Фэйсбүүкийг хэрэглэхээ больсон нэгэн хэрэглэгчийн сэтгэгдлийг орчуулан хүргэж байна.
Би Фэйсбүүкт хамаг цагаа үрдэг байсан учир устгахаар шийдлээ. Уг нь зургаа нийтэлж, бодол санаагаа хуваалцаж, бизнесээ явуулж, найз нөхөд, гэр бүлийнхэнтэйгээ харилцахад хэрэгтэй хүчтэй эд билээ.
Гэвч Фэйсбүүкт хамаг цагаа үрснээр миний бүтээмж буурч байсныг анзаарсан юм. Тиймээс хэрэглэхээс татгалзаж хоёр долоо хоногт нэг л удаа шалгадаг болов. Улмаар зургаан сарын өмнөөс би Фэйсбүүкээс бүрэн татгалзсан.
Хэрэглэхээ больсон энгийн дөрвөн шалтгааныг дурдъя.
1. Хүмүүсийн юу хийх нь надад хамаагүй
Би Фэйсбүүкт хэтэрхий их цаг зарцуулаад, зүгээр л залхсандаа устгачихсан. 2016 оны арваннэгдүгээр сард болсон Америкийн Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа хаачихсан юм.
Хүмүүсийн юу хийж байгааг мэдэх надад утгагүй санагдаж эхэлсэн. Хүмүүсийн хэнтэй гэрлэж, хэнтэй сүй тавьсан тухай зургуудыг хараад үнэхээр залхсан хэрэг.
2. Нэг хэвийн постууд
Хуримын постуудын дараа Ерөнхийлөгчийн сонгуулийн постууд үргэлжлэв.
Нэг л хэвийн ижил үзэл бодлууд хөвөрсөөр. Заримдаа тэр олон хүмүүсийн сэтгэгдэл дотор ганц нэг миний санаа нийлэх сэтгэгдэл харагдана. Гэвч тэдгээр нь орилж хашгичсан далай шиг их постууд дунд живчихдэг юм.
3. Би цагаа дэмий зүйлд их үрдэг байлаа
Хэн нэг алдартны салсан нийлсэн тухай мэдээллийг уншиж, дунд сургуулийн ангийн маань бүсгүй хүүхэдтэй болох гэж байгаа тухай харж, хэрэгтэй хэрэггүй мэдээллийг фэйсбүүкээр унших надад залхмаар санагдлаа. Энэ бүхнээс үзэхэд Фэйсбүүк зүгээр л надад ашиггүй, цагийн гарз мэт санагдах болов. Би заавал бусад хүмүүстэй хөл нийлүүлж алхах шаардлагагүй шүү дээ.
4. Миний бүтээмж буурав
Би цагаар ажилладаг. Намайг ажиллаж л байвал ажил олгогч маань надад мөнгө төлнө. Харин Фэйсбүүкт би цагаа үрлээ гээд хэн ч надад мөнгө төлөхгүй шүү дээ.
Фэйсбүүкээс гарсны дараа миний цалин яаж нэмэгдэж буйг бодох боломжгүй л дээ. Гэхдээ ашиглахаа больсноор миний карьер өсөж байгаад би итгэлтэй байна.
Би Фэйсбүүкийг 20 минут тутамд, түүнээс ч ойр ойрхон шалгадаг байлаа. 20 минут ажлаа хийгээд таван минут Фэйсбүүкээ үзнэ. Бүтээмжээ нэмэгдүүлэх хамгийн амархан арга бол Фэйсбүүкээс гарах юм.
Фэйсбүүк хэрэглэхээ больсны дараа
Ямар нэг зүйлээс чөлөөлөгдсөн мэт санагдсан. Одоо Фэйсбүүкт юу болж байгаа, юуны тухай хэлэлцэж байгаа талаар би мэдэхгүй. Гэхдээ одоо хүртэл би Инстаграмаа ашиглаж байна. Фэйсбүүкээс та гарахгүй л бол хэчнээн их цаг заваа алдаж буйгаа мэдэхгүй. Хэрвээ гарвал та маш их зүйл алдаж байснаа ойлгох болно.
Эх сурвалж: Business Insider
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх