Ойролцоогоор хагас зуун жилийн өмнө шатахуун хэрэглэдэг автомашины хор хөнөөлийн тухай анхлан хэлэлцэн, ярилцаж эхэлсэн билээ. Түүний хөдөлгүүрээс ялгардаг хорт утааны найрлагад ихээр агуулагдах нүүрсхүчлийн хий нь хүмүүсийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөөд зогсохгүй озоны давхарга цоорч, дэлхийн дулаарал явагдах томоохон шалтгаануудын нэгд тооцогддог. Мөн үүгээр ч зогсохгүй газрын тос, нефть олборлохын тулд олон сая хүний аминд хүрсэн дайн дажинг ч хүн төрөлхтөн хэдийнэ өдөөгөөд буй билээ.
Харин цахилгаанаар ажилладаг автомашин бүтээснээс хойш түүнээс багагүй хугацаа өнгөрсөн ажээ. Монголчуудын хэрэглээнд хараахан түгээмэл нэвтэрч амжаагүй учраас бидэнд энэхүү технологийн тухай баттай мэдэх зүйл тийм ч хангалттай биш болов уу? Дээр дурьдсан сөрөг үр дагавруудыг зогсоож чадах хамгийн боломжит шийдлүүдийн нэгд тооцогдож буй цахилгаан хөдөлгүүрт автомашины тухай энгийн мэдэгдэхүүнийг уншигчиддаа хүргэе.
Цахилгаан хөдөлгүүрт автомашиныг хараахан хэрэглээнд нэвтрээгүй, төсөл-онолын төвшинд хэвээр буй хэмээн боддог хүн цөөнгүй. Гэтэл энэхүү технологийн үүсэл тэртээ 1828 оноос эхтэй ажээ. Өөрөөр хэлбэл тус онд Унгарын зохион бүтээгч Аниос Еэдлик хамгийн анхны цахилгаан хөдөлгүүрийн загварыг гаргасан байна. Тэр цагаас хойш цахилгаан хөдөлгүүрт машиныг практик амьдралд нэвтрүүлэх туршилт судалгаа олноор хийгдэх болж, улайсдаг гэрлийг зохион бүтээсэн нэрт эрдэмтэн Томас Эдисон хүртэл өөрийн цахилгаан хөдөлгүүрийг туршиж байсан түүхтэй ажээ.
2004 онд “Тесла Моторс” компани байгуулагдаж, анхны худалдаанд гарч хэрэглээнд нэвтэрсэн цахилгаан хөдөлгүүрт автомашиныг үйлдвэрлэж эхэлсэн. Тэдний анхны загвар “The Roadster” автомашин Литийн ион бүхий зай хураагууртай агаад, нэг удаагийн бүрэн цэнэглэлтээр 320 км замыг туулж чаддаг байна. 2012 оны байдлаар “Тесла Моторс” компани уг загвараа дэлхийн 30 гаруй оронд 2450 хувь борлуулжээ. 2011 онд тус компани АНУ-д анхны загвараа худалдаалахаа зогсоосон ба удаах жилд “Model S” хэмээх шинэ загварын автомашинаа худалдаанд гаргасан. Түүний дараачийн загвар 2015 онд “Tesla Model X” гэх нэртэйгээр гарч байжээ.
Өнөөдрийг хүртэл зөвхөн “Тесла Моторс” компани ч биш “Хонда”, “Мицубиши”, “Тоёота”, “Хюндай”, “Фолксваген” зэрэг олон автомашин үйлдвэрлэгч компаниуд нийт 35 орчим загварыг амжилттай туршиж, худалдаанд нэвтрүүлсэн.
“Зэнит Моторс” компаний зохион бүтээгч Кристин Смит, “Хэрвээ та 300 мянган миль зам туулвал өнөөдрийн ханшаар 97 мянган америк доллартай тэнцэхүйц шатахуун зарцуулна. Дээрээс нь хаашаа л харна бензин түгээгүүрийн станцууд. Энэ бол хүн төрөлхтний эгнэгт ардаа орхих болсон технологи” хэмээн хэлжээ. Үнэхээр шатахууны үнийн асуудал эдийн засаг болон улстөрийн нөхцөл байдлаас ихээхэн хамаардаг учраас багагүй хүндрэл учруулдаг билээ.
Цахилгаан хөдөлгүүрт автомашины энгийн давуу талуудыг дурьдвал:
Мөн нэг удаагийн цэнэглэлтээр хангалттай хол зам туулдаггүй (дунджаар 160 км), цахилгаанаар ажилладаг моторын хэмжээ хамаагүй том (дундаж жин 450 кг) гэх мэт сул талууд ч бий.
2017 онд Монгол улсад анх удаа цахилгаан хөдөлгүүрт автомашиныг борлуулж эхэлсэн байна. “Nissan Leaf” загварын уг машиныг “Эко Кар Центр” ХХК-ын шалгалт, туршилтын үр дүнд оруулж ирэх шийдвэр гарч байжээ. Энэхүү автомашин нь “Toyota Prius” маркийн автомашинтай дүйцэхүйц үнэтэй бөгөөд гэрийн нөхцөлд 220 вольтод залган 3-4 цаг цэнэглэж, 110 км замыг туулдаг ажээ.
Дэлхийд цахилгаан хөдөлгүүрт автомашины худалдан авалт жил ирэх тусам өсч байна. Эх дэлхийнхээ аюулгүй байдал, мөн өөрсдийн болоод бусдын эрүүл мэндийн төлөө санаа зовнидог хүмүүсийн амьдралдаа гаргадаг өөрчлөлтүүдийн нэгд цахилгаан хөдөлгүүрт автомашин зүй ёсоор тооцогдож байна. Магадгүй 100 жилийн дараа шатахуун ашигладаг автомашин хэрэглээнээс хасагдах ч юм бил үү? Ямартай ч, мэдлэг мэдээлэлтэй байх нь эн тэргүүний чухал асуудал билээ.
Эх сурвалж: Wikipedia.com, Autowise.com, Alintaenergy.com.au, ikon.mn
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх