Хойшлуулалгүйгээр, хүлээлгүйгээр ЦУСНЫ ДОНОР болоорой


YOLO.mn | YOLO.MN
2018-08-02

Цусны донор. Энэ хүн ямар ач буянтай хүн гэдгийг та мэдэх үү. Тэдний бэлэглэсэн цус хэнд, ямар үнэ цэнэтэй вэ гэдгийг хүмүүс тэр бүр мэдэхгүй...

Тоо баримт дурдвал 2017 онд улсын хэмжээнд нийт 80 мянга орчим хүнд цус, цусан бүтээгдэхүүн сэлбэжээ. Үүний дийлэнх нь мэс засал, эрчимт эмчилгээ, төрөхийн хүндрэл, осол гэмтэл, хүүхдийн өвчлөлийн тохиолдлууд байжээ.

Жил ирэх тусам цус, цусан бүтээгдэхүүний хэрэгцээ өсөн нэмэгдсээр байна. Тиймээс ч энэ хэрэгцээг хангахын тулд сайн дурын, авлагагүй цусны донорын эгнээг өргөжүүлэх шаардлагатай байгаа юм.

Цусны доноруудын ачаар эрүүл мэнд, амь насаа авруулсан иргэд ийн ярьж байна. Хэрвээ энэ олон хүнд шаардлагатай цус цусан бүтээгдэхүүн байгаагүй бол тэдний амь нас төдийгүй үр хүүхэд, гэр бүлийнх нь хувьд ямар гарз тохиохыг тааварлашгүй.

Цус сэлбүүлсэн хүмүүс өөрт нь хэн гэдэг хүн цусаа бэлэглэснийг мэдэх боломжгүй байдаг. Тиймээс талархсан сэтгэгдлээ илэрхийлэхийг хүссэн тэдний үгийг бид дайж байна. 

Ч.Саранчимэг: ХҮНИЙ АМЬ АВРАХАД АЛТАН ГАРТ ЭМЧ НАРААС ГАДНА САЙХАН СЭТГЭЛТ ЦУСНЫ ДОНОРУУД МАШ ЧУХАЛ

Нийгмийн ухааны багш Ч.Саранчимэг хоёр жилийн өмнө Улсын нэгдүгээр төв эмнэлэгт элэг шилжүүлэн суулгах мэс засалд оржээ.

Түүний мэс заслыг Анагаахын шинжлэх ухааны доктор, профессор, Монгол Улсын хүний гавьяат эмч О.Сэргэлэнгээр ахлуулсан баг хийсэн байна. Манай улсад өнөөдрийг хүртэл 52 /сурв: 2018 оны зургаадугаар сарын 7-ны байдлаар/ хүнд элэг шилжүүлэн суулгах мэс засал хийснээс хамгийн их цус цусан бүтээгдэхүүн хэрэглэсэн тохиолдол нь түүнийх аж.

Эрдэнэт хүний амийг аврахад алтан гарт эмч нараас гадна сайхан сэтгэлт цусны донорууд маш чухал

Ч.Саранчимэгийн элэг шилжүүлэн суулгах мэс заслын үеэр 84 литр цус, цусан бүтээгдэхүүн хэрэглэжээ. Тэрбээр энэ талаар ярихдаа, “2000 онд В вирүстэй болж, шарласан. Эмнэлэгт тогтмол хяналтад байсан хэдий ч хүндэрч элэгний хатуурал болсны улмаас элэг шилжүүлэн суулгахаас өөр аргагүй болсон байна. 2016 оны нэгдүгээр сард элэг шилжүүлэн суулгах хагалгаа хийлгэж, амжилттай болсон. Жилийн дараа ажилдаа ороод одоо ажлаа хийгээд явж байна. 

Хагалгаанд орохоос өмнө цусны донорын талаар мэдээлэл хомс байсан. В, С вирүсгүй, эрүүл саруул хүн цусны донор болж болох юм байна гэдгээс цаашгүй байлаа. Харин хагалгаанд орсныхоо дараа цусны донор гэж ямар чухал хүн байдгийг мэдэж авсан. Эрдэнэт хүний амийг аврахад алтан гарт эмч нараас гадна сайхан сэтгэлт цусны донорууд маш чухал. Тиймээс цусны донор болж хүмүүст амьдрал бэлэглээрэй гэж уриалмаар байна” гэсэн юм.

Э.Нямжаргал: ХОЙШЛУУЛАЛГҮЙГЭЭР, ХҮЛЭЭЛГҮЙГЭЭР ДОНОР БОЛООРОЙ

23 настай залуухан ээж мөн л цусны доноруудын ач тусыг өөрийн биеэр мэдэрсэн. 2017 оны дөрөвдүгээр сарын 26-нд хүүгээ төрүүлсэн бөгөөд төрсний дараа цус алдсаны улмаас ухаан алджээ. Гурав хоногийн турш босч чадахгүй, арай гэж л хүүгээ хөхүүлж байсан түүнд цус сэлбэснээр тэнхэрсэн байна.

Гурав хоногийн турш босч чадахгүй, арай гэж л хүүгээ хөхүүлж байсан түүнд цус сэлбэснээр тэнхээ орсон

Э.Нямжаргал хэлэхдээ “Цус алдсаны дараа хоол, унд идэж чаддаггүй юм билээ. Ууттай цус гурван ширхгийг сэлбүүлсэн. Цус сэлбүүлээд удаагүй байтал л ходоод хонхолзоод, юм идмээр санагдаад эхэлсэн. Цус сэлбүүлснээс хойш хоёр цагийн дараа гэхэд л сэргээд, босоод ирсэн. Сувилагч маань намайг харчихаад “Өө чи чинь ийм улаа бутарсан царайтай охин байсан юм уу” гэж билээ. Тухайн үед тэнхэлгүйгээс болоод хүүхдээ ч хөхүүлж чадахгүй байсан. Энэ үе л хамгийн хэцүү байлаа. Тэнхэрснийхээ дараа цусны доноруудад маш их баярласан. Миний хувьд цусны донор болохыг хүссэн боловч боломжгүй юм билээ.

Өмнө нь цусны донорын талаар мэддэггүй байсан учраас сургууль дээр “Та донор болоорой” гээд уриалахад нь огт тоодоггүй байлаа. Гэтэл хүний амь авардаг юм байна гэдгийг би өөрийнхөө биеэр туулж мэдсэн. Тиймээс хойшлуулалгүйгээр, хүлээлгүйгээр боломжтой бол цусны донор болоорой гэж хүсмээр байна” гэсэн юм.

Л.Лхагвасүрэн: ТА БҮХНИЙХЭЭ АЧ БУЯНААР ХОРВООГИЙН НАРЫГ ХАРЖ ЯВНА

Улаанбаатар төмөр замын зүтгүүрийн депод 37 жил машинистаар ажиллаад тэтгэвэрт гарсан Л.Лхагвасүрэн 2014 оноос хойш цус сэлбүүлж буй. Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Цусны эмгэг, чөмөг шилжүүлэн суулгах төвд тасралтгүй хяналтад байдаг олон хүний нэг нь тэр. Эхэн үедээ жилд нэг хийлгэдэг байсан бол энэ хугацаа багассаар өнгөрсөн жилээс эхлээд сард гурван удаа цус сэлбүүлэх шаардлагатай болжээ.

Надтай адил олон хүн, тэдний ар гэр цусны доноруудын ач тусаар элэг бүтэн амьдарч байна. Улсаас тэднийг дэмжих зүйлс байдаг бол тэр бүгдийг хүртээж байгаасай гэж хүсдэг.

“Заримдаа тамирдаж, манарсан амьтан л болно. Энэ үед хамгийн хэрэгцээтэй эмчилгээ бол цус сэлбүүлэх байдаг. Хүмүүс намайг их идэвхтэй үзүүлэх юм гэдэг. Үнэндээ бол аргаа бараад л цус сэлбүүлж, тэнхээ авч байгаа нь тэр шүү дээ. Дээр нь бас эм уудаг. Нэг удаад хэдий хэмжээний цус сэлбүүлж байж тэнхээ орох вэ гэдгийг шинжилгээ авч эмч нар тодорхойлдог. Надад ихэвчлэн 250 гр-тай 2 уут цус нэг удаад хийдэг юм. Цусны донор гэж ямар их ачтай, буянтай улс байдгийг өөрийн биеэр мэдэрч байгаа хүн бол би. Таньдаг мэддэг бол эдэндээ баяр хүргэж, “Та нарын буянаар амьд явж байна" гэж талархахыг хүсдэг. Халуун сэтгэлтэй, олон хүмүүст тус хүргэж байгаа эдгээр хүний ач гавьяаг юутай ч зүйрлэмгүй. Түүнээс гадна надад амбулаториор цус сэлбэж өгдөг сувилагч Урнаа, Цусны эмгэг, чөмөг шилжүүлэн суулгах тасгийн Д.Хишигжаргал эмч, сувилагч нартаа баярласан талархсанаа илэрхийлмээр байна. Эднийхээ буянаар амь тээгээд, хүүхдүүддээ харагдаад явж байна.

Хүн амьд яваа хугацаандаа буян хийвэл хойд насандаа бурханы оронд төрнө гэдэг шүү дээ. Залуучууд маань мань шиг ядарсан олон түмэндээ цусаа хандивлаж буян болж байвал эмгэг өвчтэй бидний хувьд үнэхээр талархмаар. Та бүхнийхээ ач буянаар хорвоогийн нарыг харж явна шүү дээ. Надтай адил олон хүн, тэдний ар гэр цусны доноруудын ач тусаар элэг бүтэн амьдарч байна. Улсаас тэднийг дэмжих зүйлс байдаг бол тэр бүгдийг хүртээж байгаасай гэж хүсдэг. Ингэснээр донорын эгнээг тэлэх болов уу гэж бодох юм” хэмээн тэрбээр ярьсан юм.

В.Аля: НЭРИЙГ НЬ Ч МЭДЭХГҮЙ ТЭР ХҮМҮҮСИЙН АЧААР ӨНӨӨДӨР БИ АМЬСГАЛЖ, АМЬДАРЧ БАЙНА

30 настай энэ бүсгүй таван жилийн өмнө сайхан сэтгэлт доноруудын ачаар ус уух хувьтай болсон нэгэн. Түүний хувьд жирэмсний явцад цус алдан таван нэгж цус сэлбүүлжээ. Тэрбээр энэ талаараа,

“Хүний амь гэж өчүүхэн юм билээ. Өнөөдөр эрүүл саруул инээж хөхрөөд явж байхад, маргааш юу ч тохиолдож магадгүй. Төрөхийн хүндрэл, осол, өвчин зовлонгийн улмаас өдөрт хэчнээн хүнд цус хэрэг болж байгаа бол гэж боддог юм. Хэрвээ чадварлаг эмч нар байгаагүй бол, хэрвээ цусны донорууд байгаагүй бол би энд ингээд чамтай яриад суухгүй байсан шүү дээ. Тэр хүмүүсийн ач тусаар өнөөдрийн нарыг харж, аав ээж, хоёр хүү, ханийнхаа хайрыг мэдэрч байгаадаа маш их баяртай байдаг.

30 настай энэ бүсгүй таван жилийн өмнө сайхан сэтгэлт доноруудын ачаар ус уух хувьтай болсон нэгэн

Миний биед таван хүний цус урсаж байгаа гэж би хэлэх дуртай. Нэрийг нь ч мэдэхгүй тэр хүмүүсийн ачаар өнөөдөр би амьсгалж, амьдарч байна. Цусны донор гэж байгаагүй бол маш олон хүн аз жаргалыг мэдэрч амжилгүй хорвоогоос буцах байсан байх.

Санаатай, санамсаргүй таны өгсөн тэр цус нэг хүний амиар зогсохгүй аав, ээж, үр хүүхэд, хань ижлийнх нь амьдралыг аварч байгаа юм. Бид гаднаас нь хараад мэдэхгүй ч, амьдралын сайхныг бэлэглэдэг тэр хүмүүс гудамжаар алхаад л явж байгаа” хэмээн сэтгэгдлээ хуваалцсан.

Цус сэлбүүлж амь нас нь аврагдсан, эрүүл мэнд нь сайжирсан олон мянган хүн бий. Тэд цусны доноруудын ачаар хорвоогийн шинэ өдрийг хайртай хүмүүстэйгээ угтаж байдаг. Нэг хүний амь насны цаана маш олон хүн холбогдож байдаг учраас та цаг алдалгүй цусаа бэлэглэж, бусдын амь насыг аврах тэр “баатар” нь болоорой.

Сэтгүүлч Р.Адъяасүрэн

#BloodDonation