Залуу хүний ЗААВАЛ УНШИХ ЁСТОЙ 10 ном


МОНГОЛЫН НУУЦ ТОВЧОО

Монгол үндэстний хамгийн чухаг, түүх шастирын зохиол бол “Монголын нууц товчоо” гэдгийг хэн хүнгүй хүлээн зөвшөөрнө. XIII зууны үед Монголын Их Гүрэн мандах цагт улс орны дотор болон бусад овог аймгуудад дайлаар мордсон явдлуудыг чухам үнэнээр гаргаж бичээд зогсохгүй гүн гүнзгий үзэл санааны онцлогууд тусгалаа олсон, яруу өгүүлэмжтэйн хувьд түүхийн хосгүй баримт бичиг юм. Нууц товчоонд Чингис хаан улс орноо төвхнүүлж, монгол үндэстнийг нэгтгэн захирсан явдлыг нэгд нэгэнгүй өгүүлэхээс гадна, түүний хатуу бодлогыг ч энд нуусангүй. Чухам тэр цагийн байдлыг нүдний өмнө ил харах мэт тодорхой бичсэнээрээ онцлог. Монголчуудын уг гарвалаас эхлээд Чингис хаан нас эцэслэж Өгэдэй хаан ширээнд суусан үеийг хүртэл өгүүлсэн энэхүү шастир нийт 12 бүлэгтэй.

“Жангар”, “Гэсэр”, “Монголын нууц товчоо” зохиолууд нь монголчуудын эртний утга зохиолын гурван оргил юм.

ГЭСЭР

Гэсэр хааны тууж нийтийн тооллын өмнөх 100-300 оны үеэс VI зууны хооронд үүсч, XII зуун гэхэд улам боловсронгуй болж Төвөд, Монгол, Буриад, Цагаан Монгол зэрэг төв Азийн олон ард тvмний дотор өргөн дэлгэрсэн тууль юм. Гэсэр нь цар хэмжээний хувьд их том, урт тууль бөгөөд  өнөө үед эмхтгэгдсэн байдлаас үзвэл, Төвөд үндэстний хувилбар нь л гэхэд нийт 120 гаруй бүлэг, сая гаруй мөр шүлэг, хорин сая гаруй үгтэй.

ЖАНГАР

Жангар нь  XV-р зууны үед Ойрад түмний дунд зохиогдож, нийт монголчуудын дунд тархсан, ардын аман зохиолын нэг төрөл болох баатарлагийн тууль юм. Жангарын бүлгүүдийг бүрэн олж цуглуулан сонгомол эх бүтээх эхлэлийг тавьсан хүн бол эрдэмтэн зохиолч Ц.Дамдинсүрэн юм. Жангар бол улс төр, шашин, монгол ахуй амьдрал, түүх зэрэг олон шинжлэх ухааныг өөртөө багтаасан шүлэглэсэн хэлбэрээр бичигдсэн өв соёлын агуу бүтээл билээ.

“ДАЙН БА ЭНХ” Л.Н.ТОЛСТОЙ

Л.Н.Толстойн “Дайн ба энх” (1863-1869) роман Францын хаан Наполеоны эсрэг 1812 онд дэгдсэн ард түмний тэмцлийг харуулж, тухайн үеийн нийгмийн янз бүрийн давхаргын ахуй амьдрал, дотоод ертөнц, үзэл бодол, ёс суртахууныг олон талаас нь нарийвчлан дэлгэснээрээ онцлогтой. Их зохиолч гүн ухаан, торгон мэдрэмж, сэтгэл зүйн дүн шинжилгээгээр нийгэм, ард түмний амьдралыг түүхчилсэн байдлаар харуулсан нь уншигчдын анхаарлыг татаж, хэвлэгдсэн даруйдаа хамгийн их эрэлт хэрэгцээтэй ном болж чадсан билээ.

“ЕВГЕНИЙ ОНЕГИН” А.С.ПУШКИН

А.С.Пушкин “Евгений Онегин” (1823-1830) роман нь алдсан зүйл эргэж ирдэггүй гэдгийг, эсвэл хүн алдсан хойноо л түүнийг ямар үнэ цэнэтэй болохыг ойлгодог гэдгийг харуулсан зохиол юм. Энэхүү  романыхаа есдүгээр бүлэг буюу декабристуудад  зориулсан бүлгээ  шатаасан гэж үздэг. Бас  нууц  шифрээр бичсэн  ч гэдэг.

“ЗУУН ЖИЛИЙН ГАНЦААРДАЛ” Г.Г.МАРКЕС

1967 онд хэвлэгдсэн энэхүү романыг  Г.Г.Маркес  бичсэн бөгөөд сэтгүүлчийн мэргэжил эзэмшин олон газраар аялсны эцэст 17 жилийн өмнө эхлүүлсэн зохиолоо барьж авсан нь "Зуун жилийн ганцаардал" билээ.  Буэндигийнхний зургаан үеийн амьдрал ид шид, хувь тавилан, солиорол, улс төрийн үзэл баримтлал, зүүдний аль нь мэдэгдэхээ болих эргэлтүүд, хүний язгуур мөн чанарын илрэл зэрэг бичвэрийн сүлэлдээн уг зохиолын цөм гэж болно. Уг бүтээл нь дэлхийн сонгодог уран зохиолын жагсаалтыг хэвлэгдсэн цагаасаа эхлэн тэргүүлж, олон тайлал, таамаг дагуулсан сонгодог роман юм.

“ЗААН ЗАЛУУДАЙ” Б.РЕНЧИН

Монголын орчин үеийн утга зохиолыг үндэслэгчдийн нэг, агуу их бичгийн хүн, төрийн шагналт Б.Ренчин гуайн энэхүү роман нь чулуун зэвсгийн үед өнөөгийн манай орны газар нутагт балар эртний хүмүүс хэрхэн аж төрөн амьдарч байсан тухай зохиогчийн судалгаа, шинжилгээнд үндэслэн бичсэн зохиол юм.

“СҮМТЭЙ БУДАРЫН ЧУЛУУ” Р.ЧОЙНОМ

Монгол улсын төрийн соёрхолт, яруу найрагч Р.Чойномын “Сүмтэй бударын чулуу” хос ном болон шинэчлэгдэн 2011 онд худалдаанд гарсан. Нийт 124 шүлэг багтсан энэхүү ном 1990 онд анх гарсан даруйдаа  хамгийн эрэлттэй номоор шалгарч байсан юм.

“ХОРВООТОЙ ТАНИЛЦСАН ТҮҮХ” Л.ТҮДЭВ

Дэлхийн улс орон бүрт хүүхэд багачууд нь уншиж өссөн ширээний ном гэж байдаг. Монголын хувьд гэвэл ийм ном нь Л.Түдэвийн “Хорвоотой танилцсан түүх” юм. Тиймээс ч Монгол улсын хөдөлмөрийн баатар, Ардын уран зохиолч, Соёлын гавьяат зүтгэлтэн Л. Түдэвийн "Хорвоотой танилцсан түүх" зохиол нь дэлхийн хүүхдийн шилдэг номоор шалгарсан юм. 1970 онд хэвлэгдсэн энэхүү ном нь Англи, Орос, Герман, Словак, Молдав зэрэг арав гаруй хэл дээр орчуулагдан газар газрын хүүхдийн хүртээл болсон бөгөөд хамгийн сүүлд АНУ-д хэвлэгдэн гарсан.

“СОНГОМОЛ ЯРУУ НАЙРАГ” Г.АЮУРЗАНА, Л.ӨЛЗИЙТӨГС

Энэ ном бол яруу найрагч Г.Аюурзана, Л.Өлзийтөгс нарын сонгож эмхэлсэн Монголын бүх цаг үеийн шилмэл шүлгүүдийн антологи юм. Уг номд "Хүннүгийн гунигт дуу" , "Сяньби ахын дуу", "Нууц товчооны яруу найраг" зэрэг эртний сонгодог бадгуудаас эхлээд 1990-ээд оны шүлгүүдийг хүртэл хамруулсан нь нийтдээ 303 шүлэг болжээ.

“СОНГОМОЛ ӨГҮҮЛЛЭГ” Г.АЮУРЗАНА, Л.ӨЛЗИЙТӨГС

Өгүүллэг бол гүн гүнзгий санааг цомхон, сонирхолтой илэрхийлдгээрээ хэний ч таашаалыг хүлээдэг, хүмүүсийн хамгаас их амтархан уншдаг төрөл. Мөн монголын шинэ үеийн уран зохиолд харьцангуй өндөр хөгжсөн төрөл зүйл билээ. Уг номонд Д.Нацагдоржийн "Харанхуй хад", "Ламбугайн нулимс", "Хөдөө талын үзэсгэлэн", С.Эрдэнийн "Хулан бид хоёр", "Малын хөлийн тоос", "Өвгөн шувуу", "Наран тогоруу", С. Дашдооровын "Бууж мордох хорвоо", Б.Догмидын "Босоо ороолон", П.Батхуягийн "Хүрэл зүрх", Б.Золбаярын "Бүтэн" зэрэг нийт 50 шахам бүтээлүүд багтсан байна.

#Book