Хөзрийн илбээр залуусын дунд хэдийнэ танил болсон Г.Ононмөрөнг бид ярилцлага буландаа урилаа. Түүнийг мөн сайн бүжиглэдэг гэдгийг мэдэх үү? Эдгээр болон түүний тухай бусад сонирхолтой мэдээллийг энэхүү ярилцлагаас уншаарай.
YOLO: Сайн байна уу? Танд энэ өдрийн хүргэе. Уншигчдад маань өөрийгөө танилцуулаач.
-Сайн байцгаана уу? Нийт уншигч хүүхдүүдэд энэ өдрийн мэндийг хүргэе. Намайг Г.Ононмөрөн гэдэг.
YOLO: Яагаад илбэ суръя гэж шийдсэн бэ? Илбээр тууштай хичээллээд хэр удаж байна?
-Илбэ сураад нийт 4 жил болж байна. Хамгийн анх 2012 онд сонирхож эхэлсэн бөгөөд 2015 оноос яг тууштай хичээллэж эхэлсэн. Яагаад илбэ сурсан талаар тодорхой шалтгаан байхгүй. Гэхдээ илбэ сурсан нь миний хувь тавилан байсан.
YOLO: Шинэ илбэ сураад түүнийгээ хамгийн түрүүнд хэнд үзүүлдэг вэ?
-Сурсан илбээ хамгийн түрүүнд эмээ өвөөдөө үзүүлдэг. Учир нь би эмээ өвөөтэйгөө гурвуулаа амьдардаг. Заримдаа хамгийн түрүүнд өөр хүмүүст үзүүлэх тохиолдол байдаг ч ихэвчилэн эмээ өвөөдөө үзүүлдэг.
YOLO: Чөлөөт цагаараа Bboy бүжгээр хичээллэдэг байсан гэсэн. Яагаад бүжгээ орхиод илбэ рүү орсон бэ?
-“Bboy” бүжиг бол тухайн үед миний хобби байсан. Одоо бол амьдралаа авч явах, шинэ зүйлсэд суралцах хэрэгтэй. Гэхдээ цаг үеэсээ л хамаарч өөрчлөгдөх хэрэгтэй. Би өмнө нь бүжиглэдэг байсан бол одоо илбэ хийж сурсан. Энэ зүйлээрээ үргэжлүүлж явах хэрэгтэй гэж бодсон. Гэвч бүжгээ бүр орхихгүй, хааяа чөлөөт цагаараа найзуудтайгаа бүжиглэх, арга хэмжээнд оролцох гэх зэргээр үргэлжлүүлэх болно.
YOLO: Илбийг чөлөөт цагаараа л хичээллэдэг байх. Тэгвэл яг үндсэн мэргэжил юу вэ?
-Миний яг үндсэн мэргэжил гэвэл сэтгүүлч. Хүмүүнлэгийн ухааны их сургууль төгссөн. Одоо энэ мэргэжлээрээ биш, хувиараа өөр зүйл хийдэг. Хүмүүс ажлынхаа хажуугаар өөр зүйл хийдэг бол би илбийнхээ хажуугаар ажил хийдэг.
YOLO: Сонгосон мэргэжлийнхээ тухай сонирхуулаач. Яагаад сэтгүүлч мэргэжлийг сонгосон бэ?
-10 жилийн сургуулиа төгсөх үедээ би бүрэг ичимхий хүүхэд байсан. Өөрийгөө нээж олоогүй байсан болохоор ч тэр үү, хамгийн тохиромжтой гэж бодсон ажил маань сэтгүүлч байлаа. Дараа нь энэ мэргэжлээр сураад, миний сонгох мэргэжил биш байж гэдгийг ойлгосон.
YOLO: Цаашид илбээрээ сурах уу?
-Хүн ирээдүйг урьдчилж хэлж чадахгүй. Тийм болохоор сайн мэдэхгүй байна. Гэхдээ одоогийн байдлаар хийж буй зүйлээ үргэлжлүүлээд явна гэж бодож байгаа.
YOLO: Илбээр хичээллэснээр хувь хүн талаас танд ямар өөрчлөлт гарсан бэ?
-Би өмнө нь их дуугүй хүүхэд байсан. Хөлөө хугалснаас нэг жилийг гэртээ болон эмнэлэгт өнгөрөөсөн юм. Ямар ч хамт олонгүй, найз нөхөдгүй, хүмүүстэй харьцахгүй удаад нээлттэй харьцаж чаддаггүй болчихсон. Би бүжгээр хичээллэж байхдаа өөрийнхөө сонирхлыг олж байсан бол илбээр хичээлээд хүмүүстэй харьцаж, нээлттэй болсон.
YOLO: Цахим хуудсаар сонирхолтой бичлэгүүд цацдаг шүү дээ. Цаашид ямар контент гаргах бодолтой байна?
-Цахим орчноор бичлэгээ хийж эхлээд удаагүй байгаа. Хэдий би илбээр хичээлээд 4 жил болсон ч саяхнаас л бичлэг хийж эхэлсэн. Тийм болохоор цаашид хийнэ гэж төлөвлөсөн олон зүйл байгаа. Дараа дараагийн жилүүдэд бусдаас илүү, улам өвөрмөц зүйлүүд хийнэ гэж төлөвлөсөн.
YOLO: Илбэ сурахдаа хэнээс заавар зөвлөгөө авдаг вэ?
-Би илбийг өөрөө сурсан. Өөрөө оролддог байсан. Бас заавар зөвлөгөө авдаг байсан л даа. Гэхдээ хаанаас авдаг гэдгээ хэлэхгүй. Учир нь илбэ бол нууцлаг байх тусмаа сонирхолтой. Илбэчин хүн илбийн нууцыг чанадлан хадгалдаг байх ёстой. Илбэ сурсан хүн асуусан хүн болгонд хэлээд байвал илбийг хүндлэхгүй байна гэсэн үг. Гэхдээ би гадаадын илбэчдээс үлгэр дуурайл авдаг. Хүмүүст дан ганц илбэ үзүүлэх биш, хүмүүстэй харьцаж буй харилцаа маш чухал.
Хэрэв чамд үнэхээр бухимдалтай, ууртай үе тохиолдвол эерэг зүйл, өөрийн дуртай зүйлээ хийж тайвширч байгаарай. Сэтгэл гутрал бол түр зуурынх шүү. Битгий буруу зүйл хийгээрэй.
Г.Ононмөрөн
YOLO: Илбэ гэхээр ид шидийн тухай бодол орж ирдэг шүү дээ. Хүүхэд байхдаа ч юм уу, ямар нэг ер бусын зүйлтэй тулгарч байсан уу?
-Тийм зүйлтэй тулгарч байгаагүй юм байна.
YOLO: Ид шидтэй байсан ч болоосой гэж чин сэтгэлээсээ хүсэх үе байсан уу? Яг одоо ид шид биелэвэл юу хийх вэ?
-Мэдээж ид шидтэй байсан ч болоосой гэсэн бодол байсан. Хааяа хүмүүс байхгүй зүйлээ хажууд минь байсан ч болоосой гэж хүсдэг шүү дээ. Жишээлбэл: Ам цангаж байвал ундаа байсан ч болоосой, мөнгө ургуулдаг байсан ч болоосой гэх мэт хийсвэр зүйлүүд л хүсдэг байсан. Түүнээс биш бүр том зүйл хүсдэггүй. Хэрэв яг одоо ид шидтэй болвол дэлхийн хүссэн газар луугаа гараа дуугаргаад л очдог болмоор байна.
YOLO: Илбэ дотроо олон төрөл байдаг байх. Алийг нь сурахыг хамгийн их хүсдэг вэ?
-Илбэ дотроо олон янз. Миний сонирхож хичээллэдэг нь хөзрийн илбэ. Хөзрийн илбэ хүнийг гайхшруулж, түүхийг өгүүлж, хүнд сэтгэгдэл төрүүлж, уярааж чаддаг болохоор энэ төрлөөр сурах дуртай. Мөн удахгүй сурна гэж бодсон сонирхолтой олон янзын илбэ байгаа. Яг тэр илбийг сурна гэж хэлж чадахгүй нь.
YOLO: Илбэ бол их тэвчээр шаардсан зүйл. Байнга дадлага хийж байж сайн илбэ гардаг гэж сонссон юм байна. Шантрах үе байсан уу? Тэр үедээ өөрийгөө хэрхэн тайвшруулдаг байсан бэ?
-Шантрах үе зөндөө байсан. Илбэчин хүнд үзэгч их чухал. Хамгийн анх илбэ сурч эхэлж байхдаа өөртөө л үзүүлдэг байлаа. Хоёр жилийн дараа өөр хүмүүст үзүүлдэг болсон. Тэр үед хүмүүсийн сэтгэлийн хөдөлгөөн их гоё. Миний гаргасан тооцооллоор хүмүүс 99 хувь, 1 хувь гэж хуваагддаг. 99 хувь нь илбэ үзчихээд “Юу болоод өнгөрчихөв өө, юу болчихов оо” гэх зэргээр их гоё хүлээж авна. Зарим хүмүүс болохоор илбэ үзүүлж дуусаагүй байхад “Өө, наадах чинь одоо ингэнэ, тэгнэ” гээд бүх нууцыг нь хэлчихдэг. Тийм үед илбэчин хүнд их онцгүй мэдрэмж төрж, шантармаар санагддаг. Ганц энэ илбийг сурах гэж маш их хүч хөдөлмөр зориулсан байхад тэрийг нь шууд хэлээд, тайлбарлаад явчихдаг.
Заримдаа шинэ илбэ сурах гэж байгаад хөзрөө барьж авч чадалгүй асгачихна. Түүнийгээ буцааж цуглуулаад дахин оролдоно. Тийм үед шантармаар санагддаг. Тэр үед найзуудтайгаа заал авах ч юмуу, “playstation” тоглох ч юмуу, өөр зүйлд цаг зарцуулж мартдаг. Энэ далиманд залуусдаа зөвөлгөө хэлэхэд, хэрэв чамд үнэхээр бухимдалтай, ууртай үе тохиолдвол эерэг зүйл, өөрийн дуртай зүйлээ хийж тайвширч байгаарай. Сэтгэл гутрал бол түр зуурынх шүү. Битгий буруу зүйл хийгээрэй.
YOLO: Багадаа ямар хүүхэд байсан бэ? Юу хийхийг хүсч мөрөөддөг байсан бэ?
-Би багадаа сагсчин болохыг мөрөөддөг байсан. 5, 6-р ангидаа өглөө болгон гарч бэлтгэл хийдэг байлаа. 8-р ангидаа хөлөө хугалснаас хойш энэ мөрөөдлөө орхисон. Түүнээс өмнө компютер тоглоомонд донтсон хүүхэд байсан. Тийм болохоороо ирээдүйд тоглоомын ертөнцөд орно л гэж боддог байлаа.
YOLO: Өөрийгөө ямар амьтантай зүйрлэх вэ? Яагаад?
-Бамбарууш. Би бамбарууш байхыг хүсдэг. Нэгд надтай ойролцоо. Бага ангид болон цэцэрлэгт байхад хүүхэд болгонд тэмдэг өгдөг байсан. Тэр үед надад бамбарууш өгдөг байсан. Тийм болохоор бамбарууш л ойролцоо санагдаж байна даа.
YOLO: Бурхан танд дэлхийг хүссэнээрээ ганцхан зүйлийг өөрчлөх боломж өгвөл та яах байсан бэ?
-Хайртай хүмүүсээ амилуулна. Яагаад гэхээр, хүний хамгийн нандин зүйл бол гэр бүл шүү дээ. Хүн мөнгө, найз нөхөд, эд хөрөнгийг эргүүлэн олж авч чадна. Гэхдээ хэзээ ч хайртай хүмүүсээ эргүүлж олж авч чадахгүй.
YOLO: Илбэ сурахыг хүсдэг, хичээллэхийг хүсдэг уншигч хүүхдүүд байгаа байх. Тэгвэл тэдэнд юу гэж зөвлөх вэ?
-Хэрэв нэгэнт л хичээллэж эхэлсэн бол илбээ хамгаалах хэрэгтэй. Сайн сураагүй байж хүмүүсд илбэ үзүүлбэл алдаж болно. Тэгвэл тэд нар “Чи намайг тэнэг гэж бодоо юу? Өө, чи алдчихлаа шүү дээ” гэж хэлэх болно. Эсвэл зарим хүмүүс илбэ сурчихаад хүмүүсд энэ тэгдэг, ингэдэг гээд хэлээд байвал үнэ цэнэ алдагдана. Дор хаяж хоёр жил сураад, төгс, алдаагүй хийдэг болоод хүмүүсд үзүүлээрэй.
YOLO: Ярилцсанд баярлалаа.
-За, намайг урьж оролцуулсанд ч бас баярлалаа. Цаашдын ажил хөдөлмөрт чинь амжилт хүсье!
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх