Эмээгийн эрх цагаан ишиг /эсээ/


Сэтгүүлч Б.Намуун | YOLO.MN
2018-08-20

“Охин минь дээ охин минь. Эмээгийн эрх цагаан ишиг ингэж газар сэндийчиж болдоггүй юм шүү дээ...” гэж эрхлүүлэх зэмлэхийн завсар хэлж байсан эмээгийнхээ үгийг 2017 онд “Төрийн шийдвэрийг үл тоож зөвшөөрөлгүй барилга барихаар газар ухаж эхэлжээ” гэсэн мэдээ зурагтаар гарах үед гэнэт нэхэн санаж билээ.

Би эмээгийнхээ эрх цагаан ишиг нь байсан юм. Хүн бол байгалийн амьтан гэдэг. Магадгүй тийм учраас эмээ минь намайг өхөөрдөм жаахан ишигтэй зүйрлэдэг байсан биз. Эргээд санахад эмээ минь намайг бага байхын л амьтантай зүйрлэж, байгалиа хамгаалах олон уламжлалт арга, цээрлэх ёсыг зааж сургадаг байжээ. “Хүний нутгийн чулуу өшиглөвөл өөрийн гэрийн голомт доргидог юм” гэж сургаж байсан эмээгийнхээ үгийг тэрхэн үедээ эс ухамсарладаг байж. Гэвч сайн мууг ялгахтайгаа болсон энэ цаг үедээ нэхэн санаж буйдаа талархах юм. Эмээгийнхээ сургаалыг сонсож өссөн болохоор газар шороо, байгалиа хайрладаг нэгэн болж хүмүүжсэн ч эргээд нэг харахад олон зүйлийг анзааралгүй өнгөрөөжээ. “Эрх цагаан ишиг минь” гэж байгаад сургадаг байсан эмээгийнхээ сургаалыг ганцаар дагаж мөрдсөнөөс биш бусдад хэлж ирсэнгүй. Эсвэл бусдад хэлж дамжуулах дайтай том болохыг минь хүлээлгүй томчууд аль хэдийн газраа ухаад, усаа бараад,  эрчим хүчээ дуусгаад, амьтдаараа шуба хийж өмсөөд байгалийн нөөцөө шавхчихсан бололтой.

Тогтвортой хөгжлийн боловсрол гэж бид ярьдаг. Гэнэт л бүгд тогтвортой хөгжлийн 17 зорилго гэж ярьдаг болчихсон. Яг л цоо шинэ зүйл ярьж байгаа мэтээр. Гэвч энэ зүйл бидний оршин буй энэ цаг үед гэнэт гарч ирээд бид огт мэдэхгүй нэр томьёог чухалчлан авч үзээд буй хэрэг огт биш. “Эмээгийн эрх цагаан ишиг” ч үүнийг мэддэг байсан. Эмээ минь ч мөн мэддэг байсан. Магадгүй оюун ухаант хүн үүссэн тэр мөчөөс хойш үе үеийн хүүхэд багачууд, залуучууд, ахмад настан азай буурлууд минь тогтвортой хөжлийн боловсролыг нэгэндээ хэлж зааж сурган дамжуулсаар ирсэн биз. Өөрөөр хэлбэл Монголын уламжлалт  байгаль хамгаалах зан үйл, цээрлэх ёс нь тогтвортой хөгжлийн үндэс юм байна шүү дээ.

Хүний адгууслаг тал болох булчин шөрмөсний давамгайлал үеэ өнгөрөөж, хүний бурханлаг тал болох оюун ухаан дээрэлхэх болсон энэ цаг үед бид булчингийн хүчнээс эрчим хүч рүү шилжсэн билээ. Яг л палеоцены үед үлэг гүрвэлийн үе дуусгавар болж плиоцений үед мөстлөгийн үе эхэлж байсан шиг. Технологи хурдацтай хөгжиж эхэлсэн. Үүнийг дагаад бид шинжлэх ухаан, материализмд хэт анхаарч байгальд хандах хандлагад ч хүнлэг энэрэнгүй үзэл огт илрэхээ больсон билээ. Бид газрыг өөрийн дураар өөрчилж, үйлдвэрийн хог хаягдлыг байгальд  шууд гарган, зам харилцааг бий болгохдоо зөвхөн өөрсдийн зорилгын үүднээс ханддаг болсон. Ургамал ногоо, ундны ус, далай тэнгис, цэвэр агаараар баян байсан тэр үедээ хүн төрөлхтөн хөгжиж дэвшихийн тулд байгалиа сүйтгэсэн. Улмаар өөрсдийгөө ч сүйтгэсэн. Бид ядуурсан, бид өлссөн, бид өвчилсөн, бид тэгш эрхийг хүссэн. Хүн төрөлхтөн хүй нэгдлийн үе, газар тариалангийн үе, үйлдвэржсэн нийгэм, үйлдвэржилтийн дараагийн нийгмийг туулж өнгөрүүлж ахиц дэвшил гаргаж олон он жилийг өнгөрөөхдөө байхгүй зүйлийг байлгахын тулд хөдөлмөрлөсөн. Гэвч хэн ч байгаа зүйлээ байхгүй болгож буйгаа ухаараагүй. Хүн болоод нийгэм нь байгальтай харилцан шүтэлцээтэй байхаас өөр аргагүй гэдгийг таталцлын хүч, шувуудын нүүдэл, голын урсгал батлаад байхад ч бид ойлгоогүй. Яг үнэндээ өнөөгийн байгаль орчны асуудал бүрхэг, биднээс хол хөндий мэт боловч өдөр тутмын хэрэглээ амьдралын хэв маягтай шууд холбоотой байдаг. Бид байгаль дэлхийгээ хайрлахыг нэг их томоор ойлгож ярьсаар байгаад өөрийнхөө сэтгэлд дарамт үүсгэж хий хоосон хөөрцөглөсөөр өнөөг хүрсэн. Гэвч автомашинаар явах уу, дугуйгаар явах уу гэдгээс л тогтвортой хөгжлийн боловсрол эхэлдэг юм.

Бидний өнөөдрийн үйл ажиллагаа бидний маргаашийн ирээдүйд эерэгээр, эсвэл эсрэгээр нөлөөлж байдаг учир цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулиуд болон  их дээд сургуулиуд, боловсролын байгууллагууд нь хүүхэд залуучуудыг хариуцлагатай, дэлхийн иргэн болгон төлөвшүүлэх, хамтран аж төрөх, хамтран ажиллах, суралцахад сургах, уур амьсгалын өөрчлөлт зэрэг глобал асуудлуудыг хамтдаа шийдэхэд сургахад чиглэн ажиллах хэрэгтэй болж байгаа юм. Тогтвортой хөгжлийн боловсрол нь боловсролыг тогтвортой хөгжлийн үндэс гэж үздэг тул боловсролын чанарыг сайжруулахад чиглэн Тогтвортой хөгжил гэдэг үгний араас боловсрол гэх үгийг нэмсэн болов уу.

Хөрсөө хөндөхгүй гэсэндээ монгол гутлын хоншоор ээтэн байдаг. Гэтэл өнөөдөр бид юу болчихоо вэ? Тогтвортой хөгжлийн боловсрол гэж ярих хэрнээ амьдралдаа зөв сонголт хийж чадахаа байж. Монголчуудын байгалиа хамгаалах ёс жаяг, ахмад настан, эцэг эх, эмэгтэй хүн, эр хүнийг хүндлэх ёс тэр чигтээ Тогтвортой хөгжлийн боловсролын үндэс суурь билээ. Монголчууд бид ийм л анхдагч ийм л ухаалаг ард түмэн. Гэвч сүүлийн үед...

Эцэг эхийнхээ гарын шүүс болоод аврал эрэх бяцхан үрсийн энэлэн шаналлыг хананы цаанаас сонсчихоод “эцэг эх нь хүүхдээ алчихгүй байлгүй” гээд дүлий дүмбэ оргидог болж

Эр бяраа үзүүлэн эхнэрээ зодох эрдүү нөхрийг харчихаад “эр эмийн хооронд илжиг бүү жороол” гээд зөрөөд гардаг болж

Эрдэнэт биеийг олуулж энэ зэрэгт хүргэсэн эцэг эхээ хөдөө хөсөр хаячихаад “Ээждээ очих хамгийн сайхан” гэж найран дээр бархирах болж

Байгаль дэлхийгээ хайрлъя гэж олны өмнө үлгэр шиг сайхныг ярьчихаад идсэн чихрийн цаасаа газар хаядаг болж...

Гэвч би үүнийг бага багаар өөрчлөгдөж байгаа гэдэгт итгэдэг. Тогтвортой хөгжлийн боловсролыг эзэмшинэ гэдэг нь бид өөрсдөө эхлээд тогтвортой хөгжсөн боловсон иргэд болохыг хэлж байгаа юм шүү дээ. Модоо огтлоод огтлосон модоороо цаас хийгээд цаасан дээрээ “Модоо хайрлъя!” гэж бичээд, бичсэн цаасаа хог болгож хөрсөн дээр хаях биш, жинхэнэ утгаараа тогтвортой хөгжих цаг иржээ. Бүтээх ажил дундрахгүй их байхад, бидний хүсэл зориг унтрахгүй оргилох болно.

“Тогтвортой хөгжил гэдэг нь ирээдүй хойч үеийнхний хэрэгцээгээ хангах боломжийг алдагдуулахгүйгээр өнөөдрийнхөө хэрэгцээг хангахыг хэлнэ”. (Бидний хамтын ирээдүй, Хүрээлэн буй орчин ба Хөгжлийн даян дэлхийн комиссийн тайлан, 1987 он)

#Essay, #EducationForSustainableDevelopment