Токиогийн Анагаахын их сургууль элсэлтийн шалгалт өгсөн эмэгтэй оюутнуудын дүнг санаатайгаар бууруулан тавьдаг байсан нь илэрчээ. Энэ нь эмэгтэй оюутнууд гэр бүлтэй болоод нэг бол мэргэжлээрээ ажиллахаа больдог, эсвэл хүүхэд төрүүлж урт хугацааны чөлөө авдаг зэрэгтэй холбоотой хэмээн тайлбарлаж байна.
The Yomiuri Shimbun сонинд бичсэнээр Токиогийн Анагаахын их сургууль эмэгтэй оюутнуудынхаа тоог цөөн байлгах үүднээс 2011 оноос хойш элсэлтийн шалгалтынхаа дүнг засварладаг болсон гэнэ. Энэ нь 2010 онд тус сургуулийн элсэлтийн шалгалтанд тэнцсэн оюутнуудын 38 хувь нь эмэгтэйчүүд болсонтой холбоотой хэмээн тус сонинд нэгэн эх сурвалжаас иш татжээ.
Олны анхаарлыг татаад буй энэ хэргийн талаар Японы ЭнЭйчКэй болон Киодо Ньюс зэрэг хэвлэл мэдээллийн агентлагууд тус тус мэдээлжээ. ЭнЭйчКэй сувгаар мэдээлснээр зарим жилүүдэд эмэгтэй оюутнуудын шалгалтын дүнг даруй 10 хувиар бууруулж байсан гэнэ.
Хууль сахиулагчид тус сургуулийн захирал боловсролын салбарт өндөр албан тушаалтай нэгэн эрхмээс авлига авч хүүг нь сургуульдаа элсүүлсэн хэргийг шалгах үеэр энэ явдал ил болжээ. Тус их сургуулийн олон нийттэй харилцах алба энэ хэргийг сайтар шалгахаа мэдэгджээ.
Японы Анагаахын салбар дахь Эмэгтэйчүүдийн холбооны дарга Ёшико Маэда эмэгтэйчүүдийн анагаахын мэргэжил эзэмших эрхийг нь зөрчсөн явдалд ихэд бухимдаж буйгаа илэрхийлэн, “Эмэгтэйчүүд ажлаасаа гарч байгаа явдалд санаа зовохоосоо илүү эмэгтэйчүүд цаашид ч ажлаа үргэлжлүүлэн хийх боломжоор хангаж, орчин нөхцлийг нь бүрдүүлж өгөх хэрэгтэй. Хэт ажилласнаас үүдсэн нас баралтаас сэргийлэхээс гадна эрэгтэй эмэгтэй ялгаагүй бүгд хамгийн сайнаараа ажиллах тийм орчныг бүрдүүлж, ажлын тогтсон хэв маягаа өөрчилмөөр байна” хэмээн фэйсбүүк хуудаснаа бичжээ.
Японд их сургуулиа төгссөн эмэгтэйчүүд эрэгтэйчүүдээсээ доод албан тушаалд, бага цалинтай ажиллах нь элбэг. Олон цагаар ажиллах, ажлын цагаар хүүхдийг нь харж өгөх хүн байдаггүйгээс япон эмэгтэйчүүд ажлаасаа гарах нь элбэг аж. Төрөлтийн тоо бага байдгаас болж ажлын байрууд тэр дундаа эмнэлгүүд ажиллах хүчний дутагдалд оржээ.
Энэ жил Японы эрүүл мэнд, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам эмнэлгийн байгууллагуудыг ажлын цагаа илүү уян хатан болгох, эмэгтэй эмч нарыг дэмжих, ялангуяа хүүхэд асрах чөлөөнөөс орж ирсэн эмч нарыг ажил болон гэр бүлээ тэнцвэртэй авч хаях боломжоор хангахыг даалгажээ.
Японы нийт ажлын хүчний 40 гаруй хувийг эмэгтэйчүүд эзэлдэг ч эмчлэх эрхийн шалгалтанд тэнцсэн эмэгтэй эмч нарын эзлэх хувь сүүлийн 20 жил 30 хувиас дээшлээгүй аж.
Японы Боловсролын сайд Ёшимаса Хаяаши, “Эмэгтэйчүүдийн шалгалтын дүнг шударга бусаар засварласан нь байж боломгүй явдал” хэмээн онцолжээ.
Японд Анагаахын их сургуулиа төгссөн оюутнууд ихэнхдээ сургуулийнхаа түшиц эмнэлэгт ажиллан үлддэг аж. The Yomiuri Shimbun сонинд бичсэнээр Токиогийн Анагаахын их сургууль шалгалтын дүнг засварласнаараа нэг ангид суралцах оюутнуудын 30 орчим хувийг л эмэгтэй оюутнууд эзлэхээр зохицуулдаг байжээ.
Ассошиэйтед Пресс агентлагийн мэдээлж байгаагаар 2009 онд Токиогийн Анагаахын их сургуулийн элсэлтийн шалгалтанд тэнцсэн оюутнуудын 24 хувь нь эмэгтэй оюутнууд байсан бол 2010 онд 38 хувь болтлоо өсчээ. Харин үүнээс хойш энэ тоо тогтмол буурч байсан ба энэ жил 18 хувь болтлоо буурсан байжээ.
Эх сурвалж: The Guardian
Сэтгүүлч С.Заяа
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх