Энэ наадмын МОНГОЛ гоёл


М.Тэнгис | YOLO.MN
2018-07-10

Бидний жил бүр хүсэн хүлээж өргөн дэлгэр тэмдэглэдэг, хүчит бөхөө барилдуулан, хурдан шандсаа сойн, мэргэн сураа харвах Монгол наадам айсуй. Залуус бидний гоёх үндэсний хувцасны хэв загвар ч бас жил жилийн наадмын өнгө төрхийг даган хувьсан өөрчлөгдөж, донж маяг нь сайжирсаар байна. Тийм ч учраас энэ жилийн үндэсний их баяр наадамд зориулсан гурван үндэсний хувцасны коллекцийн шинэлэг загваруудаас танилцуулахаар бэлтгэлээ.

URBAN JEANS – ХҮРЭЭ наадмын коллекци 2018

Үндэсний брендийн жийнсэн өмд үйлдвэрлэдэг Urban Jeans-ийн хамт олноос энэ жилийн наадамд зориулан Хүрээ нэрт шинэ коллекцио гаргаад багагүй хугацаа өнгөрчээ. Уг коллекцийн онцлог нь өдгөө дэлхийд тренд болоод буй дан бөгөөд олон өнгийн босоо судалтай, Монгол үндэсний үүлэн хээг уялдуулан, шинэлэг төдийгүй үндэсний шинж чанарыг хадгалсан загваруудыг гаргасанд оршиж байгаа гэнэ. Энэ шийдэл нь Монгол бүсгүйчүүдийг өндөр, гуалиг харагдуулахаас гадна дэгжин донж маяг нэмнэ гэдэгт итгэлтэй байгаагаа тэд цахим хуудсаараа дамжуулан илэрхийлжээ. Тус коллекцид багтсан загваруудад нийтлэг шингэсэн нэгэн үзэл санаа нь Монгол орныхоо үзэсгэлэнт байгалийн сайхныг хэрэглэгчиддээ мэдрүүлэх үүднээс говь, хангайн нутгийн гайхалтай зураглалуудыг дан өнгөний шийдлээр тусгасан явдал ажээ.

TUMEN TORGO – БИ МОНГОЛ ХҮН коллекци

Түмэн Торго үндэсний хувцас үйлдвэрлэгч брендээс 2018 оны үндэсний их баяр наадамд зориулан Би Монгол хүн коллекцоо гаргажээ. Тэд зуны улиралд өмсөхөд тохируулан тааран торго, даавуу материалыг ашигласан байна. Мөн орчин үеийн барууны хувцасны хэв маягийг Монгол үндэсний хувцастай уялдуулсан ба сүүлийн үед тренд болоод буй завсрын болон хар, цагаан өнгөнүүдийг тусгажээ. Тус коллекцид гоёмсог хээ угалз бүхий, каллиграф бичлэг хэвлэсэн, эрч хүчтэй, илүү залуу хэв маягтай монгол цамцнууд багтжээ.

SILK CAPITAL – Наадмын шинэ загварууд

Silk Capital үндэсний хувцасны салон нь Монгол үндэсний шинжтэй баяр наадам бүрийг тохиолдуулан шинэлэг загвараа танилцуулж, хямдрал зарладаг онцлогтой. Энэ жилийн наадмыг тохиолдуулан бүсгүйчүүдэд зориулсан шинэ загваруудаа ч мөн гаргасан байна. Бусад коллекцуудаас ялгарах онцлог нь илүү үндэсний хэв маягаа дагнан хадгалсанд орших бөгөөд, төдийлөн харагдаад байдаггүй алтан шаргал эсхүл мөнгөлөг саарал өнгийн гялалзсан эмжээрээр эмжсэн, тод өнгийн торгоор урласан гоёмсог дээлнүүд багтжээ.

#fasion, #naadam