ЗАХИДАЛ: Би найзыгаа алдахаас айгаад байна


ССҮТөв | YOLO.MN
2018-09-12

mail  Yolo.mn сайтын редакци нь ямар нэгэн асуудал тулгарсан уншигч хүүхдүүдээс захиа хүлээн авч мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн хариу зөвлөгөөг уламжлан хүргэдэг. Ээлжит захиа болон зөвлөгөөг хүргэж байна.

АСУУДАЛ: Найзыгаа алдахаас айгаад байна

Сайна байна уу? Намайг А гэдэг одоо 16 настай, эмэгтэй. Би У гэх найзтайгаа хар багаасаа найзалсан юм л даа. Бид мэдээж энэ хугацаанд муудаж сайндаж өчнөөн л зүйлийг хамтдаа даван туулж ирсэн.

Дөрвөн жилийн өмнө би өөрөөсөө ах залуутай үерхсэн юм. Гэхдээ нэг их удаагүй ээ. Сар гаран л болсон байх богино хугацаа байсан ч гэсэн бие биедээ чамгүй сэтгэлтэй болцгоосон байсан юм (би одоо ч мартаагүй л байгаа). Биднийг уулзаж байхад найз маань заримдаа хамтдаа байж, инээлдэж юм яриад л сайхан л байдаг байсан. Нэг өдөр У найз маань тэр залууд маань сайн болчихсон. Тийм болохоор бид хоёр хөндийрсөн гэж болно. Нөгөө үерхэж байсан залуугийн хуучин найз охины асуудал ч гарч ирж би түүнээс холбоо тасалсан л даа. Над руу сар гаруй залгасан ч би утсаа аваагүй. Энэ бүхнийг найздаа л ярьж сэтгэлээ онгойлгохыг хүсдэг юм билээ. Гэтэл найз маань ч гэсэн надтай ярилцахыг хүсээгүй.

Ер нь найзын маань байр байдлаас болж аав ээж маань найзлахгүй байхыг зөвлөдөг. Гэсэн ч би түүнтэй найз хэвээр үлдсээн. Миний дотоод сэтгэлийн байдлыг мэдэж байгаа хэр нь өнөөх хүүхэдтэй болсон залуутай уулзаж байгааг нь мэдээд би найздаа үнэхээр их гомдож байна. Тэгсэн ч гэсэн би мэдээгүй юм шиг л байсан (өөрөө түрүүлж надад хэлэх байх гэж найдаж байсан юм лдаа). Тэгээд л намайг фэйсбүүкээс блоклоод яасан нь мэдэгдэхгүй алга болчихсон. Энэ чигээрээ харилцаагаа таслахыг хүссэн ч найздаа дэндүү хайртай болохоор айгаад байна. Би яг яах ёстой вэ? Зөвлөөч.

ЗӨВЛӨГӨӨ: Найздаа ямар ч үед цуг байна гэдгээ ойлгуулах хэрэгтэй

Сайн байна уу? Захидал илгээсэнд баярлалаа. Захиаг нь уншаад чамд тэр залуугаас илүү найз нь чухал, үнэ цэнэтэй хүн юм байна гэдгийг ойлголоо. Гэхдээ найз нь яагаад чиний хувьд үнэ цэнэтэй байна вэ? Зөвхөн удаан найзалсан болохоор уу? Удаан найзалсан л бол үүрд найзлах ёстой юу? Удаан найзалсан бол ямар ч алдааг нь уучлах ёстой юу? Нэг эргэцүүлээд үзээрэй.

Тэр залуугийн хувьд өөр нэгэн эмэгтэйг жирэмсэн үед нь хаях гэж байсан тул чамд ч ижил хандахгүй байх баталгаа алга. Тиймээс эртхэн мэдээд, хичнээн шаналж байсан ч гэсэн их зориг гаргаад харилцаагаа дуусгасан нь үнэхээр сайн хэрэг байна. Харин найзынх нь хувьд тэр одоохондоо чиний өмнө буруутай гэдгээ мэдэж байгаа ч гэсэн түүнийгээ хүлээн зөвшөөрмөөргүй санагдаад чамаас зугтаад байж магадгүй. Буруу зүйл хийхээрээ алдаагаа засах, уучлал гуйх, нүүр тулахаас илүү зугтаад явчихдаг хүмүүс байдаг. Өөрөөр хэлбэл айж байна гэсэн үг. Магадгүй найз нь дотроо гэмшиж байж болно, эсвэл бүр чамайг огт бодохгүй буюу чи түүнд огт хамаагүй ч байж болно. Магадгүй тэр өөрөө ч ойлгож амжаагүй яваа байх. Ерөнхийдөө цаг хугацаа өнгөрөөд ирэхээр хүмүүс өөрсдийгөө бас бусдыг илүү сайн ойлгоод эхлэдэг. Тиймээс хэт хүчилж хурдан шийдэх гэж бүү яараарай.

Найзыгаа ямар ч үед нь хаямааргүй байна гэсэн энэ сэтгэлийг чинь үнэхээр их үнэлж байна. Ерөнхийдөө найз нь чамаас шүүмжлэл биш өөрийг нь ойлгоосой гэдгийг л маш ихээр хүсч байж ч болно . Өөрөөр хэлбэл  хүн болгон л найзыг нь замаа алдаж байна гэх мэтээр буруутгаад, энэ бүгдээс зайлсхиймээр залхаж ядаж байхад нь хамгийн сайн найз нь ч мөн чи буруу замаар яваад байнаа гээд байвал өөрийн эрхгүй зугтана. Тиймээс найзтайгаа эвээр аль болох буруутгахгүй, гэхдээ бас буруу үйлдлийг нь зөв гэж ойлгуулахгүйгээр зүгээр ямар ч үед нь цуг байна шүү гэдгийгээ л ойлгуулах хэрэгтэй шүү гэж хэлмээр байна. Чиний бүх зүйлд амжилт хүсье.

Сэтгэл Судлалын Үндэсний Төв

Туслах сэтгэл судлаач

Ц. Пүрэвсүрэн

Хэрэв чамд хэн нэгэнтэй ярилцаж чадахгүй, ганцаараа шийдвэрлэхэд бэрхшээлтэй асуудал байгаа бол yolo@mongolcontent.mn хаяг руу кириллээр, дэлгэрэнгүй, гаргацтай бичиж   цахим шуудан ирүүлснээр бид мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн зөвлөгөөг хүргэж чамд тус болоход хэзээд бэлэн байх болно. Мөн асуудал бүхий захиан дээрээ өөрийн НАС, ХҮЙСийг тодорхой дурдаарай. Жич: Бид мэдээллийг чандлан хадгалах бөгөөд хариуг сайтад нийтлүүлэхийг хүсэхгүй тохиолдолд захидалдаа дурдана уу. Бид хариу зөвлөгөөг 7-10 хоногийн дараа хүргэх болно.

#Letter