Yolo.mn сайтын редакци нь ямар нэгэн асуудал тулгарсан уншигч хүүхдүүдээс захиа хүлээн авч мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн хариу зөвлөгөөг уламжлан хүргэдэг. Ээлжит захиа болон зөвлөгөөг хүргэж байна.
Асуудал: Харилцаа маань цаашид яах бол гэхээс бага зэрэг айдас төрөөд байна
Сайн байна уу, Миний өмнө нь бичсэн захианд хариу ирүүлсэнд маш их баярлалаа. Би хоёр дахь захиагаа бичиж байна.
Би түрүү жилийн 9-р сараас эхлэн ангийнхаа нэгэн хөвгүүнийг харж явах болсон. Түүнд улам их татагдаад байсан. Тэгээд би сэтгэлээ хэд хэдэн удаа илчилж байсан л даа. Бид өмнө нь үнэхээр сайн найзууд байдаг байсан юм. Гэхдээ заримдаа надтай юм дуугарахгүй үе байдаг, нэг тийм их сонин хүүхэд.
Тэгээд саяхан би түүнтэй өөр нэг сэдвээр ярьж байгаад би “Чиний хувьд би зүгээр найз уу” гэж асуухад тэр “Үгүй ээ, түүнээс ч илүү дотно байх. Чиний миний сэтгэлд маш том орон зай эзэлдэг. Чамаас өөр эмэгтэй найз надад үлээгүй ээ. Хүмүүс намайг гаднаасаа харахад дуугарч ядсан гэдэгч би дотроо маш их юм бодож явдаг хүн” гэдэг байгаа. Тэгээд би зөрүүлээд “Чи надад сайн юм уу” гэтэл “Би өөрөө ч сайн мэдэхгүй байна” гэсэн бүрхэг хариуг хэлсэн.
Тэр ер нь бол охидуудтай нийлдэг ч тэдэнтэй тийм ч сүрхий харилцаа үүсгэдэггүй, нэг үгээр үерхээд байдаггүй гэсэн үг. Гэтэл тэр намайг зөндөө хүлээлгэлээ. Би бодохдоо тэр надад бүх сэтгэл зүрхээ зориулах гээд л ингэж хүлээлгээд сэтгэлээ бэлдээд байдаг юм болов уу гэж боддог. Бид хоёр саяхнаас гайгүй дотно болсон. Тэр маань ирэх 9-р сард урагшаа явж 4 жил сурна. Тэр зундаа ирж уулзаж, орой хичээлээ тараад байнга залгаж байна гэж амласан. Бидний харилцаа бас их дажгүй байгаа ч цаашид хэрхэх бол гэхээс бага зэрэг айдас төрөөд байна. Яах вэ?
Зөвлөгөө: Хайртай эсэхийг нь мэдэх нь харилцаа хэвийн гэсэн үг биш юм
Сайн уу? Юуны өмнө захидал бичсэнд баярлалаа.
Хамгийн эхэнд хэлэх сайхан үг бол чи түүнээс “ҮГҮЙ” гэсэн үг сонсоогүй байна шүү дээ. Энэ бол та хоёрын хоорондын харилцаа энгийн нэг харилцаанаас тэс өөр болохыг баталж буй хэрэг. Харин түүнтэй харилцаахдаа үргэлж надад сайн болов уу, үгүй болов уу гэсэн мэдрэмжтэй байгаад байвал чи өөрчлөлтийг бус “Хүлээх хэрэгтэй гэсэн мэдрэмж”-ийг л мэдрэх болно.
Түүний оронд түүнд зориулан захидал бич эсхүл утсаар ч болов ярьж сэтгэлээ илчил. Ийм үйлдэл хийх нь хожим чи харамсахгүй хэрэг гэдгийг ойлгоорой. Эцэст нь сануулахад, хайртай эсэхийг нь мэдэх нь харилцаа хэвийн гэсэн үг биш шүү. Тиймээс идэвхтэй үйлдэл хий. Хэрэв чи өөртөө итгэлтэй, бүх зүйл сайхан болно гэдэгт итгэлтэй байгаа бол бүх зүйлд боломж байгаа гэсэн үг. Амжилт хүсье
“Сэтгэл Судлалын Үндэсний Төв”-ийн
сэтгэл судлаач Д.Лхамсүрэн
Хэрэв чамд хэн нэгэнтэй ярилцаж чадахгүй, ганцаараа шийдвэрлэхэд бэрхшээлтэй асуудал байгаа бол yolo@mongolcontent.mn хаяг руу кириллээр, дэлгэрэнгүй бичиж цахим шуудан ирүүлснээр бид мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн зөвлөгөөг хүргэж чамд тус болоход хэзээд бэлэн байх болно. Жич: Бид мэдээллийг чандлан хадгалах бөгөөд хариу зөвлөгөөг 7-10 хоногийн дараа хүргэх болно.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх