэвшүүлнэ.

     Тэтгэлэгт нэр дэвшигчийн дор дурдсан бичиг, баримтыг жил бүрийн дөрөв ба 11 дүгээр сарын 15-ны дотор сургуулийн оюутны холбоо нь шалгаруулж, болзол хангасан оюутнуудын материалыг Ерөнхийлөгчийн Тамгын газарт ирүүлнэ.

  1. Сурлагын амжилт, ур чадвараа баталгаажуулсан сургуулийн захиргааны болон оюутны холбооны тодорхойлолт, гэрчилгээ, батламжийн хуулбар, бичиж хэрэгжүүлсэн төслийн үр дүнгийн тухай танилцуулга.
  2. Хэвлүүлсэн илтгэл, өгүүллийн хувь, медаль, шагнал, өргөмжлөл, гэрчилгээ, патент болон тухайн шинэ технологи, бүтээгдэхүүн материалыг хүлээн зөвшөөрсөн салбарын эрх бүхий байгууллагын шийдвэрийн нотариатаар баталгаажуулсан хуулбар.
  3. Нийгмийн сайн сайхны төлөө хийсэн арга хэмжээ, олон нийтийн ажлыг хамтран зохион байгуулсан байгууллагын тодорхойлолт, тухайн арга хэмжээний зорилго зорилт, үр дүнгийн талаар холбогдох мэдээлэл, дүрс бичлэг, фото зураг.
  4. Ёс заншил, ургийн бичиг, соёлын биет болон биет бус өвийн талаархи богино хэмжээний танилцуулга, дуут ба дүрс бичлэг, түгээн дэлгэрүүлж байгааг нотлох бусад материалууд.
  5. Тухайн нэрэмжит тэтгэлгийн болзлыг хангасан талаар оюутан өөрөө 500 үгэнд багтаан эссэ бичиж ирүүлнэ.

Шалгаруулалт:

      Ерөнхийлөгчийн Тамгын газар болон  Засгийн газрын Хэрэг эрхлэх газар дээр ажлын хэсэг гаргаж, шалгаруулалтыг хоёр үе шаттай зохион байгуулна. Ажлын хэсэг нь нэгдүгээр шатанд ирүүлсэн материалыг үнэлэн 50 хүртэлх оноо, хоёрдугаар шатанд бичиж ирүүлсэн эссэг үнэлэн 50 хүртэлх оноог өгч, хоёр шатны нийлбэрээр 85-100 оноотой суралцагчийг шалгаруулан Ерөнхийлөгчийн нэрэмжит тэтгэлгийг тав болон 12 дугаар сард олгоно.

Бусад:

-Тэтгэлэгт хамрагдсан суралцагчийн талаархи мэдээллийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын вэб сайтад байршуулна.

-Нэрэмжит тэтгэлэг авсан оюутан өмнөхөөс өөр шалгуураар тэтгэлгийн болзол хангасан бол дахин нэг удаа нэр дэвших эрхтэй.

-Монгол Улсын Ерөнхийлөгчийн болон Ерөнхий сайдын нэрэмжит тэтгэлгийг нэг суралцагчид давхардуулан олгохгүй.

-Олон улсын хэмжээний спорт, урлагийн арга хэмжээнд амжилттай оролцож, холбогдох журмын дагуу Засгийн газраас мөнгөн шагнал авсан суралцагчид Монгол Улсын Ерөнхийлөгчийн болон Ерөнхий сайдын нэрэмжит тэтгэлгийг давхардуулан олгохгүй.

-Тэтгэлэг авагч нь худал мэдээлэл өгсөн, хуурамч бичиг баримт бүрдүүлсэн, сургуулиас хасагдсан тохиолдолд хуулийн дагуу хариуцлага хүлээнэ.

-Шалгаруулалтын явцад гарсан маргааныг холбогдох хяналтын байгууллага хянан шийдвэрлэнэ.

  1. “МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД”-ЫН НЭРЭМЖИТ ТЭТГЭЛЭГ

       Дээрх тэтгэлэгийн нэгэн адил жил бүрийн дөрөвдүгээр сар болон 11 дүгээр сард зарлагддаг уг тэтгэлэгт, бусдад үлгэр жишээ үзүүлэхүйж онцгой амжилт гаргасан дотоодын дээд боловсролын сургалтын байгууллагын бакалаврын хөтөлбөрийн өдрийн ангийн оюутан, коллеж, мэргэжлийн сургалт-үйлдвэрлэлийн төвийн суралцагч хамрагдах боломжтой.

Тэтгэлэгт тавигдах ерөнхий шаардлага:

-Монгол Улсын тэргүүлэх ач холбогдолтой мэргэжлийн чиглэлээр үр ашиг, ач холбогдол бүхий шинэ технологи, бүтээгдэхүүн, материал бий болгон үйлдвэрлэл үйлчилгээнд нэвтрүүлэх шинэ санаачилга гаргасан байх.

-Сайн санааны үндсэн дээр нийгмийн сайн сайхны тусын тулд бусдыгаа манлайлан идэвхи зүтгэл гаргаж үлгэр жишээ болохуйц ажлыг санаачлан зохион байгуулсан, эерэг өөрчлөлтөөр бусдадаа үлгэр дуурайл болсон байх.

-Монгол хэл, соёлын биет болон биет бус өвийг хадгалж хамгаалах үйлсэд хувь нэмэр оруулан түүнийг өвлөн уламжилж, түгээн дэлгэрүүлсэн байх.

-Суралцаж байгаа мэргэжлээрээ амжилттай суралцаж бусдад үлгэр дуурайл болсон, улс орны хөгжилд эерэг үр нөлөө үзүүлэхүйц судалгаа, шинжилгээний бүтээл туурвисан, оновчтой үр дүнтэй бодлого төлөвлөгөө, зөв шийдэл, арга барил бүхий нийгэм, эдийн засгийн хэрэгцээ шаардлагад нийцсэн төсөл, хөтөлбөр санаачлан бичиж хэрэгжүүлсэн байх.

Дээрх шалгуур үзүүлэлтийг 50-иас дээш хувьтай  хангасан суралцагчид Монгол Улсын Ерөнхий сайдын нэрэмжит тэтгэлэг олгоно.

Тэтгэлгийн болзол хангасан 40 хүртэлх суралцагчид жил бүр Монгол Улсын Ерөнхий сайдын гарын үсэг бүхий өргөмжлөл, мөнгөн шагнал болох 1.000.000  төгрөг олгоно.

Материал хүлээн авах шалгаруулалт:

      Дээрх үзүүлэлтүүдийг хангасан оюутныг  сургуулийн захиргаа болон оюутны байгууллага нь хамтарч тухайн оюутны нэрийг тэтгэлэгт дэвшүүлнэ.

     Тэтгэлэгт нэр дэвшигчийн дор дурдсан бичиг, баримтыг жил бүрийн дөрөв ба 11 дүгээр сарын 15-ны дотор сургуулийн оюутны холбоо нь шалгаруулж, болзол хангасан оюутнуудын материалыг Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт ирүүлнэ.

          1.Сурлагын амжилт, ур чадвараа баталгаажуулсан сургуулийн захиргааны болон оюутны холбооны тодорхойлолт, гэрчилгээ, батламжийн хуулбар, бичиж хэрэгжүүлсэн төслийн үр дүнгийн тухай танилцуулга.

          2.Хэвлүүлсэн илтгэл, өгүүллийн хувь, медаль, шагнал, өргөмжлөл, гэрчилгээ, патент болон тухайн шинэ технологи, бүтээгдэхүүн материалыг хүлээн зөвшөөрсөн салбарын эрх бүхий байгууллагын шийдвэрийн нотариатаар баталгаажуулсан хуулбар.

          3.Нийгмийн сайн сайхны төлөө хийсэн арга хэмжээ, олон нийтийн ажлыг хамтран зохион байгуулсан байгууллагын тодорхойлолт, тухайн арга хэмжээний зорилго зорилт, үр дүнгийн талаар холбогдох мэдээлэл, дүрс бичлэг, фото зураг.

          4.Ёс заншил, ургийн бичиг, соёлын биет болон биет бус өвийн талаархи богино хэмжээний танилцуулга, дуут ба дүрс бичлэг, түгээн дэлгэрүүлж байгааг нотлох бусад материалууд.

          5.Тухайн нэрэмжит тэтгэлгийн болзлыг хангасан талаар оюутан өөрөө 500 үгэнд багтаан эссэ бичиж ирүүлнэ.

Шалгаруулалт:

       Ерөнхийлөгчийн Тамгын газар болон  Засгийн газрын Хэрэг эрхлэх газар дээр ажлын хэсэг гаргаж, шалгаруулалтыг хоёр үе шаттай зохион байгуулна. Ажлын хэсэг нь нэгдүгээр шатанд ирүүлсэн материалыг үнэлэн 50 хүртэлх оноо, хоёрдугаар шатанд бичиж ирүүлсэн эссэг үнэлэн 50 хүртэлх оноог өгч, хоёр шатны нийлбэрээр 85-100 оноотой суралцагчийг шалгаруулан Ерөнхий сайдын нэрэмжит тэтгэлгийг тав болон 12 дугаар сард олгоно.

Бусад:

- Тэтгэлэгт хамрагдсан суралцагчийн талаархи мэдээллийг Засгийн газрын вэб сайтад байршуулна.

-Нэрэмжит тэтгэлэг авсан оюутан өмнөхөөс өөр шалгуураар тэтгэлгийн болзол хангасан бол дахин нэг удаа нэр дэвших эрхтэй.

-Монгол Улсын Ерөнхийлөгчийн болон Ерөнхий сайдын нэрэмжит тэтгэлгийг нэг суралцагчид давхардуулан олгохгүй.

-Олон улсын хэмжээний спорт, урлагийн арга хэмжээнд амжилттай оролцож, холбогдох журмын дагуу Засгийн газраас мөнгөн шагнал авсан суралцагчид  Монгол Улсын Ерөнхийлөгчийн болон Ерөнхий сайдын нэрэмжит тэтгэлгийг давхардуулан олгохгүй.

-Тэтгэлэг авагч нь худал мэдээлэл өгсөн, хуурамч бичиг баримт бүрдүүлсэн, сургуулиас хасагдсан тохиолдолд хуулийн дагуу хариуцлага хүлээнэ.

-Шалгаруулалтын явцад гарсан маргааныг холбогдох хяналтын байгууллага хянан шийдвэрлэнэ.

  1. “НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА”-ЫН НЭРЭМЖИТ ТЭТГЭЛЭГ

Жил бүрийн тавдугаар сард зарлагддаг.

Монгол улсын их, дээд сургуульд амжилттай суралцаж буй бакалаврын хөтөлбөрийн өдрийн ангийн оюутнуудыг дэмжих зорилготой тэтгэлэг юм. Бүтэн жилийн турш хэрэгжих уг хөтөлбөрийн онцлог нь тэтгэлгээс гадна хувь хүний хөгжлийн сургалтад хамруулж, өөрийгөө нээх боломжийг хангадаг.

Тэтгэлэгт хөтөлбөрийн шалгуур:

-Нийгмийн ажилтны чиглэлээр магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуульд 3.2 ба түүнээс дээш үнэлгээний голчтой бакалаврын өдрийн ангийн оюутан байх.

-Төрийн сангийн зээл болон бусад ямар нэгэн тэтгэлэгт хамрагдаагүй байх.

-Аливаа хэрэг зөрчилд холбогдож байгаагүй байх.

-Оюутан залуучуудын дунд зохиогддог нийгмийн аливаа үйл ажиллагаанд манлайлан оролцдог байх.

-Хүүхдийн зусланд ажиллах, өөрийгөө нээн хөгжүүлэх, сурч мэдэх хүсэл эрмэлзэлтэй байх шаардлага хангасан тохиолдолд хамрагдана.

Хөтөлбөрийн хүрээнд хувь хүний хөгжлийн сургалтуудад хамрагдаж, ур чадвараа дээшлүүлэх, хүүхдийн зусланд багшаар ажиллаж багаар ажиллах чадвар, сурсан мэдсэнээ хэрэгжүүлэх ажлын туршлагатай болох, “Улаанбаатар хотын хэмжээнд хүүхдийн зуслангийн хөгжлийн хөтөлбөрийн үр дүнг тодорхойлох” судалгаанд хамтран ажиллах юм.

Тэтгэлэгт хөтөлбөрийн шалгаруулалт:

Нэг жилд нийт 15 хүртэлх оюутанд тэтгэлэг олгох бөгөөд нэг оюутанд олгох тэтгэлгийн хэмжээ 2,000,000 төгрөг байна. (1,500,000 нь мөнгөн дүнгээр сар бүр олгогдох, 500,000 төгрөг нь сургалт хэлбэрээр олгогдоно)

Эхний шатны шалгаруулалт: НХГБХГазрын байранд зохион байгуулах бөгөөд оюутны бүрдүүлсэн материал, тавигдах шаардлага, хүсэлт, эссэг харгалзан үзнэ.

Хоёр дугаар шатны шалгаруулалт: Эхний шатанд тэнцсэн 30 оюутантай ярилцлага хийж 15 хүртэлх оюутанг шалгаруулна.

  1. “ОЮУ ТОЛГОЙ ХХК”-НЫ НЭРЭМЖИТ ТЭТГЭЛЭГ

     Жил бүрийн есдүгээр сард зарлагддаг уг тэтгэлэгт хөтөлбөр 2010 оноос  Монгол Улсад уул уурхайн чиглэлээр бакалаврын түвшинд суралцаж буй 200 оюутанд тэтгэлэг олгоод байна.

Тэтгэлэгт хөтөлбөрт нь дараах зүйлсээс бүрдэнэ:

-Жилийн сургалтын төлбөр.

-Сар бүр 200,000 төгрөгийн тэтгэлэг.

-Хөдөө орон нутгийн оюутнуудын дотуур байрны төлбөр.

-“Оюу толгой” ХХК-с зохион байгуулах хөгжлийн сургалтуудад хамрагдах            боломж.

-Cонгогдсон оюутнууд “Оюу толгой” ХХК-д дадлага хийх боломжтой.

Тэтгэлэгт хөтөлбөрийн шалгуур:

-Монгол Улсын иргэн байх.

-Дотоодын магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуулийн өдрийн ангийн хоёр, гурав, дөрөвдүгээр дамжааны оюутан байх.

Дараах мэргэжлээр суралцдаг байх:

         -Инженер геологи (уурхайн ашиглатын геотехник,гео-механик)

         -Геологи (технологийн минералоги, гео-металлурги, геофизик, хайгуул)

         -Баяжуулалтын инженер (ашигт малтмалын баяжуулалтын технологи)

         -Уул уурхайн ашиглатын технологи (гүний уурхай ашиглатын чиглэлээр   мэргэших)

         -Уул уурхайн машин тоног төхөөрөмж

        -Уул уурхайн цахилгаан тоног төхөөрөмж

-Сурлагын голч дүн 3.2 болон түүнээс дээш байх.

-Бусад сургалтын тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдаагүй байх.

Тэтгэлэг хөтөлбөрт хамрагдахад бүрдүүлэх материал:

-Сургуулийн тодрхойлолт

-Суралцсан хугацааны дүнгийн баталгаа, хуулбар

-Суралцсан хугацаанд гаргасан амжилт, авсан шагнал урамшуулалын баталгаа, хуулбар

-Иргэний үнэмлэхний хуулбар

-Өгөдсөн сэдвээр эссэ бичнэ

  1. “ОЮУТОЛГОЙ ХХК”  “ЗАЛУУСЫН ХӨГЖЛИЙН ХӨТӨЛБӨР” ТЭТГЭЛЭГ (12-Р АНГИА ТӨГСӨГЧДӨД)

Жил бүрийн есдүгээр сард зарлагддаг. Шилдэг таван суралцагч их, дээд сургуулийн тэтгэлэгийн эзэн болно.

Хөтөлбөр нь оролцогчдын хувь хүний хөгжил болон сурагчдын мэргэжил сонголтод дэмжлэг үзүүлэх бүтэц бүхий 3 үе шаттайгаар явагддаг:

              Нэгдүгээр шат: Би хэн бэ?

              Хоёрдугаар шат: Багийн ажиллагаа

              Гуравдугаар шат: Томоор харах

Хөтөлбөрийн зорилго:

-Монголын ирээдүйн манлайлагчдыг дунд сургуулиас нь эхлэн хөгжүүлж, дээд боловсрол эзэмшихэд нь дэмжлэг үзүүлэх.

-Оюутан, сурагчдын манлайлал болон хувийн хөгжлийг дэмжих замаар тэдний нийгмийн идэвхи, асуудал шийдвэрлэх чадвар болон нийгэмдэх сайн дурын оролцоог нэмэгдүүлэх.

-“Залуус залуустаа сургах” арга барилыг нэвтрүүлэх.

Хөтөлбөрт тавигдах шаардлага:

-Монгол улсын иргэн.

-Дунд сургуулийн төгсөх ангийн сурагч байх.

-Сургалтын үнэлгээ 85 болон түүнээс дээш байх (100 онооны шатлалаар).

-Удирдан манлайлах болон нийгмийн оролцоо сайтай байх.

-Дотоодын тэтгэлэгт хөтөлбөрийн оюутан байх.

  1. “ЗОРИГ САН”-ИЙН НЭРЭМЖИТ ТЭТГЭЛЭГ

Уг тэтгэлэг нь жил бүрийн есдүгээр сард зарлагддаг.

Монгол Улсын бүх их, дээд сургуулиудад нээлттэй бөгөөд 50 оюутан шалгаруулж сургалтын төлбөрийн тэтгэлэг олгохоос гадна хамрагдсан оюутнууд багуудад хуваагдан нийгэмд чиглэсэн бичил төслийг зохион байгуулдаг.

Тэтгэлэгт хөтөлбөрийн зорилго:

-Сурлагын амжилт, нийгмийн идэвхи зүтгэлээр тэргүүлж буй хэдийн ч санхүүгийн тодорхой бэрхшээлийн улмаас үргэлжлүүлэн суралцахад хүндрэлтэй байгаа оюутнуудыг урамшуулах, тэдний нийгмийн амьдралын идэвхи оролцоог дэмжих зорилготой.

Тэтгэлэгт хөтөлбөрт тавигдах шаардлага:

-Дотоодын их, дээд сургуулийн хоёр болон түүнээс дээш курсийн үндсэн ангид суралцаж буй Монгол Улсын иргэн.

-Гэр бүл нь амжиргааны баталгаажих төвшинөөс доогуур орлоготой буюу сургалтын төлбөрийг төлөх санхүүгийн боломжгүй.

-Сурлагын голч дүн 3,2 ба түүнээс дээш байх.

-Нийгмийн аливаа үйл ажиллагаанд манлайлан идэвхитэй оролцдог байх.

-Дээрх хөтөлбөрөөс бусад эх үүсвэрээс тэтгэлэг авч буй оюутнууд хамрагдах боломжгүй.

Бүрдүүлэх материал:

-Нийгмийн идэвх оролцоог тодорхойлсон бусад нэмэлт материал /тухайн оюутан өөрийн давуу талыг илэрхийлэх бүх төрлийн сертификат, батламж, үнэмлэх гэх мэт зүйлийг эх хувиар нь/ авч ирнэ.

-Сургуулийн тодорхойлолт.

-Хоёроос доошгүй багшийн тодорхойлолт (Зориг сангаас бэлтгэсэн маягт бөглөх).

-Суралцсан хугацааны дүнгийн хуулбар.

-Өрхийн ам бүл, орлогын тодорхойлолт (Харьяа хороо буюу багийн засаг даргын тодорхойлолт, эцэг эхийн цалингийн тодохойлолт).

-Нийгмийн идэвхи оролцоог үнэлсэн тодорхойлолтууд.

-Нэг хувь цээж зураг.

-Өгөгдсөн сэдвийн дагуу 500 үгтэй эссэ бичих.

-Тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдахыг хүссэн тухай өөрийн гараар бичсэн өргөдөл. /өргөдөлд ямар шалтгааны улмаас тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах шаардлагатай байгаа тухай дэлгэрэнгүй бичнэ/

Жич: Бүртгэлийг зөвхөн цахимаар хийх тул дээр дурдсанаас өөр ямарваа нэг материал нэхэгдэхгүй болно. Иймд Зориг сангийн байранд өөрийн биеэр ирэх шаардлагагүйг анхаарна уу.

Шалгаруулалт:

-Урьдчилсан шалгаруулалтыг бүрдүүлсэн материалыг үндэслэн, дээр дурьдсан шалгуурын дагуу явуулна. Шалгарсан оюутнуудыг ганцаарчилсан ярилцлаганд урьж, ярилцлагын үр дүнгээр эцсийн шалгаруулалтыг хийнэ.

Ярилцлаганд ирэхдээ:

-Суралцсан нийт хугацааны албан ёсны тамга, гарын үсэг бүхий баталгаажсан дүнгийн хуудас эх хувиар.

-Өрхийн ам бүл, орлогын тодорхойлолт (Харъяа хороо буюу багийн засаг даргын тодорхойлолт, эцэг эхийн цалингийн тодохойлолт).

-Нийгмийн идэвх оролцоог тодорхойлсон бусад нэмэлт материал /тухайн оюутан өөрийн давуу талыг илэрхийлэх бүх төрлийн сертификат, батламж, үнэмлэх гэх мэт зүйлийг эх хувиар нь/ авч ирнэ. Шалгаруулалтыг Зориг сан болон SDC-ийн ажилтнуудаас бүрдсэн баг зохион байгуулна.

7. “ГОЛОМТ БАНК”-НЫ НЭРЭМЖИТ ТЭТГЭЛЭГ

Жил бүрийн ес, аравдугаар сард зарлагддаг. Санхүү эдийн засаг, банкны чиглэлээр суралцдаг 100 оюутанд олгодог.

Тэтгэлэг хөтөлбөрт тавигдах шаардлага:

-Монгол улсын бакалаврын зэрэг олгох өдрийн хөтөлбөр бүхий магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуулийн гурав ба түүнээс дээш дамжааны оюутан байх.

-Сурлагын үнэлгээний голч дүн 3.5 ба түүнээс дээш байх.

-Суралцаж буй хугацаандаа нийгэм, олон нийтийн ажилд идэвхтэй оролцсон байх, судалгаа шинжилгээ болон мэргэжлийн чиглэлийн уралдаан, тэмцээн, илтгэл, эрдэм шинжилгээний хуралд идэвхтэй оролцож, амжилт гаргасан байх.

-Одоо суралцаж буй сургуульдаа тогтвортой суралцах /сургууль хооронд шилжиж, мэргэжлээ солих, эсвэл гадаадын их дээд сургуульд ойрын хугацаанд суралцахаар төлөвлөөгүй байх/.

-Англи хэл эсвэл аль нэг хэлийг дундаас дээш түвшинд эзэмшсэн байх.

Бүрдүүлэх материал:

-Тэтгэлэг хүсэгчийн анкет

-Гараар бичсэн өргөдөл

-Нэг хувь цээж зураг /сүүлийн гурван сарын хугацаанд авахуулсан/

-Сургуулийн тодорхойлолт

-Сурлагийн үнэлгээний баталгаажуулсан тодорхойлолт

-Албан шугамаар өөрийгөө сайн мэдэх сайн мэдэх хоёр хүний тодорхойлолт

-Суралцах хугацаандах гарсан амжилтуудын хуулбар /нотариатаар баталгаажуулсан байх/

-Өөрийн сайн эзэмшсэн гадаад хэл дээр өгөгдсөн сэвдийн дагуу эссэ бичих

  1. “ХАС БАНК”-НЫ НЭРЭМЖИТ ТЭТГЭЛЭГ

Жил бүрийн ес, аравдугаар сард зарлагддаг.

Тэтгэлэгт хөтөлбөрийн зорилго:

    Банк, санхүү, эдийн засгийн чиглэлээр амжилттай суралцаж буй, цаашид арилжааны банкинд ажиллах хүсэл сонирхолтой чадварлаг, өсөх ирээдүйтэй оюутнуудыг нээн илрүүлж, санхүүгийн дэмжлэг үзүүлэх, ажлын гараагаа оновчтой, зөв эхлүүлэхэд нь туслах.

Тэтгэлэг дараах зүйлсээс бүрдэнэ:

-Нэг жилийн сургалтын төлбөр.

-Хас банкинд дадлага хийх боломж.

Тэтгэлэг хөтөлбөрт тавигдах шаардлага:

-Магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуулийн банк санхүү, эдийн засаг, IT-ийн чиглэлээр суралцаж буй гурав, дүрэвдүгээр дамжааны өдрийн ангийн оюутан.

-Сурлагын голч дүн 3,5-аас дээш байх.

-Нийгэм, олон нийтийн ажил, урлаг спортын тэмцээн болон бусад арга хэмжээнд идэвхтэй оролцдог, гарсан амжилттай байх.

-Оюутны эрдэм шинжилгээний хурал, илтгэл, уралдаан тэмцээнд амжилттай оролцсон бол давуу тал болно.

Бүрдүүлэх материал:

-Тэтгэлэг хүсэгчийн анкет

-Сургуулийн тодорхойлолт

-Суралцсан хугацааны дүнгийн баталгаат хуулбар

Суралцсан хугацаанд үзүүлсэн амжилт, шагналын хуулбар

-Иргэний үнэмлэхний хуулбар

-Өөрийнхөө тухай болон яагаад уг тэтгэлэгт хөтөлбөрт хандаж байгаа талаараа 2 хоёроос гурван минутын видео танилцуулга хийж илгээх.

  1. ХААН БАНКНЫ НЭРЭМЖИТ ШИНЭ ОЮУТНЫ ТЭТГЭЛЭГ (12-Р АНГИА ТӨГСӨГЧДӨД)

Жил бүрийн дөрөвдүгээр сард зарлагддаг.

Тэтгэлэгт хөтөлбөрийн зорилго:

      ХААН Банкнаас сурлагын амжилт, нийгмийн идэвхи зүтгэлээр тэргүүлж буй хэдий ч санхүүгийн бэрхшээл тулгарч буй ЕБС-ийн төгсөх 12-р ангийн сурагчдад их, дээд сургуульд элсэн суралцахад нь зориулж, хувь хүн, нийгмийн ур чадвартай, цаашид сурах хүсэл эрмэлзлээр дүүрэн, сурлагын амжилтаар тэргүүлж буй 70-100 төгсөх ангийн сурагчийг Монгол орон даяар жил бүр нээлттэй сонгон шалгаруулж, тэтгэлэг олгодог нь их, дээд сургуульд элсэн суралцах мэргэжлийн гараагаа санхүүгийн хувьд санаа зоволтгүй эхлэх боломжийг олгож байна.

Тэтгэлэгт хөтөлбөрт тавигдах шаардлага:

-Сурлагын голч дүн 85% ба түүнээс дээш үзүүлэлттэй байх.

-Сүүлийн хоёр жилд үзүүлсэн амжилт, олимпад, тэмцээн уралдаанаас авсан шагнал урамшуулалтай байх.

-Нийгмийн эрмэлзэлтэй, сурах хүсэл тэмүүлэлтэй байх.

Бүрдүүлэх материал:

-Тэтгэлэг хүсэгчийн анкет.

-Цээж зураг (3х4 хэмжээтэй).

-Ахлах буюу 10-11-р ангийн эцсийн дүн, 12-р ангийн эхний хагас жилийн дүнгийн жагсаалт  (энэхүү жагсаалт нь сургуулийн тамга тэмдэг, холбогдох удирдлагын гарын үсэг бүхий албан бичиг байна. Гараар бичсэн, дүн дутуу дүнгийн жагсаалтыг тооцохгүй.).

-Анги удирдсан багш болон сургуулийн нийгмийн ажилтны тодорхойлолт тус бүр нэг ширхэг (маягтын дагуу, анкетын хавсралт хоёр хувь).

-Улс, аймаг, сумын олимпиад, уралдаан тэмцээнд оролцож гаргасан сурлагын амжилт болон урлаг, спортоор гаргасан амжилтыг гэрчлэх материалын хуулбар (Зөвхөн сүүлийн 3 жилд гаргасан амжилтын хуулбарыг хавсаргана. Нотариатаар баталгаажуулах шаардлагагүй).

-Өгөгдсөн сэдвийн хүрээнд компьютер эсвэл гараар Монгол хэл дээр цэвэр гаргацтай бичсэн 500-аас доошгүй үгтэй эссэ бичлэг.-

-Ам бүлийн тодорхойлолт (гэр бүлийн гишүүд, эрхэлсэн ажил зэрэг мэдээлэл бүхий харьяалах нутаг дэвсгэрийн анхан шатны нэгжийн тамга тэмдэг, гарын үсгээр баталгаажсан байна.).

-Өрхийн орлогын тодорхойлолт.

-Сургуулийн албан ёсны тодорхойлолт буюу албан бичиг (Үүнд тухайн сурагчийн сурлага, нийгмийн идэвх, санаачлага, хувь хүний хандлага, ур чадвар, цаашид сурч хөгжих хүсэл эрмэлзэл, ар гэрийн амьдрал зэргийг дэлгэрэнгүй тодорхойлсон байна.).

  1. “ХААН БАНК”-НЫ НЭРЭМЖИТ ОЮУТНЫ ТЭТГЭЛЭГ

Жил бүрийн ес, аравдугаар сард зарлагддаг.

Монгол улсын магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуулийн бакалаврын зэргийн хоёр, гурав, дөрөвдүгээр курсын оюутнуудаас шалгаруулж шилдэг 40 оюутанд сургалтын төлбөрийн тодорхой хувийг тэтгэлэгээр олгоно.

Тэтгэлэгт хөтөлбөрт тавигдах шаардлага:

-Магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуулийн бакалаврын зэргийн хоёр, гурав, дөрөвдүгээр курсын оюутан байх.

-Сурлагын голч дүн 3,0 ба түүнээс дээш байх.

-Оюутны эрдэм шинжилгээний хурал, илтгэл, уралдаан тэмцээнд тодорхой амжилттай оролцсон бол давуу тал болно.

-Нийгэм олон нийтийн ажил, урлаг спортын тэмцээн бусад арга хэмжээнд оролцон байх.

-Өрхийн орлого зэргийг харгалзан үзнэ.

Бүрдүүлэх материал:

-Тэтгэлэг хүсэгчийн анкет

-Их, дээд сургуулийн тодорхойлолт /элссэн он, анги зэргийг заасан/

-Их, дээд сургуулийн дүнгийн хуулбар /сургуулийн захиргаагаар баталгаажуулсан/

-Их, дээд сургуулийн нэг багшийн тодорхойлолт

-Өгөгдсөн сэдвээр эссэ бичих

-Өрхийн орлогыг батлах тодорхойлолт.

  1. “JCI MONGOLIA ТЭТГЭЛЭГТ ТӨСӨЛ

Жил бүрийн найм, есдүгээр сард зарлагддаг.

Төслийн зорилго:

   Сургуулиа амжилттай төгсөж Монголын шилдэг их, дээд сургуульд тэнцсэн ч сургалтын төлбөрөө төлөх боломжгүй байгаа таван оюутанд бодит дэмжлэг үзүүлж, тухайн сургуулийн нэг, хоёрдугаар дамжааны сургалтын төлбөрт тэтгэлэг олгоно.

Өргөдөл ирүүлэхэд бүрдүүлэх материал:

-Тухайн их дээд сургуульд тэнцсэнийг батлах бичиг баримт, хуулбарын хамт.

-Нэгдүгээр курсийн сургалтын төлбөрийн хэмжээ.

-Ахлах анги (12-р анги) төгссөн гэрчилгээний хуулбар.

-Тэтгэлэгт хамрагдах шалтгаанаа тайлбарласан хүсэлт /word file/.

-Тухайн сургууль болон мэргэжлээ сонгосон шалтгаан, суралцах төлөвлөгөө, өөрийн бусад давуу тал, амжилтыг илэрхийлсэн эсээ 300 үгэнд багтаан бичнэ. /word file/                                                                                         

Энэхүү тэтгэлэгт хамрагдан хоёрдугаар курсээ амжилттай төгссөн оюутанд гурав болон дөрөв дүгээр курсийн сургалтын төлбөрт дэмжлэг үзүүлэх зорилгоор улирлын амралт, зуны амралт, дадлагын хугацаанд JCI Монгол байгууллагын гишүүдийн компани, аж ахуйн нэгжид цалинтай дадлага хийх боломж олгоно.

  1. “ЭЛ ЖИ” ГРУППИЙН ДЭЭД БОЛОВСРОЛЫН ТЭТГЭЛЭГ

Жил бүрийн есдүгээр сард зарлагддаг.

    Тэтгэлэг хөтөлбөрт Улаанбаатар хотод байрлах МУИС, ШУТИС, АШУҮИС, ХААИС, СЭЗДС-ийн бакалаврын өдрийн ангийн гурав ба түүнээс дээш дамжаанд 3.1-3.5 голч дүнтэй суралцаж буй санхүүгийн тодорхой бэрхшээлийн улмаас сургалтын төлбөрөө төлөхөд хүндрэлтэй байгаа оюутнууд өрсөлдөх боломжтой.

Шалгарсан 9 оюутны сургалтын төлбөрийг бүрэн төлөхөөс гадна шилдэг гурван оюутанд сар бүр 100 ам.долларын тэтгэмж олгоно.

Тэтгэлэгт хөтөлбөрт тавигдах шаардлага:

-Дотоодын их, дээд сургуулийн үндсэн ангид бакалаврын түвшинд суралцаж буй оюутан байх.

-Сурлагын голч дүн 3.1-3.5 байх.

-Гэр бүл нь амжиргааны баталгаажих түвшинээс доогуур орлоготой буюу сургалтын төлбөрийг төлөх санхүүгийн боломжгүй.

-Оюутан залуучуудын дунд зохиогддог нийгмийн аливаа үйл ажиллагаанд манлайлан оролцдог байх.

-Бусад эх үүсвэрээс тэтгэлэг, тэтгэмж (Үндэсний тэтгэлэг буюу сар бүр олгогддог тэтгэлэгээс бусад бүх тэтгэлэг, тэтгэмж)-д хамрагдаагүй байх.

Бүрдүүлэх материал:

-Өгөгдсөн сэдвийн хүрээнд эссэ бичих.

-Суралцсан нийт хугацааны албан ёсны баталгаажсан дүнгийн хуулбар.

-Өөрийн зураг, давуу талуудыг илэрхийлсэн бусад материалыг хавсаргана.

Шалгаруулалт:

Урьдчилсан шалгаруулалтыг Эссэ болон энэхүү цахим өргөдлийн маягтыг үндэслэн явуулна. Зөвхөн урьдчилсан шалгаруулалтанд тэнцсэн өргөдөл гаргагчтай утсаар холбогдож ганцаарчилсан ярилцлаганд урих бөгөөд ярилцлагын үр дүнгээр эцсийн шалгаруулалтыг хийнэ.

Урьдчилсан шалгаруулалтанд тэнцсэн оюутнууд ярилцлаганд ирэхдээ:

-Суралцсан нийт хугацааны албан ёсны баталгаажсан дүнгийн хуулбар эх хувиар.

-Өрхийн ам бүл, орлогын тодорхойлолт (Харъяа хороо буюу багийн засаг даргын тодорхойлолт, эцэг эхийн цалингийн тодохойлолт).

-Нийгмийн идэвхийг тодорхойлсон бусад нэмэлт материал /тухайн оюутан өөрийн давуу талыг илэрхийлэх бүх төрлийн сертификат, батламж, үнэмлэх гэх мэт зүйлийг эх хувиар нь/ авч ирнэ. Шалгаруулалтыг Зориг сан болон Эл Жи Группын ажилтнуудаас бүрдсэн баг зохион байгуулна.

  1. “ПЕТРОВИС” “ИРЭЭДҮЙ ОЮУТНЫ” ТЭТГЭЛЭГ

Жил бүрийн 4-8 дугаар сард зарлагддаг.

Тэтгэлэгт хөтөлбөрийн зорилго:

Оюутнуудад суралцах үедээ ирээдүйд ажлаар хангагдах баталгааг дээшлүүлэх ховор боломжийг олгоно. Үүнд:

-Дадлага хийх бололцоо олгож, санхүүгийн дэмжлэг үзүүлнэ. /цалинтай дадлага хийлгэх, шалгарсан шилдэг оюутны сургалтын төлбөрийг тэтгэлэгээр олгох/

-Өөрийн чадварыг нээн илрүүлэх боломжийг олгоно.

-Ажлын гараагаа эхлүүлж, ажиллах арга барил эзэмшүүлнэ.

-Багаар ажиллаж сурах, хөдөлмөрийн хамт олонд дасан зохицох эхний алхам болно.

Шалгаруулалтын үе шат:

  1. Хөтөлбөрт оролцох эрх олгох /шалгалт, ярилцлага/
  2. Тэтгэлэг олгох шалгаруулалт /дадлага, тайланг дүгнэх/

Тэтгэлэгт хөтөлбөрт тавигдах шаардлага:

-Их, дээд сургуулийн өдрийн ангийн хоёр, гуравдугаар дамжааны оюутан байх.

-Дүнгий үнэлгээний голч дүн 3.0-аас дээш байх.

-Суралцаж буй мэргэжлээрээ цаашид үргэлжлүүлэн суралцах болон ажиллах чин хүсэл эрмэлзэлтэй байх.

Мэргэжлийн чиглэлүүд:

   -Нефтийн хадгалалт, тээвэрлэлт, сав тоног төхөөрөмж, байгууламжийн инженер.

   -Нефтийн боловсруулалт, хими технологи.

   -Эдийн засаг.

   -Санхүү, нягтлан бодох бүртгэл.

   -Бизнесийн удирдлага, маркетинг, менежмент.

   -Мэдээллийн технологи, программ хангамж.

   -Цахилгаан, автоматжуулалт болон электроник инженер.

-Бусад өөр байгууллагын болон ижил төстэй тэтгэлэгт /үүнд төрийн сангийн зээл хамаарахгүй/ хамрагдаагүй байх, энэ талаар сургуулиас баталгаажуулж тодорхойлсон байх.

-Зан төлөв болон ёс суртахууны хувьд төлөвшсөн, харилцааны болон биеэ авч явах соёлтой, багаар ажиллах, бусдыг сонсох чадвартай байх.

-Эх хэлний /бичгийн хэл/ болон мэдээлэл харилцааны технологийг ашиглах зохих чадвар эзэмшсэн байх.

Бүрдүүлэх материал:

-Өргөдлийн маягт бөглөсөн байх /манай вэб сайтад тавигдсан анкетын маягтын дагуу/

-Хоёр хувь цээж зураг /3*4/

-Сурлагын дүн ба сургалтын төлбөрийн талаар сургуулийн тодорхойлолт

-Эссе /эзэмшиж буй мэргэжил, ажил амьдралынхаа зорилго, тэтгэлэгт хамрагдах ач холбогдол, давуу талын талаар 1000 үгэнд багтаан бичих/

-Ар гэрийн байдал болон өөрийн тухай дэлгэрэнгүй бичсэн хувийн өргөдөл

-Оршин сууж буй хорооноос гэр бүлийн талаарх тодорхойлолт

-Бусад гавьяа шагнал.

  1. “М-СИ-ЭС” ГРУППИЙН НЭРЭМЖИТ ТЭТГЭЛЭГ

Жил бүрийн хоёрдугаар сард зарлагддаг.

   Жил бүр 30 оюутан мөнгөн тэтгэлэг хүртдэг бөгөөд М-Си-Эс группын харьяа компаниудад дадлага хийх, улмаар их, дээд сургуулиа төгсөөд ажлын байрны урилга гардах боломжтой болдог юм.

   Дотоодын их, дээд сургуульд 3.0-оос дээш голч дүнтэй суралцаж буй гурав, дөрөвдүгээр дамжааны бүх оюутанд нээлттэй.

   Өргөдлийн маягтыг байгууллагын вэб сайтанд тавигдсан анкетийн дагуу бүрдүүлэн илгээнэ.

  1. “МОННИС” ГРУППИЙН НЭРЭМЖИТ “ИРЭЭДҮЙН МАНАЛАЙЛАГЧ” ТЭТГЭЛЭГ

Жил бүрийн есдүгээр сард зарлагддаг.

   Монгол Улсын магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуулийн бакалаврын өдрийн ангид суралцаж буй оюутнууд хамрагдах боломжтой бөгөөд тэтгэлэгт хөтөлбөр нэгээс хоёр жилийн хугацаанд сургалтын дүнг харгалзан амжилттай суралцсан оюутнуудад үргэлжлүүлэн олгоно.

Тэтгэлэгт хөтөлбөрт тавигдах шаардлага:

-Монгол Улсын магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуулийн бакалаврын түвшинд суралцдаг байх.

-Сурлагын үнэлгээний голч дүн 3,5 дээш байх, 100%-ийн үнэлгээтэй сургуулийнх 90%-с дээш байх.

-Оюутны эрдэм шинжилгээний ажилд тодорхой амжилттай оролцож байсан байх.

-Англи хэлний дундаас дээш түвшний мэдлэгтэй байх.

-Нийгэм олон нийтийн ажил, урлаг спортын тэмцээн, олимпиад бусад арга хэмжээнүүдэд амжилттай оролцож байсан байх.

Бүрдүүлэх материал:

-Анкет ( Ниссан төвийн байр, вэб хуудаснаас авах )

-Суралцагчийн өргөдөл

-Сургуулийн албан ёсны тодорхойлолт эсвэл сургуулийн томилолт

-Баталгаажуулсан дүнгийн жагсаалт, голч дүнгийн хамт эсвэл ЕБС-ын аттестат

-Өөрийгөө сайн мэдэх хоёр багшийн тодорхойлолт, багшаар битүүмжилсэн, холбогдох дугаарын хамт

-Өнгөрсөн жилд суралцсан тухай сурлагын тайлан /зөвхөн тэтгэлэгт хамрагдсан оюутнууд/

-Эрдэм шинжилгээний бүтээл, илтгэлийн жагсаалт эсвэл спорт, урлагаар амжилт гаргаж байсныг гэрчлэх материалуудын хуулбар

-Өгөдсөн сэдвээр эссэ бичих

Оюутанд олгогдох боломжууд:

-Оюутны нэг жилийн сургалтын төлбөр.

-Нэгээс хоёр жилийн хугацаанд сургалтын дүнг харгалзан амжилттай суралцсан оюутнуудад үргэлжлүүлэн тэтгэлэг олгоно.

-Моннис группын аль нэг охин компанид үйлдвэрлэлийн болон дипломын дадлага хийх боломжтой.

-Тус компанид ажиллах урилга авах боломжтой.

  1. “ПОСКО САН”-ГИЙН НЭРЭМЖИТ ТЭТГЭЛЭГ

   Бакалаврын түвшинд суралцаж буй 10 оюутанд тэтгэлэг олгох бөгөөд тэтгэлэгийн хэмжээ оюутан тус бүрд 700 ам.доллар байна. Тухайн жилд гэрээ хийсэн сургуулийн оюутнууд л хамрагдах боломжтой.

Тэтгэлэгт хөтөлбөрт тавигдах шаардлага:

-Тухайн сургуульд амжилттай суралцаж буй баклаварын түвшний нэг, хоёр, гуравдугаар дамжааны оюутан байх.

-Сургалтын үнэлгээний голч 3.0-оос дээш байх.

-Сургалтын төлбөрийн хувьд санхүүгийн дэмжлэг авах шаардлагатай байх.

-Эрдэм шинжилгээний хурал, урлаг спортын арга хэмжээнд идэвхитэй амжилттай оролцдог байх.

-Төрийн сангийн зээл болон бусад ямар нэгэн тэтгэлэгт хамрагдаагvй байх нь давуу тал болно.

Бүрдүүлэх материал:

-Тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах хүсэлт

-Иргэний үнэмлэхний хуулбар

-Сургуулийн болон дүнгийн албан ёсны тодорхойлолт

-Хорооны тодорхойлолт /гэр бүлийн гишүүдийн тоо, өрхийн орлогын тухай мэдээллийг багтаасан байх/

Жич: Орон нутгийн оюутнууд мэйл болон факсаар авах боломжтой.

-Гэрчилгээ, сертификат, өргөмжлөлийн хуулбар /нотариатаар баталгаажуулах шаардлагагүй/

-Үзүүлсэн амжилтуудын гэрчилгээ, сертификат, өргөмжлөлийн хуулбар/нотариатаар баталгаажуулах шаардлагагүй/

-Зөвхөн оюутан байх хугацаанд үзүүлсэн амжилтыг хавсаргана.

-Нэгдүгээр курсын оюутнууд сүүлийн хоёр жилийн амжилтыг хавсаргаж болно.

  1. “МУИС”-ИЙН ТЭТГЭЛЭГ

Жил бүрийн зургадугаар сард зарлагддаг.

Тэтгэлэгийн зорилго:

-МУИС-д суралцаж буй бакалаврын түвшний суралцагчдын сурч боловсрох, өөрийгөө хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, амжилттай суралцаж буй шилдэг суралцагчийг урамшуулах зорилготой.

-Олон улсын олимпиадад шагналт байр эзэлж медаль хүртсэн суралцагч.

-Суралцаж буй чиглэлээрээ их, дээд сургуулиудын оюутны дунд зохион байгуулагддаг улсын чанартай мэргэжлийн олимпиад, эрдэм шинжилгээний хуралд эхний 3 байр эзэлсэн суралцагч.

-Улсын болон олон улсын чанартай урлаг, спортын наадам, уралдаан тэмцээнд МУИС-ийг төлөөлөн оролцож эхний гурван байр эзэлсэн суралцагч.

Тэтгэлэгт тавигдах шаардлага:

-МУИС-ийн бакалаврын түвшний идэвхитэй төлөвийн суралцагч байх.

-Сурлагын голч дүн 3.0 буюу түүнээс дээш байх.

-Ёс суртахууны доголдолгүй, сахилгын шийтгэлгүй байх.

-Давхар тэтгэлэгт хамрагдаагүй байх.

-Албан ёсны дүнгийн тодорхойлолт.

-Амжилтыг гэрчлэх бичиг баримтын хуулбар, тодорхойлолт.

-Өгөгдсөн сэдвээр эссэ бичих.

Тэтгэлэгийн хэмжээ:

    Тухайн хичээлийн жилд сонгосон 30-аас ихгүй багц цагийн төлбөрийн 50 хувьтай тэнцэх хэмжээний монгол төгрөг /Нэг улиралд сонгосон 15-аас ихгүй багц цагийн 50 хувьтай тэнцэх төлбөрийг хоёр  улирлын турш олгоно./

  1. “МУБИС”-ИЙН ТЭТГЭЛЭГ

Жил бүрийн ес, дөрөвдүгээр саруудад зарлагддаг.

  1. МУБИС-ийн захирлын нэрэмжит тэтгэлэг /сургалтын төлбөрийн 50%-ийн/
  2. МУБИС-ийн  Эрэгтэй элсэгчийг дэмжих тэтгэлэг /сургалтын төлбөрийн 50%-ийн тэтгэлэг/
  3. МУБИС-ийн “Оюутны журам”-ын дагуу кредитийн тэтгэлэг /1-4 кредитийн тэтгэлэг/

Бүрдүүлэх материал:

-Суралцсан хугацааны албан ёсны дүнгийн тодорхойлолт.

-Анкет.

-Амжилтыг гэрчлэх бичиг баримтын хуулбар.

  1. ШУТИС-ИЙН ЗАХИРЛЫН НЭРЭМЖИТ ТЭТГЭЛЭГ (12-Р АНГИА ТӨГСӨГЧИД)

Жил бүрийн наймдугаар сард зарлагддаг.

   “ШУТИС-ийн Захирлын нэрэмжит тэтгэлэг олгох журам”-ын дагуу шилдэг элсэгч оюутныг шалгаруулж Хичээлийн шинэ жилийн нээлтийн ёслолын ажиллагаан дээр тэтгэлгийн батламжийг гардуулна.

Тэтгэлэгт хөтөлбөрт тавигдах шаардлага:

-Амьжиргааны баталгаажих түвшингээс доогуур орлоготой өрхийн суралцагч.

-Монгол улсын тэргүүлэх ач холбогдолтой мэргэжлийн чиглэлээр элссэн суралцагч байх.

-Бүрэлдэхүүн сургуульд өндөр оноогоор элсэн орсон суралцагч байх.

Бүрдүүлэх материал:

-Өргөдөл

-Оюутны анкет /онлайнаар бөглөж, хэвлэсэн байх/

-ЭЕШ батламжийн хуулбар

-Өрхийн орлогыг тодорхойлсон бичиг баримт

-Сургуулийн дэлгэрэнгүй тодорхойлолт

-Бүрэлдэхүүн сургуулийн захиргааны зөвлөлийн хурлын протокол

-Амжилт гаргасныг нотлох бичиг баримтын хуулбар.

  1. “ЦЭЦЭЭ ГҮН РОТАРАКТ КЛУБ”-ЫН ТЭТГЭЛЭГ

   Монгол Улсын Бакалаврын зэрэг олгох өдрийн хөтөлбөр бүхий магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуульд хоёр болон түүнээс дээш дамжааны үндсэн ангид суралцаж буй оюутнууд уг тэтгэлэгт хамрагдах боломжтой. Тэтгэлэг бүх төрлийн мэргэжлээр суралцаж буй оюутнуудад нээлттэй боловч Олон Улсын Ротари хөдөлгөөний голлон анхаардаг зургаан чиглэлийн хүрээнд суралцагчдад давуу эрх олгоно. Үүнд:

   -Энх тайван болон зөрчилдөөнөөс урьдчилан хамгаалах, шийдвэрлэх.

   -Өвчнөөс урьдчилан сэргийлэх болон анагаах ухаан, ус, эрүүл ахуй, эх, хүүхдийн эрүүл мэнд.

   -Суурь болон бичиг үсгийн боловсрол.

   -Эдийн засаг болон нийгмийн хөгжил.

Тавигдах шаардлага:

-Монгол улсад амьдарч буй Монгол улсын иргэн байх.

-Бүрэн, дунд боловсролын гэрчилгээтэй байх.

-Монгол улсын магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуульд бакалаврын, өдрийн ангид cуралцдаг байх.

-Тэтгэлэгт шалгарсан тохиолдолд сургалтын явцаа улирал тутамд тайлагнах.

-Өөр тэтгэлэгт хамрагдаагүй байх.

Жич: Дээрх үндсэн шаардлагуудаас гадна сурлагын амжилт, олон нийтийн ажилд оролцох оролцоо болон удирдан манлайлах чадварыг харгалзан шалгаруулна. Хөгжлийн болон санхүүгийн бэрхшээлтэй тэтгэлэг хүсэгчдэд мөн давуу эрх олгоно.

Бүрдүүлэх материал:

-Тэтгэлэг хүсэгчийн онлайн анкет (Үнэн зөв, зааврын дагуу бөглөх)

-Иргэний үнэмлэхийн хуулбар

-Бүрэн, дунд боловсролын гэрчилгээний хуулбар

-Их, дээд сургуулийн дүнгийн хуулбар

-Ахлах сургуулийн болон их, дээд сургуулийн багшийн тодорхойлолт (Багшийн гарын үсэг, харилцах утасны дугаарыг оруулах),

-Өгөгдсөн сэдвийн дагуу эссэ бичих  (Эссэ нь 2-оос дээшгүй нүүр байна. Формат: Times New Roman, 12, Line space 1.5)

-“Ротари, ротарактууд нийгэмд ямар өөрчлөлтийг авчраасай гэж хүсэж байна вэ?” гэсэн асуултанд хариулсан 30 секундийн бичлэг.

  1. “ОЮУТНЫ ХӨГЖЛИЙН ЗЭЭЛ” ТЭТГЭЛЭГ

Оюутны хөгжлийн зээлийн зорилго нь:

-Оюутан, суралцагчид сургалтын төлбөрийн дарамтгүй суралцах боломжийг бүрдүүлэх, сургуулийн сургалтын үйл ажиллагааны чанар, өрсөлдөх чадварыг дээшлүүлэхэд оршино.

-Энэхүү журам нь сургуульд анх удаа бакалавр, магистр болон докторын шатлалд суралцаж байгаа Монгол Улсын иргэнд хамаарна.

-Тухайн жил батлагдсан төсөв болон зээлийн санхүүжилтэд багтаан зээл авах оюутан, суралцагчийн (цаашид “зээлдэгч” гэх) хяналтын тоог боловсролын шатлал, хөтөлбөр, сургууль тус бүрээр төрийн захиргааны төв байгууллагуудын саналыг харгалзан боловсрол болон санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний хамтарсан тушаалаар жил бүрийн 5 дугаар сарын 1-ний өдрөөс өмнө тогтооно.

-Зээл авах оюутан, суралцагчийн хяналтын тоог (цаашид “хяналтын тоо” гэх) тогтоохдоо тэргүүлэх ач холбогдолтой, нэн хэрэгцээтэй мэргэжлийн чиглэл болон төгсөгчдийн сүүлийн 4 жилийн хөдөлмөр эрхлэлтийн хувийг харгалзана.

Зээл олгох үйл ажиллагаа, эргэн төлөлт, санхүүжилт:

-Журамд заасан шаардлагыг хангасан зээлд хамрагдах суралцагчтай Боловсролын зээлийн сан (цаашид “сан” гэх) зээлийн гэрээ байгуулна.

-Сан, оюутан, суралцагчдын хооронд байгуулах оюутны зээлийн гэрээний болон сан, сургуулийн хамтран ажиллах гэрээний загварыг боловсролын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.

-Сан нь оюутан, суралцагчид хичээлийн жилийн тухайн улиралд сонгосон багц цагийн төлбөртэй тэнцэх хэмжээний зээлийг суралцаж байгаа сургуулиар дамжуулан олгоно.

-Бакалаврын шатлалд суралцаж байгаа зээлдэгчийн өмнөх улирлын голч дүн 2.8 болон түүнээс дээш, магистрант, докторантурт суралцаж байгаа зээлдэгчийн өмнөх улирлын голч дүн 3.2 болон түүнээс дээш байх тохиолдолд зээлийг үргэлжлүүлэн олгоно.

-Зээл олгох нийт хугацаа тухайн мэргэжлийн сургалтын хөтөлбөр, төлөвлөгөөнд заасан хугацаанаас хэтрэхгүй байна. Зээлдэгч хичээлийн жилийн нэг улиралд 10-аас доошгүй багц цагийн хичээл судалж, дүгнүүлсэн байна. Хангалтгүй үнэлгээ авсан хичээлийг давтан суралцсан тохиолдолд тухайн багц цагийн хичээлийн төлбөрт зориулан дахин зээл олгохгүй.

-Зээлдэгч чөлөө авсан, өөр сургуульд шилжсэн болон бусад шалтгаанаар зээлийн гэрээг сунгах боломжгүй болсон тохиолдолд суралцаж байгаа сургуульдаа мэдэгдэнэ. Уг мэдээллийг уламжилсан сургуулийн албан ёсны саналыг үндэслэн сан санхүүжилтийг түр зогсооно. Зээлдэгч сургуулиас гарсан, эсхүл хасагдсан тохиолдолд зээлийг эргэн төлүүлнэ.

-Зээлдэгч сургууль төгсч диплом авсан өдрөөс эхлэн зургаа хүртэлх жилийн дотор зээлийг төлж дууссан байхаар эргэн төлөлтийн хуваарийг гаргаж, зээлийн гэрээнд тодорхой тусгана.

-Орон нутагт ажиллаж байгаа төрийн албан хаагчийн зээлийг эргэн төлөх хугацааг хоёр жил хүртэлх хугацаагаар сунгаж болно.

-Зээлдэгч зээлийн эргэн төлөлтийг гэрээнд заасан хуваарийн дагуу Төрийн сан дахь Боловсролын зээлийн сангийн дансанд хийнэ.

З-ээлийн гэрээнд зээлдэгчийн эрх, үүрэг, хариуцлага, зээлийн хэмжээ, эргэн төлөх нөхцөлийг тодорхой тусгана.

Сангийн эрхлэх үйл ажиллагаа:

-Эрсдэлийг бууруулах зорилгоор даатгалын байгууллага, зээл төлүүлэх арга хэмжээний хүрээнд холбогдох төрийн болон төрийн бус байгууллагатай хамтран ажиллах.

-Хяналтын тоог батлагдсан өдрөөс эхлэн 14 хоногийн дотор хяналтын тооны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг хэвлэл, мэдээллийн хэрэгслээр дамжуулан нийтэд мэдээллэх.

-Хяналтын тоог батлагдсан өдрөөс эхлэн 14 хоногийн дотор тухайн сургуультай хамтран ажиллах гэрээ байгуулан түүний биелэлтийг хангаж ажиллах.

-Зээлдэгчийн мэдээллийг Монголбанкны зээлийн мэдээллийн санд бүртгүүлэх.

-Сан нь зээлдэгч сургалтын хөтөлбөрийг зогсоосон талаар мэдээлэл авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор зээлийн санхүүжилтийг түр зогсоох.

-Нас барсан, хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсаны улмаас суралцах боломжгүй болсон зээлдэгчийн зээлийн гэрээг дуусгавар болгох, зээлийн төлбөрөөс бүрэн чөлөөлөх асуудлыг сан шийдвэрлэнэ.

Сургуулийн эрхлэх үйл ажиллагаа, зээлдэгчийн сонгон шалгаруулалт:

-Сантай хамтран ажиллах гэрээ байгуулсан өдрөөс эхлэн 14 хоногийн дотор оюутан, суралцагчид зээлийн нөхцөл, хяналтын тооны талаар мэдээлэх ажлыг зохион байгуулах.

-Зээлд хамрагдах оюутан, суралцагчийг сонгон шалгаруулах комиссыг оюутны төлөөллийг оролцуулан таваас доошгүй хүний бүрэлдэхүүнтэйгээр байгуулах.

-Зээлийн таван хувьтай тэнцэх хэмжээгээр “Зээлийн эрсдэлийн сан” бүрдүүлж, зээлийн гэрээний гүйцэтгэлийг дүгнэх.

-Зээлд хамрагдсан төгсөгчдөд оюутны үйлчилгээ, хөдөлмөр эрхлэлтийн асуудал хариуцсан нэгжээр дамжуулан ажлын байр олоход дэмжлэг үзүүлэх.

-Сантай хамтран ажиллах гэрээ байгуулж, гэрээний биелэлтийг хангаж ажиллах.

-Сонгон шалгаруулах комисс зээлийн шаардлага хангасан, амьжиргааны баталгаажих түвшингээс доогуур орлоготой өрхийн оюутан, суралцагчийг зээлд тэргүүн ээлжид хамруулах чиглэл баримтална.

-Сургууль нь хяналтын тоонд багтаан зээлийн шаардлага хангасан оюутан, суралцагчдыг зээлд хамруулах саналаа захирлын тушаалаар баталгаажуулан холбогдох мэдээллийн хамт санд жил бүрийн 10 дугаар сарын 1-ний өдрийн дотор хүргүүлнэ.

-Сургууль нь зээлдэгч сургуулиас гарах, шилжих, чөлөө авахаар өргөдөл гаргасан болон хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 30 болон түүнээс дээш хоног хичээл тасалсан тохиолдолд санд нэн даруй бичгээр хүргүүлж, мэдээллийн санд бүртгэн зээлийн үлдэгдлийг эргүүлэн шилжүүлэх арга хэмжээ авна.

-Сургууль зээлдэгчийн шилжилт хөдөлгөөний талаарх мэдээллийг зээлийн мэдээллийн системд бүртгэснээс хойш ажлын 10 хоногийн дотор санд албан бичгээр хүргүүлнэ. Сургууль энэ тухай мэдэгдээгүй тохиолдолд тухайн зээлийг өөрөө бүрэн хариуцаж, зээлийг зээлийн эрсдэлийн сангаас санд буцаан төвлөрүүлнэ.

Зээлдэгчид тавих шаардлага, эрх, үүрэг:

Зээл хүсэгч нь дараах шаардлагыг хангасан байна:

-Элсэлтийн ерөнхий шалгалтын дундаж 600 болон түүнээс дээш оноо авсан элсэгч байх.

-Голч дүн 2.8 болон түүнээс дээш оноотой суралцаж байгаа бакалаврын шатлалын оюутан байх.

-Голч дүн 3.2 болон түүнээс дээш голч дүнтэй суралцаж байгаа магистрант, докторант байх.

-Сангийн мэдээллийн системд бүртгэгдсэн байх.

Уг шаардлагыг хангасан оюутан, суралцагч өөрийн суралцаж байгаа сургуулиараа дамжуулан зээл авах хүсэлтийг санд гаргана

Зээл хүсэгч хүсэлт гаргахдаа дараах материалыг бүрдүүлнэ:

-Иргэний үнэмлэхийн хуулбар

--Зээл хүссэн, эргэн төлөхөө илэрхийлсэн өргөдөл

Элсэлтийн ерөнхий шалгалтийн онооны хуудасны хуулбар

-Сургуулийн голч дүнг тусгасан тодорхойлолт

-Төлбөрийн нэхэмжлэхийн эх хувь

-Тухайн улиралд судалж байгаа хичээлийн баталгаажуулсан жагсаалт;

-Ирээдүйн зорилгоо тодорхойлох эссэ (зээлд хамрагдсанаар нийгэмд үзүүлэх хувь нэмэр, тухайн мэргэжлээр суралцсанаар ямар үр дүнд хүрэх талаарх)

Зээлдэгч дараах эрх, үүрэгтэй байна:

-Өөрийн талаарх үнэн зөв, бодит байдалд нийцсэн бүрэн мэдээлэл өгөх, хувийн мэдээлэлд өөрчлөлт орсон тохиолдолд нэн даруй сургуулийн сургалтын албанд мэдэгдэх.

-Эрүүл мэндийн болон бусад шалтгаанаар чөлөө авсан, өөр сургуульд шилжсэн, хасагдсан, цаашид суралцах боломжгүй болсон тохиолдолд 14 хоногийн дотор сургуулийн сургалтын албанд мэдэгдэх.

-Боловсролын тухай хуулийн 45.1.6-д заасны дагуу сургууль төгссөний дараа ажил эрхэлсний болон ирээдүйн бусад орлогоосоо зээлийн эргэн төлөлтийг бүрэн хариуцах.

-Зээлийн гэрээний хугацааг дуусах хүртэлх хугацаанд зээлээ төлөх, ажилд орсон, ажлаа өөрчилсөн тохиолдолд энэ талаарх мэдээллийг тухай бүр санд мэдэгдэх.

Бусад:

-Зээлийн сангийн хөрөнгийн эргэн төлөлт, зарцуулалт, тайлагналд боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, сангийн удирдах зөвлөл хяналт тавих бөгөөд зээлийн үйл ажиллагааны тайланг улирал бүр хүлээн авч дүгнэнэ.

-Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага шаардлагатай тохиолдолд зээлийн эх үүсвэрийн бүрдүүлэлт, ашиглалтад хяналт тавина.

-Зээлдэгч энэхүү журам, зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй болон зээлийн гэрээтэй холбоотой маргаан үүссэн тохиолдолд асуудлыг Монгол Улсын холбогдох хууль тогтоомжийн дагуу шүүхээр шийдвэрлүүлнэ.

-Сургууль нь зээлдэгчийн асуудлаар хуурамч бичиг баримт бүрдүүлсэн, зээлдэгчийн мэдээллийг буруу гаргаж ирүүлсэн нь мэргэжлийн хяналтын байгууллагаар тогтоогдвол сургуулийн удирдлага, холбогдох албан тушаалтан  хуульд заасны дагуу хариуцлага хүлээлгэнэ.

#Scholarship