Номыг хэрхэн ИЛҮҮ ХУРДАН УНШИЖ сурах вэ?


М.Тэнгис | YOLO.MN
2018-06-28

Ном унших бол залуус бидний өдөр тутмын, тэр дундаа сурч боловсрох их ажлын хамгийн гол цөм, үндэс суурь нь гэдэгтэй маргах хүн ховор биз ээ. Гэхдээ номыг зүгээр нэг гүйлгэж уншаад өнгөрөх биш, чанартай уншиж байж илүү их амжилт гардаг байна. Харин чанартай уншихын тулд нэг уншаад өнгөрсөн зүйлээ цаашид мартахгүйгээр тогтоох, номын утгыг сайтар ухаж ойлгох, мөн мэдээж цаг хугацааг хэмнэж хурдан түргэн уншдаг болох зэрэг чадварууд суух ёстой.

Тийм ч учраас сурагч, оюутан залуусдаа зориулан номыг хэрхэн илүү хурдан уншиж сурах талаарх зөвлөгөөг АНУ-ын хувь хүний хөгжлийн сэтгүүл Blinkist-ээс орчуулан хүргэж байна. Энэхүү зөвлөгөөг америкийн сэтгэл судлаач Фионнуала Кавана (Fionnuala Kavanagh) өөрийн хийсэн судалгаа болон туршлага дээр үндэслэн бэлтгэжээ.

Хэрхэн хурдан унших вэ?

Тоолж барамгүй олон ном, туучаад өнгөрөх давчуу цаг хугацаа! Хэрэв та хэрхэн илүү хурдан уншиж чаддаг болох тухай бага ч болов ойлголт авахыг хүсч байгаа бол, энэхүү зөвлөгөө таны хайж байгаа зүйлийн хариулт болж мэдэх юм.

Номыг яг л гүйлтийн тамирчин шиг уншдаг болцгооё: төвлөрөлттэй, том зорилготой, бас хурдтай.

Элчин сайд, шилдэг борлуулалттай номын зохиогч Эбби Маркс Бийл (Abby Marks Beale) яг л марафоны тамирчин лугаа адилаар номыг уншиж сурахад болон ер унших гэдэг зүйлийг өөр өөдрөг нүдээр хардаг болоход чиглэсэн сонирхолтой арга барилуудыг зохиосон байна. Түүнийхээр хэрэв та хурдан уншиж сурахыг хүсч байгаа бол эхлээд өдөр тутмын буруу суусан зуршлуудаасаа салж, илүү үр өгөөжтэйгөөр уншихад болон уншсан мэдээллээ удаан хадгалж тогтоодог болоход туслах шинэ техникүүдийг туршиж үзэх хэрэгтэй ажээ. Хурдтай уншихын ач холбогдол нь гагц нэг минутанд унших үгийн тоогоо ихэсгэхэд бус өөртөө итгэлтэй, том зорилготой амьдардаг болоход оршдог билээ.

УНШИЖ ЭХЛЭХЭЭС ӨМНӨ УРЬТАЖ БЭЛТГЭЛЭЭ ХАНГАХ НЬ ЧУХАЛ

Зорилгодоо шүүмжтэй, олон хувилбартай ханд. Тавиур дээрээс ямар ч хамаагүй ном барьж авахаасаа, хаа тааралдсан аль нэгэн сэтгүүлийг дэлгэн суухаасаа өмнө өөртөө дараах асуултыг тавиад үзээрэй: Би чухам яагаад үүнийг унших болсон юм бэ? Энэ мэдээлэл яагаад надад хэрэгтэй гэж? Ингэж хориг тавин бодолхийлэх нь энд тэндээс олж аваад, дараа нь мартагдчихдаг хэрэггүй мэдээллүүдийн урсгалыг таслан зогсооход тустай байдаг.

Хэтэрхий тав тухыг бүү эрхэмлэ. Уншиж буй зүйлдээ төвлөрөхийг хүсч байгаа бол өөрийгөө ажилч зөгийн төлөвт аваачих хэрэгтэй. Аягатай цай бариад орондоо шигдэх юмуу өвдөг дээрээ хэдэн тодруулагч тавьж хайш яаш суучхаад төвлөрнө гэж саналтгүй. Чиний хурдтай уншиж чадах орчин бол “анхаарал төвлөрөлтийн” танхим байх учиртай: саад болох бүх л зүйлээс ангид чимээгүй газрыг сонго. Утасны дуудлага, и-мэйл, ажлын (ангийн) хамт олны саад болох аюулаас хол, номын сан гэх мэт.

Мэдээлэлтэй урьдчилан танилцаж хэвш. Хэрэв чиний өмнө уншихад уйтгартай, урт зузаан бичвэр байгаа бол түүнийг бяцхан “урьдчилсан бэлтгэл”
-ийн тусламжтай буулгаж авч чадах болно. “Мангасыг дарах”-ын тулд: гарчиг, дэд гарчгийг эхэлж хараад дараа нь цогцолбор бүрийн хамгийн эхний мөрүүдийг сайтар унш. Улмаар дараа нь бүтнээр уншихдаа ямар мэдээлэл агуулсан өгүүлбэрүүд дээр голчлон анхаарахыг ойлгож авах төдийгүй, хэрэггүй хэсгээс чухал зүйлсийг ялган танихуйц урьдчилсан мэдээлэлтэй болох болно. Ийнхүү урьдчилсан бэлтгэл хийж уншсанаар бичвэр дэх “түлхүүр” мэдээллийн 40 хувийг олж  авдаг бөгөөд үлдсэн хэсэг нь ихэвчлэн дүрслэл, тайлбар, холбоос өгүүлбэрүүд байдаг. Уг аргад дадсанаар хэрэггүй мэдээллээс чухлыг нь үтэр түргэн шүүж авч чаддаг болох ба цааш хурдтай уншихад тустай.

Хурдтай унших нь зүгээр нэг чадвар төдий биш, тухайн хуудсыг гаргахаас ч өмнө бодол дотор аль хэдийнэ эхэлсэн байх учиртай үйл явц юм.

ХЭРХЭН ҮГ НЭГ БҮРИЙГ УНШИХГҮЙГЭЭР ОЙЛГОДОГ БОЛОХ ВЭ?

Түлхүүр үгнүүд дээр төвлөр. Та өгүүлбэрийн утгыг ойлгохын тулд заавал бүтнээр нь унших албагүй, түлхүүр үгнүүд дээр илүүтэй төвлөрөхөд хангалттай байдаг. Түлхүүр үг нь ихэвчлэн гурваас дээш үсгээс бүтсэн байх ба, мөн танд хэрэгтэй бүх мэдээллийг хадгалсан байдгаараа онцлогтой. Жишээ нь: Туулай луувангаар хооллодог ба, түүнийгээ мэрж иддэг байна. /Түлхүүр үгүүдийг тодруулав/

Үг үгээр биш өгүүлбэр өгүүлбэрээр уншдаг аргыг туршаад үз. Хурдан уншиж сурахад туслах энэхүү нэлээн алдартай аргад суралцахын тулд та захын хараагаа сайжруулах хэрэгтэй юм. Өгүүлбэрийн төв орчмын хэсэгт хараагаа сайтар төвлөрүүлээд (эхлэл болон төгсгөлөөс тус тус хагас инч орчмын хоорондох хэсэгт, хагас инч нь 1.27 см), захын хараагаа ашиглан өгүүлбэрийг бүтнээр нь уншина. Эхэндээ нэг л танил бус, дасч дадаагүй мэдрэмж төрүүлэх учраас өгүүлбэрийн төв хэсгийн доогуур харандаагаар зурж болно, ингэснээр хараагаа тэр хэсгээс хөдөлгөлгүй барьж сурахад тустай. Аяндаа нүд зөвхөн өгүүлбэрийн төв хэсгийн үгнүүд дээр төвлөрч байгаа хэдий ч захын харааны тусламжтай өгүүлбэрийг бүтнээр нь шууд уншиж байгааг анзаарах болно.

Амандаа уншихаа зогсоо. Амандаа унших гэдэг нь ямар нэгэн шаардлагагүйгээр чанга дуугаар унших, эсвэл уншиж байгаа зүйлсээ амандаа бувтнахыг хэлж байгаа юм. Үүнийг хийснээр унших хурд маш ихээр саардаг ба учир нь бодол гэдэг үгнээс хавьгүй илүү хурдтай (Амаар биш бодлоор уншвал илүү хурдан). Амандаа уншихаас ангижрахын тулд ном уншиж байх үедээ бохь юмуу ямар нэгэн зүйл зажилж болно. Ингэснээр чиний унших хурдыг маш ихээр өсгөх бөгөөд үг бүрийг авиа болгон дууддаг зуршлыг болиулах юм.

Хуруугаа хөтөч болгон ашигла. Бидний нүд байгалиасаа хөдөлгөөнтэй зүйлийг дагуулж харахад заяагдсан тул хурууг хуудас дээгүүр алхам алдахгүй мөрдөх болно. Хуруугаа зиг-заг хэлбэрийн дээш доош шугамаар хөдөлгөж явуулбал хурдан уншихад тустай. Ингэснээр амандаа уншихыг болиулах бөгөөд унших хурдыг нэмэгдүүлдэг.

Шидэт цагаан карт аргыг хэрэглэх. Магадгүй та нар бага ангид ороод, анх уншиж сурч байхдаа тухайн уншиж байгаа мөрнийхөө доор цагаан карт (халхлах зүйл) тавьдаг байсан байж магадгүй. Энэ нь хүүхдүүдэд ойлгоогүй өнгөрсөн болон мэддэггүй байсан үгээ дахин давтаж уншихад хэрэг болдог арга юм. Гэтэл дараачийн өгүүлбэрүүдийг картаар халхалснаар, унших замдаа том хана босгож буй бөгөөд унших хурдыг сааруулна гэсэн үг. Харин насанд хүрсэн хүмүүст нэг уншсан өгүүлбэрээ дахин уншаад байх шаардлага барагтаа байхгүй билээ. Тиймээс бага ангийнхны ашигладаг аргыг бага зэрэг өөрчлөөд, “уншсан” өгүүлбэрүүдээ халхалж уншиж байгаа хэсгийнхээ дээр цагаан картаа байршуулах хэрэгтэй. Улмаар нэг уншсанаа эргэн хардаг зуршлыг болиулж, илүү өөртөө итгэл дүүрэн хурдтай уншихад тустай.

Хурд анхаарал шаарддаг. Бид удаан алхалж явахдаа чатлах, мөрөөдөх, мессеж бичих гэх зэрэг үйлдлийг давхар хийж чаддаг шүү дээ. Тэгвэл тэдгээр үйлдлүүдийг анхаарал сарниулдаг зүйлс гэж нэрлэе. Харин одоо алхах биш гүйлээ гэж бодоход, та тэдгээр анхаарал сарниулах зүйлсийг хийж чадахгүй болох вий. Хурдтай уншина гэдэг нь яг л гүйхтэй агаар нэг: өөрийгөө хурдан уншихад хүчлэхийн хэрээр анхаарал илүү төвлөрөх хэрэгтэй болж, өөртөө илүү итгэлтэйгээр хурдан уншдаг болоход зоригжуулж өгдөг.

ХЭРХЭН ХУРДАН УНШИХЫН ЗЭРЭГЦЭЭ МЭДЭЭЛЛИЙГ УДААН ХАДГАЛЖ СУРАХ ВЭ?

Тэмдэглэл хөтлө. Сургууль дээр бид хэдэн мянган удаа ашигладаг хэдий ч, цагаа тулахаар бүгд л үзгээ авч гарахаа мартдаг шүү дээ.

Нэгэн сонгодог жишээ дурдъя: Өнөөдөр таны шинэ ажлын эхний өдөр бөгөөд хүний нөөцийн менежер чамд 150 хуудас бүхий эрүүл мэнд, аюулгүй байдлын гарын авлагыг өгөөд унш гэжээ. Мэдээж та давгүй сэтгэгдэл төрүүлэхийн тулд хурдхан ард нь гарахыг хүснэ, гэтэл унших материал уйтгартай, урт, дээрээс нь эхний өдрийн сэтгэл хөдлөл анхаарал төвлөрөхөд саад болоод байв. Тэгвэл дээр дурьдсан аргуудыг ашиглаад сүүлд нь хамгийн чухал зүйлсийг тэмдэглэл дээрээ буулгаад ав. Та даргынхаа өмнө ямартай ч ярих зүйлтэй үлдэх болно.

Анхаарал амралт шаарддаг. Хүмүүс анхаарлаа нэг удаад хамгийн дээд тал нь 20 минут л тасралтгүй төвлөрүүлж чаддаг гэсэн судалгаа бий. Тиймээс хурдтай хийгээд үр дүнтэйгээр бүх бичвэрийг уншихын тулд завсаргүй төвлөрсөн 20-30 минут тутамд нэг удаа 10 минутын амралт авч байх нь тустай юм.

Бусад олон сонирхолтой аргуудыг туршиж үзэхийг хүсвэл Эбби Маркс Бийлийн Хурдан уншиж сурах 10 өдөр (10 days to read faster) номыг сонирхоод үзээрэй. Мөн түүний хурдан унших талаарх лекц яриаг интернет дэх подкастуудаас сонсох боломжтой.

Хурдтай уншина гэдэг нь анхаарал төвлөрүүлэх чадвараа сайжруулж байгаа төдийгүй хийж байгаа зүйлдээ үнэнч, зорилготой хандаж буйн илрэл юм. Бүдрэхгүй хэмээн өөртөө итгэхээс бүхнийг эхлээрэй, чи эргэж харалгүй хуудаснаас хуудас руу гүйх мэт уншиж чаддаг болох болно.

Эх сурвалж: www.blinkist.com

#readingmethod #book