Yolo.mn сайтын редакци нь ямар нэгэн асуудал тулгарсан уншигч хүүхдүүдээс захиа хүлээн авч мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн хариу зөвлөгөөг уламжлан хүргэдэг. Ээлжит захиа болон зөвлөгөөг хүргэж байна.
АСУУДАЛ: Нэг л мэдэхэд би амьдралын идэвхгүй нэгэн болсон
Сайн байна уу? Би 18 настай. “Амьдрал маш баялаг учраас гутрах шаардлага байхгүй ээ” гэж үргэлж өөртөө хэлдэг. Гэхдээ сүүлийн үед амьдралд гарч буй өөрчлөлтөөс болоод надад маш хэцүү санагдаж бухимдах боллоо.
Энэ жил би мэргэжлээрээ суралцаж эхлээ 1 сар гаруй хугацаа өнгөрч байхад надад энэ чиглэл тохирохгүй юм шиг санагдаж их хэцүү байна. Өөртөө зүгээр л хэцүү санагдаад эхлэхээр бууж өгмөөр санагддаг тэр л үйл явц явагдаад байх шиг байна гэж өөртөө итгүүлж байгаа ч үнэхээр хүссэн зүйл минь биш гэдгийг өдөр ирэх тусам мэдрээд байх шиг. Дан ганц энэ асуудал ч биш. Сүүлийн хэдэн сар аав маань архи их ууж гэр бүлийнхнээ харааж, хөөж туух нь ихсээд байгаа болохоор бараг уусан өдөр бүхэнд нь аавтайгаа хэрэлдэж, сүүлдээ ингэж бодож болохгүйгээ мэдэх ч аавыгаа байхгүй болоод өгөөсэй гэж хүсч байгаадаа өөрийгөө буруутгаж байна. Нэг л мэдэхэд би ямар ч амьдралын идэвх байхгүй, өдрийг хоногийг тэгэс ингэс хийгээд аргацааж, нэг л их ядарсан, юм бүхнээс зугтаад алга болмоор санагдах боллоо.
Найз нөхөдтэйгээ энэ тал дээр ярилцаж болох ч тэд бас над шиг дөнгөж л амьдралыг таньж мэдэж байгаа хүүхдүүд болохоор бие биедээ зөвөлгөө өгч байгаа нь нэг л дутуу санагдах юм. Би ч өөрөө гэр бүлийнхээ хийгээд өөрийнхөө энэ асуудлыг байн байн дэлгээд, зөвөлгөө хүсэх жоохон тиймхэн санагдаж надад зүгээр л мэргэжлийн хүний зөвөлгөө илүү хэрэгтэй юм шиг санагдаад л энэхүү захиаг бичиж байна.
Баярлалаа!
ЗӨВЛӨГӨӨ: Ямар нэгэн зүйл хийж эхлүүлэх гээд хичээгээрэй!
Сайн уу? Бидэнд хандан захиа ирүүлсэнд баярлалаа.
Юун түрүүнд мэргэжилдээ эргэлзэх нь нэгдүгээр курсын оюутнуудын тодорхой хэмжээнд бүгд мэдэрдэг зүйл. Энэ мэдрэмж чинь аажмаар багасахгүй улам л нэмэгдээд байвал ахин энэ талаар тэр үед бодоод эргэж холбогдоорой.
Амьдрал нэг л болж өгөхгүй, бүх зүйл утгагүй мэт санагдаж, юу ч хиймээргүй, юу ч яримааргүй, дандаа сөрөг зүйлс толгойд бодогдоод л, бүх зүйлд буруутай мэт санагдаж, цухалдаж бухимдаад л, гүнзгий амьсгал ч авж чадахгүй, бүх зүйлд буугаад өгчихмөөр санагдах үе гардаг. Энэ юу ч бүтэхгүй мэт, буугаад өгчихмөөр санагдах яг үнэндээ хүн болгонд тулгардаг. Өөрөө өөрийнхөө эсрэг, өөрийгөө ялан дийлэх хэцүүхэн тулааны үе гэдгийг дийлэнхи хүмүүс өөрсдөө ч анзаардаггүй. Иймд өөрийгөө би хэрэгтэй хэрэггүй юм хийгээд байна, идэвхигүй байна гэж буруутгах хэрэггүй. Бүх зүйл сайхан болно, энэ бүх болж бүтэхгүй байгаа асуудал түр зуурынх, энэ сөрөг сэтгэл хөдлөл чинь түр зуурынх, энэ сөрөг бодлууд чинь түр зуурынх, болоод байгаа сөрөг үйл явдлууд ч түр зуурынх гэдэгт итгэ. Шинжлэх ухаан талаасаа ч тийм. 25 нас хүртэл хүн өөрийгөө бүрэн ойлгож, удирдаж сураагүй байдаг. 25 насанд хүний тархи хөгжиж одоо л насанд хүрсэн хүн болоход юм бүрийг өөрөөр, илүү бүтээлчээр харж, асуудалд гарц, шийдэл хайдаг болно.
Тэгэхээр одоохондоо үүсээд байгаа асуудал, нөхцөлд ямар шийдэл байж болох вэ, чи яг юу юу хийж чадах вэ гэдгийг бодоцгооё.
Өөртэйгөө илүү сайн ярилцаж, өөрийгөө ойлгож, дотоод гүн рүүгээ харах гэж оролдоорой. Сонсох дуртай дуугаа сонс, дуул, бүжиглэ, уйл, зураг зур, тэмдэглэл хөтлө, инээ, алх, гүнзгий амьсгал ав, хүмүүстэй уулз, ганцаараа бай, гэр бүлийнхэн, чамайг гомдоосон хүмүүсийг уучилж ойлгох гэж хичээгээрэй. Хэцүү байвал хэцүү байна гэдгээ хүлээн зөвшөөр, өөртөө үнэнч бай. Ямар нэг зүйл хийж эхлүүлэх гээд хичээгээрэй.
Сэтгэлээр унах, гутрах нь тийм байж боломгүй зүйл биш шүү дээ. Ялангуяа гэр бүлд асуудал, хүчирхийллийн элемент байгаа үед хүүхдүүдэд бараг бүгдэд нь чамтай ижил шинж тэмдгүүд илэрдэг. Магадгүй чи өөртөө болон ижил асуудалтай байгаа хүүхдүүдэд яаж тусламаар байна?
Хүчтэй байгаарай. Чамд амжилт хүсье!
Сэтгэл Судлалын Үндэсний Төв
Туслах сэтгэл судлаач
С.Цолмон
Хэрэв чамд хэн нэгэнтэй ярилцаж чадахгүй, ганцаараа шийдвэрлэхэд бэрхшээлтэй асуудал байгаа бол yolo@mongolcontent.mn хаяг руу кириллээр, дэлгэрэнгүй, гаргацтай бичиж цахим шуудан ирүүлснээр бид мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн зөвлөгөөг хүргэж чамд тус болоход хэзээд бэлэн байх болно. Мөн асуудал бүхий захиан дээрээ өөрийн НАС, ХҮЙСийг тодорхой дурдаарай. Жич: Бид мэдээллийг чандлан хадгалах бөгөөд хариуг сайтад нийтлүүлэхийг хүсэхгүй тохиолдолд захидалдаа дурдана уу. Бид хариу зөвлөгөөг 7-10 хоногийн дараа хүргэх болно.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх