"Бид ХӨЛДӨӨСӨН хүмүүсийг эргээд АМЬДРУУЛЖ ЧАДАХ уу?"


Үжин | YOLO.MN
2016-12-05

Хорт хавдрын улмаас өөд болсон өсвөр насны охин үхэхээсээ өмнө өөрийг нь хөлдөөхийг зөвшөөрчээ. Түүнтэй ижил шалтгаанаар цогцсоо хөлдөөхийг хүссэн олон хүн байдаг болсон шалтгаан нь шинжлэх ухаан хэзээ нэгэн цагт тэдний аминд хүрсэн өвчнийг эдгээж, хөлдсөн биеийг нь дахин сэргээх боломжтой болно гэж итгэснийх юм.

Гэвч тийм боломж бий юу? Хоёр нутагтан, гүрвэл, өт, зарим төрлийн шавж зэрэг амьтдыг хөлдөөж хадгалаад, дахин амьдруулах боломжтой. Жишээлбэл нэгэн төрлийн өтийг тодорхой үнэр ялгах чадвартай болгоод хөлдөөж, дахин сэргээхдээ тухайн үнэрээ санаж байгаа эсэхийг туршиж байсан тохиолдол бий.

Түүнчлэн байгаль дээр ийм байдлаар амьдардаг амьтад хүртэл байдаг. Нэг төрлийн модны мэлхий өвөл болохоор хөлдөөд, хавар болохоор эргээд амь ордог аж. Харин хүний хувьд тун ярвигтай.

Учир нь хөлдөх явцад хүний эд эс дахин сэргээх боломжгүйгээр гэмтдэг. Тиймээс хөлдөх явцад эд эсийг гэмтээхгүй байх нь криобиологийн гол зорилго юм. Дэлхий дээрх амьд биетүүдийг хүйтэн нөхцөлд хэрхдэг талаар судалдаг биологийн шинжлэх ухааны салбар шинжлэх ухааныг криобиологи гэдэг.

Хүний эд эсийн хувьд яагаад хөлдөх явцад ноцтой гэмтдэг болохыг одоохондоо бид бүрэн ойлгож амжаагүй л байгаа. Гэхдээ тэр явцыг удирдаж чадна. Энэ шинжлэх ухааны хүрээнд хоёр үндсэн зорилгын төлөө эрдэмтэд ажиллаж байгаа аж.

Нэгдүгээрт хөлдөөх явцад эд эсийг гэмтээхгүй байх, хоёрдугаарт гэсгээх явцад ямар нэгэн алдаа гаргахгүй байх. Хөлдөөх явцдаа температурыг зөв тохируулснаар биеийн эд эс хөлдөхөөс сэргийлж чадна.

Эд эс хөлдөж, мөстсөн тохиолдолд дахин сэргээх аргагүйгээр гэмтдэг учраас хөлдөөх бус харин богино хугацаанд хөргөх аргыг эрдэмтэд сэджээ. Түүнчлэн эд эсийг хөлдөх явцад гэмтээхгүйн тулд этиленгликоль, глицерин зэрэг химийн нэгдлийг ашиглаж болно.

Гэхдээ ганц эс, энгийн эд эрхтэн гэдэг тийм ч өндөр ач холбогдолтой биш юм. Учир нь өнөөдрийн шинжлэх ухаан маш олон төрлийн эд, эрхтнийг удаан хугацаагаар хадгалах боломжтой болсон бөгөөд хүний биеийг тэр чигт нь хөлдөөгөөд, бүх эд эрхтэн нь хэвийн ажиллаж байхаар эргээж гэсгээнэ гэдэг том асуудал.

Жишээлбэл бид өндгөн эс, эр бэлгийн эсээс эхлээд хуруу, хөл, гар бүр элэг, бөөрийг хүртэл криобиологийн аргаар хөргөж, хөлдөөгөөд дахин ашиглаж байна. Гэхдээ хүний дотор эд, эрхтнийг хөлдөөх бус хөргөж байж ашигладаг хэвээр.

Ямар нэгэн дэвшилтэт аргаар хүнийг хөлдөөгөөд эргээд сэргээлээ гэхэд дахиад нэг асуудал бий. Тухайн хүний үхлийн шалтгааныг эдгээх аргыг олсон байх зайлшгүй шаардлагатай бөгөөд тархины үйл ажиллагааг хэвийн хадгалж, улмаар дурсамжийг нь сэргээх ёстой.

Тэгвэл эд эсийг эргээд хуучин хэвээр нь сэргээхийн тулд нанотехнологийг ашиглаж болох аж. Асар жижиг хэмжээтэй, машинууд нэг л өдөр эд эсийн гэмтлийг эдгээж, хөлдөөсөн эд эсийг богино хугацаанд сэргээх чадвартай болох биз.

Харин тэр болтол хөлдөх үү, эс хөлдөх үү? гэдэг нь таны сонголт...
 

Эх сурвалж: IFLScience

#science #Health #world