Yolo.mn сайтын редакци нь ямар нэгэн асуудал тулгарсан уншигч хүүхдүүдээс захиа хүлээн авч мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн хариу зөвлөгөөг уламжлан хүргэдэг. Ээлжит захиа болон зөвлөгөөг хүргэж байна.
Асуудал: Би түүнд хэлье гэснээ хэлж чадсангүй
15 настай Г...
Сайн байна уу. Намайг Г гэдэг.
Би одоо 15-тай эмэгтэй. Өчигдөр реппэр Рокит Бэй-ийн цомгийн нээлтэнд очсон юм. Түүнийг ойроос харах хүсэл минь зөндөө байсныг хэлэх үү, түүнтэй нүүр тулдаг л юм бол хүндэлж хайрлаж явдаг гэдгээ заавал хэлнэ дээ гэж бодож байлаа. Гэтэл цомгийг нь аваад гарын үсэг зуруулж байхдаа өөртөө “за алив хэлээрэй” гэж дотроо зөндөө ятгасан ч яагаад ч юм зүрх хүрэлгүй юу ч дуугарч чадалгүй хэлгүй хүн шиг л гарсан даа. Орой нь өөртөө уур хүрч зөндөө уйлсан. Ээж ч учир байдлыг нь мэдчихээд “Хүн үхүүлсэн биш юун сүртэй юм бэ” гэж дарин дээр нь давс нэмж загнасан. Би түүнтэй дахиж уулзахгүй шүү дээ. Харамсаад бүр өдрийн бодол шөнийн зүүд болчихоод байна. Өөрийгөө зүхээд ханахгүй нь, зориггүй тэнэг охин. Би одоо яах вэ?
Зөвлөгөө: Ородлого хийж байж л үр дүн гарна
Сэтгэл судлаач Д.Лхамсүрэн
Сайн байна уу,
Чи асуудлаа мэдээд байгаа ч түүнийг шийдэх оролдлого огтхон ч хийгээгүй байна. Хэрэв чи хүсвэл дахиад уулзахгүй, тааралдахгүй гэсэн баталгаа хаана байна. Мэдээж байхгүй. Харин чи одоо харамсаж өөрийгөө буруутгаад суухын оронд түүнтэй дараа нь таарч, бүр ярилцах боломж олдвол түүний аль дууны талаар ярилцах эсэхээ бодвол илүү үр дүнтэй. Хүн сайн мэддэг зүйлээ итгэлтэй ярих нь элбэг байдаг. Ородлого хийж байж л үр дүн гарна шүү дээ. Өөртөө итгэлтэйгээр өөрийгөө илэрхийлдэг хүн бусдад сайхан харагдаж, эерэг сэтгэгдэл үлддэг юм шүү. Амжилт хүсье.
“Сэтгэл Судлалын Үндэсний Төв”-ийн
сэтгэл судлаач Д.Лхамсүрэн
Хэрэв чамд хэн нэгэнтэй ярилцаж чадахгүй, ганцаараа шийдвэрлэхэд бэрхшээлтэй асуудал байгаа бол yolo@mongolcontent.mn хаяг руу кириллээр, дэлгэрэнгүй бичиж цахим шуудан ирүүлснээр бид мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн зөвлөгөөг хүргэж чамд тус болоход хэзээд бэлэн байх болно. Жич: Бид мэдээллийг чандлан хадгалах бөгөөд хариу зөвлөгөөг 7-10 хоногийн дараа хүргэх болно.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх