ЗАХИДАЛ: Би хичээхгүй байсан ч дүнг маань "АРЫН ХААЛГА"-даад гаргуулчихдаг


ССҮТөв | YOLO.MN
2021-06-04

mail YOLO.mn сайтын редакц нь ямар нэгэн асуудал тулгарсан уншигч хүүхдүүдээс захиа хүлээн авч мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн хариу зөвлөгөөг уламжлан хүргэдэг билээ. Ингээд ээлжит захиа болон зөвлөгөөг хүргэж байна.


АСУУДАЛ: Би бусадтай харилцахаас айдаг болчихсон

Сайн байна уу. Би 12 настай. Би танихгүй хүмүүстэй гайгүй харилцчихдаг ч өөрийнхөө таньдаг хүмүүстэй харилцахаас айдаг болчихлоо. Учир нь би тэдний мэддэг хүнийг үгүй хийчихсэн юм. 

Манга уншиж, хамтлагийн фэн болсон. Ядаж байхад би нэг зүйлдээ гүн орчихдог талтай. Түүнийгээ яг л амьдрал минь юм шиг ярьдаг. Энэнээс болоод бүх зүйл үндсээрээ өөрчлөгдсөн. Өөрчлөгдсөн гээд найзуудаасаа дөлөх нь буруу ч бодит байдал дээр эсрэгээрээ байна. 

Би хоёр удаа ангиа сольсон. 3-р ангидаа өөр сургууль руу яваад, 5-р ангидаа сонгоны ангид орсон. Багш нар намайг ичимхий, дуу султай гэдэг ч би өөрийгөө тийм гэж боддоггүй. Карантинд ороод бүр хэцүү болсон. Хичээл ихтэй учраас өрөөнөөсөө гарч чаддаггүй. Үүнээсээ болоод ээжид загнуулж байсан. "Өрөөнөөсөө гарч ирэхгүй өдөржингөө сууж байж дуусдаггүй юм уу? Гэр бүлтэйгээ хамт бай. Ингэхэд ааш зан чинь хүртэл эвдрээд байгаа шүү. Чи хэзээ ингэдэг байсан юм?" гэж ирээд л. Өөрчлөгдсөн гэдгээ яаж зөвөөр ойлгуулах вэ? Ер нь сонирхлоосоо болоод үндсээрээ өөрчлөгдөх нь зөв үү?

ЗӨВЛӨГӨӨ: Сэтгэл санаагаа тогтвортой байлгахад анхаараарай. 

Сайн байна уу? Бидэнд хандаж захидал илгээсэнд баярлалаа. Чиний өөрчлөлтийг бусад хүмүүс хүлээн зөвшөөрөхгүй байх вий гэж санаа зовж байгаа юм шиг санагдлаа. Өмнөх чи болон одоогийн чи хоорондоо ямар ялгаатай вэ? Чиний сонирхол өөрчлөгдсөн байгааг бусад хүмүүс яаж хүлээж авч байгаа вэ? Сонирхол өөрчлөгдсөн байдал нь найзуудаасаа хөндийрөх шалтгаан мөн болов уу? Өөрийнхөө сонирхлын талаар найзуудтайгаа ярилцаж үзсэн үү? Асуудлыг тодруулах үүднээс дээрх асуултуудыг асуулаа. Асуултуудад хариулж хариу захидал бичээрэй.

Өсвөр насанд сонирхол амархан өөрчлөгдөх, эсвэл сонирхсон зүйлдээ хэт гүн автах гээд байдаг талтай. Тиймээс чиний сонирхол өөрчлөгдөж байгаа нь хэвийн зүйл юм шүү. Бас дааврын өөрчлөлтийн улмаас сэтгэл санаа тогтворгүй байх буюу амархан баярлан хөөрч, амархан сэтгэлээр унаж хямрах гээд байдаг талтай. Гэвч тэглээ гээд сэтгэл санаагаа үргэлж хямраагаад эсвэл сонирхсон зүйлдээ хэт автаад байж болохгүй шүү дээ. Тиймээс өөрийнхөө сэтгэл санааг тогтвортой байхад анхаарч дасгал хөдөлгөөн хийж, тэмдэглэл хөтлөх боломжтой.

Мөн нэг зүйлд хэт удаан автахаас сэргийлж олон төрлийн зүйл сонирхож үзээрэй. Найзуудынхаа дуртай дууг сонсож, үзэх дуртай киног нь сонирхоорой. Мөн өөрт тулгарч буй асуудлаа ганцаараа бодож, шийдвэрлэх гэж хичээх бус найз нөхөд, гэр бүлийнхэндээ хуваалцаж, хамтдаа шийдвэрлэж байхыг хичээгээрэй. Амжилт хүсье!

- Сэтгэл судлалын үндэсний төв
Туслах сэтгэл судлаач Д. Намуун


АСУУДАЛ: "Би байхгүй болчихвол..." гэж бодогдох болсон

Сайн байна уу? Би 20 настай, эмэгтэй оюутан. Одоогоор АШУҮИС-ийн 2-р дамжаанд суралцаж байна. Анх оюутан болоход буюу хичээл танхимаар ордог байхад шинэ орчин угтаж хичээлдээ суугаад, чөлөөт цагаараа цагийн ажил хийж хэрэглээний мөнгөө өөрөө олох болсон нь надад үнэхээр гоё байсан. Дүн маань ч өндөр гарсан. Олон ч найзтай болсон. 

Намайг 8-р ангид сурч байх үед манайх хотын зах руу нүүж, авга эгчийндээ амьдардаг болсон юм. Тэнд надтай ойролцоо насны үеэл маань байдаг байсан болохоор би амралтаараа ч гэртээ харих сонирхолгүй байв. Оюутан болоод оюутны байранд амьдардаг болсон. Эхэндээ амаргүй байсан ч нэг их удалгүй дасаад гайгүй болж байтал коронавирусээс болоод карантинд орсон. Ямар ч сонголтгүйгээр гэртээ харихаар болсон. Эхэндээ ч гэртээ хариад гэр бүлийнхэнтэйгээ гайгүй л байсан. Аав, ээж, ах, эрэгтэй дүүтэйгээ амьдардаг. Энэ удаан хөл хорионд их зүйлийг бодож ойлгож боломж гарсан. 

Одоо бол үхэх талаар байнга л бодох боллоо. Ах маань сонсголын бэрхшээлтэй. Дүү маань надаас маш олон насаар дүү. Аав ээж маань өндөр орлогогүй. Бас тэтгэвэрт гарах нас нь болж байгаа. Эдгээр шалтгаануудаас болж аав ээжийн ах дүү нар нь намайг "Чи л энэ гэрийг авч явах ёстой хүн, зорилготой амьдар" гэж өсгөсөн. Харин ээж аав маань намайг тэгж шахдаггүй. Харин ч өөрийнхөө дуртай зүйлийг хийгээрэй гэж хэлдэг ч тэднийг орхиод өөрийгөө бодох нь хэтэрхий хувиа хичээсэн юм шиг санагддаг.

Уг нь би зурах дуртай. Бас гадаадад сурахыг маш их хүсдэг. Би багадаа загвар өмсөгч, дизайнер болохыг хүсдэг байсан. Чөлөөт цагаараа хийл тоглож, ажлын цагт баригдахгүй олон газраар аялж амьдрахыг хүсдэг байлаа. Гэхдээ надад ийм боломж байгаагүй. Би хийл сурмаар байсан ч хийл авах мөнгөгүй. Загвар өмсөгч болмоор байсан ч агентлагт явах боломжгүй, бас тийм цаг хугацаа олдоогүй.

Тэгээд энэ их удаан хөл хорионы хугацаанд дуртай дуучин, хамтлаг, загвар өмсөгч, жүжигчдийг харж өнгөрөөхдөө би мөрөөдлийнхөө төлөө юу ч хийгээгүй юм байна гэж бодох болсон. Зүгээр л хүмүүсийн шахалтаар тархиндаа дарамт шахалт үүсгэчихсэн. Тэгээд энэ бүхэн гэр бүлээс минь болсон гэж бодогдох болсон. Хэрвээ ах зүгээр байсан бол, хэрвээ тийм байсан бол гэж их бодогдох болсон. Гадаад явж өөр мэргэжлээр сурмаар байгаагаа хэлэхэд чи одоо хөгширсөн, нэг юмандаа тууштай бай, гэр бүлээ чи л авч явна гэх хариултууд ирсэн. Би уг нь гэр бүлийнхээ төлөө л хамаг мөрөөдлөө орхиж хичээж байхад намайг дутуу үнэлэх мэдрэмж маш их мэдрэгдэж байна.

Би одоо үнэхээр шантарч байна. Нэгэнт мөрөөдлөөрөө амьдраагүй болохоор одоо надад өдөр бүр ямар ч утгагүй санагдаж зүгээр л амиа хорлочихдог юм билүү гэж бодогдох болсон. Хоол ч идэх хүсэлгүй. Маш их турсан. Үүрийн 5 цаг хүртэл унтаж чадахгүй, юу ч хийх хүсэлгүй болчихлоо. Ядаж байхад аав маань архи уух болсон нь улам их дургүй хүргэж, ах дүү хоёроо харахаар уур хүрдэг боллоо. Ээж дүүг төрүүлэх үед ажил хийх хэрэгтэй болсон учраас дүүгээ би харж дуртай байсан бүжгийн дугуйлан хөгжмийн сургалтаасаа гарсан. Тэгээд хичээлээс ирээд л дүүгээ харна. Гэр орноо цэвэрлэх, хоол хийх гээд л надад өөртөө зориулах хувийн орон зай үлдээгүй. Би гэрийнхэндээ хайртай ч гэсэн хамт байх тусам өнгөрсөн зүйлс бодогдож бүгдийг нь үзэн ядах боллоо. Одоо бол хаашаа ч хамаагүй явмаар эсвэл үхчихмээр. Хэрвээ би үхчихвэл аав ээж ядаж сургалтын төлбөрт санаа зовохгүй, банкны зээл ч авах хэрэггүй, дүү маань ядаж шинэ жилээр бялуу авч чадах болохоор би байхгүй болчихвол гэж их бодогдож байна. Би яг яавал дээр вэ надад туслаач?

ЗӨВЛӨГӨӨ: Өөртөө хувийн орон зай гаргаарай. 

Сайн байна уу? Бидэнд хандаж захидал илгээсэнд баярлалаа. Өөртөө их хэмжээний хариуцлага үүрүүлж байгаа бололтой. Мөн өөрийгөө бусадтай харьцуулж түүнээсээ болоод сэтгэлээр унаж, хямарч байна гэж ойлголоо. Энэ бүх асуудлын учир шалтгааныг хаанаас, мөн юунаас эхлэлтэй гэж бодож байна вэ? Үнэхээр гэр бүлийнхнээс нь болж чамд таагүй мэдрэмж төрж байна уу? Эсвэл өдөр тутам хийдэг байсан зүйлээ хийхээ больсон болохоор таагүй мэдрэмж төрж байна уу?

Асуудал болон өөрт төрсөн мэдрэмжээ цаг хугацааны дарааллаар нь эрэмбэлээрэй. Энэ нь чамайг өөрт тулгарч буй асуудал болон мэдрэмжээ ойлгоход тусална. Юу чамайг өөрийгөө бусадтай харьцуулахад хүргэсэн бэ? Хөл хорионы үеэр өдөр тутамд дуртай дуучин, загвар өмсөгчдийг харж өнгөрөөсөн гэж бичжээ. Энэ нь чамайг өөрийгөө бусадтай харьцуулахад хүргэсэн байх боломжтой юу? Дээрх асуултуудад хариулаарай. Хөл хорионоос өмнөх үеийн амьдралын хэв маягтаа шилжих үедээ хүсэл мөрөөдлийнхөө талаар дахин бодож үзээрэй. Хэрэв хэвийн амьдралын хэмнэлдээ шилжсэн ч хүсэл мөрөөдөл чинь чамд бодогдсоор байвал түүндээ хүрэхийг тулд ямар алхам хийж болох талаар төлөвлөгөө гаргах боломжтой.

Захидлаас уншихад чи маш олон зүйл бодож, тэр бодол, мэдрэмжүүддээ төөрөлдөж, тулгарч буй асуудлаа хэрхэн шийдвэрлэхээ мэдэхгүй байгаа юм шиг санагдлаа. Тиймээс өөрт төрж буй хариуцлагын мэдрэмжийнхээ талаар гэр бүлийнхэнтэйгээ ярилцаад үзээрэй. Асуудлыг ганцаараа шийдэх гэж хичээх бус, бүх хариуцлагыг ганцаараа үүрэх гэж хичээх бус, бусадтай ярилцаж зөвшилцөөрэй. Хариуцлагынхаа талыг бусадтай хуваалцахыг хичээгээрэй.

Мөн сэтгэл санаагаа тайван тогтвортой байлгахын тулд өөртөө хувийн орон зай гаргаарай. Үүний тулд гадагшаа салхинд гарч алхах, өрөөндөө хэсэг хугацаанд ганцаараа байх эсвэл өөрийн гэсэн бяцхан булантай болж болно. Гэрийнхэнтэйгээ ярилцаж нэг өдрийг зөвхөн өөртөө зориулахад туслахыг хүсэх боломжтой. Мөн бодлын тэмдэглэл хөтөлж өөрт төрж байгаа бодол мэдрэмжээ бичиж, найзуудтайгаа харилцаа холбоотой байхыг хичээгээрэй.

Нойр, хоолны хэмнэл алдагдах нь сэтгэл санааны тайван бус байдалд нөлөөлдөг учир хэцүү байсан ч хоолоо идэж, нойроо бүтэн аваарай. Хэрэв шөнө нойр чинь хүрэхгүй байвал санаа зовж, бодогдож байгаа зүйлсийнхээ талаар бичээрэй. Үүний дараа өрөөгөө харанхуй болгож, утас, электрон хэрэгслээ өөрөөсөө холдуулаарай. Энэ нь чамайг тайван унтахад туслах боломжтой. Нойр хоолны хэмнэлээ хэвийн болгоход дор хаяж долоо хоног шаардагдана. Тиймээс богино хугацаанд үр дүн хүлээх бус дээрх үйлдлүүдийг өдөр тутамдаа дадал болгох нь нойроо хэвийн болгоход тусална. Бидний сэтгэл санаа тайван, тогтвортой үед шийдвэр гаргах чадвар сайжирдаг. Тиймээс хэт их сэтгэл хөдлөлд автсан үедээ яаран шийдвэр гаргахгүй байхыг хичээгээрэй. Чамд амжилт хүсье!

- Сэтгэл судлалын үндэсний төв
Туслах сэтгэл судлаач Д. Намуун


АСУУДАЛ: Утсан хүүхэлдэй шиг мэдрэмж төрүүлж байна

Сайн байна уу? Би 19 настай, оюутан. Багаасаа л юунд дуртай, ямар мэргэжилтэй болохоо мэддэггүй байсан. Их сургуульд орохдоо зүгээр л нийтлэг мэргэжил сонгочихсон. Манай гэр бүлийнхэн миний дүнг "арын хаалга"-даад гаргуулчихдаг. Зарим хүмүүсийн хувьд энэ нь гоё байх. Гэхдээ надад алдах эрх байхгүй. Хичээсэн хичээгээгүй ямар ч ялгаа байхгүй. Утсан хүүхэлдэй шиг санагдаж байна. Цахим хичээлдээ бараг л суугаагүй учир дүн гарах үед гэр бүлийнхэн маань надад уурлана. Тэгээд л дүн гаргачихна. Намайг тэнэг мал, арчаагүй гэх үед нь дуугүй тэвчиж өнгөрөх сэтгэл зүйгээ л бэлдэж байна.

ЗӨВЛӨГӨӨ: Хүн бүр төгс төгөлдөр байх албагүй

Сайн байна уу? Бидэнд хандаж захидал илгээсэнд баярлалаа. Гэр бүлийн гишүүд чинь чамд итгээсэй, чамайг бие дааж үйлдэл хийж, шийдвэр гаргаж, түүнийхээ үр дүн, хариуцлагыг өөрөө үүрэхэд туслаасай гэж хүсэж байгаа юм шиг санагдлаа. Хүн бүр төгс төгөлдөр байх албагүй. Мөн энэ нь ч боломжгүй. Үүнийг чи мэдэж байгаа гэж ойлголоо. Энэ талаар гэр бүлийн гишүүнтэйгээ ярилцаж үзсэн болов уу? Чамд ямар мэдрэмж төрж байгааг тэр хүн мэдэх үү? Өөрийнхөө мэдрэмжийг илэрхийлэх ямар оролдлогууд хийж байсан бэ? Чам руу уурлах үед чамд ямар мэдрэмж төрдөг вэ?

Захидлаас уншихад чи өөрийнхөө мэдрэмжийг өөрөөсөө нуучихсан байгаа юм шиг санагдлаа. Гэвч чи л өөрийнхөө мэдрэмжид анхаарахгүй бол бусад хүмүүс чамд ямар мэдрэмж төрж байгааг мэдэхгүй. Тийм болохоор өөрийнхөө юу мэдэрч байгааг тодорхойлоорой. Энэ мэдрэмж ямар шалтгаанаас үүдэж бий болж байна вэ? Үүнийг хэрхэн зохицуулах вэ? Хэрхэн зөвөөр гадагшлуулж, бусдад илэрхийлэх вэ? Дээрх асуултуудад хариулж, аргуудад суралцаж өөрийнхөө мэдрэмжийг халамжлахыг хичээгээрэй. Чамд амжилт хүсье!

- Сэтгэл судлалын үндэсний төв
Туслах сэтгэл судлаач Д. Намуун


Хэрэв чамд хэн нэгэнтэй ярилцаж чадахгүй, ганцаараа шийдвэрлэхэд бэрхшээлтэй асуудал байгаа бол yolo@mongolcontent.mn хаяг руу кириллээр, дэлгэрэнгүй, гаргацтай бичиж цахим шуудан ирүүлснээр бид мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн зөвлөгөөг хүргэж тус болоход хэзээд бэлэн байх болно. Мөн асуудал бүхий захиан дээрээ өөрийн НАС, ХҮЙСийг тодорхой бичиж, ТУХАЙН АСУУДАЛ ЧАМД ЯМАР МЭДРЭМЖ ТӨРҮҮЛЖ БАЙГААГ дурдаарай. 

#ССҮТ #Захидал #Letter