Э.Эрдэнэмандах рубик шоог хөлөөрөө 30 секундэд эвлүүлж, улсынхаа дээд амжилтыг тогтоожээ


YOLO.mn | YOLO.MN
2018-07-30

Өчигдөр буюу долоодугаар сарын 29-нд БНХАУ-ын Бээжин хотод явагдсан Рубик шооны "Beijing Summer 2018" тэмцээнд нийт 350 тамирчин өрсөлдсөн бөгөөд манай улсыг төлөөлж Монголын Оюун Ухааны Академийн багш Э.Эрдэнэмандах амжилттай оролцон "Хөл"-өөр эвлүүлэх төрөлд 4-р байрт шалгарлаа.

Тэрээр улсын дээд амжилтыг 30 секунд болгон шинэчилснээс гадна дэлхийн чансаанд #30 дугаарт, дундаж үзүүлэлтээрээ (39,05 секунд) дэлхийн чансаанд #40 дүгээрт бичигдэн тус төрөлдөө Монгол Улсын хамгийн өндөр чансаатай тамирчин боллоо.

Хэрвээ бэлтгэл дээрх дундаж үзүүлэлтээ үзүүлж чадсан бол тэрээр энэ тэмцээнд түрүүлэх ч боломжтой байсан юм. Бага зэргийн сандрал орчны нөлөөллөөс болж нэлээд хэдэн алдааг гаргасан ч дараа дараагийн тэмцээндээ илүү их амжилт гаргах боломж байгааг олж харуулсан, өөртөө итгэх итгэлийг нэмэгдүүлсэн сайхан тэмцээн болж өнгөрлөө.

Э.Эрдэнэмандах багш наймдугаар сарын 19-нд Тайваньд болох Азийн аварга шалгаруулах тэмцээнд мөн оролцоно.

Эх сурвалж: Монголын оюун ухааны академи

Сэтгүүлч Э.Оргил

#RubiksCube