Хэлтэй бол хөлтэй гэдэг шүү дээ. Чиний сурахыг хүссэн тэмүүлэл дээр чинь бяцхан зөвлөгөө нэмж мөрөөдөлдөө хүрэхэд чинь 1 шат урагшлуулъя.
1. Тэмүүлэл
Хэл сурахад хамгийн эхлээд чамд хүсэл, тэмүүлэл байх хэрэгтэй. Хүсэхгүй бол хүчлэхгүй гэдэг шиг чи л хүсэхгүй бол хэзээ ч амжилттай хэл сурч чадахгүй гэдгийг анхаараарай.
2. Орчин
Сурах хүслээ нэмэхийн тулд орчинг өөрийнхөө санаанд нийцтэл бүрдүүлэх хэрэгтэй. Энэ нь нэг төрлийн заль юм. Хичээлийн эхний өдөр шинэхэн дүрэмт хувцасаа өмсөөд, шинэхэн дэвтэр дээрээ юм бичих хүсэл хаанаас ч юм ундардаг шүү дээ. Үүнтэй адил чи тэр орчиндоо очиж хэл сурмаар санагдах нь сурах хүслийн түвшинг нэмдэг шүү.
3. Үг болон өгүүлбэрийг сайн цээжил
Хүн болгон адилгүй шүү дээ. Үгээр цээжлэн амжилттай суралцдаг хүн байхад өгүүлбэрээр цээжлэн амжилттай суралцдаг хүн ч бас байна. Иймээс аль нэг аргыг нь сонгон үгийн сангаа баяжуулаарай. Энэ нь англиар ярьж буй хүний хэлэх гэсэн санаа аль эсвэл ном, кино орчуулахад ихээхэн хэрэгтэй. Өгүүлбэрийн бүтцийг мэдэхгүй ч хэлэх гэсэн санааны үгүүдийг мэдэж байхад ихэнх хувийг гадарлаж чадна шүү дээ.
4. Сонсголоо хөгжүүл
Чихээ онгойлгох хэрэгтэй. Ярьж буй ярианы үгийг барьж авна гэдэг чухал. Ойлгохгүй байсан ч гэсэн сонсох нь чихэнд үгнүүдийг тогтоож өгдөг. Эсвэл үгтэй нь дагаж сонсон сонсголоо хөгжүүлж болно.
5. Ном унш
Ном уншиж үг орчуулан цээжил. Үгсийн сан чинь баяжихаас гадна өгүүлбэрийн бүтцийг ойлгох боломжтой. Дор хаяж нэг ном бүтэн орчуулж дууссаны дараа л өгүүлбэрийн бүтцийг ойлгож эхлэх тул эхний хуудсаа уншаад “ойлгохгүй байна, энэ худлаа” гэж бүү шантраарай. Энэ бол үндэсний соёл шүү дээ. Ямар спорт тоглоом биш.
6. Үргэлж урам зориг авч бай.
Бүхэл бүтэн улсын хэлийг сурна гэдэг тийм ч амархан биш шүү. Чи л гэхэд эхээсээ мэндэлж нэлээн хэдэн жилийг зарцуулсаны үндсэн дээр эх орныхоо хэлийг сурсан шүү дээ. Иймээс чамд шантрах үе маш их тохиох болно. Хүн гэдэг сэтгэлийн амьтан. Ганц үгэнд л үхэж эсвэл амьдардаг. Иймээс үргэлж өөртөө урам зоригийг өгч бай. Ханан дээрээ урам өгөх үгс, ишлэлийг хадаж болно. Эсвэл аав, ээж, ах, эгч, найз нөхөддөө хэл сурах гэж байгаагаа хэлээд надад урам зориг хайрлаж байгаарай гэж хэлж болно шүү дээ.
Хэдхэн сарын дотор сурдаггүй учраас шантралгүй тууштай сураарай.
7. Дуудлага
Дуудлагаа сайжруулах аргуудын нэг бол чанга хэлэх. Дуу сонсож, дагаж үгийг чангаар хэлэх, эсвэл цээжилсэн үгээ чангаар унших гэх мэт. Хамгийн гол нь удаанаас эхэл. Хэн ч чамайг хурдан хэлж байна гэхгүй. Гадаад хүмүүс яриаг сонсохдоо зөвхөн дуудлагыг л ажигладаг. Иймээс удаанаар зөв дуудлагатай эхэл. Дараа нь аяндаа чиний дуудлага хурдан болно.
8. Киноны орчуулга хий
Хэрвээ өгүүлбэрээр цээжлэх аргыг ашиглах гэж байвал киноны өгүүлбэр орчуулан цээжил.
Учир нь кинон дээр л хүмүүсийн харилцан яриа бодитоор өрнөдөг шүү дээ.
Амжилт хүсье! Хэл сурах гэдэгт авьяас хамаагүй, гол нь хөдөлмөр л байдаг юм шүү.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх