Арван хоёрдугаар анги бол хамгийн хариуцлагатай үе. Шинэхэн хичээлийн жил намартай уралдан эхэлж багш, гэр бүлийнхэн ЭЕШ, их сургуулийн тухай ярих нь олширдог. Гэсэн ч заримдаа бидэнд ямар сургуульд элсэн орохоо шийдэж чадалгүй, мэргэжил сонголтоо хийж амжаагүй байтал сургуулиа төгсөх болчихсон байх нь бий. Тийм үед бусдын үзэл бодлыг дагалгүй, өөрийн хүсэл сонирхлыг сонсож хараахан шийдэж амжаагүй тохиолдолд жил өнжих буюу Gap year авах нь дээр. Гэтэл их сургуулиас жил өнжих нь бусдаасаа хоцорч буй мэт мэдрүүлдэг шүү дээ. Харин эсрэгээрээ нэгэнт их сургуульд элссэн тохиолдолд шинэхэн орчинд дасах, найз нөхөдтэй болох, биеэ даах гээд асуудлууд бишгүй. Их сургуульд элсэн орсон, жил өнжсөн аль ч бай олон сэтгэл зүйн асуудлууд сурагчдад тохиодог. Тиймээс бид эдгээр сэтгэл зүйн асуудлыг хэрхэн даван туулах талаар сэтгэл судлаач Д.Намуунтай ярилцлаа.
YOLO: Сайн байна уу, манай уншигчдад өөрийгөө танилцуулаач.
- Сайн байна уу, Сэтгэл Судлалын Үндэсний Төвийн зөвлөгөөний албаны сэтгэл судлаач Д. Намуун байна. Голчлон өсвөр насны хүүхдүүдэд зөвлөгөө өгч, судалгаа хийдэг.
YOLO: Таны хувьд их сургуулийн босгыг алхаж нэгдүгээр курсийн оюутан болсон сэтгэгдэл ямар байсан бэ? Бидэнтэй хуваалцаач.
- Хүн бүрийн хувьд шинэ орчинд орж, мэдэхгүй хүмүүстэй танилцана гэдэг бол стресс мэдрүүлэхүйц зүйл шүү дээ. Миний хувьд ч мөн адил шинэ орчинд дасаж, өөртөө шинэ дадал суулгана гэдэг хэцүү санагдаж байсан. Ялангуяа олон профессор багш нарын хичээлд сууна гэхээр "Яана аа, чадах болов уу" гээд л сандарч байлаа. Гэхдээ их сургуулийн хичээлүүд ЕБС-аа төгсөөд ирж байгаа хүүхдүүдэд зориулсан хөтөлбөртэй байсан учраас суралцаж байхад тийм ч их хүндрэл гарахгүй юм байна гэдгийг ойлгосон. Хичээл дээрээ аль болох тайван байж, асуумаар байгаа зүйлээ шуудхан асууж, бусадтай танилцаж, шинэ хүрээлэл үүсгэж, сонирхлынхоо дагуу шинэ зүйл туршиж, оюутан насан дээр олдох бүхий л боломжийг ашиглах хэрэгтэй юм гэж бодогдсон.
YOLO: Танд тулгарсанчлан их сургуульд шинээр оюутан болж байгаа хүүхдүүдэд маань ч шинэ орчин нөхцөлд дасахад хүндрэл гарч байгаа байх. Тэдгээр шинэхэн оюутнуудад зөвлөвөл?
