"Шинэ Монгол", Монгол-Германы хамтарсан технологийн их сургуулид оюутнуудын кредитийг харилцан зөвшөөрнө


YOLO.mn | YOLO.MN
2018-09-18

“Монгол Улсын Тогтвортой Хөгжлийн Үзэл Баримтлал 2030”-д мэдлэгт суурилсан эдийн засгийг хөгжүүлэх зорилт тавьсан. Энэ зорилгоор “Судалгаанд суурилсан их сургуулийн үндэсний хөтөлбөр”-ийг Засгийн газар баталсан юм.

Хөтөлбөрийн нэг хэсэг болох “Оюутан Мобилити” буюу Монголын их дээд сургуулиуд кредит харилцан зөвшөөрөх санаачлагыг эхлүүлэхээр болж, гэрээнд гарын үсэг зарлаа.

Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөлийн дэд дарга, ажлын албаны захирал Ж.Ариуболд, Шинэ Монгол Технологийн дээд сургуулийн захирал, профессор Ч.Ганзориг, Монгол Германы хамтарсан технологийн их сургуулийн захирал, Доктор Н.Дорждэрэм нар дээрх арга хэмжээг хамтран хэрэгжүүлэх гэрээнд гарын үсэг зурж баталгаажуулсан юм. 

“Оюутан мобилити” тогтолцоо хэрэгжсэнээр оюутнуудад хүссэн мэргэжил, чиглэлээр хэрхэн, хэзээ, яаж суралцаж үр дүнд хүрэх хариуцлагатай сонголт хийх эрх чөлөөг нь олгох юм байна. Тодруулбал багш, хичээл сонгох эрх байгаагүй бол цаашид сургууль хооронд гэрээ байгуулснаар оюутнууд сурах чиглэлээ сонгох бүрэн боломжтой. 

Энэ үйл ажиллагааг БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа дэмжихээ илэрхийлж, бусад их дээд сургуулиудыг д хамтран ажиллахыг уриалж байгаагаа зөвлөх Б.Ганбатаар уламжлуулсан юм. 

Гэрээнд гарын үсэг зурсан талууд “Уламжлалт оюутнаас” бие даан насан туршид суралцах чадвартай “Чөлөөт оюутан” бий болгоход гол зорилго нь оршиж байгааг онцоллоо.  Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөлийн дэд дарга, ажлын албаны захирал Ж.Ариунболд “Боловсролын байгууллагын эцсийн гол зорилго бол чанартай боловсролоор дамжуулан сайн мэргэжилтнийг бэлтгэх. Оюутнууд зөвхөн өөрийн сургуульдаа хичээлээ үзэж, кредитээ цуглуулаад явдаг байсан бол өнөөдрөөс эхлэн гэрээнд гарын үсэг зурсан сургуулиуд кредитээ харилцан зөвшөөрснөөр, оюутнууд хамгийн чанартай гэж үзэж буй сургалтын хөтөлбөрийг, сургууль хамаарахгүй сонгох боломжтой " гэв.

“Шинэ Монгол” технологийн дээд сургуулийн захирал Ч.Ганзориг "Дэлхийн ихэнх улсуудад “Академик мобилити” хөтөлбөр хэрэгждэг.

Үүний нэг нь оюутны шилжилт хөдөлгөөнийг дэмждэг “Студент Мобилити” хөтөлбөр юм.

Эдгээр хөтөлбөрт мөн багш солилцооны хөтөлбөр багтдаг. Монгол Улсын дээд боловсролын салбарт багш нарын хүрэлцээ дутмаг. Тиймээс сайн багш нарын нөөц боломжийг их дээд сургуулиудын салбар дунд ашиглах боломж үүсэж байна” гэжээ.

#Education