Хөгжилтэй яриатай охин, сэргэлэн зантай бүсгүй, сэтгэл татам Жульеттагийн дүрээр бидэнтэй учирдаг жүжигчин О.Дөлгөөнтэй YOLO.mn уулзаж сонирхолтой яриа өрнүүллээ.
YOLO: Сайн уу, би ямар жүжгийн бэлтгэл дээр чинь ирж таарав?
Хүүхдийн баярт зориулан УДЭТеатр маань “Бардам Туулай” (5.30), “Үнсгэлжин” (05.31), “Норовын Намтар” (06.01) гэсэн гурван жүжгээр үзэгч хүүхдүүддээ бэлэг барих гэж байгаа. Би дөнгөж сая “Бардам туулай” жүжгийнхээ бэлтгэлийг хийж байлаа.
YOLO: Тэгвэл ойрын үед их завгүй л гүйгээд байгаа юм байна даа. Ингэхэд та өсвөр насандаа ямар хүүхэд байсан бэ?
Би өсвөр насандаа маш бүрэг, ичимхий охин байсан. Тайзан дээр гарах нь битгий хэл хүнтэй нүүр хагараад сайн ярьж чадахгүй, тийм ч нээлттэй биш охин байсан шүү, одоо бодоход. Цөөн хэдэн найз нөхөдтэй, хичээлээ тараад л шууд гэртээ харьдаг байсан хэхэ.
YOLO: Тийм гэж үү, таныг тийм байсан гэхэд нэг л төсөөлөгдөж өгөхгүй байна. Тэгвэл юу тэгтлээ өөрийг тань өөрчилчихөв өө?
Аравдугаар ангиа төгсөх жилээ би өөрийгөө их нээсэн юм болов уу даа гэж боддог. СУИС-д орохоосоо өмнөхөн би “Хана” аймшгийн кинонд тоглосон юм. Тухайн үед Кино урлагийн дээд сургуулийн оюутнууд орой нь гитар тоглоод, дуулаад л, инээлдээд л сууж байхыг харах надад маш гоё санагдаж билээ. Тэр хүмүүстэй хамтарч кинонд тоглосноосоо хойш арай илүү яриа хөөрөөтэй болж өөртөө ер нь их өөрчлөлт хийсэн байх гэж боддог.
YOLO: Тэгвэл өсвөр насандаа мөрөөдөж байсан зүйлдээ хүрсэн гэж боддог уу?
Хүрсэн гэж боддог шүү. Жүжигчин эсвэл зурагтаар гардаг хөтлөгч эсвэл нэвтрүүлэгч болно доо гэж боддог байлаа. Гоё гэр бүлтэй болно гэж мөрөөддөг байсан. Одоо надад сайхан гэр бүл, сайхан мэргэжил маань байна. Ямартай ч би мөрөөдлөө бага багаар биелүүлсээр л явна.
YOLO: Өөрийгөө хөгжүүлэх тал дээр хэр анхаардаг вэ?
Хүслээр болдог бол өөрийгөө хоёр ширхэг болгочихмоор санагдаад байх юм. Нэгийг нь гэртээ нөгөөг нь ажил дээрээ гээд. Надад чөлөөт цаг зав маш хомс байдаг. Одоогоор англи хэлний сургалтанд сууж байгаа. Мөн талбайн теннисний спортоор хажуугаар нь хичээллэх хүсэл байна. Гэхдээ цаг маань амжих нь уу, жаахан эргэлзээтэй л байна. Гэхдээ амжуулахыг хичээнэ ээ.
YOLO: Хүн нэр шигээ байдаг гэдэг. Та хэр дөлгөөн бэ?
Ер нь дөлгөөхөн талдаа шүү. За гэхдээ тухайн үеийн байдлаасаа болно доо. Найзуудтайгаа байхаар юун дөлгөөн болно шдээ. Гэхдээ ерөнхий байгаа байдал маань дөлгөөн талдаа хүн.
YOLO: Жүжигчин болох хүсэлтэй хүүхэд залуус зөвлөгөө авахаар танд хэр их ханддаг вэ?
Хүүхдүүд “Би жүжигчин болмоор байна, юуг анхаарах ёстой вэ” гэж чатаар их асуудаг. Яг тийм байх ёстой, ийм байх ёстой гэсэн стандарт байхгүй. Миний бодлоор, мэдээж нэгдүгээрт чамд авьяас байх хэрэгтэй. 99 хувийн хөдөлмөр 1 хувийн авьяас байсан цагт амжилтад хүрнэ гэдэг шиг мөн чамд хөдөлмөрч хичээнгүй, тууштай зан байх хэрэгтэй. Эцэст нь өөрөө өөртөө итгэх итгэл маш чухал. “Би үүнийг л хийж чадна даа, энэ мэргэжлээр л явах хүн дээ” гэсэн бодол байх хэрэгтэй.
Бүр сургуулиа төгсөөд хаана ажиллах талаараа хүртэл төлөвлөчихсөн зорилготой байх хэрэгтэй юм болов уу. Би анх оюутан болоод удаагүй байхдаа “Ромео Жульетта” жүжгийн гол дүрд тоглохыг маш их хүсч байсан. Яг л түүн шиг өмнөө нэг зорилго тавиад бага багаар ахисаар түүндээ хүрэх хэрэгтэй байх. Мөн элсэж орохыг хүссэн сургуульдаа очоод сургалтын албаны хүнтэй нь уулзаж, шалгалт хэрхэн авдаг зэргийг нь судлах хэрэгтэй.
Хүний хамгийн сайн найз хүн өөрөө байдаг гэж би боддог. “Хөөе Дөлгөөн өө, чи яагаад байгаа юм бэ? Юу нь болохгүй байна, хоёулаа яаж шийдэх үү?” гэж ирээд л ярина. Мангар юм шиг сонсогдож магадгүй л дээ, гэхдээ ингэх нь надад илүү дээр санагддаг. Яг л өөрөө өөртэйгөө шатар тоглож байгаа юм шиг...
О.ДӨЛГӨӨН
YOLO: Яг ямар шалгалт авдаг юм бол?
Миний үед СУИС-д шалгалт өгөхөд эхлээд элсэлтийн ерөнхий шалгалтын дүн босго оноо болж байсан. Босго оноог сонгосон сургуулийнхаа сайтаас харах боломжтой, эсвэл сургалтын албаны хүнээс асуувал нээлттэй хэлээд өгнө. Дараагаар нь хоёрдугаар шатанд уран чадварын нийт 10 төрлөөр хоёр өдөрт шалгалт авдаг. Үүнд нь сонсгол, ритм, анхаарал, ой тогтоолт, дуу, бүжиг, монолог, этүд гэх мэт төрлүүд багтдаг. Хоёрдугаар шатандаа тэнцсэн хүн сургуульд элсэн орох боломжтой боллоо гэсэн үг.
YOLO: Та СУИС-т шалгалт өгч байсан дурсамжтай үеэ хуваалцаач?
Тэр үеийг бодохоор инээд хүрээд байдаг юм. Хэн нь ч тэгээд хэлчихлээ дээ, “Бие засаж болохгүй шүү, тэгвэл тогтоож чээжилсэн хамаг юм нь урсаад гарчихдаг юм” гэснийг л бодоод шалгалт өгтлөө биеэ хөнгөлөөгүй юмдаг хэхэ. Уг нь бол хөнгөрчихөөд орвол биед амар, шалгалтаа тайван өгнө биз дээ. Тэгтэл шалгалтаа өгч дуустлаа тэссэн юм даа.
Шалгалт өгөх гээд гадаа нь зогсож байхад олон хүүхдүүд тэр дундаа Хүүхдийн ордныхон, “Цоглог” студийн хөтлөгчид гээд биднийгээ бодвол зурагтаар гараад танил болчихсон хүүхдүүдийг хараад бага зэрэг сүрдээд л... Жүжигчин М.Наранмөнхийг анх харчихаад л “Хөөе, нөгөө Болдын Захиа дууны клипэнд тоглодог хүү байна штээ” гээд л хоорондоо шивэр авирхийгээд л... Тэгээд л шалгалтандаа тэнцсэнийхээ дараа маш их баярлаж билээ. Гэхдээ энэ мэргэжлийг сонгосондоо, мэргэжлээрээ сэтгэл хангалуун ажиллаж байгаадаа би одоо ч маш их баярладаг.
YOLO: Хэцүү санагдах үе байх уу? Сэтгэл санаа тавгүй үедээ юу хийдэг вэ?
Заримдаа ажил амжихгүй ч юмуу, хэт олон зүйл давхцаад аль нэгийг нь хийх боломжгүй болох эсвэл хоцрох үед бага зэрэг хэцүү санагдах үе байна.
Би тийм үед толиндоо хараад өөрөө өөртэйгээ ярьчихдаг шт хэхэ. Хүний хамгийн сайн найз хүн өөрөө байдаг гэж би боддог. “Хөөе Дөлгөөн өө, чи яагаад байгаа юм бэ? Юу нь болохгүй байна, хоёулаа яаж шийдэх үү?” гэж ирээд л ярина. Мангар юм шиг сонсогдож магадгүй л дээ, гэхдээ ингэх нь надад илүү дээр санагддаг. Яг л өөрөө өөртэйгөө шатар тоглож байгаа юм шиг... Бас ээжтэйгээ сайхан ярилцдаг. Ер нь нэг итгэсэн хүнтэйгээ илэн далангуй ярилцаж сэтгэлээ онгойлгодог доо.
YOLO: Та өөрийн гоо сайхан болон бие галбиртаа хэр санаа тавьдаг вэ?
Энэ хоёр зүйлд байнга санаа тавихгүй бол болохгүй шүү дээ. Урлаг гоо сайхан хоёр салшгүй холбоотой зүйл. Биеийн жингээ би хоол ундаараа зохицуулчихдаг. Заримдаа бараг ус уусан ч таргалаад байдаг хүн. Бага зэрэг жин нэмэх гээд л байвал хоолоо багасгаад л...
Цагаан сарын дараахан би Жульеттагийнхаа даашинзанд ч багтахгүй болтлоо жин нэмсэн юм. Тухайн үеийн жүжгийн бичлэгт би бүдүүнээрээ үлдсэн, үүндээ жаахан харамсаад байдаг юм хэхэ Тэгээд гэдэсний бүсийг нэг хэсэг зүүгээд 20 хоногт 10 см багассан байсан шүү. Тэгэхээр гэдэсний даруулга бас их үр дүнтэй санагдсан. Арьс гоо сайхандаа Hankook косметикийн бүтээгдэхүүн хэрэглээд хоёр жил болж байна. Надад их гоё таараад байдаг юм. Гэрийн нөхцөлд гэвэл, нимбэгтэй ус эсвэл сүүг хөлдөөгөөд оройдоо нүүрэндээ мөсөөр жин тавьдаг юм.
YOLO: Үзэгчээс ирсэн гэнэтийн гоё үйл явдал тохиолдож байсан уу?
Хамгийн сүүлд “Ромео Жульетта” жүжиг дуусахад бүх уран бүтээлчид тайзан дээр гараад зогссон байх үеэр хөл муутай, нэгэн настай эгч (тольныхоо дээр өлгөсөн цэцэг рүү заан) энэ цэцгийг тэвэрсээр тайз руу ирж явсан юм. Тухайн үед би манайхны хэн нэгэнд л өгөх гэж байна гэж бодон зогсож байтал “Тосоод очооч” хэмээн нэг маань хажуугаас нудрахаар нь би яваад очтол “Эгч нь маш их баярлаж байна. Ийм сайхан жүжгийг толилуулж өгсөн чамд баярлалаа” гээд цэцгээ барьсаар нулимс дуслуулан хэлсэн нь надад маш сайхан санагдсан.
Бас өсвөрийн охид хөвгүүдээс хөөрхөн хөөрхөн бэлэг ирнэ ээ. Эрдэнэт хотод тоглолтоор явж байхад үзэгч гурван охин Шинээ бид хоёрын Ромео Жульетта дүрүүдийг цаасан дээр буулган хайчилбар хийгээд, дээр нь шүлэг бичээд, өөрсдийн нандигнадаг бөгж үсний хавчаар зэргээ хавсаргасан аягүй хөөрхөн дурсгалын зүйл хийсэн байсан. Тэрхүү сэтгэл шингэсэн гоё зүйл авахад үнэхээр сайхан санагдсан.
Бас нэг мартагддагүй зүйл нь нэг охин ирснээ “Дөлгөөн эгч ээ, энд гарын үсэг зураг өг” гээд гарын шуугаа над руу сарвайхаар нь “Усанд ороод л арилчихна шүү дээ, эгч нь цаасан дээр зураад өгье” гэтэл “Үгүй ээ, би дээрээс нь шивээс хийлгэх гэж байгаа юм” гэсэн. Шивээс хийлгэх ч бай, үгүй ч бай хүүхдийн тэр сэтгэл их гоё санагдсан. Хүмүүсийн сайхан урмыг үг, үйл явдлаас уран бүтээлч хүн байхын сайхныг их мэдэрдэг дээ.
Түүний хөргийг зурсан фэнүүдийнх нь бүтээлээс...
YOLO: Манай уншигч хүүхдүүдэд хандаж хэлэх үг байна уу?
Бидний өсвөр насны үед гадаа чирта тоглож, резиндэж үсрээд л, баавгайн чихдэж гүйлдээд л. Найзууд хоорондоо ярилцдаг, нүүр нүүрээ харж харилцдаг байсан. Одоо үед хүүхдүүд ч гэлтгүй томчууд бид ч цахим ертөнцөд цагаа баран утсаа маажих нь их болсон. Заримдаа нээрээ яалт ч үгүй л утсаа оролдчихсон сууж байдаг. Нөхөр бид хоёр бүр интернэтгүй тусгай нэг өдөр гээд долоо хоногт гаргадаг болсон. Тэгэхээр цахим ертөнцөд бага цаг зарцуулж амьд харилцааг бий болгоосой гэж хүсдэг.
YOLO: Таны дуртай өнгө?
Тод ягаан өнгө.
*Энэ өнгөнд дуртай хүмүүс энхрий, гэмгүй, итгэмтгий байдлыг илтгэдэг. Хэдэн ч настай байсан сэтгэлээрээ бол 15 настан шиг л байдаг.
YOLO: Та ямар ордынх вэ?
Ихрийн орд.
*Ихрийн ордны эмэгтэйчүүд ухаантай, тал бүрийн авьяастай, цовоо сэргэлэн, мөрөөдөмтгий, сайхан сэтгэлтэй, хөгжилтэй хүмүүс байдаг.
YOLO-той хамт байж уншигч хүүхдүүдэд сонирхолтой яриа хүргэсэн танд баярлалаа. Уран бүтээлийн өндөр амжилт хүсье.
За баярлалаа.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх