Австралийн Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрийг 5 жилээр сунгалаа


YOLO.mn | YOLO.MN
2018-10-02

Өнөөдөр Сангийн сайд Ч.Хүрэлбаатар болон Австралийн элчин сайд Жон Лантри нар Австралийн Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрийг 5 жилээр сунгах гэрээнд гарын үсэг зурлаа. Арга хэмжээнд Австралийн элчин сайдын яамны хөтөлбөр хариуцсан ажилтан Х.Өрнөх, мөн уг хөтөлбөрөөр суралцсан Сангийн яамны мэргэжилтнүүд байлцлаа.

Австралийн тэргүүний сургуулиудад суралцах боломжоор хангаж ирсэн энэ хөтөлбөр  1993 оноос хойш хэрэгжиж ирсэн. Өнөөдрийн байдлаар, менежмент, бизнес, хууль, төрийн захиргааны удирдлага, олон улсын харилцаа, мэдээллийн технологи зэрэг чиглэлээр мастерийн сургалтад төр, хувийн хэвшлээс нийт 531 оюутан хамрагдаад байна.

Төгсөгчдийн ажил эрхлэлтийн түвшин 100 хувь ба үүнээс 22.5 хувь нь удирдах албан тушаалд ажиллаж байгаа нь хөтөлбөрийн үр дүнг илтгэнэ. Жендер ялгалгүй хамруулдаг төдийгүй 2013 оноос хойш хөдөө орон нутаг болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдээс хөтөлбөрт хамруулах болсон.

Энэ удаа магистраас гадна богино хугацаатай тэтгэлэгт-сургалтуудыг зохион байгуулахаар гэрээнд нэмж оруулсан нь боловсон хүчин бэлтгэх, хөгжүүлэхэд чухал алхам  боллоо.

Сэтгүүлч М.Жаргал

#Scholarship