#EddiesRank #Week2 – 10-р сарын 24-өөс 30-ны хооронд болсон тоглолтууд дээр үндэслэв
Хоёр дахь чансаагаа гаргахад Эдди нь бэлэн боллоо. Хожигдол амсаагүй явсан Милуоки Бакс, Торонто Рэпторс хоёрын тулаан их зүйл шийдэж өгөх болов уу гэтэл багийн шилдгүүд нь тоглосонгүй. Гэхдээ нэг нь хожигдолгүй ганц баг хэвээр үлдэв. Клэй Томпсоны рекорд тогтоосон үдэш өнгөрсөн долоо хоногийн хамгийн том сэдэв байлаа. Залуу Кингс плейоффын байр руу орж ирж бас нэг шуугиан тарив. Харин Хьюстон Рокетс бүсийнхээ сүүлийг мушгисан хэвээр. Ингээд чансаатай танилцана уу:
30. Кливлэнд Кавалиерс (0-6) --- (-2)
L vs BKN
L @ DET
L vs IND
Тайрон Лью халагдлаа. Кевин Лав урт хугацаагаар бэртлээ. Хоёрхон долларын тасалбар зарлаа. Кавалиерс энэ улирлын хамгийн муу амжилтыг үзүүлэх нь тодорхой боллоо. Өөр юу ч ярих вэ дээ…
Энэ долоо хоногт: vs ATL, vs DEN, @ CHA
29. Финикс Санс (1-5) --- (-3)
L vs LAL
L @ MEM
L @ OKC
Дэвин Бүүкерийн гэмтэл гурван хожигдолд нөлөөлсөн нь тодорхой. Гэхдээ Санс дамжуулалтын тоогоор эхний тав дотор бичигдэж байгаа нь гайхмаар. Өнгөрсөн улиралд тэд 27-р байранд жагссан юм. Деандрэ Эйтон оноо, самбар, ассистаар рүүкинүүдийн жагсаалтын эхний гуравт бас бичигдэж байна. Харин будагтай талбайд бараг 90%-тай довтолж байгаа амжилтаар лигийг бүр тэргүүлж ч явна. Гурав хожигдсон ч сайн мэдээ ихтэй.
Энэ долоо хоногт: vs SAS, vs TOR, vs MEM
28. Атланта Хокс (2-4) --- (+2)
W vs DAL
L vs CHI
L @ PHI
Дончичтой хийсэн тулаанд Ян илүүрхсэн нь Атлантаг байр ахихад хүргэв. Өрсөлдөгчдийг нь бусад багуудтай харьцуулахад Хокс хамгийн амархан хуваарьтай баг нь. Удахгүй чанга учраануудтай тулаад ирэхээр W үсгийг нэг их харахгүй л болов уу. Түүнээс өмнө амжуулаад ав даа.
Энэ долоо хоногт: @ CLE, vs SAC, vs MIA
27. Брүүклин Нэтс (2-5) --- (-3)
W @ CLE
L @ NOP
L vs GSW
L @ NYK
Картис ЛеВөрт, Д’Анжело Рассэлл хоёрын хамгаалалтын хослол ямар ч багийг сандаргах чадвартайг бид харлаа. Спэнсэр Динуидди сэлгээнээс янзтай байна. Пеликанс, Уарриорс хоёрын эсрэг ойрхон тоглосныг харгалзаж үзээд олон байр ухраамааргүй байсан ч хөршийгөө бараагүй нь таагүй.
Энэ долоо хоногт: vs DET, vs HOU, vs PHI
26. Орландо Мэжик (2-4) --- (-3)
L vs POR
L @ MIL
Залуу Мэжик өнгөрсөн долоо хоногийн хоёр өрсөлдөгчдөдөө идэж уулгав. Улирлын сайн эхлэлийг нь хараад гайхаж байсан ч одоо гайхах зүйлгүй боллоо. Аарон Гордоны орон гаран улирал үргэлжилсээр. Чөлөөт шидэлтийн хувиар тэд лигийн сүүлийн мушгиж байна. Үнэгүй оноогоо авч чадахгүй бол хожихгүй гэсэн бичигдээгүй хууль бий дээ.
Энэ долоо хоногт: vs SAC, vs LAC, @ SAS
25. Нью Йорк Никс (2-5) --- (0)
L @ MIA
L vs GSW
W vs BKN
Никсийн хувьд хожигдол бүхэн хэрэгтэй юм. Нээлтийн тоглолтод хожигдсоноос хойш тэд тав дараалж хожигдов. Сайн байна. Учир нь ирэх зуны драфтын эхний таван сонголтын нэгийг баталгаажуулахын тулд хожигдох хэрэгтэй юм шүү дээ. Эрүүл Порзингис, нэг хоёр том нэртэй чөлөөт агент, драфтын дээгүүр сонголт гээд нэг жил тэсчихвэл энэ баг сэргэх гээд байна аа.
Энэ долоо хоногт: vs IND, @ DAL, @ WAS
24. Чикаго Буллс (2-5) --- (+3)
W vs CHA
L @ CHA
W @ ATL
L vs GSW
Уул нь Буллсын хувьд маш сайн долоо хоног болж өнгөрсөн юм. Уарриорсын нэг хагаст авсан 92 оноо, Клэй Томпсоны 14 удаа гурваас хийснийг эс тооцвол шүү дээ. Дөрвөн гол тоглогчоо (Маркканен, Данн, Портис, Валентайн) бэртэлд алдсан баг гэхэд дажгүй ээ. Холын зайн шидэлтийн хувиар лигтээ эхний тав дотор явж байгаа баг. ЛаВин дээрх ачааллыг сайн тооцохгүй бол бэртэх вий гэсэн айдас байна.
Энэ долоо хоногт: vs DEN, vs IND, vs HOU
23. Даллас Маверикс (2-5) --- (-3)
L @ ATL
L @ TOR
L vs UTA
L @ SAS
Харрисон Барнс бэртлээс эргэж ирлээ. Хожил авчирч чадсангүй. Гэхдээ энэ багийн үндсэн тавт анх удаагаа тоглолоо. Новицкиг тооцолгүйгээр шүү дээ. Смитийн үр нөлөө тоглолтоос тоглолтод багассаар л байна. Дончич Спөрсийн эсрэг 31 оноо авлаа. Хожиж болох байсан чөлөөт шидэлтийг Смит алдсан. Рик Карлайлын баг удахгүй учраа олоод гар нийлээд эхлэх байх. Харж л байя.
Энэ долоо хоногт: @ LAL, vs NYK
22. Сакрамэнто Кингс (4-3) --- (+7)
L @ DEN
W vs MEM
W vs WAS
W @ WAS
Энэ удаагийн чансаанд хамгийн олон байр ахисан баг нь Кингс байлаа. Плейоффт орно гэж хөөргөхгүй ээ. Гэхдээ энэ баг үнэхээр ирээдүйн сууриа сайн тодорхойлж чадлаа. Де’Аарон Фоксын хурдад тааруулсан арга барилыг Дэйв Йогер дасгалжуулагч амжилттай хэрэгжүүлж байна. Иман Шампертийг гараанд гаргаж чөлөөтэй шидүүлж байна. Коли-Штайн ямар ч хамгаалагчийн эсрэг шахаад орчихдог, даллаад шидчихдэг чадвартай болсон байна лээ.
Энэ долоо хоногт: @ ORL, @ ATL, @ MIL
21. Шарлотт Хорнэтс (3-4) --- (-2)
L @ CHI
W vs CHI
L @ PHI
Кемба Уолкер Стэфийн араас орж байна уу даа. Холын зайнаас шидсэн тоогоор тэр Көрригийн ард бичигдэж байна. Хурдтай тоглолт түүнд зохиж байна гэж жигтэйхэн. Гэхдээ энэ багийн гол асуудал бол будагтай талбайн хамгаалалт. Дуайт Ховардыг үгүйлж байна лээ. Гэснээс Тони Паркер Буллсын эсрэг 18 оноо авч, 8 дамжуулалт өгсөн. Өмсгөл нь зохиод эхэлсний шинж үү дээ?
Энэ долоо хоногт: vs MIA, vs OKC, vs CLE
20. Мэмфис Гриззлис (3-2) --- (+2)
L @ SAC
W vs PHX
Конли, Гасол хоёр хоёулаа 40 хүрэхгүй хувьтай довтолж байна. Кайл Андерсоны туслалцаа гээд байх юм алга. Парсонс энэ ертөнцийн хамгийн том алдсан гэрээний эзэн боллоо бараг. Хэдий байр ахисан ч өөдрөг юм алга даа.
Энэ долоо хоногт: vs WAS, @ UTA, @ PHX
19. Вашингтон Уизардс (1-5) --- (-4)
L @ GSW
L @ SAC
L @ LAC
Көрригийн 51 оноонд даруулав. Хаадын эсрэг сүүлийн 30 секундэд гурван удаа бөмбөгөө алдав. Клипперсийн эсрэг ямар ч найраа байсангүй хожигдов. Лигийн хамгийн том дотоод асуудалтай багаар Уизардсыг нэрлэж болохоор байна. Дуайтын хамгаалалт, будагтай талбайн оноог л хүлээсээр байгаа бололтой. Нөгөөх нь хэзээ ч тоглох юм бүү мэд.
Энэ долоо хоногт: @ MEM, vs OKC, vs NYK
18. Оклахома Сити Тандер (1-4) --- (-2)
L vs BOS
W vs PHX
Сансыг нэг юм хожиж улирлын эхний хожлоо амссан Тандерт асуудал их бий. Пол Жорж лигийн нүүр царай болох боломжоо өөрөө алдаж ОКС-г сонгосон. Энэ хүнийг ярих юм ч бага болсон байна лээ. Эмх замбараагүй, хувилбаргүй довтолгооны арга барилаа Билли Донован өөрчлөхгүй бололтой. Уизардс Дуайтыг хүлээж байгаатай адил энэ баг Роберсоныг хүлээж байна.
Энэ долоо хоногт: vs LAC, @ CHA, @ WAS
17. Майами Хит (3-3) --- (+1)
W vs NYK
W vs POR
L vs SAC
Бэртэл гэмтэл хэн нэгэнд боломж өгдөг тухай бид олон жишээ мэднэ. Тэгвэл энэ улирлын хувьд Родни МкГрудер боломжоо ашиглаж чадаж байгаа том жишиг болж байна. Жеймс Жонсон, Жастис Уинслоу, Дион Уэйтэрс гурвын эзгүй энэ залуу 14.5 оноо, 6.5 самбар, 4 ассист дунджилж байна. Эрик Споелстрагийн найман тоглогч 10+ оноо дунджилж байна.
Энэ долоо хоногт: @ CHA, @ ATL
16. Лос Анжелес Клипперс (4-2) --- (+5)
L @ NOP
W @ HOU
W vs WAS
Плейоффт орох шахсан Дэнвэрийг эс тооцвол Клипперсийн тоглосон бүх баг плейоффын баг. Тэгээд бодвол энэ багийг дутуу үнэлж огтоос ч болохгүй. Тобайас Харрис Бүх Оддын Тоглолтод сонгогдох эрхтэй гэдгээ харуулж байна. Хьюстоны эсрэг 30 оноо авсан Харреллийг хэзээ гараанд гаргах юм бол доо?
Энэ долоо хоногт: @ OKC, @ PHI, @ ORL
15. Лос Анжелес Лэйкерс (2-5) --- (+2)
W @ PHX
W vs DEN
L @ SAS
L @ MIN
ЛеБроны тэвчээр барагдаж эхэллээ. Спөрс, Вулвс хоёрын эсрэг төгсгөл бас л хийж чадсангүй. Гэхдээ сайн мэдээ гэвэл Рондо, Инграм хоёрыг бандсан явдал Лонзо, Кузма хоёрыг гараанд гаргаж өглөө. Боллын агуулгын хувьд чанартай тоглолттой байгаа. Гэхдээ би дахиад л NBA-ээс гаргасан хуваарийг буруутгамаар байна. Энэ долоо хоногт тэд бас л чанга учраатай байна. Дараагийн нийтлэлээр ЛеБрон дэлбэртлээ уурласан нь гээд бичиж магадгүй шүү.
Энэ долоо хоногт: vs DAL, @ POR, vs TOR
14. Миннэсота Тимбервулвс (3-5) --- (-1)
L @ TOR
L vs MIL
W vs LAL
Милуокигийн эсрэг юу болоод өнгөрсөн бэ? Тибсийн эрин үед 30 онооны зөрүүтэй хожигдсон тохиолдол байхгүй байлаа. Бүр талбай дээрээ шүү. Жиммиг хурдхан сольж багийн дотоод уур амьсгалаа цэвэрлэхгүй бол хэцүү л харагдаж байна. Батлерийн байр суурийг Жош Окожи гэдэг рүүкидээ өгчихвөл яадаг юм бол доо. Тэсрэлт болоод гараад ирж мэдэхээр залуу байна лээ шүү.
Энэ долоо хоногт: vs UTA, @ GSW, @ POR
13. Нью Орлеанс Пэликанс (4-2) --- (-1)
W vs LAC
W vs BKN
L vs UTA
L @ DEN
Энтони Дэвис бэртээд хоёр дараалаад хожигдлоо. Сайн ч багуудын эсрэг учраас ойлгож болох талтай. Уарриорстой хийх тулаанд Дэвис тоглоно гэж найдаж байна. Плейоффт шүүрдүүлснийхээ хариуг авах алтан боломж. Дараа нь Портланд, Сан Антонио гэсэн хотуудаар зочилно. Чухал долоо хоног байна даа.
Энэ долоо хоногт: @ GSW, @ POR, @ SAS
12. Дэтройт Пистонс (4-1) --- (+2)
W vs PHI
W vs CLE
L vs BOS
Гриффиний 50 оноотой тоглолтыг хараад энэ залуу карьераа шинэ түвшинд хүргэхээр шийдсэн гэж харагдсан. Холын зайнаас 50-иас дээш хувьтай шидэж байгаа нь нэг хэмжигдэхүүн. Харин давхар хамгаалалт тогтмол ирээд эхэлвэл бусад нь түүний дамжуулалтыг оноо болгож чадах уу гэдэг энэ багийн хувьд маш чухал. Хамгаалалтын хувьд Пистонсын өрсөлдөгчид будагтай талбайд 70-аас дээш хувьтай довтолж байгаа нь анхаарууштай. Драммонд тийм ч сайн будагтай талбайн хамгаалагч биш гэдгийг энэ стат баталж л байна.
Энэ долоо хоногт: @ BOS, @ BKN, @ PHI
11. Хьюстон Рокетс (1-4) --- (-4)
L vs UTA
L vs LAC
Энэ баг нэг л биш ээ. Кармэлотой ч холбоотой, бусадтай нь ч холбоотой байх. Хардэний бэртэл бол ойлгомжтой асуудал. Гэхдээ ямар ч өрсөлдөх шинж чанар, чадвар энэ багт байхгүй болсон нь гайхалтай юм. Клипперст хожигдсон тоглолтод Мэлогийн эсрэг 32 оноо авсан гэсэн стат байна. Крис Полын нэр хүнд шалаар нэг бас болчихлоо. Тоглолтод нь нөлөөлж байгаа харагдсан. Энэ асуудал дахиад 5-6 тоглолтод давтагдвал өөр юм бичнээ.
Энэ долоо хоногт: vs POR, @ BKN, @ CHI
10. Сан Антонио Спөрс (4-2) --- (+1)
L vs IND
W vs LAL
W vs DAL
ДеРозан Спөрсийн өмсгөлтэй эхний таван тоглолтод 136 оноо авсан нь багийн түүхэн дээд амжилт байв. Лэйкерс, Мавериксийн эсрэг төгсгөл гайхалтай хийсэн нь энэ залуугийн үнэ цэнийг тэнгэрт тулгав. Гэснээс Грэг Поповичийн Спөрс хамгаалалтын рэйтингээр хамгийн сүүлд бичигдэж байна. Ийм өгүүлбэр бичнэ гэж лав зүүдэлсэн ч үгүй.
Энэ долоо хоногт: @ PHX, vs NOP, vs ORL
9. Филадэлфиа 76ерс (4-3) --- (-3)
L @ DET
L @ MIL
W vs CHA
W vs ATL
Талбайдаа хожигдоогүй ч аялан тоглолтод хожиж бас чадаагүй л явна. Залуу багийн мөн чанар энэ л дээ. Гэхдээ өнгөрсөн улирлын 2-р хагаст энэ баг учраа маш сайхан олж, ойлголцсон. Харин энэ жил Эмбийдээс л бүх зүйл хамаараад байх юм. Маркелл Фулцыг хөгжүүлэх гэж байгааг ойлгож байна. Гэхдээ тэр багийн найруулагч биш шүү дээ. Эмбийдийн дамжуулах чадварт илүү найдсан нь дээр баймаар.
Энэ долоо хоногт: @ TOR, vs LAC, vs DET, @ BKN
8. Индиана Пэйсерс (4-3) --- (+2)
W @ SAS
W @ CLE
L vs POR
Доматас Сабонис Майлс Төрнерээс илүү үр нөлөөтэй тоглож байна – 22 минутад 12 оноо, 10 самбар. Тэд хамтдаа талбай дээр энэ улирлын бүх тоглолтуудыг судалбал 20 гаран минут л байжээ. Довтолгооны рэйтингээр Пэйсерс Уарриорсын ард бичигдэж байгаа бол холын зайн шидэлтийн хувиар лигийг тэргүүлж байна. Бостонтой яахыг нь тэсэн ядан хүлээе.
Энэ долоо хоногт: @ NYK, @ CHI, vs BOS
7. Портланд Трэйл Блэйзерс (4-2) --- (+2)
W @ ORL
L @ MIA
W @ IND
Дэйм MVP-ийн яриад яригдах ёстой хүн шүү гэмээр л тоглож байна. Хьюстонд зочилсны дараа тэд талбайдаа зургаан тоглолт хийнэ. Өрнөд Бүсийн гол өрсөлдөгчидтэй нүүр тулна. МкКоллумын оролт төгсгөл муутай байгаа харагдсан. Зөвхөн шиддэг тоглогч болчих вий дээ. Зак Коллинсын тэсрэлт Нуркичийн минутаас хумсалсаар л байгаа. Гэхдээ энэ бол эерэг асуудал.
Энэ долоо хоногт: @ HOU, vs NOP, vs LAL, vs MIN
6. Дэнвэр Наггэтс (5-1) --- (-3)
W vs SAC
L @ LAL
W vs NOP
Энэ долоо хоногт: @ CHI, @ CLE, vs UTA
5. Бостон Сэлтикс (4-2) --- (0)
W @ OKC
W @ DET
Хоёр тоглолт, хоёр хожил. Гэхдээ дүгнэлт хийх аргагүй долоо хоног байлаа. Милуоки, Индианатай яаж тоглохыг нь харъя. Бас Пистонс…
Энэ долоо хоногт: vs DET, vs MIL, @ IND
4. Юта Жазз (4-2) --- (+4)
W @ HOU
W @ NOP
W @ DAL
Мичеллийн улирлын эхлэл эргэлзээ төрүүлсэн ч Рокетсийн эсрэг 38 авснаас хойш тэр эргээд формондоо орчихлоо. Санаа зовох зүйл энэ багт алга. Шилдэг Хамгаалагчийн шагналт Рүди Гобэр 17+ оноо дунджилж, довтолгооны том хүчин зүйл болж чадна гэдгээ харуулж байна. Дэррик Фэйворс бэртсэн ч Жэй Краудер сайн орлов. Краудер бэртсэн ч нөхчих хүн гараад л ирэх байх. Гэхдээ бэртэл гэмтэл хүсэх эв биш.
Энэ долоо хоногт: @ MIN, vs MEM, @ DEN
3. Торонто Рэпторс (6-1) --- (-2)
W vs MIN
W vs DAL
L @ MIL
Яннисын эсрэг Кавай яаж тоглохыг харах гэтэл хоёулаа тоглосонгүй. Энэ багийн сэлгээ өнгөрсөн жил лигийн шилдэгт тооцогддог байсан бол энэ улиралд оддынхоо хувийн ур чадварт илүү найдаж байх шиг. Сайн үзүүлэлт биш ч гэсэн шинэ систем суутал иймэрхүү зүйл ажиглагдах л байх. Валанчюнас, Ибака хоёрын минутын хуваарилалт хамгийн том дэвшилт болоод байна.
Энэ долоо хоногт: vs PHI, @ PHX, @ LAL
2. Милуоки Бакс (7-0) --- (+2)
W vs PHI
W @ MIN
W vs ORL
W vs TOR
NBA-ийн цор ганц босоо баг. Чансааг тэргүүлэх ч боломжтой байлаа. Гэхдээ дахиад нэг долоо хоног харчихъя. Яннис толгойгоо доргиосон нь таагүй хэрэг, гэхдээ тэр нь багийн бусад тоглогчдын чанарыг тодорхойлоход тусална. Майк Будэнхоулзер дасгалжуулагч Грек Гайхалын эргэн тойронд мэргэн буучдыг тавьж, бүгдийг нь чөлөөтэй тоглуулж байна. Төгс шийдэл нь энэ байж.
Энэ долоо хоногт: @ BOS, vs SAC
1.Голдэн Стэйт Уарриорс (7-1) --- (+1)
W vs WAS
W @ NYK
W @ BKN
W @ CHI
Арван дөрвөн удаа гурваас… Хорин долоохон минутад… NBA TALK-оор Уилт шиг хэн нэгэн 100 оноо авч чадах уу гэж… Клэй, Стэф хоёрын аль нэг нь магадгүй л юм даа…
Энэ долоо хоногт: vs NOP, vs MIN
Хамт байсан уншигчдадаа баярлалаа. Дараагийн чансаагаар эргээд уулзъя. Санал нэгдэхгүй гэдэг дээр санал нэгдье.
Бэлтгэсэн Г.Идэр-Ууган
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх