ЗАХИДАЛ: Би найзыгаа ГОМДООХООС АЙЖ байна


ССҮТөв | YOLO.MN
2018-07-10

mail  Yolo.mn сайтын редакци нь ямар нэгэн асуудал тулгарсан уншигч хүүхдүүдээс захиа хүлээн авч мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн хариу зөвлөгөөг уламжлан хүргэдэг. Ээлжит захиа болон зөвлөгөөг хүргэж байна.

АСУУДАЛ: Сайн биш хүнийхээ сэтгэлийг бодоод үерхэж  өөрийгөө зовооно гэдэг хэцүү юм

Миний нэрийг Г гэдэг. Би одоо 18 настай. Надад нэг сайн болсон хүн байдаг юм. Бид биендээ сэтгэлээ илчилж ойлголцсон боловч одоо хүртэл үерхээгүй л байна. Гэвч саяхан надад нэг залуу сэтгэлээ илчилсэн юм. Тэрээр олон сарын турш надад сайн байсан бөгөөд тэр хугацаанд нь би өөр хүнтэй дотно болсон учраас манай нэг найзтай үерхчихсэн юм. Тэгээд удаан үерхсэнийхээ дараа түүнээс салаад намайг гээд ирчихсэн миний шийдвэрийг тайван хүлээцтэйгээр харж байгаа.
Гэвч тэр үерхсэн охин нь миний сайн найз учраас би түүнийг гомдоомооргүй байгаа болохоор үнэнийг огт хэлээгүй.
Би найзыгаа гомдоохоос айж байна бас миний сайн хүн хол байдаг учраас надаас хөндийрч байгаа байх гэж бодоод тэр хүнд зөвшөөрөх хэцүү. Сайн биш хүнийхээ сэтгэлийг бодоод үерхэж  өөрийгөө зовооно гэдэг хэцүү юм. Учир нь би өмнө нь олон хүнээс харьцаагаа гэнэт тасалж гомдоож байсан учраас дахиж тийм зүйл хиймээргүй байна бас найзыгаа сайн болсон хүнээ гомдоомооргүй байна. Ямар шийдвэрй гаргах ёстой вэ? Надад их хэцүү байна. Туслаач?

Баярлалаа!

ЗӨВЛӨГӨӨ: Сэтгэлээ илчилсэн нь үнэхээр сайн зүйл болжээ

Сайн байна уу? Энэ өдрийн мэндийг хүргэе. Юуны өмнө ийм сайхан насан дээрээ яваа чамд баяр хүргэе. 18 нас гэдэг амьдралын их олон зүйлстэй нүүр тулдаг үүнийгээ дагаад шийдвэр бүрээ өөрөө бие даан гаргаж эхэлдэг хариуцлагатай нас. Энэ насны бас нэгэн гайхалтай зүйл бол яахын аргагүй нандин үерхэл нөхөрлөлийн харилцаа байдаг. Өөрийнхөө сайн хүндээ сэтгэлээ илчилсэн нь үнэхээр сайн зүйл болжээ. Үүнийгээ ярилцсан ч мөн адил илүү их зүйлийг харилцан ойлголцоход нь тусалсан гэж бодож байна.
Гэвч нэг нэгэндээ сайн байна гэдэг нь та хоёрын харилцаа заавал үерхэлээр эхлэх албагүй гэдгийг бас нэг бодоод үзээрэй.

Жинхэнэ сэтгэлийг олон сараар бус илүү урт удаан хугацааны цаг хугацааны шалгуур нотолдог байх ч боломжтой гэдгийг санаарай. Өөрөө тухайн хүнд сайн биш бол бусдын сэтгэлийг битгий гомдоогоорой охин минь. Магадгүй чамд сэтгэлээ илчилсэн залуу бага зэрэг хугацаа өнгөрөхөд гомдсон сэтгэл нь эдгэх болохоор зүгээр гэж итгэж байна.

#ЗӨВЛӨГӨӨ булангийн бусад захиа болон зөвлөгөөг унших бол ЭНД дарна уу.

Сэтгэл Судлалын Үндэсний Төв
Туслах сэтгэл судлаач
Т. Цэцэгбаяр

Хэрэв чамд хэн нэгэнтэй ярилцаж чадахгүй, ганцаараа шийдвэрлэхэд бэрхшээлтэй асуудал байгаа бол yolo@mongolcontent.mn хаяг руу кириллээр, дэлгэрэнгүй, гаргацтай бичиж цахим шуудан ирүүлснээр бид мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн зөвлөгөөг хүргэж чамд тус болоход хэзээд бэлэн байх болно. Мөн асуудал бүхий захиан дээрээ өөрийн НАС, ХҮЙСийг тодорхой дурдаарай. Жич: Бид мэдээллийг чандлан хадгалах бөгөөд хариуг сайтад нийтлүүлэхийг хүсэхгүй тохиолдолд захидалдаа дурдана уу. Бид хариу зөвлөгөөг 7-10 хоногийн дараа хүргэх болно.

#Love, #Letter