Г. Мягмарсүрэн: Охидын эрхийг зөвхөн охид хамгаалдаггүй


Д.Нямханд | YOLO.MN
2019-10-23

Yolo.mn сайт энэ удаагийн ярилцлагын зочноор Г. Мягмарсүрэнг урьж оролцууллаа. Азийн охидын элч, Хүний эрхийн шагналтан тэрээр өөрийн зорилго, амжилтад хүрсэн түүх зэрэг сонирхолтой зүйлсийг бидэнтэй хуваалцлаа. Ингээд бидний хийсэн бяцхан бөгөөд танд хангалттай их урам зориг өгөхүйц ярилцлагыг хүлээн авна уу. heart

YOLOСайн байна уу? Бидний урилгыг хүлээн авсанд баярлалаа. Өөрийгөө танилцуулаач?

Сайн байна уу? Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Намайг Гансүхийн Мягмарсүрэн гэдэг. Би Баянгол дүүргийн 73-р сургуулийн 11Б ангид сурдаг.

YOLOТа саяхан хүний эрхийн тэмцээнд оролцсон шүү дээ. Энэ талаараа хуваалцаач?

"Гүнж" охидын эрхийн төв нь жил бүр "Охидын манлайллын хөтөлбөр"-ийг зохион байгуулдаг. Би энэ жил анх удаагаа энэхүү хөтөлбөрт оролцсон. Нийт 400 охидоос 20 охид шалгарч, охидын эрхийн талаар мэдлэгтэй болсон. Цаашлаад 20 охидын 5 нь Монгол улсаас нэр дэвшсэн. Мөн "Garden of Hope" хэмээх олон улсын эмэгтэйчүүдийн эрхийн төрийн бус байгууллага нь "Азийн Охидын Элч" хөтөлбөрийг зохион явуулдаг. Энэ жилийн хувьд Азиас шалгарсан 5 элч охидын 2 нь Монгол улсаас шалгарсан нь бахархууштай байлаа. Нэг нь миний бие, нөгөөх нь "Охидын Манлайллын хөтөлбөр"-ийн төгсөгч, Орчлон сургуулийн сурагч О.Агиймаа байсан.


YOLO: Та анх хэзээнээс охидын эрхийн талаар судалж эхэлсэн бэ?

Би сургуулийнхаа хүүхдийн бүлгэмээс эхлээд "Баянгол дүүргийн хүүхдийн холбоо", "Өсвөр үеийнхний дуу хоолой", "Охидын манлайллын хөтөлбөр" гэх мэт байгууллагуудад хамрагдаж эхэлсэн. Орсон байгууллага бүр намайг хөгжүүлж, илүү их мэдлэг туршлагыг олгосоор ирсэн. Би бүлгийнхэнтэйгээ хамт үеийнхээ хүүхдүүдэд  эрхийнх нь талаар мэдээлэл өгөхийг хичээдэг. Ингэж чадвал тэд эрхээ зөрчигдөж байна уу, үгүй юу гэдгийг ялгадаг болж, улмаар өөрийн эрх үүргээ шаардаж чадна гэж боддог. Гэвч хүүхэд, тэр дундаа охидын эрх зөрчигдөх нь элбэг байдаг учраас дэлхий нийтээрээ "охидын эрх" гэж чухалчилж авч үздэг болсон. 

 

YOLOТаны бодлоор Монгол улсад охидын эрх хэр их зөрчигдөж байна вэ?

Би ямар нэгэн дүгнэлт хэлж чадахгүй. Монгол улсад эмэгтэй хүүхэд бүрийн эрх ямар нэгэн байдлаар зөрчигдсөн байдаг. Жишээлбэл аливаа зүйлд оролцох эрх зөрчигдөж буй нь хамгийн түгээмэл жишээ. Би нэгэн томоохон уулзалт дээр ажиглаж байсан юм. Тэр уулзалтад надаас гадна нэг эрэгтэй хүүхэд оролцож байсан. Эрэгтэй хүүхэд асуудал шийдвэрлэх түвшинд өөрсдийн үзэл санаагаа илэрхийлэхэд хүмүүс "Энэ хүүхэд том болоод мундаг улс төрч болох хүүхэд байна. Мундаг эр хүн болно" гэх маягаар ярьдаг. Харин охид "Бидний эрх зөрчигдөж байна. Бид нарт ийм зүйл хэрэгтэй" гэхэд хүмүүс "Охид дандаа л тогооны хэрүүл буюу онц шаардлагагүй зүйлс ярьдаг шүү дээ" гэх мэтээр хүлээж авдаг учраас охидын оролцоог нухацтай хүлээж авах тал дээр асуудалтай байна. 


YOLO: Та ирээдүйд ямар мэргэжилтэй болохоор зорьж байна вэ?

Би Олон улсын харилцааны чиглэл, тэр дундаа "Хүний эрхийн хуульч" мэргэжлийг сонгосон.

YOLO: Яагаад энэ мэргэжлийг сонгосон бэ?

Олон нийтийн илэрхийлж чадахгүй байгаа зүйлийг нөлөө бүхий, удирдах түвшний хүмүүст хүргэж, төлөөлөл нь болно гэдэг чухал ач холбогдолтой зүйл. Мөн бусдад хүний эрхийн хамгаалагч байх сэдэл, өөрийн эрхийг хамгаалах хүч өгч байхыг хүсдэг учраас энэхүү мэргэжлийг сонгосон. 

YOLO: Гэр бүлийнхэн нь энэ талаар хэрхэн хүлээж авсан бэ?
Би ээж, эгч хоёртойгоо амьдардаг. Гэртээ байхдаа охины, дүүгийн үүргээ гүйцэтгэдэг. Харин эсрэгээрээ "Ийшээ хамт явъя, тийшээ хамт явъя" гэхэд ээж минь маш эерэгээр хүлээн авдаг. Над шиг олон хүүхэд бусдыг төлөөлж "томчуудад" үг хэлдэг шүү дээ. Үүнийг зарим насанд хүрсэн хүмүүс "Том хүний өөдөөс дуугарлаа" хэмээн сөргөөр хүлээн авдаг. Тийм эцэг эхчүүдийг нэгэнт өөрчлөгдөхөөсөө өнгөрсөн хүмүүс дээ гэж ярьдаг. Гэвч үнэндээ манай ээж ч тэдэнтэй нэгэн үед төрж, ижил нөхцөл байдлыг даван туулсан хэдий ч надтай хамт миний төлөө суралцсаар ирсэн. Тэр хэзээ ч миний үзэл бодлыг няцааж байгаагүй. Миний ээж үсчин мэргэжилтэй. Гэвч миний хувьд жинхэнэ "Хүний эрхийн багш" л даа. Ер нь л ээж аав нь өөрийнх нь үзэл бодлыг хүндэтгээгүй өссөн хүүхдүүд ирээдүйд өөрийн гэсэн үзэл бодолгүй, бусдын үгээр явсан хүмүүс болдог. 


YOLOШагнал авч байх үеийн мэдрэмжээсээ хуваалцвал?

Ер нь Азийн охидын эрхийн шагнал, тэр дундаа хүний эрхийн номинацын ялагч гэсэн зүйл нь анх их л хол санагдаж байсан. Би өөрийгөө Малала, Грета нар шиг хүчирхэг охин биш гэж л бодож байсан. Гэвч би зүгээр л "Үзээд алдъя" гэж бодоод, охидын эрхийн тал дээр үзэл бодол, өөрчлөхийг хүсдэг зүйлс, өмнө хийж байсан зүйлсийнхээ талаар ярьсан. Гэтэл нэгэн өдөр надад "Та Азийн Охидын Элчээр сонгогдлоо" гэсэн и-мэйл ирсэн. Тэгээд Тайваньд очоод шагнал гардуулах ёслол дээр сууж байсан чинь гэнэт над руу тайзны гэрэл тусаад хүн болгон над руу хараад алга ташихад маш их гайхсан. Арга хэмжээ нь хятад хэл дээр байсан болохоор эхэндээ ойлгохгүй гайхаж байтал "Гүнж" төвийн Ч.Ундрах эгч хажуугаас "Чи хүний эрхийн шагналтнаар нь сонгогдчихлоо" гэхэд би үгээр хэлэмгүй сайхан мэдрэмжийг авч байсан. Яг тэр үед л анх бодож байсан зүйлээ эргээд бодсон. Тайзан дээр гараад "Хүний эрхийн хамгаалагч нь цаанаасаа мундаг төрсөн, нэр төртэй, онцгүй хүн байдаггүй юм байна. Хүн бүр хүний эрхийн хамгаалагч юм байна" гэж хэлсэн дээ. 

YOLOТа төлөвлөгөөгөө хэрхэн гаргадаг вэ?

Өдөр бүрийг өөрийнхөө бас бусдын төлөө өнгөрүүлдэг олон хүүхэд байдгийн нэг нь би. Миний хувьд "Google Calendar" хөтлөөд, төлөвлөгөөгөө сар сараар нь гаргадаг. Өдөр бүр завгүй байж, календарь маань олон өнгөөр алаглах тусам өөрийгөө өчигдрийн өөрөөсөө нэг шат ахиж байна даа хэмээн дүгнэдэг. Завгүй байна гэдэг нь хүүхэд насаа том хүн шиг өнгөрөөж байгаа хэрэг огт биш. Харин илүү үр бүтээлтэй, "чанартай" хүүхэд насыг бүтээж байгаа хэрэг юм.


YOLOЧөлөөт цагаараа юу хийдэг вэ?

Найзуудтайгаа уулзах дуртай. Ганцаараа байх үедээ блогтоо бичвэр оруулдаг. 

YOLOӨөртөө байнга хэлдэг үг бий юу?

Үзээд алдъя гэж байнга өөртөө хэлдэг. Гэхдээ алдъя гэдэг нь заавал алдана гэсэн үг биш. Өөрөөр хэлбэл үзээд алдъя гэж хэлээд чадах бүхнээрээ хичээж чадвал алдах нь бараг ховор доо. 

 

YOLOТаны бодлоор найз гэж?

Би гурван сайн найзтай. Бид нар 11 жилийн турш нөхөрлөж байна. Найз гэдэг зүйлийг олон янзаар тодорхойлж болох ч миний бодлоор нөхөрлөл гэдэг нь өөр хэн нэгэн хэлбэл бүтэшгүй, эрсдэлтэй гэж бодогдохоор зүйлийг найз минь хэлэхэд "Үгүй, нээрээ.. Болох ч юм уу" гэж бодогддог байхыг л хэлнэ. Мөн яг ийм л учраас нэгэндээ буруу зүйлийг санал болгодоггүй байх ухамсартай хүнийг л найз гэж боддог доо. 


YOLOҮеийнхэндээ хандаж хэлэхийг хүсдэг зүйл?

Надад үеийнхэндээ хандаж хэлэхийг хүсэж байгаа маш олон зүйл байна. Учир нь би энэхүү ярилцлагыг уншиж байгаа хүүхдүүдийг төлөөлсөн шүү дээ. Мөн хүүхдийн үг зөвхөн үеийнхэндээ биш томчуудад ч хүрдэг байгаасай гэж хүсдэг. Хүүхдүүд эрх гэж яриад эхлэхээр томчуудын хүлээж авч байгаа өнцөг нь "Та нар үүргээ биелүүлж байж эрхээ эдлэх ёстой" гэсэн өнцөг байдаг. Гэтэл үнэндээ хүүхдүүд "эрх" гэж ярих эрхтэй хүмүүс. Иймд томчуудыг хүүхдийн эрхийг хамгаалдаг, охидын эрхийг хүндэтгэдэг байгаасай гэж хүсч байна. Харин үе тэнгийнхэндээ хандаж хэлэхэд өөрийнхөө бас бусдын эрхийг хамгаалж байгаарай гэж хэлмээр байна. Охидын эрхийг хамгаалахын тулд заавал охин байх албагүй. Хөвгүүд ч охидын төлөө дуугарч, оролцож чадна шүү гэж хэлмээр байна.

YOLOБидний урилгыг хүлээн авч гайхалтай түүхээсээ хуваалцсан танд баярлалаа. Танд амжилт хүсье!

Баярлалаа. Та бүхэнд ч мөн ажлын амжилт хүсье!

#Амжилт #Охид