- Тийм ээ, ялангуяа ЕБС-иас их сургуульд орох үе нь хүүхдүүдийн хувьд томоохон шилжилтүүдийн нэг байдаг. Учир нь энэ үед хүүхдийн нийгмийн харилцааны хүрээ илүү өргөн болдог. Өөрөөр хэлбэл, шинэ орчинд орж шинэ хүмүүстэй танилцах, багш сургалтын албаны хүмүүстэй харилцах, сургууль болон түрээслэх гэж буй байрны эзэнтэй гэрээ хийх, хөдөлмөрийн харилцаанд орох, хичээл сонголтоо өөрөө хийх, хичээлийн хуваариа зохиох зэргээр бусадтай илүү өргөн хүрээнд харилцаж бие даасан "Бие хүн" болоход суралцаж тэр хэрээрээ хөгжиж байдаг. Гэхдээ хөгжил гэдэг нь өөрөө хүнд тодорхой хэмжээний стресс, хямралыг мэдрүүлдэг зүйл. Энэ үед стресс мэдрэх нь хэвийн боловч үүнийг зөвөөр зохицуулах нь чухал юм.
Тиймээс эхний жилдээ суралцаж буй оюутнууд өөрсдөдөө хэт их ачаалал өгөхгүйгээр өөрийн онцлогтоо тохируулан бага багаар өөрийгөө оюутны амьдралд дасгаарай. Мөн аливаа ажлыг зэрэг амжуулах гэж хичээх бус аль нь илүү чухлаас эхлэн дэс дараатайгаар ажлаа төлөвлөөрэй. Мөн ачаалал ихтэй байсан ч өөрийн биеийн болон сэтгэл зүйн эрүүл мэнддээ анхаарч эрт унтаж, бусадтай мэдрэмжээ хуваалцаж, өөрийнхөө дуртай зүйлээ хийх цагийг өөртөө гаргахыг зөвлөе.
YOLO: Жил өнжиж gap year авч буй оюутнуудын хувьд илүү сэтгэл зүйн дарамтад орох хандлагатай байдаг шүү дээ. Тэдний тухайд?
- GAP year авах үзэгдэл нь Австрали, Шинэ Зеланд, Турк зэрэг орнуудад нийтлэг байдаг. Гэтэл Азийн орнуудад энэ үзэгдэл нь тийм ч түгээмэл биш. Монголчуудын хувьд ч гэсэн "Gap year авах" гэдэг ойлголт саяхнаас л танигдаж эхэлсэн. Тийм ч учраас "Gap year" авахаар шийдсэн хүүхдүүдийг гэр бүл нь төдийлөн ойлгохгүй, дэмжихгүй, хугацаа алдаж байна, юу ч хийхгүй байна зэргээр тодорхойлж үүнээс үүдэж харилцааны асуудал үүсэх тохиолдол бий. Учир нь гэр бүлийнхэн нь энэ талаар хангалттай ойлголттой биш байна гэсэн үг шүү дээ. Тийм учраас "Gap year" авахаар шийдсэн хүүхдүүд маань "Gap year" гэж яг юу болох, хэр удаан хугацаанд үргэлжлэх, ямар давуу болон сул талтай, энэ хугацаанд юу хийх, ямар зорилго өөртөө тавьсан байгаагаа гэр бүлийнхэндээ ойлгомжтой, тодорхой байдлаар илэрхийлж мэдээлэл өгөх нь чухал байдаг.
- Үүнээс гадна санхүүгийн асуудал болон "FOMO" буюу үеийнхнээсээ хоцорч байгаа юм шиг мэдрэмж авах зэрэг асуудлууд тулгардаг. Тиймээс “Gap year” авахаар төлөвлөж байгаа бол “Gap year” авах гэж байгаа зорилго, хүрэх гэж буй үр дүнгээ нарийн тодорхойлж, давуу сул талуудаа тооцохыг хичээгээрэй. Зорилгоо тодорхойл гэдгийг та бүхэн тийм ч хүндээр тусгаж авах хэрэггүй болов уу. Энэ нь сонирхлоо тодорхойлох гэж байгаа юу? Мэргэжлээ сонгох гэж байгаа юу? Аяллаар явахаар төлөвлөсөн үү? Ажил хийж үзье гэж бодсон уу? Гадаад хэл суръя гэж бодсон уу? Эсвэл зүгээр л амрахаар шийдсэн үү? гэдэг зорилгоо тодорхойлохыг хэлж байгаа юм шүү. Түүнчлэн “Gap year” авсан ч гэсэн аль болох өөртөө амралт чөлөөт цагийг олгож байх нь чухал. Учир нь энэ нь нэг төрлийн “Аcademic burnout” буюу хичээлээс халшрахаас сэргийлэх юм.
YOLO: Та түрүүн “FOMO” буюу үеийнхнээсээ хоцрох мэдрэмжийн талаар дурдсан шүү дээ. Gap Year авч байх хугацаанд гарах хамгийн том сэтгэл зүйн асуудлуудын нэг. Энэ мэдрэмжийг хэрхэн даван туулах вэ?
- Хүмүүс дийлэнхдээ цаг алдана гэж ярьдаг. Тэгвэл өөрөөсөө дараах асуултыг асуугаад үзээрэй. Ямар учраас цаг хэмнэх хэрэгтэй вэ? Яг юунд, яагаад яараад байгаа вэ? Ингэж яарсныхаа дараа яг яах вэ? гэдгийг өөрөөсөө асуугаад үзээрэй.
Судалгаанаас үзэхэд үеийнхнээсээ хоцорч байгаа мэдрэмжийг хүмүүс ихэвчлэх цахим хэрэглээтэй холбоотойгоор авч байна. Тухайлбал, инстаграм, фейсбүүкээс найзууд эсвэл арван жилдээ хамт суралцаж байсан хүүхдүүдийн их сургуульд ороод шинэ хүрээллийг үүсгээд явж буй зураг, пост, стори зэргийг үзэх нь бусдаасаа хоцорч байгаа юм шиг мэдрэмж төрүүлдэг болохыг судалгаагаар тогтоосон байна. Энэ нь эргээд өөрийн үнэлэмжид ч сөргөөр нөлөөлдөг. Тиймээс цахим хэрэглээгээ тодорхой хэмжээгээр багасгах эсвэл түр завсарлага авах, таагүй мэдрэмж төрүүлээд байгаа хүмүүсийг цахимаар дагахаа болих, ижил зорилготой хүмүүстэй уулзаж ярилцах зэрэг аргуудыг ашиглах боломжтой байдаг. Үүнээс гадна хүн бүр өөрийн гэсэн зорилготой, түүндээ хүрэхийн тулд ялгаатай замаар алхаж байгааг хүлээж авахыг хичээж өөрийн зорилго болон өөрийгөө хэрхэн эергээр өөрчлөгдөж байгааг анхаарах нь хоцорч байгаа юм шиг мэдрэмжээ даван туулахад тусална.
YOLO: "Gap year"-ийн хугацаанд сурагчид маань сэтгэл санаагаа хэрхэн тогтвортой, сэтгэл зүйн хувьд эрүүл байх вэ?
- 2010 онд Австралид хийгдсэн судалгаанаас харахад, “Gap year” авах нь түгшүүр, сэтгэл гутралын түвшнийг бууруулж, зорилгоо тодорхойлох, шинэ зүйлс туршиж үзэх, өөрийнхөө хүсэл, сонирхлоо тодорхойлох, өөрийгөө таньж мэдэх, аливаа зүйлсийн талаарх харах өнцгөө өөрчлөх зэрэг олон давуу талуудтай гэж судалгаагаар тогтоосон байдаг. Тиймээс аль болох өөрийн зорилгын дагуу өөртөө гаргасан цагаа үр бүтээлтэй зарцуулах нь өөрийгөө тайван байлгахад туслах болно. Мөн “Gap year авсан ч гэсэн өөрийнхөө бие болон сэтгэл зүйн эрүүл мэнддээ анхаарч бусадтай холбоотой байж, бусдад тусалж, бусдаас тусламж авч, шинэ зүйл туршиж, мэдрэмжээ хуваалцаж түүнчлэн өөртөө амрах цаг гаргаж байх нь маш чухал юм шүү
YOLO: "Gap year"-ийн хугацааг хэрхэн үр бүтээлтэй өнгөрөөх вэ? Таны зүгээс ямар зөвлөгөө өгөх вэ?
- “Gap year”- ийг хүмүүс өөрсдийн зорилгодоо нийцүүлэн янз бүрээр л өнгөрүүлдэг. Интерншип хөтөлбөрт хамрагдах, сайн дурын ажил хийх, гадаад хэлний оноотой болох, ЭЕШ өгөх, сонирхлоороо ажиллаж болох эсэхээ бүтэн жилийн хугацаанд туршиж үзэх эсвэл өөрийн сонирхлоо олохын тулд янз бүрийн дугуйланд явах, клубд нэгдэх эсвэл зүгээр л амрах гэх мэт олон төрлийн зорилгоор gap year авдаг. Харин эдгээр нь үр бүтээлтэй байх эсэх нь зорилгодоо нийцүүлсэн үйлдлүүдээ хэр зэрэг чанартай хийж байна вэ гэдгээс нь хамаардаг. Хэрэв энэ хугацаанд хангалттай амарч, өөрийн дуртай зүйлийг хийе гэж төлөвлөсөн бол зорилгодоо нийцсэн үйлдлүүдийг тухайн 7 хоногт хэр зэрэг хийсэн бэ гэдгээ үнэлээд үзээрэй. Түүнээсээ хэр зэрэг үр бүтээлтэй өнгөрүүлсэн болохоо өөрөө тодорхойлох боломжтой.
YOLO: Өсвөр насны хүүхдүүд маань сэтгэл зүйн эрүүл мэндэдээ хэрхэн анхаарах вэ? Ямар ямар дадлыг суулгах хэрэгтэй байдаг вэ? (Дасгал хийх, эрт унтах гэх мэт) Энэ талаар зөвлөгөө өгвөл?
- Зөвлөгөөний туршлагаас харахад өсвөр насанд хүүхдүүдэд, бусдад өөрийгөө илэрхийлэх болон өөрийгөө ойлгуулах хэрэгцээ маш өндөр байдаг. Гэвч бусдад өөрийгөө илэрхийлж, ойлгуулахын тулд хүүхэд эхлээд өөрийгөө ойлгосон, мэдрэмжээ анзаарч, түүнийг хүлээн зөвшөөрөх нь чухал байдаг. Энэ нь эргээд бусдад өөрийгөө ойлгуулах, илэрхийлэх, сэтгэл зүйн хувьд тайван, зөрчилгүй байхад тусалдаг. Жишээ нь би юунд дуртай вэ? Юунд дургүй вэ? Надад юу, ямар мэдрэмж төрүүлж байна, үүнээс хамаараад яг ямар үйлдэл хийж байна гэдгээ анзаарч өөрийгөө мэддэг байх нь өөрийнхөө сэтгэл зүйн эрүүл мэндэд анхаарч байгаа хэрэг юм. Тиймээс өсвөр насны хүүхдүүд маань аль болох мэдрэмжээ анзаарч, түүнийг хүлээн зөвшөөрч, бусдад илэрхийлж байхыг хичээгээрэй.
Түүнчлэн өсвөр насныханд шөнө унтахгүй байх, өглөө ядарч сэрэх зэрэг нойрны асуудал ихээхэн тулгардаг. Гэтэл шөнийн нойрыг хангалттай сайн авах, шим тэжээлтэй хоол хүнс хэрэглэх нь эргээд сэтгэл зүйн байдалд эергээр нөлөөлдөг. Тиймээс аль болох өөрийнхөө идэж мөн хэрэглэж байгаа зүйлдээ анхаарал хандуулахыг хичээгээрэй.
YOLO: Цаг зав гарган ярилцлага өгсөнд баярлалаа
- Баярлалаа
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх