Ч.Золзаяа: Тэтгэлэг семинар, сургалт, дадлага, солилцоо гэх мэт маш өргөн хүрээг хамардаг


YOLO.mn | YOLO.MN
2018-10-24

Тэтгэлгийн талаарх мэдээллийг цаг тухай бүрт хүргэдэг нэгдсэн эх сурвалжийг залуус бид хайдаг шүү дээ. Тэгвэл дэлхийн 115 оронд салбартай, хамгийн олон хэрэглэгчидтэй, богино болон урт хугацааны тэтгэлэгт хөтөлбөр болон бусад арга хэмжээнүүдийн талаарх мэдээлэлийг үнэ төлбөргүй өгдөг, хамгийн том платформ  “Youth Opportunities” байгууллагын монгол дахь албан ёсны төлөөлөгч Ч.Золзаяагаас бид товч ярилцлага авлаа. Тэрээр “Youth Opportunities”-ээс гадна 5-16 насны охидод зориулсан “Фламинго” спа төвийг нээн шинэлэг үйлчилгээ нэвтрүүлж байгаа ажээ.

YOLO: Манай уншигчдад олон улсын тэтгэлэгт хөтөлбөрүүдийн мэдээллийг аль хэдийнэ хүргэж эхэлсэн “Youth Opportunities Mongolia” байгууллагынхаа талаар дэлгэрүүлж ярина уу.

-Сүүлийн мэдээлэл маш их уншигдсан байна лээ. Энэ байгууллагын тухайд гэвэл, би өнгөрсөн жил “Women Entrepreneurship” гэдэг хөтөлбөрт хамрагдан АНУ руу Монгол улсаа төлөөлж дэлхийн 50 орны эмэгтэйчүүдтэй хамт оролцоод ирсэн юм. Анх удаа ийм том хэмжээний олон улсын хөтөлбөрт 100 хувийн тэтгэлэгтэйгээр яваад маш олон боломжууд байдгийг олж харсан. Бид ердөө мэдээлэлгүйгээсээ болоод тэр болгонд хамрагдаж чаддаггүй юм байна гэдгийг мэдсэн л дээ. Монголд бодитой ажлууд хийж байгаа маш олон залуучууд байдаг. Гэтэл тэд маань ямар нэгэн мэдээлэлгүйгээс болоод олон сайхан зүйлд хамрагдаж чадахгүй байна гэдэг маш харамсалтай.

“Youth Opportunities”-ээс анх “Country ambassador” буюу улсуудын албан ёсны суурин төлөөлөгч сонгон шалгаруулах уралдаан зарласан байсан. Дэлхийн 115 оронд салбартай болох гэж байгаа гэсэн байхаар нь онлайн анкетийг нь бөглөж илгээсэн юм. Тэр нь маш урт, олон асуулттай анкет байсан. Эхний шатандаа тэнцсэний дараа дараагийн шатандаа скайп ярилцлага өгсөн. Толгой байгууллагын удирдлагуудтай шууд ярилцлага хийсэн гэсэн үг. Тэгээд түүнээс долоо хоногийн дараа сонгогдсон гэсэн хариу хүлээж авч байлаа. Энэ байгууллагын маань төв оффис Энэтхэг улсад байрладаг бөгөөд 115 оронд салбар байгуулагдаад байгаа. Аппликэйшн нь “Форбс”-ын шилдэг 30 зэрэг томоохон шагналуудыг авсан, андройд систем дээр ажилладаг.  Өнгөрсөн долоо хоногт Apple-ийн “app store”-д орсон байгаа. Эндээс бүх төрлийн тэтгэлэгүүдийг зарлагдсан даруй харах боломжтой.

YOLO: Бүх төрлийн гэдэг нь?

-Манай монголчуудын нэгэн буруу ойлголт байдаг. Тэтгэлэг гэхээр зөвхөн магистр, баклаврын тэтгэлэг л гэж ойлгодог. Гэтэл тэтгэлэг гэдэгт семинар, сургалт, дадлага, солилцоо гэх мэтээр маш өргөн хүрээ хамардаг.

YOLO: Тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдахад хэлний мэдлэгтэй байх ёстой байх. Өөр ямар байдлаар үүнд өөрийгөө бэлтгэх хэрэгтэй вэ?

-Эхний мэдээлэл гарснаас хойш над руу маш олон хүн ярьсан. Заавал хэлний шалгалтын оноотой байх хэрэгтэй юу гэж асууж байсан. Олон тэтгэлэгт хэлний оноо шаарддаггүй. Ердөө харилцааны түвшинд мэддэг байхад хангалттай. Харин хамгийн түгээмэл шалгуур нь таны ойрын болон холын зорилгыг асуудаг. Хоёрдугаарт, хувь хүний leadership буюу манлайлал, нийгмийн оролцоог харгалзана. Бараг бүх л тэтгэлэгт орж ирдэг энэ хоёр шалгуурыг урьдчилан бэлдээд ноороглочихсон байхад хүсэлт гаргахад их амар дөхөм болно. Зарим анкетийг нэг цагийн дотор бөглөж амжихгүй бол хаагдаад шинээр эхлэх болдог шүү дээ. Ийм тохиолдолд бэлдчихсэн байвал илүү амархан байдаг.

YOLO: Одооны оюутан залуус тэтгэлэгт хөтөлбөрийг маш их сонирхдог болж. Танай байгууллагаас манай сайтад цаг тухайд нь ирүүлж байгаа мэдээлэл дэх тэтгэлэгүүдэд монгол залуучууд хамрагдах боломжтой гэсэн үг үү?

-Тийм. Хэрэв Монголоос өөр орноос гэсэн байвал бид мэдээлэлдээ түүнийг оруулдаггүй. Тиймэрхүү хөтөлбөрүүд ч гэсэн маш их байгаа. Тэгэхээр сонирхож байгаа чиглэл, шалгуур нь нийцэж байвал ямар ч асуудалгүй гэсэн үг. Манай залуус дунд нэг зөрүүтэй ойлголт байдаг. Манай байгууллагыг тухайн тэтгэлэгт хөтөлбөрт зуучилдаг гэж ойлгодог. Тухайн тэтгэлэгт хөтөлбөрийн албан ёсны хуудас руу орж уншаа ч үгүй байхдаа л “Одоо би яах вэ?” гэж асуух нь элбэг. Youth Opportunities бол сайт учраас тэр олон байгууллагад зуучлах үйлчилгээ хийх ямар ч боломжгүй гэдгийг хэлмээр байна. Бидний зорилго бол хүн бүрт мэдээллийг тэгш хүргэх явдал юм. Та тухайн тэтгэлэгт хамрагдахыг үнэхээр хүсч л байвал мэдээллийнх нь дагуу орж хараад л шаардлагатай алхмуудыг хийнэ гэсэн үг юм. Мэдээлэл бүр нь маш тодорхой байдаг. Тухайлбал ямар тэтгэлэг вэ, ямар шалгууруудыг давах ёстой, хаана, хэзээ вэ зэрэг мэдээлэл нь тодорхой байгаа. Тухайн тэтгэлгийг зарласан байгууллагын дэлгэрэнгүй мэдээлэл авах албан ёсны сайтын холбоос нь боломж бүрийн доор байгаа тул түүгээр орж тэд яг ямар хүн хайж байгааг дэлгэрэнгүй судлах боломжтой, маш амар мэдээллийн платформ юм.  

YOLO: Монгол дахь салбарын хувьд цаашид ямар ажлууд төлөвлөж байна вэ?

-Манай улс дахь суурин төлөөлөгч хоёр хүн байдгийн нэг нь би. Нөгөө нь хөдөө орон нутгаа хариуцдаг. Би болохоор нийслэлээ хариуцдаг гэсэн үг. Хоёулаа болохоор зарим талаар хүч дутдаг. Ямартай ч сар бүрийн уламжлалт мэдээлэл хүргэх үйл ажиллагаа зохион байгуулна гэж бодож байна. Урьд өмнө тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдаж байсан чадварлаг залуусын туршлагыг бусдад түгээх арга хэмжээнүүдийг зохион байгуулна. Мөн 10 жилийн сургуулиуд болон их сургуулиудын оюутнуудад хамрагдах боломжтой маш олон боломжууд байгаа тул эдгээр сургуулиудын Оюутны холбоо болон сургуулийн удирдлагуудтай хамтран тухайн сургууль дээр “YO Mongolia””-г  танилцуулж, хөтөлбөрүүдэд хэрхэн хамрагдах талаар нийтлэг асуултуудад хариулж зөвлөгөө өгөх боломжтой тул сонирхож байгаа төлөөлөгчид группээр дамжуулан холбогдох боломжтой.

YOLO: Ямартай ч  “Youth Opportunities Mongolia” фэйсбүүк группийн мэдээллийг алдалгүй авч байхад энэ арга хэмжээнүүдэд залуус маань хамрагдаж чадна гэж ойлголоо.

-Тийм ээ. Мөн үүн дээр нэмж хэлэхэд, Youth Opportunities-ээр дамжин хамрагдсан тэтгэлэгт хөтөлбөртөө амжилттай оролцоод ирсэн хүүхэд залуус маань эргээд бидэнтэй холбогдон түүхээ хуваалцах боломжтой шүү. Энэ нь цаашид өөрсдийнх нь карьерт ч хэрэгтэй байж болох юм.

Ялангуяа дунд сургууль, их сургуулийн оюутан сурагчдад тохирох маш олон тэтгэлэгт хөтөлбөр байдаг шүү гэж хэлмээр байна. Монголоос олон хүүхэд залуус хамрагддаг байгаасай гэж хүсдэг юм.

YOLO: Одоо “Фламинго” охидын спа төвийн үйл ажиллагааны талаар мэдээлэл өгнө үү.

-“Фламинго” нь 5-16 насны охидод зориулсан гоо сайхны салон.  Маникур, педикур, нүүр будалт, үс ороолт, үс сүлжилт гэсэн үндсэн таван төрлийн үйлчилгээ бий. Эдгээрээс гадна “спа парти” буюу төрсөн өдрийн баяр тэмдэглэн өнгөрүүлж болдог гэдгээрээ онцлог. Охид маань тухайн үйлчилгээг дангаар нь болон багцын үйлчилгээ авах боломжтой. Төрсөн өдөр гэхээр ээж аавууд нь хоол унд идээд, хүүхдүүд нь бараг баярлахгүй шахам юм болчихдог шүү дээ. Харин манай төв ерөнхийдөө шинэ соёлыг бий болгож байгаа гэж ойлгож болно. Дурсамжтай өдрийг өнгөрүүлж, дээр нь өөрийгөө хайрлах ийм үнэ цэнэтэй төрсөн өдрийг охид маань найзуудтайгаа тэмдэглэнэ гэсэн үг. Өөрөөр хэлбэл бас нэгэн шинэ сонголт юм.

YOLO: Хөвгүүд тэнд очиж болохгүй гэсэн үг үү?

-Хөвгүүд очиж болохгүй гэсэн зүйл байхгүй. Охидын төрсөн өдөрт хөвгүүд олноороо зочин болж ирж байгаа. Зочноор ирсэн хөвгүүдийн нүүрийг нь будаж баатар болгож өгөх ч юм уу, эсвэл энд байгаа баг, сэлэм гэх зэрэг хэрэгслүүдийг хөвгүүд маань ашиглах ч боломжтой.

YOLO: Орчин нь охидын хүсч мөрөөддөг шиг тохижилттой юм байна лээ. Аль өдрүүдэд захиалга авдаг вэ?

-Урьдчилан захиалга өгсөн бол аль ч өдөр төрсөн өдрийн баяр зохион байгуулах боломжтой.

Энэ үйлчилгээний бас нэг онцлог гэвэл эмэгтэйчүүдийн маш их ажлыг хөнгөвчилдөг. Төрсөн өдрийн багц үйлчилгээнүүд байгаа. Толгой тортоо л аваад ирэхэд бусад бүх бэлтгэл ажлыг манайхаас хангаад өгчихнө гэсэн үг. Чимэглэл, үйлчилгээ, хөгжим, тоглоом, хоол, унд, зууш зэрэг бүх зүйл багтдаг. Тэгэхээр маш их цаг хэмнэдэг. Аав ээж нь охидоо үлдээж явж байгаад ирсэн ч болно. Охидод маш гоё дурсамж үлдээн ээж аавын цагийг хэмнэдэг ийм үйлчилгээ юм.

Зарим хүмүүс охидыг нүүрээ будаад айлгүйтээд гэж хардаг. Харин бидний баримталж буй бас нэг зүйл гэвэл энэ бүх зүйл бол охидод гоо зүйн мэдрэмж өгөх үнэ цэнэтэй. Яагаад гэвэл охид маань өөрийгөө хайрлах, эмэгтэй хүн байх гэдэг утгаараа бэлтгэгдэж байна гэж үздэг. Нөгөө талаар тэд сонголт хийх чадвартай болдог. Тухайлбал хумсаа аль өнгөөр будах вэ, нүүрээ яаж будах вэ гэх зэргээр тэр болгон дээр сонголт хийдэг. Сонголт хийж сурна гэдэг бие хүн болоход шаардагддаг бас нэгэн төлөвшил гэж харж байгаа. Эдгээр үнэ цэнээс гадна бидний хэрэглэдэг бүх бүтээгдэхүүнүүд органик. Охид маань багаасаа байгальд ээлтэй, органик бүтээгдэхүүнүүдийг хэрэглэж сурч байна.

YOLO: Хүүхэд байх үеийн Золзаяа өөрийгөө хэрхэн дайчилдаг байсан бэ?

-Намайг бага байхаас ээж минь янз бүрийн сургалт, арга хэмжээнд хамруулдаг байсан. Ээж маань “Миний охин “Лэйдис” төвд суралцах уу?”, “Жолооны курсд суух уу”, “Англи хэлний курст сурах уу” гэдэг ч юм уу, боломжтой үедээ үргэлж ямар нэг хэрэгтэй сургалтанд хамруулахыг хичээдэг байсан. Энэ нь намайг цаг үргэлж шинэ зүйл туршиж үзэн шинэ санаа гаргах дуртай болоход түлхэц үзүүлсэн байх гэж боддог.

YOLO: Бидэнд цаг заваа зориулсанд баярлалаа.

#Scholarship