Жолооч 60 км/ц хурдтай явж байгаа үед утсаа оролдоход 65 метр зам туулсан байдаг


А. Мишээл | YOLO.MN
2021-07-11

- Аюулгүй, Аз жаргалтай цуврал контент -

Гар утас бол хүн бүрийн салшгүй хэрэглээ болсон бөгөөд жолооны ард хүмүүс утсаар ихэнх ажлаа амжуулах нь элбэг. Гэвч жолоо барингаа утсаа ашиглах нь аюул эрсдэлийг үргэлж дагалдуулж байдгийг Тээврийн цагдаагийн албанаас анхааруулсаар буй. Тодруулбал, өнгөрсөн онд жолооч анхаарал алдсанаас болж 538 удаагийн осол гарсан гэж "Монгол Улс дахь зам тээврийн осол зөрчлийн статистик үзүүлэлтийн эмхэтгэл"-д бичжээ. Энэ тоог Та 0 болгох бүрэн боломжтой.

Цагт 60 км-ийн хурдтай явж байгаа жолооч зам руу биш утас руугаа харж, анхаарал алдах үед "сохроор" 65 метр зам туулсан байдаг гэх судалгааны үр дүн бий. Хурд их байх тусам төдий чинээ урт зам туулна гэсэн үг юм. 

Түүнчлэн харанхуйд утасны дэлгэцний хурц гэрэл замын үзэгдэх орчныг бууруулдаг байна. Энэ нь анхаарал сэрэмж алдах, ослын нөхцөл байдлыг тооцоолох, урьдчилан сэргийлэх боломжгүй болгодог сөрөг талтай. 

Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7-д "Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний үед гар утас болон түүнтэй ижил төстэй төхөөрөмж, хэрэгслийг гарны оролцоотойгоор ашиглахыг хориглоно" гэж заасан байдаг. 

ЖОЛООНЫ ХҮРД, УТАС ХОЁРЫГ ЗЭРЭГ АШИГЛАХ БОЛОМЖГҮЙ

- Тээврийн цагдаагийн албатай хамтран бүтээв -

#Мэдээ #АюулгүйАзЖаргалтай #Toyota