"Сэтгүүлч М.Батдорж сан”-гаас сэтгүүлзүйн чиглэлээр суралцдаг бүх оюутнууд дунд жил бүр уламжлал болгон зарладаг эсээ бичлэгийн уралдааны 2018 оны тэргүүн байрын шагналт эсээг та бүхэнд хүргэе. Тэргүүн байранд шалгарсан эсээний эзэн бүтэн жилийн сургалтын төлбөрөөр шагнуулдаг нь тус тэмцээний чансааг илтгэх нэг шалгуур биз ээ.
Эцэг эхдээ “гологдсон” эх хэл
Эсээний сэдвээ эргэцүүлэн энэ тухай хэзээ чин сэтгэлээсээ зовнин санааширч байснаа санах гэж оролдоно… Үгүй байлгүй дээ... Үнэхээр чи бодож ч байгаагүй гэж үү?
Аан саналаа. Аргагүй тэр үед л “Ээ, эх хэл минь” гэж энэ тархинд зурвасхан ч гэлээ харууслын оч харваж байж.
Нэгдүгээр курсээ төгссөн тэр зун. Арван гуравдугаар хорооллын “Сансар” сүлжээ дэлгүүрт худалдагчаар ажилласан юм. Тус дэлгүүрийн ажилчдын хамгийн залуу нь би буюу жиргэх ёстой шувууны бага нь байлаа. Аан мөн англи хэл гадарладаг ганц нь байв. Дэлгүүрт гадаад хүн орж ирэн юм асуувал хамт ажилладаг эгч нар бүгд л намайг дуудна. Тийн гадаад хүнтэй ярилцан асуусанд нь хариулахад худалдагч эгч нар мөн ч их дуртай. Бүх худалдагчид тасаг тасгаасаа толгойгоо цухуйлган, зарим нь яг хажууд зогсон намайг ажин ойлгохгүй ч гэлээ яриа чагнана.
Нэг өдөр өнөөх шалтгаанаар намайг дуудав. Тэнд хэдэн хүүхэд англиар яриад юм асуугаад байна гэнэ. Түргэхэн очиход гадаад биш Монгол хүүхдүүд монгол хэлээр биш англи хэлээр хоорондоо ярилцан “Лангуун дээрхээс чинь гадна ийм чипс ахиад байгаа юу? Олныг авмаар байна” гэв. Гайхсан, балмагдсан. Гэсэн ч та нар яагаад зүгээр Монголоор ярьж болохгүй байгаа юм бэ гэж асууж зүрхэлсэнгүй. Харин эсрэгээрээ усыг нь уувал ёсыг нь дага гэдэг шиг “Сайн байна уу?” гээд хэлтгийдүү хэлээд инээмсэглэн орж ирдэг Энэтхэг залууг би мэднэ. Тэр л үед зурвасхан харуусал төрж “Ээ, эх хэл минь” гэж санааширч байсан юм байна.
Таван давхар шар байрны нэг давхарт байрлах жижигхэн тохилог тэр газарт очих би маш их дуртай. Энэ бол Д.Нацагдоржийн нэрэмжит III номын сан юм. Анх оюутан болоод үнэмлэхээ авсан тэр өдрөө уг номын санд карт нээлгэж уншигч нь болж байснаа тодхон санадаг. Одоо номын сангийн үнэмлэх маань гурав дахь жилтэйгээ золгож байна. Гэртээ бол барагтаа л ном унших цаг зав гардаггүй тул ийн өөртөө чөлөө олгож номын санг зорьдог маань энэ.
Тэнд очих тоолондоо би нэг хүнтэй байнга таарна. Гэнэт сониуч зан хөдөлж номын санчаас асуухад “Нэрийг нь Цэнгэл гэдэг. Залуудаа бага ангийн багш байсан юм гэнэ лээ. Одоо ч бичиг цаасаа орхиж чадахгүй байнга ном уншдаг их оюунлаг хүн юм байгаа юм. Манай номын сангийн идэвхтэн уншигч” гэсэн юм. Бичиж байгаа нийтлэлтэйгээ холбогдуулан Цэнгэл ахтай уулзаж ярилцахаар номын санчаас дугаарыг нь асуухад өөрөө утасгүй гээд охиных нь дугаарыг өгөв.
Ийн Цэнгэл ахтай холбогдон “Цайз” захад байрлах түүний ажил дээр очиж ярилцахад тэрээр уг номын сангийн уншигч болоод арваад жилийн нүүр үзэж байгаа, уншаагүй ном бараг үлдээгүй гэдгээ хэлсэн юм. 1980 онд багш бэлдэх курсээ төгсөөд Баянхонгор аймагт багшаар ажиллаж байгаад тэтгэвэрт гарчээ. “Заримдаа би хүүхдүүдийнхээ яриаг ойлгодоггүй. Миний мэдэхгүй хачин хачин үгсээр хоорондоо харилцдаг. Хааяа санаа алдмаар санагддаг. Аавыгаа дуурайгаад ном унших болов уу гэж хүүхдүүдээ харахаар утсаа л ширтэнэ. Тэндээсээ юм уншдаг юм байхаа. ” гэсэн юм. Түүний хэлсэн энэ л өгүүлбэр өнөө цагийн залуус бидний харилцааг толины тусгалд ойлгосон мэт илэрхийлж буй аж. Харцан дахь гуниг нь нүдэнд ил харагдсан буурал толгойтой энэ ах “Эх хэлээ хайрладаг, хамгаалдаг, номд дурладаг, шимтдэг сүүлийн үе нь бид биш байгаасай” хэмээсэн нь сэтгэлд минь гунигийн үүлийг хурааж, арвин их үгийн сантай Монгол хэл юүгээн хайрламаар, хамгаалмаар, энэ талаар бичмээр, үеийн залууст уриалмаар гүн сэтгэгдэл үлдээж чадсан юм.
Яг л харанхуй өрөөнд өвдгөө тэврэн уйлж байгаа хүүхэд адил өрөвдөлтэй байдалд буй эх хэл минь. Төрсөн эцэг эх нь болсон монголчууд бид өөрийн хүүхдийг өрөөнд нь түгжиж хаячхаад хүний хүүхдийг эрхлүүлэн өхөөрдөх адил англи, хятад хэл сурах гэж сүйдэцгээж байх шиг...
Туурга тусгаар Монгол улс болоход тулах цэг нь эх хэл маань байсан. Тулгуур хугаран тусгаар тогтнолоо алдлаа гэхэд тус шалтгаан нь эх хэлээ хамгаалж чадаагүйд л орших буй за.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх