АНУ-ын “Pennsylvania” мужийн “Easton” хотын “Lafayette” коллежийн II дамжааны оюутан Х.Тэргэлийг “Ярилцах цаг”-ийн зочноор урилаа. Тэрээр Америк даяар жил бүр зохион байгуулагддаг “National Forensics Association” буюу Америкийн илтгэл, мэтгэлцээний улсын аваргын тэмцээнд оролцож, “Extemporaneous” буюу 30 минутийн өмнө илтгэлийнхээ сэдвийг авдаг илтгэлийн төрөлд 140 гаруй өрсөлдөгчөөс II, мэтгэлцээний төрөлд III байр эзэлсэн юм.
–Нэр хүндтэй тэмцээнд амжилттай оролцож, хилийн чанадад эх орныхоо нэрийг дуурсгасанд тань баяр хүргэе. Тэмцээнийхээ тухай сонирхуулаач?
-АНУ даяар жил бүр уламжлал болон зохиодог үндэсний тэмцээн. Гэхдээ хүссэн оюутан ордоггүй, өндөр босготой. Эхлээд Америкийн зүүн бүсийн тэмцээнүүдэд амжилттай өрсөлдөж, шагнал авч байж эрхээ авдаг. Миний хувьд IX ангиасаа хойш “Хобби” сургуулийн мэтгэлцээний багийн идэвхтэй гишүүн байсан ба XII ангидаа ахлагч нь байсан. “Хобби” сургуулийг мөн Монгол Улсыг төлөөлж Словак, Малайз, Индонезид олон улсын мэтгэлцээний тэмцээнд амжилттай оролцож байсан. Эдгээр тэмцээний туршлагын үр дүнд Америкийн зүүн бүсийн хэмжээнд болсон хэд хэдэн тэмцээнд амжилттай оролцож, Америкийн улсын аваргад орох эрхээ авсан.
–Илтгэлийн тэмцээн их сонирхолтой өрнөсөн гэсэн?
-Илтгэлийн тэмцээн өрсөлдөөн ихтэй. Нэг өрөөнд зургаан хүүхэд байх ёстой. Тэд 30 минутын өмнө сэдвээ авна. 30 минут цахим орчноос мэдээллээ олоод, долоон минутад багтааж илтгэлээ тавина гэсэн журмаар явдаг. Харин мэтгэлцээн нь тухайн жилд нэг сэдэв өгдөг. Жилийн турш тэр сэдвээрээ л мэтгэлцэнэ гэсэн үг.
–Энэ жил ямар сэдэв өгсөн бэ?
-“Америк цагдаа галт зэвсгийг хэрхэн ашиглах вэ. Хэрэв ямар нэг байдлаар галт зэвсэг хэрэглэсэн тохиолдолд улсаас ямар арга хэмжээ авах вэ” гэсэн сэдвийн дагуу мэтгэлцсэн.
–Мэтгэлцэхэд судалгаа их чухал. Судалгаагаа хэрхэн хийсэн бэ?
-Манай мэтгэлцээний багийнхан лхагва, баасан гаригт байнга уулздаг байсан. Энэ үеэр сэдвийнхээ тухай ярилцаж, мундаг профессоруудын хийсэн судалгааг уншиж, тоо баримтыг нь харж ярилцана. Үүнээс гадна энгийн иргэдийн санал хүсэлтийг тусгахыг хичээсэн. Судалгаа хийсний хүчинд баримтад үндэслэн гаргалгаагаа хийсэн.
–Зөвхөн америк хүүхдүүдтэй мэтгэлцсэн үү?
-Америк хүүхдүүдтэй мэтгэлцсэн. Харин манай багт Испани хүүхэд бий. Зарим багт Энэтхэг болон Ази хүүхдүүд харагдаж байсан.
-Танай багийн хувьд юугаараа давуу байсан бэ?
-Өөрийнхөө байр суурийг баримттайгаар баталж, хамгаалж чадсан. Мэтгэлцээний дүнд нөлөөлөх өөр нэг чухал үзүүлэлт нь ярьж, өөрийгөө ойлгуулах чадвар. Манай баг нэгэн цул болж, нэгдэж чадсан учир шүүгчдэд өөрсдийн санааг хангалттай ойлгуулж чадсан нь амжилтын түлхүүр болсон гэж бодож байна.
–Сургуулийнхаа талаар танилцуулаач. Ямар түүхтэй сургууль вэ?
-Америкийн коллеж дундаа топ 50-д багтдаг. 2500 гаруй оюутантай. Инженерийн чиглэлээр оюутан бэлтгэдэг. Нэг анги 30 гаруй хүүхэдтэй. Хүүхдүүд хичээлийн цагаар ойлгоогүй зүйлээ дараа нь багшийнхаа өрөөнд очиж лавлаж асуух боломжтой. Багш нар оюутан бүрт хүрч ажилладаг, их нээлттэй. Үүнээс гадна сурах орчин нь их тохилог.
–Чи яагаад энэ сургуулийг сонгох болсон бэ?
-Би эдийн засаг, математикийн чиглэлээр сурдаг. Америкт ямар сургуульд суралцвал илүү ирээдүйтэй бол гэж хайж байхдаа энэ сургуулийн тухай сонссон юм. Тэтгэлэгт хөтөлбөр болон бусад болзол нь таалагдсан учир элссэн.
–Оюутны байранд амьдардаг гэсэн. Их хөгжилтэй байх даа?
-Манай байранд дандаа I дамжааны хүүхдүүд амьдардаг. Америкчуудаас гадна энэтхэг, хятад хүүхдүүд бий. Миний хувьд бүгдтэй нь ижилхэн нөхөрлөж, танилын хүрээгээ тэлэхийг хүсдэг. Давхар, давхраараа эрэгтэй, эмэгтэй гэж ялгардаг ч олуулаа болохоор их хөгжилтэй.
–Дотны найзтай болсон уу. Америк хүүхдүүд нөхөрлөлдөө хэр үнэнч вэ?
-Дотны найз олон бий. Монгол хүүхдүүд эхэндээ жаахан бүрэг ичимхий байдаг бол америк хүүхдүүд эсрэгээрээ. Их илэн далангүй, нээлттэй зан нь таалагддаг. Шинээр ирсэн хүүхдүүдийг гадуурхаж, дээрэлхдэггүй. Харин ч найрсгаар хүлээн авч, улс үндэстнийх нь тухай яриулах сонирхолтой байдаг. Намайг анх Монголоос ирсэн гэхэд манай улсын тухай их сонирхон асууж байсан. Монгол хүмүүс ямар вэ, нэрийг чинь яаж дуудах вэ гээд л.
–Америк найзуудтайгаа чөлөөт цагаа хэрхэн өнгөрүүлдэг вэ?
-Бид иэхвчлэн сайн дурын ажил хийдэг. Өөрийгөө хөгжүүлэх гэж шатрын дугуйланд явдаг. Мөн хичээлийн дараа найзуудтайгаа цагийг зугаатай өнгөрөөж, хөгжилдөх дуртай. Амралтын өдрүүдэд өрөөндөө өнжинө гэсэн ойлголт байхгүй. Америк хүүхдүүд харилцааг их чухалчилдаг юм билээ. Аль болох хүмүүстэй ойр дотно байж, танилын хүрээгээ нэмэхийг хүсдэг.
–Америкт сурахын давуу талыг юу гэж харж байна?
-Дэлхийн боловсролыг эзэмшиж, дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн боловсон хүчин болно гэдэг залуу хүний хувьд амьдралын баталгаа шүү дээ. Мөн Америк хэмээх их гүрэнтэй танилцаж, тэнд ажиллаж, амьдарна гэдэг сайхан. Тэнд өөрөө л сурч чадвал бүх боломж нээлттэй байдаг.
–Тэгвэл бэрхшээлтэй тал нь юу вэ?
-Анх сурах гээд очиход багш нар болон оюутнуудтай ойлголцоход жаахан хүндрэлтэй. Мэдээж соёл, иргэншил нь биднээс өөр учир суралцах зүйл их бий. Хоол унднаас эхлээд дасахгүй зүйл байсан. Харин хэлээ сайн сураад, хичээлээ ойлгоод эхлэхээр тэдгээр зүйл бэрхшээл биш мэт санагддаг юм билээ.
–Гадаадад сурахад хэл чухал шүү дээ. Яаж англи хэлийг амархан сурах вэ?
-Өөрөө л хичээх хэрэгтэй. Манай нэг найз англи хэл дээр кино үзсээр байгаад хэл сурчихсан. Тиймээс аль болох Америкийн цахим хуудсууд руу орж, мэдэхгүй үгээ нэрэлхэлгүй хүнээс асууж байгаарай. Одоо цахим ертөнц хөгжчихсөн энэ үед ямар ч аргаар хэл сурч болно. Гагцхүү өөрийн хичээл зүтгэл л чухал.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх