Ногоон мууртай ярилцсан нь /Өгүүллэг/


М.Тэнгис | YOLO.MN
2018-09-06

Сэтгэл нэг л тогтож өгдөггүй. Сэтгэл гээч л долгисоод ирвэл махан бие минь дагаад хөөрцөглөчихдгийг хэлэх юун. Гаднаа ч дотроо ч чичирхийлсээр би аяга кофений эрэлд гарлаа.

Өчигдөр юу болсон гэж санана? Нэг найзын маань гэрт түймэр гараад, золтой л би шатаад үхчихсэнгүй. Ингэж хэлэх муухай ч гэлээ, шатсан бол хөндлөнгийн хүний л гэр шатсан болно. Минийх биш шүү дээ. Тэгсэн атал утсан улаан амь минь хавь ойрын хэн нэг хүний азгүй тавилан дор үрэгдэх шахлаа гэж бодохоор л, одоо хэр нь гарын хуруу чичвэгнэн татганаж байна.

Гадаа халуун гэж үгээр хэлэхийн арга алга. Урд таарсан нэг кофены газрын шилэн хаалганд тусгал үзээд өөрийгөө золтой л тос даасан шинэхэн нарийн боов болгож харсангүй. Үгүй мөн чиг халуун аа? Дотогш ортол өөрсдийгөө нүүр нүдгүй сэвсэн баахан улс нүдэнд тусах нь тэр. Хүүхнүүдийнх нь үс шампуний зар сурталчилгаа шиг хийсч намираад л. Ажиллуулчих сэнс мэнсний юм байдаггүй юм байх даа гэсэн шүү унтууцан бодолхийлээд нэг сул ширээ олон суулаа. Суух ч гэж, бөгсөөрөө унаад өгсөн гэх нь үнэнд нийцэх биз. Дараа нь цэс авчирч өгөхийг хүлээж арваад минут болов. Гэтэл ажаад байсан, улсууд өөрсдөө босч очоод захиалгаа өгч байх юм. Миний дургүй, залхуу зэрэг хүрлээ. Ийм үйлчилгээтэй газар гэж хаана байсан юм бэ?

Би дахиад арван минут гаруй зүгээр суулаа. Сүүлдээ нойр хүрээд хоёр гурав ч дохилзоод авах шиг болов. Ширээ маань захиалга авч байгаа үйлчлэгч хүүхдийн хараа лав эгц тусахуйц газар байхсанж. Яасан залхуу, сэтгэлгүй болчихсон хүүхдүүд вэ?

Гуяа чичигнүүлэн тэвчиж ядан суутал өнөөх хүүхэд чинь арай гэж ам нээж байна:

-Ах аа, өөрөө өөртөө үйлчлээрэй. Тэгж хэлүүтээ хачин бялдууч инээмсэглэл нүүрэндээ тодруулах нь тэр. Өөрөө өөртөө үйлчил гэдэг чинь одоо юу гэсэн үг вэ?  Улаанбаатарт ийм соёлгүй газар гэж бас байна аа? Аяга кофе ууж сэтгэл санаагаа аядуулах санаатай орсон биш, хачин юм үзэх шив дээ.

-Чи үйлчлэгч ухаантай юм бол захиалгаа ирээд авдаггүй юм уу? хэмээн би чангахан шиг хэлж орхив. “Юу гэсэн бэ, ах аа?” Гэж байна. Би хүн дуулахаар л хэлсэн дээ, уг нь.

-Залхуураад байлгүй авдаг номоор нь ирээд ав аа гэж байна.

-Манайд захиалгаа энд ирээд өгдөг юм аа. Та босч чадахгүй бол би очихоос доо.

Ажлын хувцас маягийн юм өмссөн тэр охин текнийхээ араас гарч ирээд намайг зүглэн алхав. Харахад бүгдээрээ ийм бор юмаар ижилсдэг бололтой. Яасан ч үзэмжгүй хувцас вэ дээ? Би бол арай дээрийг сонгох байсан даа.

Миний суусан ширээний дэргэд ирж зогсоод өнөөх охин чинь миний юу захиалахыг асууж байна. Би, “Юу захиалах юм гэдэг чинь юу гэсэн үг юм? Танайд юу юу байгааг би яаж мэдэж сонголт хийх болж байна аа?” гэж хэлтэл өнөөх чинь нүдээ эргэлдүүлэв шүү. Одооны хүүхдүүд эрх ямбатай гэж хэлэхийн эцэсгүй болжээ. Энэ ямар эцэгтээ эрхэлж байгаа биш дээ. Нүдээ ингэж эргэлдүүлдэг нь юу юм?

-Та яасан төвөгтэй хүн бэ, ахаа! Би таныг гуйгаад байхаар чинь хүрээд ирлээ. Ард захиалга овоорлоо ш дээ. Нүдний чинь өмнө юуг хэдэн төгрөгөөр авч болохыг биччихсэн байна, ханаар дүүрэн! Ингэж намайг сулхан зандраад хана руу зангалаа.

Бүр сүүлдээ загнуулж дуусах шив. Энэ мэтийн жаалхан охинд загнуулан загнуулан кофе ууна гэж юу байх вэ? Миний шал дургүй хүрээд явчихсан тул, “Танайхыг хаалгахаа нэг мэдье ээ, би. Ах нь яаманд ажилладаг хүн шүү. Дараа нь харамсав даа!” гэж үг хаячихаад сэп хийтэл босоод явчихлаа. Би ч яаманд ажилладаг хүн биш л дээ. Үүдээр гарахдаа эргэж ч харсангүй. Яршиг яршиг. Ингэн ингэн мөнгө төлөхгүй шүү.

Нар шарж байсныг хүмүүжил, боловсролгүй хүмүүсээс болоод бүр мартаж орхиж. Энэ нар чинь одоо намайг ер нь жигнээд байна уу даа? Эрхий мэргэнийг яг харвах гэж байхад урдуур нь орчихдог тэр хараацайг уу? Сүүлээ сэтлүүлээд л өнгөрч байгаа юм даа, сэргэлэн золиг. Бас долоохон сумтай байсан гээд байгаа шүү. Арчаагүй ч эр болдоо!

Дэмий балай юм бодож алхангаа хажуугаар зөрөх хүмүүсийг ажиглахгүй байж чадсангүй. Яг л улаан цайм над руу хараад байгаа юм. Ганц надад ч тэгж санагдаад байгаа хэрэг биш, угаасаа бүгд над руу хялав цэхэвхийгээд зөрж байгаа биш гэж үү? Хөндлөнгийн хүмүүс үргэлж сэтгэл санаа тавгүйтүүлэх юм даа. Өчигдөр гэхэд л хар. Гэрт нь зүгээр ороод сууж байтал гал маналзаад л явчихаж байна. Тэгээд, “Яана аа, чи бушуухан амиа бодоод гараарай” гэхийн чинь оронд, “Миний найз галын машин дуудаарай” гэж байгаа юм даа. Өөрийнх нь гэр шатаж байгаа юм бол, өөрөө тэр галын машинаа дуудах хэрэгтэй. Тэгээд ч би ямар дугаарыг нь мэдэх биш.

Кофе уулгүй горьгүй. Гэрээс гарах ч хэрэг алга. Хөндлөнгийн хүмүүсээс харшилтай.

Тэгж яваад өөр нэг кофены газар харагдангуут нь орлоо. Дотор арай сэрүүхэн ч байх шиг санагдав. Бага ч гэсэн аштай хэрэг... Тэгсэн ёстой хачин юм үзэх нь тэр, саяны өдөөд байсан охин энд бас явж байдаг байгаа! Үгүй тэр, яг мөн шүү...

Хамгийн гол нь гартаа алгын чинээ тэмдэглэлийн дэвтэр, нэг үзэг барьчихаад ширээнээс ширээ дамжин захиалга авч яваа харагдана. Би ч эхлээд хоёр нүдэндээ итгэсэнгүй. Эсвэл ихэр байсан байж таарах уу?, хачин золиг юм гээч.

Босгон дээр гайхаж зогстол, эндэхийн дотор засал тэр чигтээ түрүүчийнхээс ялгарах юмгүй байгаа нь анзаарагдав. Саяхан цэс хүлээж ядан суусан ширээ маань тэр харагдаж ч байх шиг... Эргүүтэж яваад саяны газраа эргээд ороод ирэв үү ч гэж бодлоо. Тийм байх боломжгүй дээ. Айх, гайхах зэрэгцэж байна... Нөгөө охин чинь нээрэн бор хувцсаа тайлчихаж ээ. Тайлчихаж ч гэж, угаасаа хувцасны нь өнгө ногоон ч юм билүү? Гараа өргөсөн нэг бавгар сахалтай эрийн захиалгыг авахаар урдуур шурдхийтэл яваад өнгөрч байна. Хачин хэрэг ээ.

Би мангуу хүн шиг алмайтаж удаан зогсоод яахав гэж бодоод юутай ч нэг газар олж суухаар зэхлээ. Яагаад ч юм түрүүчийн сууж байсан газрынхаа байран дээр оччихмоор санагдаад болдоггүй. Босгоноос буугаад нэг хоёр гишгэлэв. Тэгтэл ард шүгэл тасхийх шиг хүний дуу хадаад явчихлаа. Гайхаад хартал өнөөх оньсого шиг охин чинь намайг чанх чиглээд ирж явна.

-Өө, сайн байна уу ах аа! Таныг яг хүлээж байлаа ш дээ! Гэнгүүтээ шууд хажууд ирээд, хачин эелдгээр тохойноос түшээд авав.

-Манай дарга таныг тусгай өрөөнд оруул гэсэн юм. Энд угаасаа халуун, болсон болоогүй хөндлөнгийн хүмүүс ихтэй байгаа биз дээ. Танд таалагдана гэж би бодоод, өмнө нь нэг ч хүн орж байгаагүй тусгай өрөөг бэлдээд янзалчихсан байгаа. Дарга ч тэнд таныг хүлээж суугаа байх.

Охин үг хэлэх завдалгүй баахан хачин юм шав шав гэчихээд, ойлгож ч амжаагүй байтал түрүүн бор хувцастай охины захиалга аваад хөдлөхгүй байсан текний араар намайг чирээд орчихлоо. Миний ая тухыг үнэхээр тааруулаад ч байх шиг ээ. Байнга иймэрхүү харьцаатай байгаад байвал чиг болж байна шүү ч гэж бодогдох шиг.

-Энэ хонгилоор чигээрээ явсаар байгаад нэг нов ногоон хаалганд тулна. Ёстой зүлэг шиг л ногоон гэж мэд! Тэнд ороод эхлээд тавтай тухтай суугаад ав, ах минь. Дараа нь сонголтоо айжуу тайвуу хийгээд гараа инчдэхэд л болно. Би цахилгаан шиг түргэн гүйгээд ирнэ. Та ойлгож байна уу?

Гайхсандаа царайг нь хартал маасайтлаа инээчихэж. Хүн ингэж инээж байхдаа л сайхан шүү дээ. Би ч “Ойлголоо” гэх аядлаа. Тэгсэн гэнэт хачин аядуу уяхан болж наалинхайтсанаа мөрөн дээр өрөөсөн гараа ялдам тавьж байна. “Ёстой хосгүй сайхан залуу шүү”. Ингэж хэлээд уруулаа шоп хийтэл үнсэх мэт хөдөлгөөд цааш явж одов. Бодвол захиалгаа авах гэж байгаа байх.

Нээрэн нэг мэдсэн урт хонгилын үзүүрт ирчихэж ээ. Юу л болоод байна даа? Ерөөсөө гараад явчихдаг ч юм бил үү? Хөндлөнгийн хүмүүс хэзээ ийм сайхан зантай байлаа даа. Хяргачих гээд л домболзоод байдаг юм байна лээ. Цаанаа учиртай байвал яана! Бас болоогүй дарга марга ч гэх шиг. Намайг зүс таних нэг золиг л кофены газар нээсэн юм биз дээ.

Охин гараад явав бололтой, ард хаалга хаагдаж хонгилыг тас харанхуй бүчээд авав. Тэртээ цаана гэрлийн үзүүр харагдах шиг...Ямартай ч толгойгоо шийдэл гаргахаас өмнө хөл түрүүлээд хөдөлж байна. Охины гаргасан аядуу зөөлөн занд дур нь хөдлөөд хөл хүртэл чавхдаж гарав гээч. Би зүлэг шиг ногоон хаалганых нь амыг татаж ороод, ямбалж туйлсан шигээ хуруугаа инчдэж сайхь охиныг дуудаад, захиалгаа өгсөн шиг өгөөд, хөлсөө дусалтал аяга кофе уухаас нааш шөнө ч унтахгүй болсноо тэрхэн агшинд ухаарах шиг болов. Ерөөсөө явдаг хэрэг ээ.

Харин ногоон хаалганд хүрэхэд амар байхгүй нь бололтой. Бүүр түүр үзэгдэх тэр нэг хаалга аажим аажмаар томрох ч шиг, байрандаа байгаад ч байх шиг. Барагцаалбал арваад минут зогсохгүй алхсаар сая нэг өнгийг нь ногоон гэж танив. Эргээд хартал тас харанхуй дүнсийх аж. Одоо буцлаа ч өнгөрсөн хэрэг болжээ. Юухан байхав, дахиад жаахан л алхчихъя.

Зүлэг шиг ногоон хаалганы урд сая нэг ирээд би гүнзгий амьсгал авлаа. Цаанаа л нэг таатай байх чинь. Бариулаас нь атгатал яасан эвтэйхэн эд байв аа? Бүх хаалгануудын бариул ийм байдаг бол атгаад л мушгиад байхаас биш яахав...

Хаалгыг аажим нээтэл дотроос нь шээс шивтэрний муухай үнэр ханх тавив. Бүр гавин гайхамшиг болох нь шив дээ. Юу нь тэгээд тавтай тухтай өрөө байж таарах болж байна аа? Хамраа чимхэх шахан үрчийгээд дотогш шагайтал, дотрох засал нь мөн л нов ногоон байх юм. Ногоон хана, ногоон тааз, ногоон шал. Бас өөд өөдөөсөө харсан хоёр ногоон буйдан. Дунд нь нэг ногоон ширээ ч байх шиг. Гэхдээ нэг л зүйл үнхэлцэг хагалчих шахсныг хэлэхээс яахав. Нэг буйдан дээр нь нов ногоон муур сүүлээ шарвалзуулаад ямбатай гэгч сууж байна. Би тас гөлөрсөндөө, юу ч бодож санах юмгүй болж орхив. Тэгсэн яасан гэж санана, өнөөх ногоон муур чинь хүний хэлээр ярьдаг байна шүү! Эрэгтэй хүний, бүр телевизийн хөтлөгчийнх шиг эр хонгор дуугаар.

-За түргэхэн ороод суу, ноён минь.

Миний ар нуруугаар зарс гээд явчихав. Нов ногоон муур өөдөөс хараад “суу” гээд хэлчихээр чинь яаж жирийн хүн тайван байх вэ? Тэгсэн нэрнээ намайг “ноён” гэж дуудсанд нь дотогшоогоо хайлчих шахан уясаад ч байх шиг. Үг дуугүй л сууж орхилоо.

-Хаалгаа хааж сураач! гэж ногоон муур хоёр дахь удаагаа ам нээв.

Би агзасхийтэл цочоод нээрэн хаалгаа онгорхой чигээр нь орхиод суучихснаа мэдэв. Тэгээд бушуухан хааж санаа амарлаа. Хүний хэлээр ярьдаг муурнаас цаанаа л нэг айж, жийрхээд байв. Нүд нь намайг цоо ширтэх мэт сэтгэгдэл эрхгүй төрүүлнэ. Хар юм уу, бор өнгөтэй нүд. Ер нь ногоон өнгөөр цогцолсон энэ өрөөнд хачин муурны нүдний өнгө л ялгарч харагдана уу гэлтэй. Би биеэ хачин их барьж, өвдөг дээрээ хоёр гараа цэцэрлэгийн хүүхэд шиг тавьчихаад урт урт амьсгал татав.

Муур гурав дахиа ам нээлээ:

-Юундаа бээрсэн аалз шиг чичвэгнээд байгаа юм бэ, та? Бусдыг харааж загнахдаа сайн биш бил үү? Намайг хөөж гаргаад кофегоо захиалбал дээргүй юу?

Ингэж хэлчихээд муур байраа сэлгэн нөгөө талаараа хэвтэв. Би юу гэж хариулахаа мэдсэнгүй.

-Таныг... биш ээ, таныг чинь одоо юу гэж ч дуудмаар юм дээ...

-Чи. Чи гэж дууд. Та угаас хүн бүрийг чи гэж хэлдэг биз дээ.

Миний хамар, хоолой бөглөрөв үү яав, хачин дуу гаргаж байна. Хоолойгоо нэг хүчтэй засч аваад арай дээр хоолойгоор ярих гэж оролдов:

-Үгүй дээ. Би..би яаманд ажилладаг нэр нөлөө томтой хүн. Хөндлөнгийн хүмүүсийг та гэж авгайлах нь ёс зүйд...

-Та яаманд ажилладаггүй шүү дээ. Ямар юмны ёс зүй яриад л байна даа?

Муур залхсан шинжтэй сүүлээ удаанаар дээш доош хөдөлгөнө. Би жинхэнэ бантана гээч болж байх шиг ээ.

-Ер нь та нар ямар нэгэн юм зохион байгуулаад байгаа юм биш үү? Одоохон даруй боливол тун зүгээрсэн.

Муур ялимгүй гайхаж байх шиг. Нүд нь бага зэрэг сэргээд ирснээ дахиад ам нээв:

-Та яагаад ингэж бодох болов? Налиганаж, долигоноод л байж байвал дуртай байх юм биш үү, та?

-Юуны чинь налиганаж, долгинох. Үүний өмнө, тун саяхан яваад ороход захиалгаа ч авахгүй нүдээ эргэлдүүлээд байсан байж, санамсаргүй андуураад дахиад хаалгыг нь татсан чинь хувцас хунараа солиод, хайлсан тугалга шиг аашлаад байх чинь билээ, таны тэр хамсаатан!

-Тэр чинь миний хамсаатан биш ээ. Таны л хамсаатан байх.

-Би ерөөсөө явлаа, наад тоглоом чинь таалагдахгүй байна. Би ингэж ширүүхэн хэлж тавьчихаад босох гэж оролдов.

-Та гарлаа гэхэд, дахиад л ороод ирнэ. Тэгээд цэнхэр хувцастай таны, эсвэл миний хамсаатан таныг бүрчиг уян зөөлөн урьж дуудаад тэнгэр шиг л цэнхэр өрөөнд оруулна. Тэнд чинь би бас зүсээ цэнхэр болгочихоод сууж байх вий.

-Үгүй! Би дахиж орохгүй. Яасан ч орохгүй. Орсон ч тэр охиныг чинь таниад буцаж гарахтайгаа!

-Та тун гэнэн юм. Өөрийгөө хаан мэт өргөмжилж, хөндлөнгийн хүмүүсийг өлмийдөө сөгдүүлэхийг битүүхэн хүсч явдаг хүн чанаргүй, хар амиа хоохойлогч гэдгээ арай мэддэггүй юм биш биз дээ? Жаахан манжлахад дагаад гүйх хүн шүү дээ.

Би цохиулаад авах шиг болов. Дотор гал шатаж, уур унтуу хүрч байна. Ер нь ямар гээчийн юм болоод байна аа?

-Танд ухаан суулгах кофе захиаламз. Би таны өмнөөс сонголтыг чинь хийчихье, надад тайван амар даатгаж орхи.

-Үгүй, үгүй, ёстой үгүй. Та нарын балиар юмыг яасан ч уухгүй. Бас нэг ногоон муухай юм хүрээд ирнэ. Хүсэхгүй байна!

-Тэгээд нэмэргүй дээ, ноён минь. Хүн чанар, сайхан сэтгэл, уужуу ухаан, эелдэг ааш хэдэн дуслыг дусаасан ногоон кофе захиалъя! Ногоон муур тэгж хэлээд жижигхэн сарвуугаараа хачин чанга инчдэх нь тэр.

Төд удалгүй хонгилоос уул нураад ирэх мэт чанга чимээ гарч, наашлах тусмаа чих дүлийрүүлэм болсноо таг чимээгүй боллоо. Тэгтэл хэн нэгэн хаалгыг угз татан нээгээд, шуртхийтэл ороод ирэх нь тэр. Өнөөх охин чинь. Хоёр гартаа буцалж буй тогоотой шингэн барьжээ.

-Хэдэн дуслаар яах юм бэ? Дарга минь. Хэдэн шанага хийж найруулаад аваад ирлээ. Тогоо дүүрэн тал засалт л гэсэн үг. Манай ноён ёстой дуслыг ч үлдээлгүй ууна даа! Тэгж хэлээд охин тас тас хийтэл инээлээ. Ардаа боосон үс нь суларч задраад хоёр шанх руу нь унжиж, хүүхэн хараа нь томорч хамар нь сартайсан нь айдас хүргэмээр харагдлаа.

Би гарах гэж санан хоёр хөл дээрээ боссон боловч хөдөлж завдсангүй. Ногоон муур:

-Эрхэмсэг ноён минь. Энийг уугаад та хөндлөнгийн хүмүүсээс харшлахаа болино оо! гэж хэлээд буйдангаас хөнгөхөн гэгч үсрээд буучихав. Тэгээд сүүлээ хоёр тийш хөдөлгөн, наалинхай уялзан туялзаж алхалсаар хаалганы нээлхийгээр гарж явчихлаа...

Охин тогоотой юмаа барисаар нааш дөхөж гарав. Би тоймгүй их айлаа. Түүнийг ойртох тусам нь үмхий муухай үнэр ханхалж, огиудас цутгаж байв. Тэр мөчид муур, охин хоёрын өмнө өөрийгөө зүйрлэшгүй сул доройгоор мэдэрч, хөл аяндаа бохироод ирлээ. Чадах зүйл гагц хашгирах л ажээ.

-ҮГҮЙ ЭЭ! ҮГҮЙ ЭЭ! ҮГҮЙ ЭЭ!...

* * *

Нүдээ нээтэл өөр газар байх юм. Аймшгийн кинонд л гардаг гэмээр тамлалын ногоон өрөө үгүй болжээ. Жазз дууны аяз намуухан эгшиглэнэ. Хажууханд бор ажлын хувцастай охин дарааллан зогсох хүмүүст эелдэг инээмсэглэл үзүүлэн, түргэн шуурхай үйлчилнэ.

-Баярлалаа. Та түр сууж байгаарай...

Би анх орж ирээд суусан тэр л газраа байгаагаа мэдлээ. Толгой маналзана. Зүүрмэглэж орхисон нь энэ үү? Яасан хачин зүүд үзэв ээ...

“Өөрийгөө хаан мэт өргөмжилж, хөндлөнгийн хүмүүсийг өлмийдөө сөгдүүлэхийг битүүхэн хүсч явдаг хүн чанаргүй, хар амиа хоохойлогч гэдгээ арай мэддэггүй юм биш биз дээ?” гэсэн ногоон муурны үг чихэнд сонсогдоод ч байх шиг. Толгойгоо нэг хүчтэй сэгсрээд, бодлоо цэгцлэх гэж оролдов. Яалт ч үгүй хачин сонин юм болжээ.

Цонхны цаана сагсгар сүүлтэй цагаан муур явж үзэгдэнэ. Дороо хэд эргэлдсэнээ цэмцгэрхэн цомцойн суугаад урд хөлнийхөө нэгийг долоож гарлаа. Тэгснээ толгойгоо өргөн над руу нэг харснаа, хийж байсан ажлаа үргэлжлүүлэхээр тонгойв.

Би захиалгаа өгөхөөр бослоо.

Төгсөв.

#ShortStory