Албан байгууллагын ажлын зар, ямар нэг хөтөлбөрийн бүртгэл дээр CV-гээ явуулна уу гэсэн байх нь маш элбэг байдаг шүү дээ. Тэгвэл CV гэж юу вэ? Энэ нь Cirricular Vitae гэсэн үгийн товчлол бөгөөд тухайн ажил эсвэл тэтгэлэг горилж байгаа хүний боловсролын төвшин, мэдлэг чадвар болон бусад хувийн мэдээллийг агуулсан нэг ёсондоо “цаасан” төлөөлөл юм.
Ихэнх тохиолдолд CV-ын дараа ярилцлага гэж бас нэгэн шалгуур байдаг. Ярилцлагын талаар дараагийн нийтлэлээрээ хүргэх болно. Харин энэ удаагийнхаа нийтлэлээр хамгийн эхний даваа болох CV бичихэд туслах зөвлөмжүүдийг хүргэж байна.
Хамгийн түрүүнд загвараа сонго!
Содон бай. Өөрийн тусгай хэв маяг гарган бэлд. Шинэ санаа хэзээд гаргахад бэлэн гэдгээ яагаад CV-гээрээ батлан харуулж болохгүй гэж? Магадгүй энэ бол жирийн нэг анкетаас CV-г ялгаруулдаг давуу тал нь байх. Бид анкет бөглөхдөө яг л цаанаас өгсөн асуултуудын дагуу өгөгдсөн загвараар нь бичдэг. Харин CV бол шал өөр зүйл юм шүү.
Чи үсгийн фонт, текстийн байрлалууд гээд бүхий л зүйлийг өөрөө зохиож эдгээр дээр анхаарах хэрэгтэй болдог. Жишээлбэл арын хэсгийн өнгө, уг өнгийг сонгохдоо тод биш завсрын өнгө сонгоорой. Магадгүй усан ягаан, номин цэнхэр зэрэг өнгүүд их тохирно. Энэ мэтээр доторх агуулга гэлтгүй харагдах байдалдаа дээрээ ч “тоглолт” хийх боломжтой юм. Эндээс бэлэн загваруудаас сонгож болох бөгөөд шинэ санаа олоход ашиглаарай.
Албаны байх ёстой!
Содон байх гээд бүр хэтрүүлж мөн болохгүй. Нүүрний будаг хүнийг хөөрхөн харагдуулах үүрэгтэй. Харин хэтрүүлээд будчихаар хиймэл амьгүй харагддагтай л CV-ны загвар гаргах нь агаар нэг. Тэгэхээр чи хэт "өөр" байх гэж ядаж элдэв сул үг хэллэг хэрэглэж “загвартаж” байснаас минималист, содон CV загвар гаргаарай.
Дэс дараалал гарга!
Ямар ч төрлийн CV байсан бай хамгийн эхний нүүрний дээд хэсэгт холбоо барих утас, харилцах цахим шуудангаа бичээрэй. Энэ мэтээр эхлээд холбоо барих мэдээлэл дараа нь гаргаж байсан амжилт, ажлыг туршлага ч гэдэг юм уу дараалал заавал байх хэрэгтэй. Тэгэхгүй бол хөлөөрөө толгой хийсэн CV болчихно шүү дээ. Мөн таныг яг ямар ажил, мэргэжилд сонголтод горилж байгаагаас шалтгаалаад ерөнхий загвар болон дараалал нь өөр, өөр байдаг юм шүү. Нэмж хэлэхэд ажил горилж байгаа бол тогтмол шуудангаа шалгаж, утсаа асаалттай байлгахаа бүү мартаарай.
Хэт хувийн мэдээллээ бүү оруул!
Жишээлбэл чи шашин шүтлэгийнхээ талаар заавал дурьдах албагүй. Энд чи ажил хийх гэж байгаа болохоос биш шашны талаар мэтгэлцэх гээгүй шүү дээ. Загвар өмсөгчийн ажил сонирхоогүй л бол өөрийн өндрийг бас битгий бич. CV бол яг үнэндээ чамайг хувь хүн талаас чинь дүгнэх зйүл биш юм. Тиймээс зүгээр л ямар амжилт гаргаж байсан, ямар ажлын туршлагтай талаараа л бичээрэй. Харин хувь хүн талаас чинь харахын тулд л “ярилцлага” гэж байдаг юм шүү дээ. Энэ тухайгаа дараагийн нийтлэлээс уншаарай.
Шударга бай!
Бид хэт төгс харагдах гэж CV-ны “Сул тал” гэсэн хэсгийг хоосон орхичихдог эсвэл "Хэтэрхий нийтэч" гэх мэтээр өөрийгөө дөвийлгөн бичдэг. Өөртөө итгэлтэй байх зөв хэдий ч хүний нөөцийн менежер ийм хуурамч хүнийг сонирхохгүй л болов уу. Магадгүй та хөлбөмбөг үздэг бол үүнийгээ сул талд оруулж болно. "Хааяа хөлбөмбөг үзэж оройтож харьдаг" эсвэл "Хөлбөмбөг үзэхээрээ ухаанаа алдчихдаг" гэж бичих нь "Би хэтэрхий сайхан зантай" гэдгээс хавь илүү санагдах болно. Нэгэнт л төгс хүн гэж байдаггүй болохоор сул талаа хэлэхээс бүү ич. Муу нуухаар сайн илчил.
CV бол намтар биш!
“Би арван жилдээ тэгж байгаад дараа тэгээд дараа нь тэгсэн. Гэвч би тэгээд, тийм болохоор тэгсэн” гэх "зохиол" бичих шаардлагагүй. Аль болох баримт, богино өгүүлбэрээр өөрийгөө илэрхийлэхийг хичээгээрэй. Товч бөгөөд тодорхой гэдэг зарчмын баримтлаарай.
Ерөнхийд нь дүгнээд зөвлөхөд тухайн орон тоо болон сургуулийн хөтөлбөрт яг ямар шаардлагууд тавьж байгаагааг нь сайтар судалж үзээд үүндээ өөрийгөө таарна гэдгээ батлаж өгөөрэй! Чамд амжилт хүсье.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх