Шөнө ажиллан, өдөр бэлтгэлээ хийдэг Алиреза аавынхаа эсэргүүцэл, ядуурлыг сөрөн, хөл бөмбөгчин болжээ


Заяц | YOLO.MN
2018-06-27

Хөлбөмбөгийн ДАШТ-ий B хэсгийн Иран-Португалийн тоглолт 1:1 харьцаатайг төгсөж, харамсалтай нь Иран гэртээ харихаар болсон. Энэ тоглолтын гол баатраар Ираны хаалгач Алиреза Бейранванд тодорсон юм. Тэрээр дэлхийн шилдэг тоглогчдын нэг Криштиану Роналдугийн торгуулийн цохилтыг хааж чадсан билээ.

Түүний түүх сая сая хүнд мөрөөдлөө дагах урам зориг хайрлав. Бейранванд Ираны Луристан мужийн Сарабияс тосгонд бэлчээрээс бэлчээр рүү хонио туун явах нүүдэлчдийн гэр бүлд төржээ. Тэрээр айлын том хүү учраас багаасаа тусад орсон аж. Хонь хариулахын хажуугаар найзуудтайгаа хөл бөмбөг тоглон, чулууг хол зайд шидэх Дал Паран хэмээх тоглоом тоглодог байжээ.

Бейранвандыг 12 нас хүрэхэд гэр бүлийнхэн нь Сарабияс тосгондоо суурьшиж, тэрээр хөл бөмбөгөөр хичээллэж эхэлсэн байна. Тосгоныхоо багт довтлогчийн байранд тоглож эхэлсэн аж. Гэмтэл авсан хаалгачийнхаа оронд хаалгач болж, эсрэг багийн бөмбөгийг амжилттай хааснаар тэрээр эргэж буцалтгүйгээр хаалгачийн байранд тоглохоор шийджээ.

Бейранвандын аав Мортеза ихэнх Иран аавуудын адил тамирчин болох нь ажил биш гэж үзээд зогсохгүй Алирезаг энгийн ажилчин болохыг илүүд үзэх болжээ. Энэ талаар Бейранванд, “Аав хөл бөмбөгт дургүй байсан. Намайг ажил хий гэсэн. Миний хөл бөмбөгийн хувцас, бээлийг хүртэл урж хаяанаас болоод би хэд хэдэн тоглолтод нүцгэн гараараа тоглосон” хэмээн дурсчээ.

Залуу хаалгач гэрээсээ зугтаж, хөл бөмбөгийн томоохон клубуудад азаа сорихоор нийслэл Тегеран руу явжээ. Тэрээр хамаатнаасаа мөнгө зээлж, Тегеран руу автобусаар явахаар шийдсэн бөгөөд түүнийг азын тэнгэр ивээсэн гэлтэй. Автобусанд Бейранванд хөл бөмбөгийн дасгалжуулагч Хоссейн Фэйзтэй таарсан ба тэрээр Бейранвандыг 30 ам.долларын хөлсөөр дасгалжуулах боломжтой гэжээ. Харамсалтай нь Бейранвандад мөнгө, хоног төөрүүлэх газар ч байсангүй.

Тэрээр ядуу цагаачдын цугладаг Азади цамхгийн орчимд хоног төөрүүлж байв. Нэг удаа нэг худалдаачин түүнийг гэртээ урьсан ч тэрээр замдаа бодлоо өөрчлөн, туршилтын хугацаагаар бэлтгэл хийж байсан клубынхээ үүдэнд очин унтжээ. “Клубын үүдэнд унтаад өглөө сэрэхэд хүмүүс миний хажууд зоос тавьчихсан байсан. Намайг гуйлгачин гэж бодсон байгаа юм. Тэр мөнгөөр ойрд идээгүй амттай хоол авсан шүү.” хэмээн ярьжээ. Хоссейн Фэйз удалгүй түүнийг ямар ч хөлсгүйгээр дасгалжуулахаар шийдэж, багийн ахмадад түүнд тусалж дэмжихийг даалгасан аж. Хоёр долоо хоног багийнхаа нэг тамирчнийд амьдарсан Бейранванд оёдлын цехэд ажилд орсон ба тэндээ шөнийн ээлжинд ажилладаг байж. Түүний дараа машин угаалгын газарт ажилд орон, өндөр биетэй Бейранванд том машин угаахдаа мэргэшжээ.

Нэг өдөр тэрээр хүндхэн сонголтын өмнө иржээ. Ираны домогт хөл бөмбөгчин Али Даеи машинаа угаалгахаар Бейранвандын ажилладаг машин угаалгын газар ирсэн аж. Хамт ажиллагсад нь Бейранвандыг түүнтэй уулзаж, хөл бөмбөгийнх нь карьерт туслах бололцоотой эсэхийг асуу хэмээн зөвлөсөн ч Бейранванд зөвхөн өөртөө найдахыг илүүд үзжээ.

Тэрээр, “Али Даеитэй уулзан, учир байдлаа тайлбарласан бол тэр мэдээж надад туслах байсан. Гэхдээ би ичсэн.” хэмээжээ. Удалгүй тэрээр Тегераны Нафт клубт шилжин, клубын  мөргөлийн өрөөнд амьдарч байж. Гэсэн ч түүнийг цаашид тэнд амьдарч болохгүй гэжээ.

Ингээд шөнө пицца зардаг зоогийн газар ажилд орсон байна. Нэг өдөр түүний ажилладаг зоогийн газарт дасгалжуулагч нь иржээ. Дасгалжуулагчдаа харагдахгүйг хичээн нуугдаж байсан Бейранвандыг зоогийн газрын эзэн заавал гарч үйлчил хэмээн тулгасанд Бейранванд эсэргүүцэн, ажлаасаа хэдэн өдрийн дараа гарсан аж.

Дахин ажил олж, хоног төөрүүлэх газар олох хэцүү болов. Тэрээр удалгүй гудамжны цэвэрлэгчийн ажилд оржээ. Шөнөжин гудамж цэвэрлэсэн түүнд маргаашийн тоглолтод үр дүн үзүүлэх хэцүү байв. Өөр багтай хамт бэлтгэл хийж байхдаа бэртэл авсан түүнийг Нафт клуб хөөжээ.

Бейранванд Тегераны Хома клубт орохыг оролдсон  багийн менежер түүнтэй гэрээ хийх хүсэлгүй байв. Түүнд хүсэл мөрөөдөл нь үгүй болж буй мэт санагдах болжээ. Гэтэл удалгүй Нафт клубын 23-аас доош насныхны багийн менежер түүн рүү залган эргэж ирэх боломжтой юу гэж асуужээ. “Хома клубын менежер надтай гэрээ хийхийг хүсээгүй нь хувь тавилан байсан байх. Би тэнд үлдсэн бол хэзээ ч өдий зэрэгт хүрэхгүй байж болох юм.” хэмээжээ.

Энэ үеэс эхлэн Бейранвандын хөл бөмбөгийн карьер гялалзаж эхэлсэн байна. Тэрээр Ираны 23-аас доош насныхны хөлбөмбөгийн шигшээ багт багтаж, Нафт клубын гол хаалгач болсон юм. Багадаа тоглож байсан Дал Паран тоглоомныхоо ачаар тэрээр 2014 онд гадаадын хэвлэл мэдээллийнхний анхааралд өртсөн гэдэг.

Олон жилийн турш чулуу шидэж тоглосон тэрээр бөмбөгийг бусад хаалгачаас илүү хол шидэж өгдөг ба түүний Трактор багийн эсрэг тоглолтын үеэр 70м зайд хийсэн дамжуулалт олны анхаарлыг татжээ.

2015 онд Бейранванд Ираны шигшээ багийн гол хаалгач болж, Ираны шигшээ багийг 2018 онд ОХУ рүү хөтөлсөн юм. Тэрээр, “Мөрөөдлөө биелүүлэхийн тулд би олон бэрхшээлийг давсан. Тэдгээрийг мартахыг хүсдэггүй. Учир нь тэд явдлуудын ачаар одоогийн би бий болсон.” хэмээн ярьсан юм.
Тэрээр магадгүй Европын клуб рүү шилжин тоглох мөрөөдлөө биелүүлэх байх. Нүүдэлчдийн аян зам хэзээ ч төгсдөггүй шүү дээ.

Эх сурвалж: theguardian.com

#Soccer #Football #FIFA #Success