Нярай хүүхдийн хамт арай зохимжгүй гэмээр нэг амьтан үргэлж дүрслэгдэж ирсэн нь: урт хөл, хурц хошуутай өрөвтас гэгч шувуу билээ. Дээрх зурагт хошуунаас нь даавуун боодол унжин дүрслэгдсэн энэ шувуу заавал яагаад зурагтай картууд, хүүхдийн хувцас, орны бүтээлэг гээд газар бүрт нялх хүүхэдтэй холбоотой болчихдог учрыг бид тийм ч олон асуугаад байдаггүй шүү дээ.
Гэвч, өрөвтас хүүхэд хоёрын холбоо хамаарлын цаана чухам юу оршдог юм бол?
Бусад олон домгийн адилаар, үүний гарал үүслийн араас мөрдөнө гэдэг хүндхэн ажил. Тэр тусмаа Ойрх дорнод, Хойд Африк, Америк, Европ гээд дэлхий даяар тархан яригддаг учраас шүү дээ. Адил төстэй бусад домгуудаас ажиглахад тэд бүгд шувуудын хамгийн тэмдэглүүштэй онцлогууд дээр нэгэн адил тулгуурласан байдаг ажээ.
“Шувууд: Домог, Үлгэр, Туульс” номын зохиогч Рэчел Уаррен Чад нэгэнтээ: “Өрөвтас гэдэг цагаан өнгөтэй, бас сүрлэг – ариун дагшинг бэлгэддэг – мөн тэдний үүр нь том, нүдэнд харагдахуйц төдийгүй хүмүүсийн амьдардаг газарт ойр. Иймд тэднийг хүүхдэд ээлтэй гэж бодох баталгаа болж байна” хэмээн тайлбарлах оролдлого хийсэн байдаг.
Олон алдартай судлаачид үүнийг эртний Грекийн домог дундаас эрж хайн, атаач бурхан Херагийн үлгэртэй холбож үздэг байна. Уг үлгэрт, Хера үзэсгэлэнт хатан Геранад атаархсандаа түүнийг өрөвтас болгон хувиргадаг тухай өгүүлдэг агаад, өр нь өмтөрсөн Герана хорт Херагийн савраас хүүгээ эргүүлэн авахаар явдаг бөгөөд, Грекчүүд уг үйл явдлыг даавуунд баадагнасан хүүхэд зууж яваа өрөвтасаар дүрсэлсэн ажээ.
Гэвч, Уаррен Чадын номонд өгүүлснээр жинхэнэ домогт хүүхдээ авахаар явсан уг шувуу нь өрөвтас биш тогоруу байдаг гэжээ. “Өнө эртний домгуудад гарч буй шувууд угтаа чухам аль төрөл зүйл болохыг баталгаатай хэлэхэд тун хэцүү. Өрөвтас, цэн тогоруу, аль эсвэл хөх дэглийн дунд будилах нь олонтаа” хэмээн хатагтай Уаррен Чад бидэнд хэлсэн юм. Мөн түүний адилаар, Египетийн домог зүйд өрөвтас нь орчлон ертөнцийн үүсэлтэй холбоотой байдаг гэлцэх боловч түүхийн үүднээс авч үзэхэд тэр нь бас л өрөвтас биш, харин дэглий байж таардаг ажээ. “Төсөөллөөрөө зурсан жижигхэн зурагнууд нь өрөвтас шиг харагдсан байж болох юм” хэмээн тэрбээр нэмж дурьдав.
Домог үлгэр, аман зохиолын судалгаа нийтлэдэг сэтгүүлийн редактор, Английн Чичестерийн их сургуулийн англи хэл, уран зохиолын багш Паул Күин өрөвтас, хүүхэд хоёрын хамаарлыг дээрх төрөл зүйлийн будилаантай хамаатай хэмээн үзжээ. “Би өрөвтас, нярай хүүхэд хоёрын хамаарлыг, бүр тодруулбал өрөвтасын хүүхдэд үзүүлдэг эхийн хайр мэт энэрлийг, өрөвтас хотон шувуутай андуурагдсаны илрэл гэж бодож байна” хэмээн тэрбээр өгүүлжээ. Дундад зууны үеийн Европын утга зохиолд сүрлэг цагаан хотон шувуу нь Католикизмтай холбогддог агаад, дахин төрөлт ба залуу нялхасд халамж үзүүлэгчийн бэлгэдэл болдог хэмээн дурьдлаа. Ямар нэгэн байдлаар өрөвтас нь уг шувууг орлодог болчихсон ч байж мэдэх юм.
Есөн сарын нүүдэл
Уг домгийн үүсэл нь чухам ямар шалтгаантай ч бай, түүхчид хүүхэд авчирдаг өрөвтасын домог яриа юутай ч анхлан Хойд Европд буюу нарийвчилбал Герман болон Норвеги хавьд үүссэн гэдэгт бат итгэлтэй байдаг. Дундад зуунаас даруй 600 жилийн өмнөх Паганы эриний үед жил бүрийн нар буцах үеэр гэрлэх гэж байгаа хосуудтай домог маань холбогдох нь бий, учир нь зуны улирал үржлийн бэлгэдэл байжээ. Яг тэр үед өрөвтасууд есөн сар үргэлжилдэг жилийн ээлжит нүүдлээ хийхээр Европоос Африк хүртэл хөндлөн гулд нисэн оддог байна. Ийнхүү яг есөн сарын дараа шувууд буцан ирэхдээ хаврын улирлыг эргүүлэн авчирдаг гэж үздэг аж.
“Өрөвтасууд нүүдэллэчихээд буцаж ирээд дэгдээхийнүүдээ гаргадаг хавар зуны цагт олон хүүхэд төрдөг байсан гэдэг” хэмээн эрдэмтэн Уаррен Чад хэлэв. Тийнхүү өрөвтас нь шинэ амьдралын бэлгэдэл болж, тэд хүний хүүхдүүдийг тэнгэрээс авчирдаг хэмээх этгээд домог үүсчээ. (Мөн жирэмслэлтийн дундаж хугацаа есөн сар байдаг)
Өрөвтасын домог он жилийн явцад улирч хувьссаар, өдгөө түүний төөрөгдүүлмээр чанар нь улам олширсон. Норвегийн домог зүйд өрөвтас нь гэр бүлийн цэвэр ариун, үнэнч байдлын бэлэг тэмдэг болсон бол (өрөвтасыг моногами буюу ганц бие амьдралтай гэсэн ташаа итгэл бишрэлээс үүдэлтэй), Нидерланд, Герман, Өмнөд Европ орчимд байшингийн дээвэр дээр өрөвтас үүрээ засвал аз одтой байхын шинж төдийгүй гэр бүлд шинэ хүүхэд мэндлэх нь гэж итгэдэг хэмээн Уаррен Чадд өөрийн номондоо бичжээ.
Хэдийгээр Европ дэлхийн домог зүйн төв бүс ч гэлээ, Америкд ч бас энэ домог хэлбэрээ олсон гэнэ. “Америкийн хувилбарт хоёр өөр зүйлийн өрөвтас гардаг нь үнэхээр сонирхолтой. Модны өрөвтас (Mycteria Americana) цагаан өрөвтас (Ciconia ciconia)–тай эсрэгцдэг” гэж тэрбээр хэлэв. “Тэд хүмүүсийн ялгаатай ажиглалтуудаас л үүсэлтэй, ялангуяа цагаан өрөвтас”.
Тийнхүү, 19-р зуунд Ханс Христиан Андерсений “Өрөвтас” нэрт ёгт үлгэр зохиогдон, олонд түгсэнээр энэ домог хүүхэд төрөхтэй илүү их хамаатай болон хувирчээ. Тэр үлгэрт, өрөвтасууд булаг, нуур болгоноос зүүдлэн унтаж байгаа хүүхдүүдийг татан авч, очих учиртай гэр бүлд нь хүргэж өгдөг гэж гардаг. Энэ үлгэрт бас нэгэн харанхуй тал байдаг нь, хүүхдүүдэд муухай араншин гаргадаг гэр бүлд үхсэн хүүхэд авчирч өрөвтас шийтгэдэг ажээ.
“Энэ үлгэр хүүхдүүдэд ёс суртахууны хичээл зааж, тэднийг том хүн болгоход чиглэдэг ёгт үлгэрүүдийн уламжлалт зорилгыг хадгалсан – хүүхдийн утга зохиол урагшлан хөгжих нь сурган хүмүүжлийн болон шашны чухал ач холбогдолтой” хэмээн ноён Күин хэлж байна.
Викториагийн Английн цаг үед, энэ үлгэр домог нь сүүлдээ секс ба төрөлтийн тухай үнэн мөнийг бүрхэгдүүлэх явдалд томоохон хувь нэмэр оруулах болжээ. “Викториачууд хүүхэддээ бодит амьдралыг тайлбарлаж өгөхөөс тэвдэн зайлсхийж, хүүхэд авч ирдэг өрөвтасын тухай үлгэрийг л ярьчихдаг байсан нь тэдний хэт даруу байсны сонгодог дүр зураг юм” гэж Уаррен Чад өгүүлжээ.
Хүүхэд төрөх үйл явцад бид өнөөдөр хавьгүй нээлттэй ханддаг болсон хэдий ч өрөвтасын домогноос зүүгдсэн хэвээр, ялдамхан шувууны гэр бүлд гүйцэтгэдэг чухал үүргийг нь магтан дуулсаар. “Хүмүүс үлгэрт хайртай байдаг” хэмээн Уаррен Чад нэгэнтээ батлав. “Бидний амьтдыг хүншүүлэн дүрсэлдэг хандлага эцэстээ хүүхэд авчирдаг өрөвтасын домгийг ийм урт настай болгожээ” гэж тэрбээр хэлээд, “Шувууны бодит араншинд нь тун бага тулгуурласан хэдий ч хүн төрөлхтний итгэл найдвар, бас айдаснаас төдий их үндэс авсан” гэсэн байна.
Эх сурвалж : livescience.com
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх