Бид сэтгэл санаа тавгүй үед хамгийн түрүүнд амттан эсвэл өөх тостой шарсан, хуурсан түргэн хоол идэхийг илүүд үздэг. Энэ үед сэтгэл санаа хавьгүй дээрдэж байгаа юм шиг санагддаг боловч бодит байдал дээр стресс, сэтгэл зүй гээд юунд ч сайнаар нөлөөлдөггүй гэнэ шүү.
Дэлхий дахинд нүүрлэсэн цар тахлын улмаас хүмүүсийн стрессийн түвшин нэмэгдэж байгааг олон судалгаагаар тогтоогоод байгаа юм. Jennifer Sadler тэргүүтэй эрдэмтдийн баг цар тахлын үеэр хөл хорионд орсон хүмүүсийн хоол хүнсний сонголт болон үүнтэй холбогдох стресс, сэтгэл зүйн хамаарлыг нарийвчлан судалсан байна.
Өмнөх үеийн судалгаанууд ихэвчлэн хүмүүсийн сонгон хэрэглэж буй хоол хүнс ба тэдгээрийн бие махбодын эрүүл мэндэд үзүүлэх нөлөөг судалдаг байсан бол энэ судалгаа нь хоол хүнс хүний сэтгэцийн эрүүл мэнд, стресс зэрэгт ямар нөлөө үзүүлж байгааг судалснаараа онцлогтой. Тус судалгаагаар цар тахлын үед хүмүүс зайрмаг, пицца, бургер, нарийн боов гэх мэт “амттай” хоол хүнсийг түлхүү хэрэглэдэг болсныг тогтоожээ. Гэсэн хэдий ч эдгээр хүнс нь бидний сэтгэцийн болон биеийн эрүүл мэндэд ямар ч ашиггүй гэдгийг тогтоосон байна.
Хүний гэдэсний микробууд нь сэтгэл хөдлөлийг зохицуулдаг допамин, серотонин дааврыг үүсгэдэг. Тиймээс бидний сэтгэл санааны байдалд хоол хүнс чухал нөлөөтэй гэсэн үг. 2016 оноос эхлэн долоон жилийн турш 12,400 хүний дунд явуулсан судалгаагаар хүнсний ногоо, жимс хэрэглэдэг хүмүүс өөрсдийн амьдралдаа сэтгэл хангалуун, аз жаргалтай байгааг тогтоожээ.
Мөн 2017 онд сэтгэл гутралд орсон 67 хүнийг сонгож туршилт хийсэн бөгөөд тэдгээр хүмүүс бүгд жимс, ногоо голчилсон “газар дундын тэнгисийн хоолны дэглэм” барьсан аж. Ийнхүү туршилт эхэлснээс 12 долоо хоногийн дараа судалгаанд оролцогчдын сэтгэл санааны байдал дээрдэж, гуравны нэг нь сэтгэл гутралаасаа гарсан байжээ. Харин 2019 онд АНУ-ын Анагаах ухааны холбооноос хэвлэн гаргадаг сэтгүүлд “газар дундын тэнгисийн хоолны дэглэм баривал сэтгэл гутралын түвшин буурдаг” гэсэн судалгааны үр дүн гарсан байв. Иймээс бид аз жаргалтай байхын тулд эрүүл хоол хүнс сонгох шаардлагатай гэсэн үг.
Колумбийн Их Сургуулийн сэтгэл мэдрэлийн эмч, профессор Ramsey сэтгэл гутрал, сэтгэл түгших эмгэгтэй хүмүүст туслах зорилгоор “Eat to Beat Depression and Anxiety” нэртэй ном хэвлүүлсэн бөгөөд “Бид өөрсдийн генийг сонгож, ирээдүйд тохиолдох зүйлсийг хянах боломжгүй. Гэхдээ юу идэж, тархиа хэрхэн эрүүл байлгахаа хянах боломжтой юм шүү” гэжээ.
Эх сурвалж: The New York Times
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх