Жүжигчин Г.Лхагвацэрэн буюу Жижгээ: БИ ХАМГИЙН САЙН ХАМТРАГЧАА ОЛСОН


Г.Сэргэлэнбаатар | YOLO.MN
2018-08-19

YOLOМанай залуучууд таныг кино, теле цувралаар бүтээсэн дүрүүдээр тань сайн танина. Харин яг амьдрал дээрээ та хэн бэ?

-Намайг Ганбаярын Лхагвацэрэн гэдэг. Багануур дүүргийн 10 жилийг төгссөн. СУИС-д жүжигчний мэргэжлээр элсэн орж, удалгүй хувийн шалтгаанаар КУДС руу шилжин суралцаж, жүжигчин мэргэжлийг эзэмшин төгссөн. 2009 оноос хойш “Маск” продакшинд жүжигчнээр ажиллаж байгаа. Хамтлагийнхаа тоглолт, уран бүтээлүүдэд оролцохын зэрэгцээ кинонд тоглох, телевизийн цуврал контент хийх, шоу тоглолтуудад оролцох зэргээр тун завгүй байдаг залуу уран бүтээлч. Эхнэр, хүүхдийн хамт амьдардаг, тэднийгээ мөн аз жаргалтай байлгах гэж зүтгэдэг жирийн л нэг залуу.

YOLOТаныг урлагийнхан Жижгээ л гэх юм билээ. Яагаад ийм хочтой болчихсон юм бэ?

-Энэ их сонин түүх л дээ. СУИС-д анх элсэж ороход л ангидаа царай зүс, бие хаагаараа хамгийн жижиг нь байлаа. Хотын залуучууд гэдэг чинь их овортой, өндөр биерхүү, сахал үсээ ургуулчихсан залуучууд байдаг байсан. Би бол хөдөөнөөс дөнгөж орж ирсэн, тэдний үнэлэмжээр жоохон хүүхэд шиг л байсан байх. Тэгээд л “Жоохон оо”, “Жижиг ээ” гээд л янз бүрээр дууддаг байсан. Нэг өдөр манай ангийнхан бөөнөөрөө ярьж байгаад  “За за, Жижгээ гээд л дуудъя” гээд тэр өдрөөс хойш Жижгээ гэдэг болсон доо.

YOLOАнх Цогтоо ахтай яаж танилцсан бэ? Хамтарч уран бүтээл хийх санааг хэн гаргасан бэ?

-Анх Цогтбаяртай КУДС дээр танилцаж байсан. Анх шилжиж ирэхэд манай доод курсын хоёр залуу ирээд “Сайн байна уу, ах аа” гээд л мэндэлсэн нь одоо жүжигчин Одбаяр буюу “Маш нууц” киноны гол дүр Түвдэн, нөгөөх нь манай Цогтоо байсан. Тэгээд л тэр үеэс хойш хамтарч, тэмцээн уралдаанд оролцоод, аливаа юмыг хамтарч хийдэг, санал нийлдэг “халуун ах дүүс” болцгоосон доо. Олон нийтийн үзэх дуртай “+17” төсөл бол Цогтоо бид хоёрын санаачилж, амжилтанд хүрсэн анхны ажил. Анх “Orange entertainment” бид хоёрт “Stand up” комеди төрлөөр уран бүтээл хийх санал тавьж байлаа. Харин бид хоёр “Арай өөр зүйл хиймээр байна” гээд 17 болон түүнээс дээш насныханд зориулсан дэлгэцийн цуврал контент хиймээр байна гэдэг санал дэвшүүлсэн. Яагаад гэвэл ийм контент АНУ, ОХУ, Япон, Солонгос гэх мэт улсуудад байдаг юм байна. Тийм болохоор Монголд анхдагчаар нь бид гаргаж ирье гэсэн.

YOLOӨмнө нь “+17” цувралуудад “Насанд хүрэгчдэд” гэсэн тодруулга, анхааруулга их байдаг байсан. Харин энэ удаагийн “Bad angel бүрэн хэмжээний уран сайхны киног “Бүх насныханд зориулав” гэсэн байсан. Удахгүй нээлтээ хийх энэхүү киноныхоо талаар бидэнд танилцуулаач.

-“Bad angel” уран сайхны кино нь Цогтоо бид хоёрын эхлүүлсэн “+17” цуврал контентын хувьд энэ жилийн хамгийн жинтэй, эцсийн бүтээгдэхүүн гэж хэлж болно. Цувралыг хийж байхдаа бидэнд бүрэн хэмжээний кино хийх санаа төрсөн. Тэгээд зорилгоо хэрэгжүүлэн төсөл болгосон. Бид “+17” цувралдаа 17 болон түүнээс дээш насныханд хэмээн хязгаар тогтоож байсан. Харин бүрэн хэмжээний “Bad angel” кинондоо насны хязгаар тавиагүй. Бүх насныханд нээлттэй гэсэн үг. Тийм учраас өмнө нь цувралд хэлэгддэг байсан ёс бус үг, үйлдэл илүү танагдсан гэж хэлж болно. Илүү зохиолтой уран сайхны бүтээл болсон. Сайн, муу сахиусан тэнгэрүүдийн харилцаа, зөрчилдөөний талаарх сонирхолтой кино болсон. 

YOLOМэдээж жүжигчин хүн бүтээсэн дүр, тоглосон кинондоо бүгдэд нь хайртай байх. Таны хамгийн анхны уран бүтээл, хамгийн хайртай дүр тань юу вэ?

-Тэгэлгүй яахав, бүх дүрдээ хайртай. Хамгийн анхны уран бүтээл бол 10 жилийн сурагч байхдаа “Хотын охид” гээд уран сайхны кинонд хамгийн анх удаа проб хийж, тоглож байсан. Гэхдээ тэр үед тэр кино ч сураггүй, би ч сураггүй байлаа. Харин жүжигчин мэргэжил эзэмшээд тоглосон хамгийн анхны кино бол “Маск” продакшины “Хайр харуусал” уран сайхны кинонд туслах дүр бүтээж байлаа. Хамгийн хайртай, хамгийн анх удаа хүмүүст танигдаж, хүрсэн дүр бол “Fantastic” продакшины “Маш нууц” уран сайхны киноны Цэрэн хэмээх залуугийн дүр байсан. Өөрийнхөө нэрээр тоглосон, тэгээд ээжийн нэгэн хайртай хүүгийн дүр байсан болохоор маш гоё санагдаж байсан. Ер нь л эрэгтэй хүүхдүүд чинь ээжийн л хүүхдүүд байдаг шүү дээ.

YOLO“Fantastic продакшинтай хэзээнээс хойш хамтарч ажиллаж байгаа вэ?

-Хамгийн анх “Аз жаргалын шок” уран сайхны кино хийх үеэс нь хамтарч эхэлсэн. Өмнө нь “Fantastic” продакшины ах нар маань манай дээд курсынхэн байсан. Тэр цагаас хойш ах дүүгийн харьцаатай болоод төгсөж гараад дэлгэцийн уран бүтээл хийх үеэс хойш хамтарч эхэлсэн.

YOLOТаны хувьд амжилттай хамтрагч байхын гол зарчим юу вэ?

-Ганцаараа хол явна гэдэг бол бүтэхгүй зүйл. Хамтрагч гэдэг зүйл бол маш чухал. Ялангуяа, урлагийнхан бидний хувьд хамтрагчаа зөв олж нөхөрлөх, хоорондоо хэл амаа ололцдог, санал нийлдэг байх хэрэгтэй. Миний хувьд хамгийн сайн хамтрагчаа олсон. Цогтоо бол надаас насаар дүү, ахаа гэж намайг хүндэлдэг, би ч дүүгээ гэж хүндлэн, итгэдэг.

Манай жүжигчид гадаадын алдартай жүжигчдээс авьяас билэг, авхаалж самбаагаараа дутахгүй. Ганцхан хэлний л бэрхшээлтэй тулгардаг. Тийм учраас дүү нар минь хэлээ сайн сур, хичээ л гэж хэлмээр байна.

Г.Лхагвацэрэн

YOLOБид хүүхэд залуустаа мэргэжлээ зөв сонгоход туслах үүднээс мэргэжил сонголтын талаарх мэдээлэлд ач холбогдол өгдөг. Тэгвэл та жүжигчин хэмээх мэргэжлийг сонгосон дүү нартаа юу гэж захиж зөвлөх вэ?

-Би анх жүжигчин болох гэж хичээж байхдаа яг яаж, юу бэлдэхээ мэдэхгүй, мэдээлэл багатай байсан. Аливаа зүйлийн цагийг тулгаж бэлддэг нэг дутагдал надад байдаг юм. Жишээ нь, би жүжигчин болно гэж бодсон бол жилийн өмнөөс бэлдэж эхлэх боломжтой байхад анзааргагүй явсаар конкурсын өмнөхөн бэлдэж эхэлсэн. Тухайн үед аз нь түшсэн юм болов уу, тэнцсэн. Түүнээс биш хүүхдүүд 1,2,3 түүнээс дээш жилээр бэлдэж байж ордог юм байна лээ. Тэгээд яг жүжигчний мэргэжлийг сонгосон бол бүүр хэдэн жилийн өмнөөс дуу, шүлэг, монолог, этюд гэх мэт олон зүйлсийг бэлдэх хэрэгтэй. Мөн дээрээс нь миний дүү нар жүжигчин болно гэж бодсон бол англи, орос хэл гэх мэт хэлүүдийг маш сайн сурах хэрэгтэй. Би жүжигчин болно гэж хий дэмий цээжээ дэлдэж явсанаас биш энэ хичээлүүдийг судлах ёстой шүү гэдгээ мэдээгүй явсан. Одоо ганц харамсаж байгаа зүйл нь би хэл сурч байхгүй яав аа л гэж бодож байна даа. Манай жүжигчид гадаадын алдартай жүжигчдээс авьяас билэг, авхаалж самбаагаараа дутахгүй. Ганцхан хэлний л бэрхшээлтэй тулгардаг. Тийм учраас дүү нар минь хэлээ сайн сур, хичээ л гэж хэлмээр байна.

YOLO“+17” цувралаа гадаадын зах зээлд гаргах болон гадаадад зураг авалтаа хийх зорилго байгаа юу?

-Байгаа. “+17” цувралыг Казакстан, Өвөр Монгол залуучууд их үзэж байна.  We chat ашиглан “Амжилт хүсье”, “Үргэлж үздэг шүү” гэх мэт маш их сэтгэгдлүүд ирдэг. Тийм болохоор бид хоёр хийж буй контентуудаа олон улсад гаргах, урлагийн гадаад зах зээлд хүчээ үзэх зорилго байгаа. Зорилгоо биелүүлэхийн тулд хамгийн эхэнд хэл сайн сурах хэрэгтэй.

YOLOХэдий дэлгэцэн дээрээ хоёр л хүн гарч байгаа боловч ард нь хичнээн хүний хүч хөдөлмөр шингэсэн байдгийг харин төдий л анхаардаггүй. Танай төсөл дээр ер нь хичнээн хүнтэй баг ажилладаг юм бэ? Мөн үг хэллэгийг шүүмжлэхээс эхлээд сөрөг сэтгэгдэл их ирдэг байх.

-Тийм шүү. Яг байнгын оролцоотой бүрэлдэхүүн гэвэл 30 гаруй хүн байдаг, харин бидэнд тусалж дэмждэг хүмүүс гэвэл 100 давсан. Манайхан кино үзэхдээ хамгийн сүүлд дэлгэцэнд гардаг кино группын гишүүдийн нэрийг харахгүй гараад явчихдаг. Гэтэл тэр нэрс хэр урт урсана, төдий чинээ их хүмүүсийн хүч хөдөлмөр харагдаж байдаг. Харин “Хүүхдүүдэд буруу зүйл үзүүлдэг” гэх сэтгэгдлийн хувьд бид анхааруулга хангалттай их хийдэг, 17 болон түүнээс дээш насныханд гэсэн байтал өөрсдөө хүүхдэдээ утсаа өгчихөөд юу үзэж байна гэдгийг огт сонирхдоггүй, анхаарал тавьдаггүй. Тэгэхээр эцэг эхчүүд маань хүүхэддээ илүү анхаарал тавих хэрэгтэй.

YOLO“Bad angel кино хэдий хугацаанд бүтэв ээ?

-Энэ киноны зохиолыг нь МУИС-ын математикийн багш Анхбаяр гэдэг залуу бичсэн. Ер нь “+17” цувралын зохиолыг ч мөн тэр бичдэг.  Анхбаяр маань дөрөвдүгээр сард зохиолоо бэлэн болгож бидэнд өгсөн. Түүнээс хойш бид шаргуу ажиллаж, зураг авалтаа хийсэн. Бидний шинэ бүтээл наймдугаар сарын 23-нд кино театруудаар нээлтээ хийнэ. Та бүхнийгээ өргөнөөр хүрэлцэн ирж, залуу уран бүтээлч бидний нэгэн шинэ санааг хуваалцаж, сонирхоорой хэмээн урьж байна.

YOLO: Ярилцсанд баярлалаа.

#Comedy