Таны заавал очиж үзэх ёстой газар №1: “ГАЛБА” ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭН


Г.Сэргэлэнбаатар | YOLO.MN
2018-09-03

Эх орны минь өмнөд үүдэн хязгаар Өмнөговь аймгийг бид үлэг гүрвэл амьдарч байсан, өлгий нутаг гэдгээр нь мэднэ.

Гэтэл эрт галвын үед устаж, үгүй болсон тэдгээр аварга биетүүд, үлэг гүрвэлүүд эргэн төрж, бүр хөдөлж, архирч байхыг саяхан хийсэн аяллаараа үзээд ирлээ. Зөвхөн зурагт номноос харж  байсан үлэг гүрвэлүүдийг дэргэдээс нь харна гээд бод доо. Үнэхээр гайхалтай биш гэж үү? Тэгвэл энэ бүгдийг мэдрэх боломжийг Монгол залуучууд бидэнд бүтээж өгчээ.

Өмнөговь аймгийн төв Даланзадгадын “Галба” цэцэрлэгт хүрээлэн нь анх 2016 онд байгуулагджээ. Энд цэцэрлэгт хүрээлэнд байх ёстой бүхий л зүйлийг цогцлоосон байна.  Даланзадгадыг бүхлээр нь тольдох боломжтой алсыг харагч, хөгжмийн хэмнэлээр оргилдог усан оргилуур, Монголын хамгийн өндөр оргилдог усан оргилуур, бяцхан хүүхдүүдийг тээвэрлэх жижигхэн галт тэрэг, үлгэр ярьж өгдөг мод гэх зэрэг сонирхолтой зүйлс олон бий.

Хамгийн сонирхолтой, жуулчдыг эрхгүй олноор татаж буй зүйл бол үлэг гүрвэлийн булан. Эд нар жинхэнэ үлэг гүрвэлээс идэж ууж,  өсч томорч чадахгүйгээрээ л ялгаатай. Бусдаар архирч, хөдөлж чаддаг гээд бод доо. Жинхэнэ хэмжээг дуурайлган хийсэн тэдэнд хүрч үзвэл арьс нь нойтондуу, зөөлөн байх нь яг л жинхэнэ мэт сэтгэгдэл төрүүлнэ.

Орох тасалбар нь ердөө 500 төгрөг. Тэгээд хүүхэд, ахмад настан үнэгүй. Тэгсэн мөртлөө ороод үзэх юм зөндөө. Мөргөлддөг машин, усан завь, морин тойруулга зэрэг тоглоомуудтай. Дотроо сагсан бөмбөгийн талбайтай. Аан бас хотод тэр бүр байдаггүй GoKart буюу уралдааны жижиг машины талбайтай. Тэгээд аймгийн төвийнхөө захад оршдог болохоор дуу чимээгүй, жинхэнэ л амарч болохоор газар шиг санагдсан.

Мөн зураг даруулах талбай ихтэй зэргээр тоочоод байвал үнэхээр хүний сэтгэлд хүрсэн газар байна лээ. Надад болон манай гэр бүлийнхэнд маш их таалагдсан. Танд ч бас таалагдана гэдэгт би огтхон ч эргэлзэхгүй байна. Ингээд танд аяллын зургуудаасаа сонирхуулъя.

Нэгэнт Өмнөговь аймгийг зориод гарсан бол та зөвхөн цэцэрлэгт хүрээлэнгээр зочлоод зогсохгүй  Дэлхийн энергийн төв Дэмчогийн хийд, мөнх цас мөстэй Ёлын ам, Америкийн алдарт  Goldencanyon-оос дутахааргүй үзэсгэлэн төгөлдөр Хэрмэн цав, элсэн далай Хонгорын элс, баян бүрд зэрэг сайхан газруудаар аялахаа мартуузай. Таны аяллын ойрын төлөвлөгөөнд Өмнөговь аймаг орсон гэдэгт итгэлтэй байна.

#Gobi