“20th Century Fox”-ийн шинжлэх ухааны уран зөгнөлт төрлийн "Deadpool 2" кино нээлтээ хийсэн даруй “Box Office”-ийн жагсаалтыг тэргүүллээ. 2016 онд гарсан өмнөх анги нь ч үзэгчдийг байлдан дагуулж байсан энэхүү киноны шинэ анги энэ удаад нээлтийн долоо хоногтоо Хойд Америкт 125 сая ам.долларын орлого олсон гэж “Comscore” мэдээллээ. “Deadpool”-ийн шинэ ангийн бүтсэн зардал өмнөх ангиасаа хоёр дахин давж, 110 сая ам.долларт хүрсэн байна.
Киноны дууг алдарт дуучин Селин Дион дуулсан, хэвлэл, мэдээллийн салбарт дэлхийд тэргүүлэгчдийн нэг “Hearst Magazines”-ийн сэтгүүлээр сурталчилгаа хийлгэсэн гээд маркетингийн зардал нэлээд их гарсныг ажиглагчид онцолж байна. “Deadpool 2” киноны олон улс дахь орлого нь 300 сая ам.доллараар хэмжигдэж байна. Ингэснээр “Fox”-ийн бүх цаг үеийн түүхэнд нээлтээ хийсэн даруй үзэгчдийг байлдан дагуулсан хоёр дахь кино болжээ.
Харин “Box Office”-ийн жагсаалтыг сүүлийн гурван долоо хоног тэргүүлсэн “Avengers” цувралын шинэ анги “Infinity War” 28.7 сая ам.долларын орлогоор жагсаалтыг удаалсан байна. Энэхүү киноны олон улс дахь орлого 1.8 тэрбум ам.долларт хүрчээ. Ингэснээр бүх цаг үеийн түүхэнд олон улсад олсон орлогынхоо амжилтаар “Аvatar”, “Titanic”-ийн дараа гуравдугаарт бичигдэж байна.
Үүнээс гадна шинээр гарсан “Paramount Pictures”-ийн бүтээл инээдмийн төрлийн “Book Club” кино 12.5 сая ам.долларын орлогоор “Box Office”-ийн жагсаалтын гуравдугаарт бичигдлээ. Харин “Global Road Entertainment”-ийн адал явдал, тулаант төрлийн “Show Dogs” кино зургаан сая ам.долларын орлогоор жагсаалтын зургаадугаарт бичигджээ.
Н.Номин-Эрдэнэ
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх