Yolo.mn сайтын редакци нь ямар нэгэн асуудал тулгарсан уншигч хүүхдүүдээс захиа хүлээн авч мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн хариу зөвлөгөөг уламжлан хүргэдэг. Ээлжит захиа болон зөвлөгөөг хүргэж байна.
Асуудал: Би өөрийгөө сайн ойлгохгүй байна
15 настай С...
Сайн байна уу? Би одоо 15-тай. Ихэнхдээ ямар ч шалтгаангүй сэтгэлээр унаад хямрах тохиолдол гардаг. Урьд нь их олон найзтай нийтэч хүүхэд байсан. Одоо өөрийгөө огт ойлгохгүй байна. Ганцаараа чимээгүй байхдаа илүү тайван тогтуун байдаг. Гэвч өөрийнхөө энэ байдлаас болоод өөрийгөө найзууд бас нийгмээс хэтэрхий тусгаарлаад байна.
Жилийн өмнө л гэхэд амархан гомддог, сэтгэлийн хөдөлгөөн ихтэй, хүнд сэтгэлээрээ ханддаг охин байсан. Сүүлийн үед найз нарыгаа ямар хүмүүс вэ? надтай юуны тулд дотносож байгааг ойлгож эхэлсэн. Тэд даалгавар, шалгалтан дээр хуулж өндөр оноо авахын тулд нийлдэг. Надаас илүү сайн сурдаг хүүхэд ирэхэд надаас холдож дахиж нийлдэггүй. Надаас ямар нэг туслалцаа авчихаад баярлалаа ч гэж хэлж байгаагүй. Тэгсэн хэрнээ тусалж чадаагүй үед элдвээр хэлж гомдоодог. Миний сэтгэлээр унасан шалтгаан энэ ч байж магадгүй.
Өөдрөг байхыг хүссэн ч чадахгүй нь. Бүх зүйлсийг муу талаас нь л хардаг болж.
Би яахаа мэдэхгүй байна. Туслаач дээ.
Зөвлөгөө: Амьдралын хэв маягаа өөрчил
Чи үргэлж л санаа алдаж, хэмнэлтэй гэхээс илүү гунигтай дуу хөгжим сонсоод байвал тэр чинь зуршил болчихно. Иймд амьдралын хэв маягаа өөрчил. Өнгөрсөн бүх зүйл бол чиний амьдралын өчүүхэн л хэсэг.
Сэтгэл судлаач Д.Лхамсүрэн
Сайн байна уу.
Чиний захидлаас би үргэлж гунигтай байдаг бус ирээдүйд итгэж, итгэл хайсан хүүхэд юм байна гэдгийг олж харлаа. Учир нь чи гарц хайж байна шүү дээ. Тэгэхээр эхлээд чи өөрийгөө цор ганц ийм мэдрэмжтэй гэж ойлгож болохгүй. Хүн бүрт гуниглах, бусдаас холдох, аливаад сөрөг ханддаг үе тохиолддог. Гол нь хэр урт хугацаанд вэ гэдгээс л шалтгаална.
Чи үргэлж л санаа алдаж, хэмнэлтэй гэхээс илүү гунигтай дуу хөгжим сонсоод байвал тэр чинь зуршил болчихно. Иймд амьдралын хэв маягаа өөрчил. Өнгөрсөн бүх зүйл бол чиний амьдралын өчүүхэн л хэсэг. Өмнө чинь өчнөөн сайхан зүйл чамайг хүлээж байна. Хэдхэн хүний сөрөг үйлдэлээс болж өөрийгөө буруутгаж болохгүй шүү. Хорвоо дэлхий уудам шүү дээ. Амжилт хүсье.
“Сэтгэл Судлалын Үндэсний Төв”-ийн
сэтгэл судлаач Д.Лхамсүрэн
Хэрэв чамд хэн нэгэнтэй ярилцаж чадахгүй, ганцаараа шийдвэрлэхэд бэрхшээлтэй асуудал байгаа бол yolo@mongolcontent.mn хаяг руу кириллээр, дэлгэрэнгүй бичиж цахим шуудан ирүүлснээр бид мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн зөвлөгөөг хүргэж чамд тус болоход хэзээд бэлэн байх болно. Жич: Бид мэдээллийг чандлан хадгалах бөгөөд хариу зөвлөгөөг 7-10 хоногийн дараа хүргэх болно.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх