БҮТ-ийн мэргэжилтэн зөвлөж байна
1. Шалгуулагч нь шалгалтын байранд шалгалт эхлэхээс 1 цагийн өмнө очих бөгөөд тухайн өдөр дараах бичиг баримтыг бүрдүүлж ирсэн байна. Үүнд:
Иргэний үнэмлэх авах насанд хүрээгүй буюу 2016 оны 6 дугаар сарын 01-нээс хойш 16 насанд хүрэх шалгуулагчид сурч буй сургуулийн захирлын тодорхойлолт /зурагтай/ төрсний гэрчилгээний хамт авчирч шалгалтад орно.
2016 онд ЕБС төгсөж буй шалгуулагчид бүртгэлийн хуудсан дээрээ өөрийн сургуулийн захирлаар гарын үсэг зуруулж баталгаажуулсан байна. Харин өмнөх онд төгссөн хөдөө орон нутагт шалгалт өгөх шалгуулагчид тухайн орон нутгийнхаа Боловсролын газрын БҮТ-ийн ЭЕШ хариуцсан мэргэжилтнээр, Улаанбаатар хотод шалгалт өгөх шалгуулагчид Боловсролын үнэлгээний төвийн мэргэжилтнээр гарын үсэг зуруулж тамга дарж баталгаажуулсан байна.
Суудлын хуваарийг шалгуулагч бүр өөрсдийн бүртгэлийн дугаар, нууц үгээр нэвтрэн www.eec.mn сайтын ШАЛБУУЛАГЧИЙН БУЛАН-гаар дамжуулан хэвлэн авна.
2. Та бүхэн ширээн дээр буй гэрээний хуудастай танилцаад гарын үсгээ зураарай.
Хэрэв таны бүртгэлд оруулсан хувийн мэдээлэлтэй холбоотой зөрүү гарсан тохиолдолд та зааланд буй хянагч багшид яаралтай мэдэгдэж протоколд тэмдэглүүлээрэй.
3. Шалгалтын цаг эхэлснээс хойш заавал өгөх монгол хэлний шалгалт, математик, хими, физикийн хичээлийн шалгалтыг 100 минутад, англи хэл, орос хэл, монгол улсын түүх, нийгмийн тухай мэдлэг, газар зүй, биологийн хичээлийн шалгалтыг 80 минутад багтааж даалгавраа гүйцэтгэн хариултын хуудсыг бөглөнө.
4. Шалгалтын дэвтэр болон хариултын хуудсан дээрх хувилбараа тулган шалгуулагч бүр өөрийн гараар гэрээний хуудасны хувилбар бичих зайд гаргацтай, үнэн зөв, тод бичээрэй.
5. Хариултын хуудсыг балын харандаагаар бөглөнө. Зөвхөн хариултын хуудсан дээр бөглөсөн байдлаар шалгалтын үнэлгээг өгөх учраас нямбай ажиллаарай. Хэрэв та хариултын хуудсан дээр зааснаас өөр ямар нэгэн тэмдэглэгээ хийх, нэг мөрөнд давхар тэмдэглэгээ хийсэн тохиолдолд тухайн даалгаврын хариулт хүчингүй болно.
6. Шалгалтын анги танхимд цүнх, гар утас, тооны машин, томьёоны хураангуй, таблиц, ном дэвтэр, ноорог цаас зэрэг бусдад саад болох зүйл авч орохыг хориглоно. Хэрэв хоорондоо ярих, эргэж харах, дохио зангаа хэрэглэх зэрэг үйлдэл гаргаж бусдад саад учруулсан тохиолдолд таныг тухайн анги танхимаас гаргах болно гэдгийг анхаараарай.
7. Шалгалт эхлэх хонх дуугарснаас хойш шалгуулагчид хянагч багшаас шалгалтын сэдэвтэй холбоотой ямарваа нэгэн асуулт асууж, тайлбар авахгүй болно.
8. Шалгалтын сэдэв тарааснаас хойш шалгалтын анги танхимд хүн орж гарч болохгүй. Биеийн эрүүл мэндийн байдлаас болон бусад шалтгаанаар шалгалтын танхимаас гарсан шалгуулагчийн гарах хүртэл хийсэн ажлыг дүгнэн зохих оноог өгнө.
9. Шалгалтын хугацаа дуусахад та тарааж өгсөн хос баганан кодыг дундуур таслан нэгийг нь хариултын хуудасны БАГАНАН КОД НААХ ХЭСЭГ, нөгөө хэсгийг ГЭРЭЭНИЙ ХУУДАСНЫ БАГАНАН КОД наах хэсэгт наана.
10 Шалгуулагчид шалгалтын заалаас битүүмжилсэн материалыг хүлээлгэн өгөхөөр хянагч багш, шалгуулагчийн төлөөлөгчид явсны дараа анги танхимаас гарч болно.
Эх сурвалж: Боловсролын Үнэлгээний Төв
Та бүхэн "ЭЕШ-2016"-ын мэдээ мэдээллийг манай #ЭЕШ цэснээс аваарай.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх